Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/324

 

11                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Л.О

Хохирогч Ж.Ө

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц. Д холбогдох эрүүгийн 2125000000369 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ц.Д

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэж байсан “Тулга Төгс” ХХК-ийн ажилчдын хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Ө-тай хэрэлдэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 1 700 000 төгрөг төлсөн. 8 500 000 төгрөгийг төлөх боломжгүй, ажил орлогогүй байгаа” гэв.

 

Хохирогч Ж.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Хагалгаанд орох төлбөр, хоёр сар ажилгүй байсан төлбөр нийлээд 8 500 000 төгрөг нэхэмжилж байна. Нэг сарын цалин 2 800 000 төгрөг, дахин хагалгаанд орох төлбөр 2 500 000-3 500 000 төгрөг. Шүүгдэгч 1 500 000 төгрөг төлсөн” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ш.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ж.Өлзийбаярын “Би Д-аас 8.500.000 төгрөг нэхэмжилж байна. Д-д цохиулсаны улмаас ажил хийх боломжгүй болчихоод байнагэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/

 

2. Гэрч Ж.Ө-ын “Орхон аймагт ирээд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл ажилласан. Тухайн өдөр хоол ундны материал байхгүй, хоол ундгүй гээд нэг өдөр амрахаар болсон, хамт ажилладаг З дүү маань ахаа хоёулаа амарч байгаа юм чинь ганц юм уух уу гэхээр нь би тэгье гээд түүний виза картыг аваад хүнсний дэлгүүр ороод 0,75 литрийн архи авсан. Тэгээд тэр архийг Д , Н бид гурав уусан, дараа нь Д  нэг шил архи дахиад аваад тэр архийг уусан, тэр архиа ууж байгаад намайг Д  шанаадсан. Чи яаж байгаа юм бэ гэхэд Д  чи намайг бууны нохой гэж хэлсэн гэсэн, би тухайн үед тэгж хэлснээ санахгүй байгаа юм. Тэр үед бид хоёр 10-20 минут ноцолдоод Э  бид хоёрыг салгасан, салгачихсан байхад Д  намайг ална гээд юм хайгаад гүйгээд байсан, нилээн бухимдалтай байсан, тэгэхээр нь би гэрээс гарангуутаа, “Д  дүүгээ нэг цохичих” гээд дээгүүрх хувцасаа тайлсан, тэр үед Д намайг хүзүүнээс мушгиад газар унагаагаад баруун талын хацар, шанааны хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон, цохих үед миний нүүр хацарны яс, нүдний ухархай хэсэг цөмрөх шиг болсон, тэгээд би нүүр цөмлөөд хаячихлаа гээд босоод ирсэн, босоод машин хүлээж байгаад Э-тай хамт Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох ёстой, Улаанбаатар хот руу яв гээд би Э-ын хамтаар явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20-р тал/

 

3. Гэрч Т.Г-ийн “Ж.Ө, Ц.Д, Н гурав өөрсдийнхөө байрладаг гэрт архи уусан. Би хажууд нь гэрийн үүдэнд угаалгын машинаа гаргаж тавиад ажилчдын хувцас угааж байсан. Ж.Өлзийбаяр Ц.Д-ыг би бид нарын дунд бууны нохой хийж байгаа юм байна гэсэн. Тэгэхэд хариуд нь Д үгүй ахад нь тийм зан байхгүй гээд Өлзийбаярын толгойд гараа хүргэж байх шиг байсан. Тэгтэл Ө уурлаад чи миний толгойд хүрдэг хэн бэ гээд барьцалдаад авсан. Тэр 2 ноцолдоод эхэлтэл манай ажлын Эсалгасан. Өчи намайг зодчихлоо гээд дээгүүр хувцасаа тайлж шидсэн. Тэгтэл Д Ө-н нүүрэн тус газар нь нэг удаа цохиж харагдсангэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

 

4. Гэрч Я.Н-ийн “Тухайн өглөө 09 цагийн үед би ажлын байран дээрээ буюу Баянцагаан багийн тэнд яваад очиход манай ажлынхан өнөөдөр амарна, угаалга, цэвэрлэгээ хийнэ, ажилчид усанд орно гээд байж байсан. Тэгэхээр нь ажлаасаа гэрлүүгээ явах гээд байж байтал хамт ажилладаг Ө ганц өдөр амарч байгаа юм чинь, архи авчихсан байгаа, ганц нэг татчихаад яваач гэхээр нь би за тэгье дээ гээд ажлын амралтын гэрт Ө бид хоёр ороод нөгөө нэг шил архиа задлаад ууж байтал манай ажлын Д орж ирээд, бид гурав тэр архиа хувааж уусан юм. Эхний нэг шил Хараа нэртэй 0,5 литрийн архийг ууж дуусаад бид гурав хэсэг ярьж сууж байгаад би бие засах гээд гэрээс гараад явсан. Тэгээд бие засчихаад гал тогоо руу орж цай уучихаад ажлын гэр лүү буцаад орж ирэхэд Ө, Д хоёр бие биенийгээ заамдчихсан зогсож байсан, тэр үед Э тэр хоёрыг салгаж байсан. Энхбаяр салгаад Д түрүүлээд гараад явсан, Ө гэрт үлдсэн юм. Тэгээд би хувцасаа солиод сууж байтал Ө дээгүүрх цамцаа тайлчихсан гэрээс гараад явсан, удалгүй гадаа тогооч Г-ийн яаж байгаа юм бэ гээд дуу нь сонсогдсон, тэгэхээр нь би гэрээс гартал Ө амралтын гэрийг түшээд суучихсан, цаана нь тогооч Г, Э, Д нар байх шиг байсан. Өлзийбаярын хацар эвгүй болчихсон байна гээд манай ажлын Энхбаяр ирээд аваад эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р тал/

 

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 661 дугаартай “Ж.Ө-ын биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун хацар ёсны хугарал, баруун нүд, хацрын эргэн тойрны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байж болно, хацар ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, ухархайн хананы хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Ц.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэж байсан “Тулга Төгс” ХХК-ийн ажилчдын хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Өлзийбаяртай хэрэлдэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Ө-ын “Д намайг хүзүүнээс мушгиад газар унагаагаад баруун талын хацар, шанааны хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон, цохих үед миний нүүр хацарны яс, нүдний ухархай хэсэг цөмрөх шиг болсон” гэх мэдүүлэг, гэрч Т.Г-ийн “Тэгтэл Ө уурлаад чи миний толгойд хүрдэг хэн бэ гээд барьцалдаад авсан. Тэр 2 ноцолдоод эхэлтэл манай ажлын Э салгасан. Ө чи намайг зодчихлоо дээгүүр хувцасаа тайлж шидсэн. Тэгтэл Д Ө-ын нүүрэн тус газар нь нэг удаа цохиж харагдсангэх мэдүүлэг, гэрч Я.Н-ийн “Ө, Д хоёр бие биенийгээ заамдчихсан зогсож байсан, тэр үед Э тэр хоёрыг салгаж байсан. Э салгаад Д түрүүлээд гараад явсан, Өгэрт үлдсэн юм. Тэгээд би хувцасаа солиод сууж байтал Ө дээгүүрх цамцаа тайлчихсан гэрээс гараад явсан, удалгүй гадаа тогооч Г-ийн яаж байгаа юм бэ гээд дуу нь сонсогдсон. Тэгэхээр нь би гэрээс гартал Ө амралтын гэрийг түшээд суучихсан, цаана нь тогооч Г, Э, Днар байх шиг байсан. Ө-ын хацар эвгүй болчихсон байна гээд манай ажлын Э ирээд аваад эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 661 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэж байсан “Тулга Төгс” ХХК-ий ажилчдын хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Ө-тай маргалдаж нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Ц.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ө-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 1 500 000 төгрөгийн хохирол төлсөн байна. Хохирогч нь ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал нийт 8 500 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ыг 1 жилийн хугацаагаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А