Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч С.Б-О

Хохирогч Т.У

Шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-Э, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2025000880442 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. М.Б-Э,

 

2. Ж.Б,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Т.Уг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 11 дүгээр

 

 

 

 

 

 

 

хороололд байрлалтай 450м2 газрыг өөрсдийн өмчлөлийн гэж итгүүлэн, худалдаж 36 500 000 төгрөгийг нь залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-Э мэдүүлэхдээ “Энэ хэрэгт миний эхнэр ямар ч хамааралгүй. Хохирогчийн нөхөртэй газрыг зарах талаар ярилцсан байсан. Батсүх ахтай ямар ч хамааралгүй. Батсүх ахаас уг газрыг авахаар тохирсон байсан. Үлдэгдэл мөнгийг намар өгөх байсан. Өөрсдөө байшин барих гэж Батсүх ахаас тэр газрыг авах гэж байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “Би газрыг үзүүлэхээр очихдоо бид хоёрын нэр дээр биш гэдгийг тодорхой хэлсэн. Т.У нь утсаар байнга доромжилдог. Өөрийнх нь нэхэмжилж байгаа мөнгийг өгч чадахгүй, машин дээр нь нэмээд 23 000 000 төгрөгийг нэмж өгсөн. 1 446 000 төгрөгийг өгөхгүй. Утсаар залгаад байнга мөнгө өг гэж дарамталдаг. Анх газрын мөнгийг авахдаа машиныг нь 20 000 000 төгрөгөөр тооцож, 15 000 000 төгрөгийг бэлнээр авсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.У мэдүүлэхдээ “Анх манай нөхөртэй Ж.Б уулзсан. Уулзахад зарах газар байгаа гэж хэлсэн. Тэр газрыг үзэхээр нөхөртэйгөө хамт очсон. Гарын үсэг зурахад Ж.Б эхнэртэйгээ байсан. Манай машиныг газрын үнэнд тооцож авсан. Манайх шинэ машин аваад удаагүй байсан. Газрын нэрийг бидний нэр дээр шилжүүлэх тухай байнга хэлж сануулж байсан. Хохирлыг барагдуулах үед машинаа буцааж авахгүй гэдгийг хэлж байсан. Машины эвдрэлийн үнэлгээ 1 146 000 төгрөг болсон. Тэр мөнгийг өгнө гэхээр нь хүлээсэн. Хохирлыг барагдуулбал шүүхээр явахгүйгээр гомдлоо татаж авах гэж байсан. Өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй. Гомдолтой байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Т.Угийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 18-р хуудас/

2. Хохирогч Т.Угийн “2019 оны 04 сарын дундуур шиг санагдаж байна зүс таних манай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан М.Б-Э, Ж.Б нараас хувиараа барилгын ажил хийж байсан болохоор нь манай нөхөр бид хоёр М.Б-Э, Ж.Б нараас хаусын газар байна уу гэж асуусан. Тэгтэл М.Б-Э, Ж.Б нар Хүрэнбулаг баг 11 дүгээр хорооллын газарт 450 м2 газар 35 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Уг газрыг нөхрийн хамтаар очиж үзсэн. Тэгээд хоорондоо ярьж тохиролцоод 35 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. М.Б-Э, Ж.Б нараас газрын гэрчилгээний талаар асуухад манай нэр дээр гарчихсан байгаа “Мажаа” эмнэлгийг ажиллуулдаг Батсүх гэх ахаас гэрчилгээ аваад та нарын нэр дээр шилжүүлээд өгье гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдөр нөхөр Э-ын гар утас руу Ж.Б залгаад маргааш 05 дугаар сарын 14-ний өдөр сайн өдөр байна наймаагаа хийчихмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр за гэж хэлсэн. Маргааш нь 2019 оны 05 сарын 14-ний өглөө Ж.Б манай гэрийн гадаа нөхөр Б-Э-ийн хамтаар ирээд бид нар наймаагаа хийхээр болоод бэлнээр 15 000 000 төгрөг, үлдэгдэл 20 000 000 төгрөгт нь хувьдаа хэрэглэж байсан 5950 ОРА улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг өгөхөөр болсон. Тухайн үед газрын гэрчилгээ бичиг баримтаа нэхэхэд Б ахад байгаа манай газрыг худалдаж авах гэж байгаад үнэ ханш нь дээрээ тохиролцоогүй, Батсүх ах ОХУ-руу явчихсан байгаа 2019 оны 06 дугаар сард ирэхээр нь өөрөөс нь аваад та хоёрын нэр дээр шилжүүлж өгнө гэж М.Б-Э, Ж.Б хоёр нөхөр бид хоёрт хэлсэн. Мөн тухайн үед Ж.Б нь өөрийн гараар бичгээр баталгаа гаргаж бичиж өгсөн. Харин гарын үсгийг нь нөхөр нь зурсан. Ж.Б нь хоёр дүүдээ итгэхгүй бол манай гэрт очиж үзэхгүй юу гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 05 сарын 14-ний өдөр би өөрийн Хаан банкны 5090 тоот данснаас М.Б-Э-ний Хаан банкны 5090 тоот данс руу 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөн дээрээс нь 59ОРА улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг бичиг баримтын хамтаар М.Б-Э, Ж.Б нар аваад явсан. Үүнээс хойш гар утсаар залгахад Батсүх ах ОХУ-аас ирээгүй байна газрынхаа хэмжээг томруулах гээд Газрын албанд материалаа өгчихсөн байгаа гэх мэтээр өдөр хоногийг аргацаагаад л яваад байсан. Тэгээд аргаа бараад Мажаа эмнэлгийг ажиллуулдаг Батсүх гэх хүний гар утсыг олоод гар утас руу нь залгаад уг асуудлын талаар хэлэхэд тийм зүйл огт байхгүй та нар ирж надтай уулз гэж хэлсэн. Тэгээд нөхрийнхөө хамтаар очиж уулзахад М.Б-Э, Ж.Б хоёр надад ямар ч гэрчилгээ хадгалуулаагүй, газрын талаар наймаа ч яриагүй, миний нэр дээр газар ч байхгүй харин манай хүүгийн нэр дээр хаусын газар байдаг юм. М.Б-Э, Ж.Б хоёр манай байшинг барьж өгсөн юм энэ утгаараа нэг нэгийгээ мэддэг болсон. Надаас 6 000 000 төгрөг авах ёстой. Би уг мөнгийг нь өгчихмөөр л байгаа боловч байшин барихдаа ажлаа муу дутуу гүйцэтгэсэн юм гэж хэлж байсан. Бэлнээр өгсөн 15 000 000 төгрөг, 5950 ОРА улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 21 500 000 төгрөг, үнэлгээний хөлс 80 000 төгрөг нийт 36 580 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-22-р хуудас/

3. Гэрч Ч.Б-хийн “2020 оны эхээр санаж байна. Т.У гэх хүн миний гар утас руу залгаад уулзахад “М.Б-Э, Ж.Б нар нь таныг Орос улс руу явсан, ирэхээр нь газрын бичиг баримтыг янзалж өгнө, бид 2 энэ хүмүүсээс газар авах ёстой” гэсэн гэхээр нь ийм зүйл байхгүй ээ, би Орос яваагүй, байнга л энд байгаа гэж хэлэхэд “тэд нар газрыг зарна гээд мөнгө авсан” гэхээр нь энэ надад ямар ч хамаагүй асуудал байна гээд бүгдийг хэлээд явуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийнн 25-р хуудас/

4. “Т О Ө” ХХК-ий шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №210051 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-45-р хуудас/

 

5. “Т О Ө” ХХК-ий шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 25ы өдрийн №2100021 дугаартай дүгнэлт. /хх-ийн 53-63-р хуудас/

 

6. Шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нарын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 109-165-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгч М.Б-Э-ний ялын тооцоо хийсэн хорих байгууллагын тодорхойлолт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нар нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Ч.Б-ийн мэдүүлэг, хохирогч Т.У-гийн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтаар батлагдаж тогтоогдож байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 36 500 000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ, дансанд мөнгө шилжсэн баримт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна. Иймд шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна. Хохирогчийн нэхэмжилсэн 1 446 000 төгрөгийн машины эвдрэлийн үнэлгээ, 795 000 төгрөгийн торгуулийн хохирол учирсан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж тогтоогдохгүй байна. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих саналтай байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-Эд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Ж.Бөд ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх харгалзах арга хэмжээ авах санал гаргаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 шийтгэх тогтоолоор 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоонд 18 жил 7 сар 5 хоногийн тооцоотой байсан. Үүн дээр шүүгдэгч М.Б-Эд оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 19 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Угийн “М.Б-Э, Ж.Б нар Хүрэнбулаг баг 11 дүгээр хорооллын газарт 450 м2 газар 35 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Уг газрыг нөхрийн хамтаар очиж үзсэн тэгээд хоорондоо ярьж тохиролцоод 35 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. М.Б-Э, Ж.Б нараас газрын гэрчилгээний талаар асуухад манай нэр дээр гарчихсан байгаа “Мажаа” эмнэлгийг ажиллуулдаг Б гэх ахаас гэрчилгээ аваад та нарын нэр дээр шилжүүлээд өгье гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдөр нөхөр Э-ын гар утас руу Ж.Б залгаад маргааш 05 дугаар сарын 14-ний өдөр сайн өдөр байна наймаагаа хийчихмээр байна гэж хэлсэн. 2019 оны 05 сарын 14-ний өглөө Ж.Б манай гэрийн гадаа нөхөр М.Б-Э-ийн хамтаар ирээд бид нар наймаагаа хийхээр болоод бэлнээр 15 000 000 төгрөг, үлдэгдэл 20 000 000 төгрөгт нь хувьдаа хэрэглэж байсан 59 ОРА улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг өгөхөөр болсон. Тухайн үед газрын гэрчилгээ бичиг баримтаа нэхэхэд Батсүх ахад байгаа манай газрыг худалдаж авах гэж байгаад үнэ ханш нь дээрээ тохиролцоогүй, Батсүх ах ОХУ-руу явчихсан байгаа, 2019 оны 06 дугаар сард ирэхээр нь өөрөөс нь аваад та хоёрын нэр дээр шилжүүлж өгнө гэж М.Б-Э, Ж.Б хоёр нөхөр бид хоёрт хэлсэн. Мөн тухайн үед Ж.Б нь өөрийн гараар бичгээр баталгаа гаргаж бичиж өгсөн. Гарын үсгийг нь нөхөр нь зурсан. Ж.Б нь хоёр дүүдээ итгэхгүй бол манай гэрт очиж үзэхгүй юу гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 05 сарын 14-ний өдөр би өөрийн Хаан банкны 5090 тоот данснаас М.Б-Э-нийн Хаан банкны 5090 тоот данс руу 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөн дээрээс нь 59 ОРА улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг бичиг баримтын хамтаар М.Б-Э, Ж.Б нар аваад явсан. Үүнээс хойш гар утсаар залгахад Б ах ОХУ-аас ирээгүй байна газрынхаа хэмжээг томруулах гээд газрын албанд материалаа өгчихсөн байгаа гэх мэтээр өдөр хоногийг аргацаагаад л яваад байсан. Тэгээд аргаа бараад Мажаа эмнэлгийг ажиллуулдаг Батсүх гэх хүний гар утсыг олоод гар утас руу нь залгаад уг асуудлын талаар хэлэхэд тийм зүйл огт байхгүй та нар ирж надтай уулз гэж хэлсэн. Тэгээд нөхрийнхөө хамтаар очиж уулзахад М.Б-Э, Ж.Б хоёр надад ямар ч гэрчилгээ хадгалуулаагүй, газрын талаар наймаа ч яриагүй, миний нэр дээр газар ч байхгүй харин манай хүүгийн нэр дээр хаусын газар байдаг гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Б-ын “2020 оны эхээр санаж байна. Т.У гэх хүн миний гар утас руу залгаад уулзахад “М.Б-Э, Ж.Б нар нь таныг Орос улс руу явсан, ирэхээр нь газрын бичиг баримтыг янзалж өгнө, бид 2 энэ хүмүүсээс газар авах ёстой” гэсэн гэхээр нь ийм зүйл байхгүй ээ, би Орос яваагүй, байнга л энд байгаа гэж хэлэхэд “тэд нар газрыг зарна гээд мөнгө авсан” гэхээр нь энэ надад ямар ч хамаагүй асуудал байна гээд бүгдийг хэлээд явуулсан” гэсэн мэдүүлэг, Т.Угийн Хаан банкны дансны хуулга, “Т О Ө” ХХК-ий шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №210051 дугаартай дүгнэлт, “Т О Ө” ХХК-ий шижээчийн 2020 оны 01 дүгээр сарын 25ы өдрийн №2100021 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нарын Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Т.Уд бусдын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 11 дүгээр хороололд байрлалтай 450 м,кв газрыг өөрсдийн өмчлөлийн гэж худал хэлж, итгэл төрүүлэн зарж, бэлнээр 15 000 000 төгрөг, 21 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго 3 маркийн автомашиныг авч ашигласан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нар нь хохирогчийг илтэд хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 15 000 000 төгрөг, 21 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго 3 маркийн автомашиныг авч ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Б-Эд хорих ял оногдуулж, шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч М.Б-Э нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаас 18 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол, хорих байгууллагын тодорхойлолт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Мөн шүүгдэгч М.Б-Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 59 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

            Гэмт хэргийн улмаас Т.Уд 36 500 000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд Бонго-3 маркийн авто машиныг 13 154 125 төгрөгөөр үнэлэн хохирогчид буцаан олгосон, 23 500 000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч Т.У нь автомашины засварын зардал 1 146 000 төгрөг, торгуулын төлбөр 795 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шинжээчийн дүгнэлтийн дагуу автомашины эвдрэлийн үнэлгээ, засварын хөлсийг оруулахгүйгээр 13 154 125 төгрөгөөр тооцон автомашиныг хүлээлгэн өгсөн, 23 500 000 төгрөгийг дансаар төлсөн, нийт 36 654 125 төгрөгөөр тооцон хохирлыг барагдуулсан байх тул засварын зардал болох 1 146 000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна. Харин автомашины торгуультай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б-Э, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-Э-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-Эд оногдуулсан 6 сарын хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 18 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-Эд оногдуулсан 19 жил 1 сар 5 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бямба-Эрдэний цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ж.Бөд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

8. Хохирогч Т.Угийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 146 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Т.У нь автомашины торгуулийн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛ