Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 934

 

Л.Б-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

хохирогч Ч.М-, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

яллагдагч Л.Б-, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2228 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Л.Б-холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л овогт Л Б, 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, эх, .. хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ...... ....дугаар гудамж, .. байр .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

 

Л.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 26 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Асайт” худалдааны төвийн баруун талын замын уулзварт “Хан агьт” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Портер маркийн ..-.. УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас иргэн Ч.М-н жолоодож явсан “Ямаха” загварын 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Ч.М-н эрүүл мэндэд хүнд хохирол, “Ямаха” загварын 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоциклд 490,000 төгрөгийн шууд хохирол, нийт 690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Яллагдагч Л.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр, Тээврийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

Гэтэл мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1527 дугаартай захирамжийн “Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх бөгөөд түүнийг гэрчээр /хх 56-57/ болон яллагдагчаар өгсөн /хх 133-134/ мэдүүлэг, мөн энэ хэрэгт ганцаараа шууд гэрчээр асуугдсан Д.Э-өгсөн мэдүүлэг /хх 60/ зэрэгт яллагдагч Л.Б-гийн жолоодож явсан автомашинд ачсан хогийг буулгахаар жолооч, 2 ачигчийн хамт 3-уулаа явж байсан талаар тус тус дурдсан байхад уг зам тээврийн осол болох үед тухайн автомашинд яллагдагч Л.Б-, гэрч Д.Э нарын хамт явсан гэх, хэргийн талаар ач холбогдолтой мэдээлэл өгч, шууд гэрчлэх боломжтой хүнийг эрэн сурвалжилж, түүнээс мэдүүлэг авах талаар зайлшгүй шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг огт хийлгүй орхигдуулжээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад осол хэргийн талаар дуудлага хүлээн авсан баримт /хх 144/-д бичсэнээр “М- гэгч дуудлага өгсөн гэж бүртгэгдсэн байхад түүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй байна” гэсэн заалтуудыг биелүүлээгүй байна.

Эдгээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн техникийн шинжээчээс мэдүүлэг авах тухай яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан мөрдөгчийн тогтоол хэрэгт авагдсан байх боловч уг тогтоолыг яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулж мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзнэ гээд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан яллагдагч Л.Б-гийн автомашинд сууж явсан 2 ачигчийн 1 ачигчийг байцаасан. Яллагдагч Л.Б- 1 ачигчийг таньдаггүй, утасны дугаарыг нь өгдөг. Цагдаагийн байгууллага олох боломжгүй. Гэрч М- утасны дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байсан тул эдгээр заалтууд биелэгдэх боломжгүй. Гэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заавал М- яллагдагч Л.Б-гийн автомашинд сууж явсан ачигчийг олсноор энэ хэргийн гол гэрч биш. Зам тээврийн осол өөрөө зам тээврийн тэмдэглэл, яллагдагч Л.Б-гийн автомашинд сууж явсан Эрдэнэхүүгийн мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл шүүгчийн захирамжид зааснаар энэ хоёр гэрчийг олж тогтоосноор ямар ач холбогдолтойг заагаагүй.

Шүүгчийн захирамжид “Яллагдагч Л.Б- хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бусад нотлох баримтаар” гэж байгаа. Гэтэл хавтас хэрэгт бусад нотлох баримт хангалттай авагдсан. Тэгэхээр бусад нотлох баримтыг үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй тул прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

            Хохирогч Ч.М-гийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд, заасан хэргийн бодит байдлыг тогтоосон, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд, заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч Л.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

            Яллагдагч Л.Б-гийн өмгөөлөгч Л.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлт дахин гаргах хүсэлт гаргасан. Мөн прокурорт гаргасан боловч тоо бүртгэлдээ өгөлгүйгээр буцаагаад өгсөн. Мөрдөгчид шинжээчээс байцаалт авах тухай хүсэлт гаргасан боловч “маргааш дуудаад байцаалт авна” гэсэн атлаа байцаалт авалгүйгээр татгалзсан гэж хэргийг шилжүүлсэн. Ийм байдлуудаар манай үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн. Хохирогч Ч.М- нь тухайн үед зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Замын хөдөлгөөний дүрэмд “аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан. Мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцсон. Гэтэл эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан” гэж прокурор анхны урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн. Гэм буруугийн асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад шүүхийн эрх хэмжээний асуудлыг прокурор шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн автомашинд сууж байсан гэрчийг байцаах шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр байдлуудыг шинжилгээгээр зайлшгүй тогтоох шаардлагатай. Мөн анхны урьдчилсан хэлэлцүүлэгт “Сиди” байгаагүй гэж яригдаад “Сиди” олж авсан. “Сиди” бичлэгт 1 дүгээр эгнээгээр явж байгаа нь харагдаж байгаа тул шинжилгээгээр хурдыг тогтоох боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг бүрэн гүйцэт хангаагүй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан, уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар,

Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Б-холбогдох хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар хийх шаардлагагүй байх ба тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2228 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2228 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Л.Б-холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.Б-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ОЧМАНДАХ