Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00859

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00859

Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 73/6 дугаар байр, 24 тоотод оршин суух, Боржигон овогт Батсуурийн Мандуул /РД: ШУ88122517/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 16 дугаар гудамж, 440 тоотод оршин суух, Хороо овогт Амарбаянгийн Гансувд /РД: ИХ80073001/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 16 дугаар гудамж, 440 тоотод оршин суух, Билэгт саруул бичээ овогт Нийдэндагвын Пүрэвгарьд /РД: ИФ07272911/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамж, 440 тоотод байрлах, “Алтан гарьд цээл гал” ХХК /РД: 5754747/ нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгон, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч буюу хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гансувд, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мандуул миний бие Баянгол дүүрэг 11 дүгээр дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, хувийн сууцны хууль ёсны өмчлөгч. Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Малайз улс руу суралцахаар яваад 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монголд буцаж ирсэн. Гэтэл А.Гансувд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 3 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах хувийн сууцыг 2 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээнүүдийг хийж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд өмчлөгчөөр, хамтран өмчлөгчөөр өөрийн төрсөн хүүхэд Н.Пүрэвгарьдийг бүртгүүлсэн байна. Миний бие нэхэмжлэлд дурьдсан эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авахад хууль ёсны итгэмжлэл хийж өгөөгүй. Намайг Малайз улсад суралцаж байх хугацаанд Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч У.Өнөрцэцэг 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 224 м.кв талбайтай, 2 давхар барилгыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 114 дугаарт итгэмжлэл, мөн өдөр 56 м.кв талбайтай, 1 давхар барилгыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд гарын үсэг зурах тухай 115 дугаарт итгэмжлэл, мөн өдөр 700 м.кв газрыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 116 дугаартай итгэмжлэлийг хууль бусаар гэрчилснээр Нотариатын тухай хуулийн 21.3.3, 41 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.1-д заасныг тус тус зөрчиж миний хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн. Үүний улмаас тус итгэмжлэлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00519 дугаар захирамжаар эдгээр итгэмжпэлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон. Түүнчлэн тус хэлцэлүүдийг хийх үед А.Гансувд тус үл хөдлөх эд хөрөнгүүдэд миний зөвшөөрөлтэй дэлгүүр ажиллуулах зорилгоор эзэмшиж байсан бөгөөд намайг Малайз улс руу суралцахаар явсаныг мэдэж байсан. Гадаадад байгаа иргэнтэй хэлцэл хийх бол Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулж итгэмжлэл олгосныг үндэслэн хэлцэл хийх ёстойг мэдэх боломжтой нөхцөл байсан. Надаас хууль ёсны итгэмжлэл хийж өгөөгүйгээр тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж авсан тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой, бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7.3-т заасан улсын бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээд юм. Н.Пүрэвгарьдын хувьд тухайн хэлцэл хийхэд насанд хүрээгүй хүн тул тус хэлцэлүүдэд А.Гансувд хууль ёсны төлөөлөгчийн хувьд гарын үсэг зурсан байна. Улмаар ийнхүү хууль зөрчиж улсын бүртгэлд бүртгүүлсэнийг өөрчлөн бүртгүүлэхийг А.Гансувд, Н.Пүрэвгарьд нараас шаардсан боловч одоо хүртэл шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд тус хууль бус итгэмжлэлүүдийн үндсэн дээр 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 3 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцыг 2 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мандуул нь Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай, 1 давхар хувийн сууцны хууль ёсны өмчлөгч. Нэхэмжлэгч Б.Мандуул нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх хөрөнгө тус бүрийг 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах гэрээ тус бүр хүчин төгөлдөр бус. Нэхэмжлэгч Б.Мандуул А.Гансувд, Н.Пүрэвгарьд нартай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах хүсэл зориг байгаагүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр хариуцагч нар бүртгүүлж нэхэмжлэгчийн өмчлөх эрх, ашиг сонирхолыг зөрчиж байна. Нэхэмжпэгч Б.Мандуул 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Малайз улс руу суралцахаар яваад 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монголд буцаж ирсэн. Гэтэл А.Гансувд, Н.Пүрэвгарьд нар 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дуурэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай хашааны газрыг 9 500 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах хувийн сууцыг 25 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах хувийн сууцыг 23 500 000 төгрөгөөр худалдан авах гэрээнүүдийг хийжээ. Б.Мандуул нэхэмжлэлд дурьдсан эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг А.Гансувд, Н.Пүрэвгарьд нарт худалдах хүсэл зориг байгаагүй, мөн тус эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах гэрээнүүдийг хийх явцад хууль ёсны итгэмжлэл хийж өгөөгүй. Намайг Малайз улсад суралцаж байх хугацаанд Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч У.Өнөрцэцэг 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 224 м.кв талбайтай 2 давхар барилгыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 114 дугаарт итгэмжлэл, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 56 м.кв талбайтай, 1 давхар барилгыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд гарын үсэг зурах тухай 115 дугаарт итгэмжлэл, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 700 м.кв талбайтай газрыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 116 дугаартай итгэмжлэлийг хууль бусаар гэрчилснээр Нотариатын тухай хуулийн 21.3.3, 41 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.1 дэх хэсгийг зөрчиж, миний хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн. Үүний улмаас тус итгэмжлэлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00519 дугаар захирамжаар эдгээр итгэмжлэлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон. Нэхэмжлэгчээ хууль ёсны итгэмжлэл хийж өгөөгүй, эдгээр эд хөрөнгүүдийг худалдах хүсэл зоригүй байхад 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эдгээр гэрээнүүд байгуулагдсан байна. 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнүүд улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус. Түүнчлэн эдгээр гэрээнүүдийг үндэслэн хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг өмчлөгчөөс шаардах эрхийн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хариуцагч нартай байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мандуул миний бие нэхэмжлэлд дурьдсан Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм. Хариуцагч А.Гансувд тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасныг зөрчиж дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэн эзэмшиж, өөрийн хамааралт “Алтан гарьд цээл гал” ХХК-иар найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм. Хариуцагч А.Гансувд, “Аптан гарьд цээл гал” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшлийг чөлөөлж, нүүхийг шаардсан боловч биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “иргэний эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар хамгаална” гэж заасны дагуу хууль ёсны өмчлөгч миний эрхийг А.Гансувд, Н.Пүрэвгарьд, “Алтан гарьд цээл гал” ХХК нар зөрчиж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмшлийг чөлөөлүүлж, албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагчийн төлөөлөгч А.Гансувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дуүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамж, 440 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон сууцны зориулалттай 2 байшинг Хадгаламж банкны зээлээр худалдан авахаар Д.Гэрэлгуатай тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ”-ээр улсын бүртгэлийн Ү-2205027324 дугаарт бүртгэгдсэн, 224 м.кв талбайтай, 2 давхар сууцны зориулалттай байшинг 5 000 000 төгрөгөөр, мөн өдрийн “Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ”-ээр улсын бүртгэлийн Ү-2205027325 дугаарт бүртгэгдсэн, 56 м.кв талбайтай, 1 давхар сууцны зориулалттай байшинг 2 000 000 төгрөгөөр, мөн өдрийн “Газар худалдах-худалдан авах гэрээ”-ээр улсын бүртгэлийн Г-2205000990 дугаар бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг 3 000 000 төгрөгөөр тус тус үнэлэн гэрээ байгуулсан. Дээрх гурван үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг банкнаас зээл гаргуулж төлөхөөр хөөцөлдөж, Хас банкинд зээлийн материал бүрдүүлэн хандахад 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хас банкнаас 25 000 000 төгрөгийн зээлийг надад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд зээлийн барьцаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан. Банкнаас зээлсэн мөнгөний 20 000 000 төгрөгийг 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д.Гэрэлгуад өгч, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 9 хороонд байршилтай хашаа байшингаа зарж, мөнгийг өгөхөөр болсон. Улмаар 2012 оны 5 дугаар сард өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 хороо, зүүн дэнжийн 71-14 тоот хашаа, байшингаа нийт 22 000 000 төгрөгөөр М.Дамбадаржаад худалдахаар ярьж тохиролцоход тэрээр бэлнээр 8 000 000 төгрөг байгаа, үлдэгдэл 14 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөх боломжтой гэхэд нь би зөвшөөрөөд түүнтэй 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” болон “Газар худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус байгуулсан. М.Дамбадаржаа 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хас банкнаас 14 000 000 төгрөгийн зээлийг гаргуулан авч, өөрт байсан бэлэн мөнгөө нэмж 20 000 000 төгрөгийг надад өгөхөд нь би түүнд хоёулаа мөнгийг Д.Гэрэлгуа эгчид хамт аваачид өгье гэж хэлээд бид цугтаа Хүнсий 4 дүгээр дэлгүүрийн замын эсрэг талд байсан гэрт нь очиж, 20 000 000 төгрөгийг бэлнээр Д.Гэрэлгуад төлж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Тэрээр 2008 оноос 2014 оны 4 дүгээр сарыг хүртэл миний ахтай хамт амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцаанаас улбаалан тусдаа амьдрахад хүрсэн гэж миний хувьд ойлгодог. Ахаас салснаас хойш намайг ахтайгаа нийлж залилан хийсэн гэж цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар биднийг шалгуулах болсон. Мөн дээрх гурван төрлийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хамгийн сүүлд Д.Гэрэлгуагийн нэхэмжлэлтэй хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1521 дугаар магадлалаар Д.Гэрэлгуагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү магадлалыг Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн. Нэхэмжпэгч дээрх худалдах-худалдан авах гэрээний асуудлаар өмнө нь огт маргаан үүсгэдэггүй байсан бөгөөд миний дуулснаар надаас авсан 40 000 000 төгрөгөөсөө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 хорооллын эцэст иргэн н.Байгальмаагаас павильон худалдаж авсан байдаг. Худалдах-худалдан авах гэрээ хийх үед Д.Гэрэлгуа нь хамтран өмчлөгч Б.Мандуулыг төлөөлөх итгэмжлэлийг нотариатчаар батлуулсан гэдгийг сүүлд иргэний маргааны шүүх дээр мэдсэн. Бүх баримт бичгийг Д.Гэрэлгуа бэлдсэн байсан. Итгэмжлэл хийх үед Б.Мандуул нь Монгол Улсад байгаагүй гэдэгч энэ бүх асуудлыг мэдэж байсан. Нотариатч Б.Мандуулаас утсаар зөвшөөрөл авч байсан ба тэрээр Монгол Улсад ирээд нотариатчын дэвтэр дээр гарын үсэг зурж байсан. Тэгэхээр тус итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж зааснаар хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгч талаас 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Худалдах-худалдан авах” гэрээ, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Хувийн сууц худалдах-худалдан авах” гэрээ, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Хувийн сууц худалдах-худалдан авах” гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Б.Мандуулын төрсөн эх Г.Гэрэлгуа нь Б.Мандуулын эзгүйд түүнд оногдох хэсгийг бусдад захиран зарцуулах итгэмжлэлийг хийлгэсэн боловч Б.Мандуул нь Монгол Улсад ирээд өөрийн төрсөн эхийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчын баримт дээр гарын үсэг зурж, үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад худалдах хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Мөн тэрээр гадаад улсад байхдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулах гэж байгаа тухай мэдэж байсан ба өөрийн нэрийн өмнөөс итгэмжпэл үйлдэхийг хүлээн зөвшөөрсөн гэдгээ өмнөх шүүх хуралдаан дээр хэлж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан. Итгэмжлэл гэрчилсэн нотариатчын үйлдлийг хүчингүй болгуулахаар Б.Мандуул нь нэхэмжлэл гаргахад нотариатч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэж, хэргийг хялбаршуулсан журмаар, шүүхийн шийдвэрээр бус 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00519 дугаар шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэсэн нь буруу болсон ба нотариатчын үйлдэл буюу итгэмжлэл өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа болно. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаас үзэхэд хууль ёсны итгэмжлэл хийж өгөөгүй байхад зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн, мөн гэрээнүүдийг улсын бүртгэлд бүргүүлээгүй учраас хэлцэл хүчин төгөлдөр бус үзсэн байна. Нэхэмжлэгч Б.Мандуул нь анхнаасаа дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулах хүсэл зоригтой байсан ба өөрийн эзгүйд хийсэн үйлдлийг хожим нь хүлээн зөвшөөрсөн болно. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх тухай хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр бус болохгүй юм. Энэ талаар Иргэний хуульд зохицуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульчилсан байх ба харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох зохицуулалт байдаггүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Алтан гарьд цээл гал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гансувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Алтан гарьд цээл гал” ХХК нь 56 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай байранд 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч бус этгээд юм. Тиймээс өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь манай компанид хамааралгүй байна. Харин дэлгүүрийн байшинг чөлөөлж, албадан нүүлгэх нь манай дэлгүүрийн бизнес, орлогод нөлөөлж, хохирол учруулах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Дэлгүүрийн байрыг чөлөөлүүлж, албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хууль ёсны өмчлөгч этгээд хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй ба нэхэмжлэгч Б.Мандуул, гуравдагч этгээд Д.Гэрэлгуа, Д.Энхбаяр нар нь өмчлөгч бус этгээд байх тул Иргэний хуульд заасан шаардах эрх үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлд дурьдсан Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч. Хариуцагч А.Гансувд тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэн эзэмшиж амьдраны сууж өөрийн хамааралт “Алтан гарьд цээл гал” ХХК-иар найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “иргэний эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар хамгаална” гэж заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр намайг тогтоож, эзэмшлийг А.Гансувд, “Алтан гарьд цээл гал” ХХК нараас чөлөөлүүлж, албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуа шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлд дурьдсан Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч. Хариуцагч А.Гансувд тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэн эзэмшиж амьдраны сууж өөрийн хамааралт “Алтан гарьд цээл гал” ХХК-иар найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “иргэний эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар хамгаална” гэж заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр намайг тогтоож, эзэмшлийг А.Гансувд, “Алтан гарьд цээл гал” ХХК нараас чөлөөлүүлж, албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагчийн төлөөлөгч, “Алтан гарьд цээл гал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гансувд шүүхэд болон шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагад гаргасан тайлбартаа: Д.Энхбаяр нь 2012 оны 02 дугаар сард нотариатын гэрчилсэн итгэмжлэлээр Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай  газар, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар сууцны зориулалттай байшин, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай, 1 давхар сууцны зориулалттай байшинг захиран зарцуулах, бусдад худалдах эрхийг Д.Гэрэлгуад олгосон байдаг. Д.Гэрэлгуа нь хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу А.Гансувдтай худалдах-худалдан авах гэрээ байгуулан, газар болон хувийн сууцны зориулалттай байруудыг А.Гансувдад худалдсан. Д.Гэрэлгуа нь Б.Мандуулын нэрийн өмнөөс итгэмжлэл үйлдэн А.Гансувдтай худалдах-худалдан гэрээ байгуулан газар болон хувийн сууцны зориулалттай байруудыг мөн худалдсан. Д.Гэрэлгуа нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн 3-н гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор А.Гансувдыг хариуцагчаар татан Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж байсан бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл, баримт нотолгоо байхгүй гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхээс нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож маргааныг эцэслэн шийдвэрлэж байсан болно. Худалдах-худалдан авах гэрээ тус бүр хүчин төгөлдөр бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуа, Д.Энхбаяр нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүр хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх 3-н объектын хамтран өмчлөх өмчлөгчөөр Д.Гэрэлгуа, Д.Энхбаяр, Б.Мандуул нар бүртгэлтэй байсан хэдий ч Д.Гэрэлгуагийн хувьд биечлэн А.Гансувдтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба Д.Энхбаярын хувьд өөрт оногдох өмчлөх эрхийг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр өөрийн төрсөн эгч Д.Гэрэлгуад олгосон тул хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхээс шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 “Дүр үзүүлсэн хэлцэл”, 56.1.8 “Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзсэн байх ба харин 56.1.3 “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэх үндэслэлийн тухайд дараах тайлбар, хууль зүйн үндэслэлийг гаргаж байна. А.Гансувд, Д.Гэрэлгуа нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3-н төрлийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, газар болон сууцны зориулалттай байшингийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3-н төрлийн худалдах-худалдан авах гэрээ нь талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүйн улмаас хэрэгжээгүй гэрээ юм. 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-н төрлийн худалдах-худалдан авах гэрээгээр 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3-н төрлийн худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулаагүй. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг байгаагүй, зөвхөн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хийгдцэг дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл байхыг ойлгодог. Талуудын хувьд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-н төрлийн худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг урьдаас байсан ба хэлцэл хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр юм. Тиймээс хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэхээргүй байна. Иймд гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Голомт банк болон “Алтан гарьд цээл гал” ХХК-ийн хоорондын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаанд байгаа. Голомт банк нь ипотекийн зээлийн гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” түүнд тусгагдсан мэдээллийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу “үнэн зөв” гэж үзэн зээлийн гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл Голомт банктай зээлийн гэрээ байгуулахад маргаан бүхий эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдээс Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа, хууль бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй. Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7-т зааснаар гуравдагч этгээд Голомт банк маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч нь мөн юм. Маргаан бүхий эд хөрөнгийг өмчлөгч нь хэн ч болсон Голомт банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчинтэй буюу барьцааг шаардах эрх нь хүчинтэй бөгөөд тухайн эд хөрөнгө эзэмшигчид барьцаагаар хангагдах үүрэг нь шилжинэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мандуул нь хариуцагч А.Гансувд, Н.Пүрэвгарьд нарт холбогдуулан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 3 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцыг 2 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээнүүдийг, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөн 700 м.кв талбайтай хашааны газрыг 9 500 000 төгрөгөөр, мөн 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 25 000 000 төгрөгөөр, мөн 56 м.кв талбайтай хувийн сууцыг 23 500 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай, хариуцагч “Алтан гарьд цээл гал” ХХК-д холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, Д.Гэрэлгуа нар нь хариуцагч А.Гансувд, Н.Пүрэвгарьд, “Алтан гарьд цээл гал” ХХК нарт холбогдуулан, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрын, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг үл зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хувийн сууц болон газар худалдах-худалдан авах гэрээг тус бүр хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.10-т заасан дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл тул мөн хуулийн зүйлийн 56.5-д зааснаар өмчлөгчөөр тогтоолгох” гэж тодорхойлжээ.

 

Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцууд нь нэхэмжлэгч Б.Мандуул, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуа, Д.Энхбаярын нарын өмчлөлд бүртгэлтэй байсан байх бөгөөд нэхэмжлэгчээс 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуад дээрх 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг “бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэл байгуулах, төлөөлж гарын үсэг зурах” бүрэн эрхийг итгэмжлэн олгосон байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00519 дугаар захирамжаар Б.Мандуулын нэхэмжлэлтэй, У.Өнөрцэцэгт холбогдох, дээрх 3 итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2016/01430 дугаар тогтоолоор, Д.Гэрэлгуагийн нэхэмжлэлтэй, А.Гансувдад холбогдох, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянаад дээрх 3 итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй” гэж заасан байхаас гадна хяналтын шатны тогтоол хүчин төгөлдөр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дээрх 3 итгэмжлэлийг буюу хэлцлийг хүчин төгөлдөр эсэхийг шүүх дахин нотлох шаардлаггүй.

 

Дээрх 3 ширхэг итгэмжлэлийг үндэслэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуа нь хариуцагч А.Гансувдтай 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 9 500 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцыг 23 500 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 25 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна. Үүний дараа буюу 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг байгуулж, үний хувьд 700 м.кв талбайтай газрыг 3 000 000 төгрөгөөр, 56 м.кв талбайтай хувийн сууцыг 2 000 000 төгрөгөөр, 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, талууд дээрх 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр тус бүрийг 9 500 000 төгрөгөөр,  23 500 000 төгрөгөөр, 25 000 000 төгрөгөөр, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр 3 000 000 төгрөгөөр, 2 000 000 төгрөгөөр, 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байна. Улмаар уг гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагчид шилжин, нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болсон нь гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, бүртгэлийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн болон 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.10-т заасан дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах зорилгогүй байсан гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.  

 

Түүнчлэн, дээрх 2 гэрээний үнийн дүн өөр өөр байгаа нь талуудын үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гол хүсэл зоригийг үгүйсгэхгүй бөгөөд харин гэрээг байгуулахад төлөх татвар, хураамжаас зайлс хийх зорилгийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан гэрээний үнийн дүн харилцан адилгүй байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг үүсгэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар мөн зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Шүүх дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоох буюу буцаан шаардах эрхгүй байна.

 

2. Хариуцагч “Алтан гарьд цээл гал” ХХК-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийг маргааны зүйл болж буй улсын бүртгэлийн Г-2205000990 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2205027324 дугаарт бүртгэлтэй, 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205027325 дугаарт бүртгэлтэй, 56 м.кв талбайтай, хуувийн сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байх тул тэрээр бусдаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхгүй.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Энхбаярын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Энхбаяр нь маргааны зүйл болж буй 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг “бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэл байгуулах, төлөөлж гарын үсэг зурах” бүрэн эрхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуад 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, мөн гомдлын шаардлага гаргаагүй нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Улмаар Д.Гэрэлгуа нь Д.Энхбаярыг төлөөлж дээрх 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн болон 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Д.Энхбаярын хувьд өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн, дээрх 2 өөр үнийн дүнтэй, 6 ширхэг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.10-т заасан дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Д.Энхбаярыг хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байх тул тэрээр хариуцагч нараас уг 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуагийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

 

Д.Гэрэлгуа нь дээрх 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн болон 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр түүний хувьд өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн, дээрх 2 өөр үнийн дүнтэй, 6 ширхэг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.10-т заасан дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Д.Гэрэлгуаг хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байх тул тэрээр хариуцагч нараас уг 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 13 настай, иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд Н.Пүрэвгарьдад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд нь өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ. Хариуцагч А.Гансувд нь Н.Пүрэвгарьдийг төлөөлөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг байгуулж, түүнийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүргүүлсэн нь Н.Пүрэвгарьдийг уг маргаанд хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагч А.Гансувд, Н.Пүрэвгарьд нарт холбогдох, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 3 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцыг 2 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээнүүдийг, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөн 700 м.кв талбайтай хашааны газрыг 9 500 000 төгрөгөөр, мөн 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 25 000 000 төгрөгөөр, мөн 56 м.кв талбайтай хувийн сууцыг 23 500 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, хариуцагч “Алтан гарьд цээл гал” ХХК-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, Д.Гэрэлгуа нарын хариуцагч А.Гансувд, Н.Пүрэвгарьд, “Алтан гарьд цээл гал” ХХК нарт холбогдох, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрын, мөн хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Гансувд, Н.Пүрэвгарьд нарт холбогдох, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 3 000 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцыг 2 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээнүүдийг, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 9 500 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 25 000 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцыг 23 500 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай, хариуцагч А.Гансувд, Н.Пүрэвгарьд, “Алтан гарьд цээл гал” ХХК нарт холбогдох, улсын бүртгэлийн Г-2205000990 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг, улсын бүртгэлийн Г-2205000990 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг, улсын бүртгэлийн Ү-2205027325 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэгч Б.Мандуулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Гансувд, Н.Пүрэвгарьд, “Алтан гарьд цээл гал” ХХК нарт холбогдох, улсын бүртгэлийн Г-2205000990 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрын, улсын бүртгэлийн Г-2205000990 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 224 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны, улсын бүртгэлийн Ү-2205027325 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж, 440 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгож, албадан нүүлгэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуа, Д.Энхбаяр нарын шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 763 350 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гэрэлгуагаас төлсөн 70200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Энхбаяраас төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН