Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/01263

 

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/01263

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг батлаж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 99 дүгээр байрны 06 тоотод үйл ажиллагаа явуулдаг, РД-0000235 регистрийн дугаартай, Шигтгээ-Үүд СӨХ-ны

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, …а байрны …тоотод оршин суух, … регистртэй, Харчу овогт Б.О-д холбогдох

Нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 298,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад  

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шигтгээ-Үүд СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь 85, 85а барйанд 2015 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн бүх гишүүдийн хурлын шийдвэрийн үндэслэлээр Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлхээр 140 өрхтэй байрны нийтийн үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг 3 жилийн хугацаанд хариуцан хариуцлагатайгаар ажиллаж байна. Хариуцагч  Б.О түүний гэр бүл 10 сарын хугацаанд СӨХ-ноос өөрсдийн ашигласан нийтийн үйлчигээний төлбөрөө төлөөгүйгээс сар бүр мэдэгдэл 2 удаа гэрт нь хүргэгддэг, СӨХ-ны хурлын тайлангийн хурлын шийдвэр, оршин суугчдын нийтлэг эрх ашгыг үл хүндэтгэж, 85, 85а байрны удирдах зөвлөлийн, хяналтын зөвлөлийн тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байна.

Хариуцагч Б.О түүний гэр бүл хамтаараа байрныхаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээнд хийгдсэн бүхий л үр дүнг амьдрал ахуйдаа ашиглаж байгаа юм. Мон орцны цэвэрлэгээ, жижүүрийн ажил хөдөлмөрийн бүтээмж, лифний техник ашиглалтыг,орцны гэрэлтүүлэг, орцны дулаан, сантехникийн магистрал шугамын засваруудын, байранд хийгдсэн тохижилтын ажлуудын, ялангуяа хогоо хаясан төлбөрийг гэх мэт СӨХ-ны нийтлэг үйл ажиллагааны өгөөжийг 10 сарын турш хэрэглэж байгаа бөгөөд төлбөрөө төлөөгүйгээс 2016 оны 6-12 сарууд, 2017 оны 1-3 саруудын төлбөр 298,000 төгрөг өр авлагыг үүсгээд байна.

Иргэний хуулийн 149.1.1, 149.2 дахь заалт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.2.3  заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Б.Оаас 298.000 төгрөг гаргуулхаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Батчулуун овогтой Отгонжаргал миний бие Шигтгээ-Үүд СӨХ-ны нэхэмжилсэнг 298.000 төгрөгийг 2015 оны 05 сарын 15-ны өдрийн дотор 146.000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 146.000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Энэ саналыг харгалзан авч туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч Шигтгээ-Үүд СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Баярмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Батчулуун овогтой Отгонжаргалын СӨХ-ны төлөгдөөгүй төлбөрөө 2 хувааж төлөх санал оруулсантай танилцлаа. Байрныхаа нийтийн үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа СӨХ-ны зүгээс саналыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Шигтгээ-Үүд СӨХ нь хариуцагч Б.Од холбогдуулан нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 298,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 2 хуваан төлж барагдуулах тухай тайлбарыг ирүүлжээ. Нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагчийн нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй, зохигч талуудын хүсэл зориг хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Шигтгээ-Үүд СӨХ-ны хариуцагч Б.Од холбогдох нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 298,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Шигтээ-Үүд СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,590 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 данснаас 4,795 төгрөг, хариуцагч Б.Оаас 4,795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

                                                                                                                      

                                                                                                                                            

ШҮҮГЧ                А.САРАНТУЯА