Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/320

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Л.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ш-д холбогдох эрүүгийн 2125003670377 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Л.Ш

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ___ багийн __ тоот гэртээ эхнэр Э.Б-ийн нүүр, толгойн тус газарт цохих, өшиглөх, үсдэж, маажих, хутгаар гарын шуунд нь хатгаж зэргээр биед нь өвдөлт, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ш-ыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ш мэдүүлэхдээ “Ярих зүйл байхгүй. Бага зэрэг согтолттой байсан, болсон явдлыг хагас хугас санаж байна. Хүүхдийн дэргэд хараал хэлээд байхаар нь хутга авч айлгах гэсэн юм. Архи сайн гараагүй байсан. Миний буруу. Эхнэр бид хоёр олон зээл төлдөг учраас торгох ялаас өөр ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Э.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Э.Б-ийн “Ш-тай хамт амьдраад 13 жил болж байна, ам бүл тавуулаа амьдардаг, 3 хүүхэдтэй. Ш нь 1 сард 15 хоног архи уудаг, гэртээ 14 хоноод, гэнэт 7-14 хоног алга болж, архи ууж байгаад ирдэг. Тухайн өдөр архи ууж яваад 7 дахь хоног дээрээ гэртээ орж ирсэн. Би гэртээ ирэхээр нь унтаж амар гээд унтуулсан. Хэсэг байж байгаад сэрсэн бололтой байхаар нь би Шинэтулгад одоо архи уухаа болиод, амьдралд тус нэмэр болж чадахгүй бол явдаг газар луугаа яв гэж хэлтэл босож ирээд намайг зодож эхэлсэн. 2021 оны 08 дугаар сарын эхээр хөдөө Булган аймгийн Сайхан суманд намайг зодож байсан. 2019 оны 07 дугаар сард Шинэтулгатай маргалдаж, намайг өшиглөж, хавирга гэмтэж, хөнгөн гэмтэл гарч байсан. Намайг үснээс зулгааж доош нь дарж унагаад нүүрийг маажсан, тэгээд хэрэлдэж байгаад хутга бариад намайг ална гээд над руу хутга барьж дайрсан. Би айгаад 00-н өрөө ороход хаалга хүчтэй онгойлгон орж ирээд миний нүүр лүү цохиж унагасан. Тэгээд миний 2 гарын шуу хэсгээр хутгаар хатгаад өвтгөөд байсан. Ш гуталтай байсан ба миний толгой нүүр хэсэг рүү олон удаа өшиглөж, гараараа цохиж зодож байгаад гэрээсээ гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх 27-р тал/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 651 дугаартай “Э.Б-ийн биед тархи доргилт, дух, зүүн хацар, баруун шуу, зүүн бугуйд 7 тооны зулгаралт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зулгаралт нь үзүүр, ирмэгтэй зүйлийн 7 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 19-р тал/

 

3. Сэжигтэн Л.Ш-ын “Маргааш нь хагас сайн өдөр би гэртээ 19 цагийн үед гэртээ жижиг өрөөндөө хэвтэж байхад эхнэр өрөөнд орж ирээд, хаагуур юу хийж архи дарс ууж яваад ирэв гээд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Би хувцасаа өмсөөд гарах гэтэл эхнэр уурлаад араас янз бүрийн үгээр хараагаад байхаар нь уур хүрээд 00-н ороход эхнэр угаалгын машин налаад сууж байсан. Би хацар луу нь 2-3 удаа алгадаж, өшиглөсөн. Гал тогооны өрөөнөөс хутга аваад айлгасан. Тухайн үедээ юу хэлснээ санахгүй байна, маш их уур хүрсэн байсан. Би гэрээсээ гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх 29-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал, дүгнэлт.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан Хохирогч Э.Б-ийн мэдүүлсэн “Хэсэг байж байгаад сэрсэн бололтой байхаар нь би Ш-д одоо архи уухаа болиод, амьдралд тус нэмэр болж чадахгүй бол явдаг газар луугаа яв гэж хэлтэл босож ирээд намайг зодож эхэлсэн. Намайг үснээс зулгааж доош нь дарж унагаад нүүрийг маажсан. Тэгээд хэрэлдэж байгаад хутга бариад намайг ална гээд над руу дайрсан. Би айгаад 00-н өрөө ороход хаалга хүчтэй онгойлгон орж ирээд миний нүүр лүү цохиж унагасан. Тэгээд миний 2 гарын шуу хэсгээр хутгаар хатгаад өвтгөөд байсан. Ш гуталтай байсан ба миний толгой нүүр хэсэг рүү олон удаа өшиглөж, гараараа цохиж зодож байгаад гэрээсээ гараад явчихсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 651 дугаартай дүгнэлт, сэжигтэн Л.Ш-ын “Маргааш нь хагас сайн өдөр би 19 цагийн үед гэртээ жижиг өрөөндөө хэвтэж байхад эхнэр өрөөнд орж ирээд, хаагуур юу хийж архи дарс ууж яваад ирэв гээд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Би хувцасаа өмсөөд гарах гэтэл эхнэр уурлаад араас янз бүрийн үгээр хараагаад байхаар нь уур хүрээд 00-н өрөөнд ороход эхнэр угаалгын машин налаад сууж байсан. Би хацар луу нь 2-3 удаа алгадаж, өшиглөсөн. Гал тогооны өрөөнөөс хутга аваад айлгасан. Тухайн үедээ юу хэлснээ санахгүй байна. маш их уур хүрсэн байсан. Би гэрээсээ гараад явчихсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын __ багийн ___тоотод байх гэртээ эхнэр Э.Б-ийн нүүр, толгойн тус газарт цохих, өшиглөх, үсдэж, маажих, хутгаар гарын шуунд нь хатгах зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн хацар, баруун шуу, зүүн бугуйд 7 тооны зулгаралт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Л.Ш нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэрээ нүүр, толгойн тус газарт цохих, өшиглөх, үсдэж, маажих, хутгаар гарын шуунд нь хатгах зэргээр бие махбодид нь шаналал зовиур үүсгэж, онц харгис хэрцгийгээр зодож хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ш-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тодорхой хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд тархи доргилт, дух, зүүн хацар, баруун шуу, зүүн бугуйд 7 тооны зулгаралт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш-ыг 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шинэтулгад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А