| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00336/И |
| Дугаар | 102/ШШ2017/01329 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/01329
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/01329 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, “Өндөр дэнж” худалдааны төв 1 тоотод байрлах “Мон Укр” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 40 дүгээр байр 48 тоотод оршин суух …регистртэй, Боржигон овогт Б.О холбогдох
39,768,661 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мон Укр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.О нь манай компанитай 2011 оны 4 дүгээр сарл “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, барилгын материал буюу обойг худалдан авч байхаар тохиролцсон. Гэрээний хугацааг 3 жил гэж тодорхойлсон бөгөөд энэ хугацааны дотор мөн сар хоногоор хугацаа тогтоож болох талаар гэрээний 2.1-д заасан. Мөн бараа өгөх тухай бүр баримт болон төлөх төлбөр хүү хугацааны талаар тохиролцож байхаар тохирсон. Барааны төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох талаар гэрээний 4.4-т заасан. Гэрээ хэрэгжиж явсаар 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дахин 2 төл баримт бичиг үйлдэж Б.О нь энэ өдөр 20,000,000 төгрөгийн обойг авч 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд үнийг төлж дуусахаар хуваарь гаргаж талууд гарын үсгээ зурж байсан. Улмаар 2016 оны 3 дугаар сарын 11-ий өдөр хүртэл өглөг авлагын тооцоог нийлэхэд төлөгдөөгүй үлдэгдэл нь 24,735,400 төгрөг болж энэ мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгахаар тохирсон ч энэ хугацаанд зөвхөн 1,000,000 төгрөг л төлсөн. Одоо төлөгдөөгүй үлдэгдэл 23,735,400 төгрөг болсон. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд 23,735,400 төгрөгийн хүү нь 2,777,041 төгрөг, алданги 13,256,220 төгрөгөөр тооцон нэмж нийт 39,768,661 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Мон Укр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загдсүрэн, менежер Т.Гансүх хариуцагч Б.О бид харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Б.О нь 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлбөрөөс 4,000,000 төгрөг төлсөн болохыг баталж, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл 35,768,661 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхийг Б.От мэдэгдсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мон Укр” ХХК нь хариуцагч Б.От холбогдуулан 39,768,661 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 39,768,661 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлж, үлдэх 35,768,661 төгрөгийг хариуцагч Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Мон Укр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.От холбогдох 39,768,661 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлага болох 39,768,661 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлж, үлдэх 35,768,661 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356,793.41 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 168,396.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА