Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2015/0612/З |
Дугаар | 221/МА2016/0290 |
Огноо | 2016-05-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2016/0290
П.*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, П.*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн иргэн Н.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй.
Н.******* нь маргаан бүхий газрыг 2006 оноос ашигласан иргэн Л.*******аас худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ хийгдэхээс өмнө маргаан бүхий газрыг иргэн Н.******* ашиглаж байсан нь төлбөр төлсөн баримтаар нотлогддог.
Мөн иргэн Н.******* нь холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг даргад гаргаж, улмаар дүүргийн Засаг даргын зүгээс хүсэлтийг хянаж, эзэмших эрхийг баталгаажуулснаар маргаан бүхий газрын эрх зүйн харилцаа үүссэн талаарх баримтууд нь дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт байгаа.
Харин нэхэмжлэлийн агуулга хэсэгт тусгагдсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт нь дараах байдлаар үндэслэлгүй байна. 2012 онд дээрх заалтад тусгагдсан төлөвлөгөөнд маргаан бүхий газар нь тусгагдаагүй байсан. Харин Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3.2.3 дахь заалтад энэ журмын 3.2.1-д заасны дагуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Мөн маргаан бүхий газрын хэмжээ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хэмжээнд хүрэхгүй учир дуудлага худалдаа болон, төсөл сонгон шалгаруулах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Н.******* нь 2006 онд Л.*******аас Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард хуучнаар Сандэй ХХК, одоо Мөнгөн гүүр нэртэй эмнэлэг байрлах хашаанд байх 54 м.кв агуулахын зориулалттай байрыг аман хэлцэл хийн худалдан авсан. Энэ үед уг байр нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй байсан.
Л.******* нь уг 54 м.кв агуулахын байрыг 2006 оноос хойш агуулахын зориулалтаар ашиглаж байгаад, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус барилгын газрыг Н.*******ад эзэмшүүлэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 182 дугаартай захирамж гарснаар тэрээр уг газрын хууль ёсны эзэмшигч болсон.
Гэтэл 2011 оноос хойш Мөнгөн гүүр хоспитал ХХК-тай газрын маргаан үүсч, иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр Н.*******ын эзэмшлийн газар гэдэг нь хөтөлбөргүй тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.*******гийн гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн иргэн Н.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэнийг эсзөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг бүх талаас үнэлээгүй, хариуцагч болон гуравдагч этгээдийн аман мэдүүлэгт ач холбогдол өгч, бичмэл нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг өөрөө гүйцэтгэдэг, үүгээрээ мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлдэг онцлогтой шүүх юм.
Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн П.*******гийн эзэмшлийн газрын хувийн хэргийг шүүх дахин НӨХГА-наас гаргуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүгч Ц.Сайхантуяад хандаж ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 628, 2010 оны 11 дүгээр сарын 783 дугаар захирамжтай хувийн хэрэг болох материалуудыг бүрэн эхээр нь шаардсан.
Уг хүсэлтийн дагуу тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/9694 тоот шаардах бичгийн хариуд дээрх эх материалуудыг бус кадастрын 1 ширхэг зургийг дангаар ирүүлсэн. Эндээс үзэхэд шүүх хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг бүрэн хангаагүй, хэрэгт ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй. Дээрх эх материал ньмаргаан бүхий газар нь анх иргэн П.*******гийн эзэмшилд байсан болохыг нотлох цаг хугацааны үйлбаримттай эх сурвалж байсан.
Тодруулбал, анх 2010 онд иргэн П.******* БХЗХӨБА-наас дуудлага худалдаагаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай хуучнаар Глоб интер ХХК-ийн 2970 м.кв хэмжээтэй А,Д, С блок бүхий цогцолбор барилгыг төмөр хайсан хашаа, бетонон зам талбай, бусад дагалдах эд хөрөнгийн хамт худалдан авсан. /Маргаан бүхий үзлэгт байгаа фото зурагт орсон бүх газрууд/
Мөн уг байрнаас иргэн Л.******* 3 буюу 265 м.кв өрөө орон сууц, зоорийн буюу подвалийн 310 м.кв үйлчилгээний заалыг худалдан авсан. Харин түүний нэр дээр эзэмшил газар байгаагүй гэдгийг сайтаранхаарна уу.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 628 дугаар захирамжаар нэхэмжлэгч П.*******д 4246 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Удалгүй Нийслэлийн өмчийн харилцааны газар иргэн П.*******той зөвшилцөн түүний эзэмшлийн газрын зарим хэсэг буюу /яг одоо маргаж буй 54 м.кв газар ороод/ 96 м.кв газрыг орц, гарц хаасан гэж үзэж, нийтийн эзэмшилд шилжүүлэн П.*******д 4150 м.кв газар эзэмшүүлэхээр тохиролцсон.
Гэтэл өмнө П.*******гийн эзэмшил /дуудлага худалдаагаар авсан, БХЗХӨБА-ны П.*******д газрыг шилжүүлж эзэмшүүлэх тоот байсаар байтал/ байх үед нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцыг хааж байна гэсэн үндэслэлээр буцаан авсан газраасаа 54 м.кв газрыг иргэн Н.Менхбатад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон.
Тэрээр иргэн Л.*******аас уг газар дээр байх гараашийг 2006 онд аман хэлцэл хийж худалдан авсан гэж иргэний хэргийн шүүхээр уг хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулахаар 2012 онд хандаж, улмаар хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, үл хөдлөх хөрөнгө мөн болохыг тогтоолгосон шүүгчийн захирамж гаргуулсан. Гэтэл уг хууль бус ажиллагааг нэхэмжлэгч тал 2014 онд мэдэж, шүүгчийн захирамжийг хянуулснаар будлианы эх үүсвэр болсон шүүгчийн 1206 дугаар захирамж хүчингүй болж, иргэн Л.*******, Н.******* нарын хооронд хийсэн аман хэлцэл хүчин төгөлдөр бус болсон. Эндээс үзэхэд Н.*******ад газар эзэмшүүлж байгаа нь өөрөөүндэслэлгүй.
Төр иргэн П.*******гийн шударга дуудлага худалдаагаар авсан газрыг нийтийн эзэмшлийн явган хүний орц, гарцыг хааж байна гэж буцаан авсан атлаа одоо нийтийн эзэмшлийн зам талбай биш, бусдын орц, гарцыгхаагаагүй, бусдын эзэмшил газартай давхцалгүй гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Биднээс авахдаа нийтийн эзэмшлийн зам талбай бүхий газар болдог, бусдад өгөхдөө нийтийн эзэмшлийн зам талбай биш гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйл: Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, ...Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал ...нь ялгаварлан гадуурхаж үл болно. Мөн хуулийн Арван есдүгээр зүйл: Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,...,хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна... гэх үзэл санаатай огт нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...гуравдагч этгээд Н.*******ад ...54 мкв газрыг аж ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газрыг эзэмших эрхийн 0403713 дугаартай гэрчилгээг.... олгосон байна... гэжээ.Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно гэж зааснаас үзвэл олгох ёсгүй газар болох нь нотлогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон байдаг. Мөн хуулийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаарүнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна гэж заасан. Маргаан бүхий газарт уг хуульд заасны дагуу хувийн гэр, орон сууц баригдвал бидний эрх ашиг хөндөгдөхөөр байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т , ...мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь газрыг гуравдагч этгээд Н.*******ад эзэмшүүлжээ гэжээ. Ингэж эзэмшүүлэхдээ энэхүү газарт байгаа гараашийг ашиглаж байгаа тул ...үндэслэсэн байдаг. Гэтэл маргаан бүхий газар дээрх гарааш иргэн Н.*******ын эзэмшилд бүрэн шилжээгүй болох нь Хан-уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21023 дугаар захирамжаар тогтоогдож байна.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хариуцагч зөрчөөгүй байна... гэжээ.
Гэтэл шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэгээс үзэхэд иргэн П.*******гийн эзэмшил газартай шууд залгаж газар эзэмшүүлсэн, ямар нэгэн зааглах хил хязгааргүй, одоо ашиглаж байгаа эмнэлгийн зурагт анхнаасаа байсан зүүн хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарц, галын аюулгүй байдлын аврах гарцыг тус тус хаасан, барилга хооронд байх норм стандартыг зөрчсөн зөрчил байсаар байхад давхцалгүй гэх үгэнд ач холбогдол өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй.
Түүнчлэн шүүгч ...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил газрын кадастрын зургаар П.*******гийн эзэмшиж байгаа/ эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа барилга/ газрын хойд талын газарт Л.*******ын орон сууцны залгаа Н.*******ын эзэмшиж буй газар байрлах бөгөөд ...цаашид орон сууцны орчны газрыг мөн эзэмших хүсэлтэй тул Н.*******ын эзэмшил газрыг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэжээ.
Гэтэл давж заалдах гомдлын эхэнд дурдсан эх материалд байсан баримтад Н.*******ын гэж яриад байгаа газар анхнаасаа П.*******гийн эзэмшил газар байсан болохыг нотолсон кадастрын зураг байгаа. Товчлон хэлбэл, Нийслэлийн өмчийн харилцааны газраас анх Н.*******ын эзэмшилд байсан 4246 м.кв газрыг нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцыг хааж байна гэж үзэн түүний газрын хэмжээг багасгаж 4150 м.кв болгосон зургийг эх сурвалжаа болгож байгааг эс зөвшөөрч байна.
Хэдийгээр шүүгч хуулийг тайлбарлахдаа хуулийн үг, үсэгт захирагдах нь зүйтэй боловч заримдаа нийгмийн ёс суртахуун, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлийн агуулгад нийцүүлэн шийдвэрийг гаргах, ирээдүйд бий болох маргааныг урьдчилан харж хуулийг тайлбарлан хэрэглэх ёстой.
Түүнчлэн шүүгч нэхэмжлэгч талын үндэслэл бүхий тайлбарт огт няцаалт өгөлгүй зөвхөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад ач холбогдол өгч хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Уг маргаан бүхий акт нь илтэд хууль зөрчиж гарсан байхад уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзсэн нь шүүгч хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй болохыг харуулж байна.
Дээрх нөхцөл байдлыг сайтар нягтлан шалгаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар байсан бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай байсан тул нийслэлийн Өмч газрын харилцааны албанаас уг газрыг нийтийн эзэмшилд нь үлдээхээр шийдвэрлэсэн юм. Гэтэл энэ явдлаас хойш 4 жилийн дараа Н.*******, Л. ******* нар хуурамч бичиг үйлдэж, манай байгууллагын хашаанд байрлах газраас 54 м.кв газрыг хууль бусаар авчихсан байсан. Уг газрыг иргэн Н.*******ад олгосон захиргааны байгууллагын үйлдэл хууль бус тул дүүргийн Засаг даргын захирамжийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн зам талбайг хэвээр үлдээж өгнө үү гэсэн үндэслэлээр маргажээ.
Иргэн Н.*******ад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны урд Сандэйн хашаанд байрлалтай, 54 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн тус дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасанд нийцсэн, энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгч П.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Тодруулбал, анх 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч П.******* нь албадан дуудлага худалдаагаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас А блок 980 м.кв, ВС блок 1990 м.кв, нийт 2980 м.кв газартай төмөр хайсан хашаа, бетонон зам талбай, 1532 ширхэг дагалдах эд хөрөнгийн хамт худалдан авчээ.
Улмаар Нийслэлийн газрын албанд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас хүргүүлсэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/568 дугаар албан бичгийг үндэслэн, П.*******д нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 628 дугаар захирамжаар 4246 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Гэтэл Глоб интерплаза ХХК нь иргэн Л.*******ын эзэмшлийн орц, гарцыг хаасан нь тогтоогдож, улмаар дээрх иргэний орц гарцыг чөлөөлөх үүднээс нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжаар П.*******гийн эзэмшлийн газрын хэмжээг багасган, 4150 м.кв болгон эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Мөн гуравдагч этгээд Н.******* хуучнаар Сандэй ХХК-ийн хашаанд байрлах 54 м.кв агуулахын зориулалттай байрыг иргэн Л.*******аас 2006 онд худалдан авч, 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн татварын улсын байцаагч З.Батцэнгэл, дүүргийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нартай байгуулсан Газрын төлбөр тодорхойлох тухай акт-аар, 54 м.кв агуулахын газрын төлбөрийг төлж, ашиглаж байсан болох нь тогтоогдсон, улмаар 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан газрын төлбөр тогтоох актаар эзэмшиж байгаа агуулахын газрыг эзэмших хүсэлт-ийг нь үндэслэж тус дүүргийн Засаг даргын захирамжаар Н.*******ад агуулахын доорх 54 м.кв газрыг эзэмшүүлж, 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 0403713 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын дээрх үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь Сонгинохайрхан дүүргийн шүүх /хуучин нэрээр/-ийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1225 дугаар шийдвэрээр Н.*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байр, Сандэйн хашаанд байрлалтай 54 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай байрыг Мөнгөн гүүр хоспитал ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэхдээ ...хариуцагчийн иргэн Л.*******аас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр худалдан авсан үйлчилгээний зориулалттай 310 м.кв талбай бүхий байр, 265 м.кв талбай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй маргаж буй агуулахын зориулалттай байр хамааралгүй болох нь...гэрч Л.*******, Д.Батцэцэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үндэслэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Д.Батцэцэг, Д.******* нарын хооронд байгуулагдсан Иргэд хоорондын хэлцэл[1]-ийг шүүх анхаарч шалгасангүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч П.*******гийн эзэмшиж байгаа газар нь Н.*******ын эзэмшлийн газартай давхцалгүй байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Дээрхээс үзвэл Н.******* зохих журмын дагуу газар эзэмших зөвшөөрөл авсан байх бөгөөднэхэмжлэгчийн гомдолд дурдсан ...П.*******гийн дуудлага худалдаагаар мөнгө төлж авсан газрыг нийтийн эзэмшлийн явган хүний орц, гарцыг хааж байна гэж буцаан авсан атлаа одоо болохоор нийтийн эзэмшлийн зам талбай биш, бусдын орц гарцыг хаагаагүй, бусдын эзэмшил газартай давхцалгүй гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д ...бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу...дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН