| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/08074/И |
| Дугаар | 00886 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00886
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/00886
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтай хотхон 14 дүгээр байр, 40 тоотод оршин суух, Дагна алтайн овогт Жамсрангийн Сүнчинсүрэн /РД: УС58022845/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтай хотхон, 13-ын өргөтгөлд байрлах, “Тайгам Алтай” ХХК-д холбогдох,
5 354 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхдэлхий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сүнчинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхдэлхий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Тайгам Алтай” ХХК-тай 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуусан ба гэрээгээр Алтай хотхоны 14 дүгээр байрны 40 тоот 55.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 41 700 000 төгрөгөөр буюу м.кв тус бүрийг нь 750 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 2010 онд гэрээ төлбөрийг бэлнээр төлсөн. Мэргэжлийн байгууллагаар талбайн хэмжилт хийлгэхэд 48.59 м.кв болж 7.01 м.кв нь дутсан. Хариуцагч нь 5 257 500 төгрөг илүү авсан байна. Иймд зөрүү илүү төлсөн 5 257 500 төгрөгийг “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэхэд төлсөн 97 000 төгрөгийг, нийт 5 354 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уяангасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ж.Сүнчинчүрэнтэй 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулан, Аптай хотхоны 14 дүгээр байрны 40 тоот байрыг худалдсан. Тухайн үед нэхэмжлэгч нь орон сууцын шалгаж хүлээн авсан байдаг. Мөн дутсан гэх 7.01 м.кв-ын үнийг хэрхэн гаргаж ирээд байгаа нь тодорхойгүй байна. Талууд гэрээндээ талбайн хэмжээ хэд байхаас үл шалтгаалан багцын үнэ буюу 41 700 000 төгрөгөөр бүхэлд нь худалдсан. Мөн хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд манай компани нь нэхэмжлэлд дурдсанчлан засвар үйлчилгээний хураамж гэж нэгч төгрөг аваагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2010 онд “Тайгам Алтай” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орон сууцаа хүлээж авсан. Ингэхдээ 2010 оны гэрээнд ойс тэнхлэгээс талбайн хэмжээг тооцно гэж оруулсан. Орон сууцыг хүлээж авсанаас хойш 2 жилийн дараа буюу доголдолыг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдсэн. Ж.Сүнчинсүрэн нь доголдолыг мэдсэнээс хойш шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байж байгаад шүүхэд нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сард гаргасан нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжэ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сүнчинсүрэн нь хариуцагч “Тайгам Алтай” ХХК-д холбогдуулан 5 354 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ “... 7.01 м.кв нь дутуу зөрүү 5 257 500 төгрөг, ...хэмжилт хийлгэхэд төлсөн 97 000 төгрөг” гэж тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...Иргэний хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч хэмжээг зөвшөөрч худалдан авсан” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. 5 257 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хавтаст хэргийн 12-14, 30-32 дугаар талд талуудын хооронд 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэх “орон сууц захиалан барих гэрээ” авагдсан байх бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасантай нийцээгүй байх тул шүүх уг гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Харин хавтаст хэргийн 95-97, 113-114 дүгээр талд талуудын хооронд 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэх “орон сууц захиалан барих гэрээ” авагдсан байх бөгөөд уг баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангаж байх боловч хариуцагчаас шүүхэд гаргасан гэрээ дугааргүй, мөн 1.1-д заасан орон сууцны давхарыг 4 гэж бичсэн байх бөгөөд шүүхийн журмаар улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулсан гэрээнд гэрээний дугаарыг 2010/7-16 гэж дугаарлан, орон сууцны давхарыг 5 гэж харилцан адилгүй бичсэн зэргээс мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулсан гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэв.
Талуудын хооронд 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуудлагдсан 2010/7-16 дугаартай “Орон сууц захиалагаар барих гэрээ”-ээр хариуцагч нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 14 дүгээр байрны 40 тоотын MNS6058:2009 стандартаар 51.70 м.кв талбайтай, гэрээний 1.1-д зааснаар 55.60 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 41 700 000 төгрөгөөр барьж гүйцэтгэн гэрээний 3.1-д зааснаар 2011 оны 2 дугаар улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 41 700 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээр нотлогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тус орон сууцыг 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 300/2011 дугаар актаар тухайн орон сууцыг хүлээн авсан зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүрэгт 41 700 000 төгрөг төлсөн талаар хариуцагч үгүйсгэн, маргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг гэрээнд заасан хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Талууд гэрээнд орон сууцны талбайн хэмжээг 51.70 м.кв, 55.60 м.кв талбай гэж харилцан адилгүй тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны бодит талбайн хэмжээг “Тоонто Гранд” ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 960 дугаартай, “Орон сууцны доторх талбайн хэмжилт хийх ажлын гэрээ”-ээг үндэслэн 48.59 м.кв гэж үзэн, гэрээнд заасан 55.60 м.кв-аас 7.01 м.кв дутуу буюу 1 м.кв талбайн үнийг 750 000 төгрөгөөр тооцсон байна. Хариуцагч нь дээрх “Орон сууцны доторх талбайн хэмжилт хийх ажлын гэрээ”-ээг баримтаар үгүйсгээгүй байх тул мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар орон сууцыг гэрээнд заасан хэмжээтэй тохирсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд талбайн хэмжээг 51.70 м.кв, 55.60 м.кв гэж харилцан адилгүй тодорхойлсон боловч аль аль нь бодит хэмжээнд хүрээгүй байх тул хариуцагчийг захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүн доголдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах буюу орон сууцны дутуу талбайн үнийн зөрүү 1 м.кв-ыг 750 000 төгрөгөөр тооцон, нийт 5 257 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч тэрээр мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэснийг хэтрүүлсэн байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээн авч, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртүүлсэнээр Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн орон сууцны м.кв дутуу талаарх гомдлын шаардлага гаргах хугацаа мөн зүйлийн 349.3-т зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дуусаж байх бөгөөд тэрээр уг өдрөөс эхлэн мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу дээрх шаардлагаа 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дотор шүүхэд гаргах ёстой байжээ. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан үйл баримтаас үзвэл түүнийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, хэргийн 28-29, 47-52 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийг уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, мөн уг хугацаа тасалдсан, түр зогоссон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.
2. 97 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Тоонто Гранд” ХХК-тай “Орон сууцны доторх талбайн хэмжилт хийх ажлын гэрээ”-ээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн, маргааны зүйл болж Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж, 14 дүгээр байр, 40 тоот орон сууцны талбайг хэмжүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 97 000 төгрөг төлсөн нь гэрээ болон “Тоонто Гранд” ХХК-ийн кассын орлогын ордероор тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасанаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх боловч хариуцагч нь үндсэн шаардлагаас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр татгалзах эрхтэй тул шүүх уг хохирлыг хангах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч “Тайгам Алтай” ХХК-иас 5 354 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Сүнчинсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Тайгам Алтай” ХХК-иас 5 354 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Сүнчинсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН