Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ307

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж, шүүгч Д.А, шүүгч Г.Э нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Г.Э

Иргэдийн төлөөлөгч Б.Г

Хохирогч Ч.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д

Хохирогчийн өмгөөлөгч Х.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.С, М.Б, Б.Д

Шүүгдэгч Н.Б, Г.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Г.Пнарт холбогдох эрүүгийн 1925003000022 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Н.Б

 

2. Г.П

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н.Б, Г.П нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Б-г Уурхайчин багийн 3-6 дугаар байрны 6-р орцонд оруулж хүч хэрэглэн зодож монетон бөгжийг нь дээрэмдэн авсан, Ч.Б-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б, Г.П нарыг бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалж чадахгүй хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 зааснаар, бүлэглэн, хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө энэ үйл явдал болсон. Би 29-ний өглөө ажлаасаа буугаад байж байтал орой манай найз уулзъя гээд Худалдааны гудамжны тэнд Г.П, Д нартай уулзсан. Манай найзын ажлынхан нь заал авч байна гэхээр 1-р сургууль руу явсан. Тухайн үед гарч байсан жижүүр нь У гэх хүн байсан. Сургуулиас 00 цаг өнгөрч байхад Д, Г.П бид гурав гараад 1-р сургуулийн хойд талын замаар буюу өргөтгөлийн хажуугийн замаар явсан. 3-17, 3-13 дугаар байрны голоор явж байхад манай найз малгайгаа үлдээсэн байна гэж залгахаар нь буцаж очиж малгайг нь авсан. Сургуулийн өргөтгөлийн замаар явж байхад Орос цэцэрлэг, шинэ сургуулийн хойно явган хүний зам дээр хүн хэвтэж байсан. Очиход өндөр цайвар өнгийн куртиктэй ах хэвтэж байсан. Тэр ахыг сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь татаж босгоод ахаа танай гэр хаана байдаг юм бэ, хүргээд өгье гэхэд 3-6-р байр луу заасан. Би баруун талаас нь Г.П зүүн талаас нь түшээд 3-6 дугаар байр луу явсан. Бид хоёрын ард Дашням утсаар яриад явж байсан. 3-6-р байрны тэнд очоод аль орц юм бэ гэхэд дэлгүүртэй орц руу заасан ба тэр нь 3-6-р байрны 6-р орц байсан. Танайх мөн юм уу гэхэд мөн гэсэн тул орц руу оруулж өгсөн. 1 давхрын хоёр хаалганы зүүн гар талын хаалга руу заахаар нь та өөрөө орчих гэж хэлээд бид хоёр гараад явсан. Д миний гар утсаар ярьж байсан тул би гарч ирээд Д гар утсаа авсан. Бид гурав цаашаа яваад “Төгөл” дэлгүүрийн тэндээс Г.П гэртээ харина гээд явсан. Д бид хоёр “Сонор хайрхан” дэлгүүрийн тэндээс салсан. Бид хоёрын орцонд оруулж өгсөн гэх ах энд байгаа хүн биш. Тэр ах өндөр цайвар өнгийн куртиктэй, бор царайтай хүн байсан. Бид хоёр орцонд ороод удаагүй, ойролцоогоор 1 минут орчим болсон. Энэ хүнийг зодсон гэх үндэслэлгүй байна. Тухайн өдөр энэ хүнтэй таараагүй. 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа буугаад орой гэртээ ирэхэд цагдаа нар ирээд Н.Б гэх хүн мөн үү юм асууя гэж хэлээд Цагдаагийн 1-р байранд аваачиж байцаалт авсан. Надаас энэ хүнийг зодсон юм уу гэхэд нь үгүй гэж хэлсэн. Удаа дараа надаас энэ асуултыг асуусан, би тулгамдсан. Ч.Б гэх хүнд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Бид хоёрын оруулж өгсөн хүн нүүрэндээ ямар нэгэн бэртэл гэмтэлтэй байгаагүй. Жаахан гуйвж дайваад байхаар нь өргөж босгосон. Би хөлөөрөө зөөлөн хүрсэн, мөрөн дээр нь гараа тавьсан. Үүнийг Д бид хоёрыг гар хүрсэн цохисон гэж хэлсэн байсан. Тийм зүйл болоогүй, сэрээх гэж үзэхэд сэрэхгүй байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П мэдүүлэхдээ “Намайг гэртээ байж байхад гар утас маань дугараад Б байна чи хаана байгаа юм бэ гэхээр нь гэртээ байна гээд гэрийнхээ хаягийг хэлэхэд би очъё чи гараад ир гэж хэлсэн. Намайг гарахад цагдаа ирчихсэн байсан. Цагдаагийн газарт очоод ямар шалтгаанаар энд авч ирсэн юм бэ гэхэд та нар бүлэглэж хүн зодсон гэж хэлсэн. Н.Б доороос гавлуулчихсан шатаар өгсөн байсан. Д сүүлд ирсэн. Д, Н.Б бид гурвыг өөр өөр өрөө рүү авч ороод мэдүүлэг авсан. 9 цаг өнгөрч байхад мэдүүлэг авч 10 болж байхад З гэх байцаагч дээр ирсэн. Бид нар бөгжний талаар мэдэхгүй байхад та нар мэдэж байгаа, тэр чинь тэгж хэлсэн гэж цахилгаан бороохойгоор бороохойдсон. Д хөл, миний цээж хөхөрсөн байсан. Бид нараас ийм байдлаар мэдүүлэг авсан. Н.Б бид хоёр хохирогчтой уулзъя гэхэд уулзах боломжгүй гэж хэлсэн. Намайг З байцаагч юм өргөөд Город руу хүргээд өг гэхээр яваад ирэх хооронд Д, Н.Б нар хохирогчтой уулзсан байсан. Хохирогч бид нарыг хараад энэ хүмүүс биш байна, хар хувцастай хүмүүс байсан, би санаж байна гэж хэлсэн байсан. Дараа нь өөртэй нь уулзах гээд эмнэлэг болон гэр лүү нь очиход эхнэр нь уурлаад огт уулзуулаагүй. 29-30-нд шилжих шөнө бид нар зааланд тоглочхоод гараад явахдаа 3-11-р байрны голын шатаар өгсөн замаар явж байхад Н.Б гар утас дугараад малгайгаа үлдээсэн байна гээд буцаж очиж малгайг нь авчихаад буцаад 3-11-р байрны зүүн урд хэсэгт хөндлөн замаар явж байсан. Орос цэцэрлэг, өргөтгөл хийж байгаа сургууль хоёрын голд тэр хүн босох гээд байж байсан. Н.Б цас бударч байгаа юм чинь энэ хүнийг дөхүүлээд өгье гээд явсан. Н.Б хажуугаас нь түшиж босгоход би хажуу талаас нь түшиж босгосон. 3-6-р байрны тоглоомын саадны тэнд тэр хүнийг өөрөө орчих байх гэж бодоод би чирэгдээд үлдсэн. Тэр ахаас аль орц юм бэ гэж асуухад гараараа заахаар нь орц руу нь оруулж өгсөн. Мөн 1 давхрын хаалгыг заасан. Бид хоёр 1 минут хүрэхгүй хугацаанд буцаад гарсан. Би тэндээс гараад Төгөл дэлгүүрийн хажуугаас таксинд сууж Говил руу хүргүүлсэн. Н.Б, Д хоёр гэр лүүгээ явлаа гэж хэлсэн. Байцаагч бид нарыг зодож байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ “Хэрэг гарснаас хойш 3-4 жил өнгөрсөн. Одоо миний санаж байгаагаар 3-16 дугаар байрны тийшээ намайг хоёр залуу авч явсан байсан. Би одоо тухайн явдлын талаар сайн санахгүй байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д мэдүүлэхдээ “2019 онд эмнэлэгт байх хугацааны эмчилгээний зардлынх нь мөнгөний баримтыг гаргаж өгсөн ба нийт 7 232 031 төгрөг болсон Эмнэлэгт хэвтсэн хугацаанаас нь эхлээд бүх төлбөр баримтыг нь цуглуулах ухаан байгаагүй. Дараа нь баримтаа бүрдүүлээд өгсөн. Эмнэлэгт 8 хоног сэхээн амьдруулах тасагт байхад нэг ч удаа биеийг нь асууж байгаагүй. Б аав гэх хүн би хоёр удаа цагдаатай очиж хэлсэн. 9 сарын дараа сэтгэл зүйн дүгнэлт нь гарсны дараа яриад цагдаа дээр уулзсан. Тэр үед П камерын бичлэг устсан хойно битгий олон юм яриад бай гэж хэлсэн. Ээж нь гэх хүн энэ хүнээс өөр хүн ирж байсан. Тухайн үед нөхөр бид Дэнжийн эмнэлэгт шинжилгээнд орж байх хооронд манайхаар очсон гэсэн. Энэ хүмүүст хүн чанар байхгүй. Мөн санхүүгийн хувьд нэг ч төгрөгийн тусламж үзүүлж байгаагүй. Би маш их гомдолтой байсан. Энэ хүний эрүүл мэнд маш их хохирсон мөн амьдрах хугацаа нь тийм их үлдээгүй. Одоо нэхэмжилж байгаа зүйл гэвэл эхэн үеийн эмчилгээний зардалд 7 232 032 төгрөг, мөн Хөх хотод очиж тархины яс нөхүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардал, Хятад руу очиж эмчлүүлээд орчуулгын товцоогоор орчуулуулж тархины яс нөхөх эмчилгээний зардал ойролцоогоор 60 000 юань буюу Монгол мөнгөөр 23 220 000 төгрөг, ковидын үеэр бие нь муудсан тул тэр хугацааны эм тарианы мөнгө болох 1 330 142 төгрөг нийт 31 782 173 төгрөгийг нэхэмжилж байна. 450 000 төгрөг нь өмгөөлөгчийн маань хөлс багтсан” гэв

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах 1-р сургуулийн хойд талд баригдаж байгаа барилга, 3-20 дугаар байрны хоорондох явган хүний зам дагуух хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 13-р тал/

 

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-11 дүгээр байрны хойд талд байрлах “Бадрах” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 14-15 тал/

 

3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-6 дугаар явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай байрны орц руу харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн бичлэг эхэлснээс хойш 2019:04:30:0025:46 минутад 3-6 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд хүүхдийн тоглоомын талбай саравчны баруун талд автомашины зогсоолын зүүн талд хоорондох хэсгээс ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй 3 эрэгтэй хүний захад явж байгаа 2 эрэгтэй нь голдоо явж байгаа хүний 2 гарнаас нь нэг нэгээрээ барьж зэрэгцэж алхаж явж харагдана. Хүүхдийн тоглоомын талбайн урд байрлах явган хүний замаар 3 эрэгтэй хүн шатаар бууж машин замаар цааш найгаж явж байгаад байрны ертөнцийн зүгээр зүүн талын сүүлийн орц руу ороод харагдахгүй болов. 2019:04:30:27:44 минутад 3-6 дугаар байрны зүүн талын сүүлийн орцноос цагаан өнгийн цамцтай доогуураа хөх өнгийн өмдтэй цагаан ултай хар өнгийн гуталтай намхан туранхай эрэгтэй хүн, цээж хэсгээр хөх өнгөтэй ханцуй нь саарал өнгөтэй зах хормойн эмжээр нь цагаан өнгөтэй богино куртиктэй доогуураа хар бараан өнгийн өмдтэй хар бараан өнгийн гуталтай туранхай эрэгтэй 2 хүн гарч ирээд машин замаар явж байгаа харагдана гэсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/

 

4. Хохирогч Ч.Б хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-н 18-20 тал/

 

5. Балдандоржийн хохирогчоор өгсөн “Би эхнэр болон зээ хүүгээ 3-11 дүгээр байранд байж байгаарай би бүжгийн тэмцээнээ тараад очно шүү гэсэн юм. Тэгээд би охиныхоо гэр буюу 3-11-45 тоотод очиход эзэнгүй хүн байсан. Тэгэхээр нь би 3-11 дүгээр байрны урд байрлах дэлгүүр рүү ороод худалдагчийн утсаар ярьсан шиг санагдаж байна, яг юу ярьснаа сайн санахгүй байна. Тэгээд хаашаа явснаа санахгүй байна нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн эмчилгээний зардалтай холбогдуулан баримтаар 7 172 903 төгрөгийг, монетон бөгжний хохирол 774 000 төгрөг, нийт 7946903 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-н 25-26, 232 тал/

 

6. Гэрч Д.Д “Манай нөхөр Ч.Б нь 2019 оны 4 сарын 30-ны өдөр Хангарьд спорт ордонд зохион байгуулагдсан Хаврын баяр тэмцээнд ахмадын ангилалд оролцож тэргүүн байр эзэлсэн ба уг арга хэмжээг би очиж үзсэн. Тэр арга хэмжээ нь 19 цаг 40 минутын үед тарсан. Манай нөхөр надтай цуг байсан хүнийхээ утсаар яриад би хамтлагийнхаа хүмүүстэй явлаа гэсэн. 30 минутын дараа 3 дугаар микрийн 11 байрны __ тоотод оршин суух охиныхоо гэрт зээ А хамт очоод байж байсан ба оройн 21 цаг 40 минут хүртэл тэнд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь зээ хүүгийнхээ хамт Говилынхоо гэрлүү яваад өгсөн. Тэгсэн гэрт очсон дараа 22 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу 95341236 дугаарын утсаар залгаад хаана байна гэхээр нь би гэрт ирчихсэн байна гэсэн чинь за за гэж хэлээд утсаа салгасан. Өглөө би 06 цаг 40 минутын орчимд сэрж гэрээс 07 цаг 20 минутын үед гараад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд явж байхад 07 цаг 50 минутын орчим манай хажуу талын айлын О гэх эмэгтэй надруу утасдаад гэрийнхээ үүдийг онгойлгоочээ сая манайд Балдан ороод ирчихсэн байна нүүр нь хүнд зодуулчихсан байдалтай шарх сорвитой болчихсон байна гэхээр нь би Городод явж байна одоо очлоо гээд очиход гэрийн үүдэнд сууж байсан ба би дагуулаад гэрт ороход нүүр нь зулгарсан хоёр нүд нь хавдартай баруун нүд нь бүр харж чадахгүй болтлоо хавдсан байсан. Тэгээд байж байтал толгойгоо бариад ёолоод байж байхад нь гарт нь байсан бөгж байхгүй байсныг анзаараад нөхрөөсөө бөгжөө яасан юм бэ гэж асуухад манай нөхөр надад юу ч хэлээгүй. 2006 оны 08 сарын 08-ний өдөр нөхрийнхөө 50 насны ойгоор миний бие Улаанбаатар хотын “Мөнгөн завъя” дэлгүүрээс ойролцоогоор 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Орц найрлагын хувьд 12.9 грамм турк монетон бөгж байсан. Ер нь бол манай нөхрийн бөгж амархан сугардаггүй бариу хир барагтай бол бөгжөө сугалж тайлж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 30-32 тал/ ...“2019 оны 04 сарын 30-ны өдөр би нөхрийгөө бусдад зодуулсан байдалтай гэртээ ирсэн. Гар дахь монетон бөгж нь байхгүй бөгжөө яасан талаар асууж тодруулахад өөрөө сайн мэдэхгүй байсан болохоор урьд өдөр нь манай нөхөр 3-11 байрны дунд байрлах бадрах хүнсний дэлгүүрийн худалдагчийн гар утсаар надруу ярьж байсныг санаад Бадрах хүнсний дэлгүүр дээр очиж нөхрийгөө надтай ярих үед гарт нь бөгж нь байсан үгүйг нь хяналтын камерын бичлэгийг үзэхэд гарт нь бөгж байсан. Тэр гараараа гар утсаар ярьж байсан юм. Тухайн үед Бадрах хүнсний дэлгүүрийн худалдагч гэх залууг өчигдөр би 00 цагийн үед дэлгүүрээ хаагаад харих гээд явж байхад 3-13-р байрны урд зам дээр танай нөхөр унтсан байдалтай байж байхаар нь би цагдаа дуудах гэж байгаад хүний муу үзээд яах вэ гэж бодоод эд зүйлийг хүн аваад явчихна гэж бодоод би цүнхтэй эд зүйлийг нь авч явсан. Би тэгэхдээ Үйлчилгээний төвийн баруун урд үзүүрт байрлах хяналтын камерын доор эд зүйлийг нь гаргаж харуулаад буцааж цүнхэнд нь хийгээд гэр лүү гээ авч явсан. Та нөхрийнхөө эд зүйлийг аваарай манай эхнэр гэрт байгаа. Та манай эхнэртэй холбогдоод авчхаарай гэхээр нь дэлгүүрийн худалдагч залуугийн эхнэр лүү холбогдоод гэрийг заалгаад 1-р микрт гэрт нь очиж авч байсан юм” гэх мэдүүлэг /3-р хх 161 тал/

 

7. Гэрч Г.А “Би тэр хүнийг санаж байна тэр ах 50 орчим насны дээгүүрээ хар өнгийн куртиктэй, хар цүнхтэй, өндөр туранхай хүн байсан. Манай дэлгүүрт орж ирээд миний 95341263 дугаартай утсаар өөрийнхөө эхнэр лүү 1 ярьчхаад өгье гэж залгасан. Эхнэртэйгээ ярьж байхыг нь сонсоход эхнэр нь городод байхгүй байна хорооллын гэртээ ирчихсэн байна чи наашаа унаанд суугаад хүрээд ир гэсэн чинь нөгөө ах за за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр ах би бүжиглэдэг хүн байгаа юм. Сая би бүжгийн тэмцээнд орж түрүүлчхээд явж байна гэж хэлсэн. Тэгээд л гараад явчихсан юм. Тэгээд орой 00 цагт дэлгүүрээ хаагаад гэр лүгээ гарах гээд орос цэцэрлэг 3-13 байрны голын замаар явж байхад урд хүн хэвтэж байхаар нь очоод үзэхэд дээрх хүн хажуу талаараа харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гэснээ хүний муу үзээд яах вэ гэж бодоод хажууд нь үүрч явсан цүнхийг нь аваад нөгөө хүнийг үлдээгээд гэр лүгээ явсан. Би тэр хүний цүнхийг авдаг нь өөр хүмүүс авчхаж магадгүй маргааш өглөө эхнэрлүү нь залгаад өгчихье гэж бодсон юм. Намайг очиж харахад ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би огт оролдоогүй. Би тухайн үед анзаарч хараагүй сүүлд камерын бичлэг шүүж үзэхэд гарт нь бөгж байсан. Би тэр хүний цүнхийг аваад харих гээд явж байхад үйлчилгээний төв талаас 25-30 орчим насны 3 залуу ирж байсан. Тэдгээр залуучууд бүгд бараан өнгийн хувцастай байсан шөнө байсан болохоор өөр хувцас нь сайн анзаарагдаагүй. Намайг хохирогчийн хажууд зогсож байхад үйлчилгээний төв 1-р сургууль хоёрын голоор шатаар өгсөөд 2 залуу ирж байхаар нь эд нар хохирогчийн эд зүйлийг авчхаж магадгүй гэж бодоод цүнхийг нь аваад явсан, 2 залуутай зөрөхөд нэг өндөр залуу нь миний зүс харсан 8-р сургуульд цуг сурч байсан залуу байсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь дэлгүүр дээр цагдаа нар ирээд чиний харсан залуу мөн үү гээд Бат-Очир гэх залуугийн зургийг харуулсан чинь мөн байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-н 33-34, 233 тал/

 

8. Гэрч Э.Н “Би 2019 оны 04 сарын 29-ний орой нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байсан ба цаг нэлээн орой болчихсон цаг харахад 00 цаг өнгөрч байсан ба унтахаар хэвтэнгээ жижиг өрөөний цонхыг бага зэрэг онгойлгох гээд гадагшаагаа хартал явган хүний замын хажууд 1 хүн атираад хэвтчихсэн хажууд нь 2 эрэгтэй хүн хөөе босооч гэж зөөлөн дуугаар хэлээд хөлөөрөө зөөлөн хүрч байсан дахин цаанаас 1 эрэгтэй хүн замын зүүн талаас аажуухан найган алхан ирж байгаа нь харагдсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 35-37, 234 тал/

 

9. Гэрч Л.О “2019 оны 04 сарын 30-ны 08 цаг болох гэж байхад город руу зээ охин Ц хүргэж өгөх гээд гэрээсээ гараад хашаан дотроо явж байхад манай гэр лүү Б орж ирсэн. Тухайн үед Б-н 2 нүд нь хөхөрч хавдсан, куртик нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асууж хэнд зодуулсан юм бэ гэхэд шөнө намайг 3 залуу зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг яасан гэж зодсон юм бэ гэхэд миний бөгж лав алга байна намайг дээрэмдсэн юм шиг байна гэж хэлээд манай эхнэр лүү гар утсаараа залгаад өг гэхээр нь би эхнэр Дуламжав руу нь залгаад яаралтай ирээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38, 235 тал/

 

10. Гэрч Э.Наранцацралын "Б нь мэдрэгчтэй утас барьдаг чухам аль гартаа бөгжтэй эсэхийг сайн санахгүй байна. Ямар ч байсан бөгж зүүхийн хувьд зүүдэг. Ямар хэлбэр дүрстэй бөгж гэдгийг нь сайн анзаараагүй. Зурган дээр Балдандорж гартаа бөгж зүүчихсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 39-40 тал/

 

11. Гэрч Ч.Б “Тухайн үед Б гартаа бөгжтэй байсан. Ямар ч байсан том цагаан шигтгээтэй бөгж харагдаж байсан. Монетон бөгж байсан санагдаж байна. Бид нараас салаад явахад ямар ч биед ил харагдах шарх сорви байгаагүй. Эрүүл саруул зүгээр салаад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 41-42 тал/

 

12. Гэрч Д.Б “Би Б ахыг Төгөлийн хажуу талын шат руу гаргаж өгөөд таксинд суулгах гэсэн боловч Б ах хэрэггүй, ах нь өөрөө ингээд явчихна 3-11 дүгээр байрлуу явна авгай тэнд байгаа гэхээр нь за за тэгвэл би ингээд явлаа шүү гэж хэлээд салсан. Б ах тийм ч айхтар согтоогүй байсан. Зүгээр л шатаар буугаад зүгээр үү гэж асуухад зүгээр ээ өөрөө явчхаж чадна гэж хэлээд салсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 43-44 тал/,

 

13. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 338 дугаартай “Ч.Б биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, нүүр баруун өвдөгний зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-н 67-68 тал/

 

14. Шинжээч эмч Ж.Г “Б биед үүссэн гавлын ясны хугарал болон хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, нүүрэнд үүссэн зөөлөн эдийн гэмтэл зэргийн байрлалаас үзэхэд толгойн хэсгээр хатуу мохоо зүйлтэй хүрэлцсэний улмаас дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой бөгөөд, унасны улмаас дээрх гавал тархины битүү гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 49-50 тал/ ...“гавал тархины битүү гэмтэлд тархины эдийн няцрал, гавлын ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа бүгд багтдаг тул хохирогчийн биед үүссэн байсан дээрх гэмтлүүдийг нэг бүрчлэн гэмтлийн зэрэгт дурдаагүй хүнд зэргийн гэмтэл болно” гэх мэдүүлэг /1-р хх 236 тал/ ...“Гавал тархины битүү гэмтлийн үед саарал үе гэж байдаг. Энэ нь гавал тархины битүү гэмтэл авсны дараа ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй эрүүл хүн шиг байхыг хэлж байгаа юм. Энэ үе нь 2 хоног хүртэл, тэрнээс дээш ч хугацаагаар үргэлжилж болно. Иймд гавал тархины битүү гэмтэл авсан авснаас хойш 7 цагийн хугацаанд саруул үе байсан байж болох тул явах, гүйх, ярих гэх мэтээр ямар ч үйлдлийг хийж болох юм” гэх мэдүүлэг. /3-р хх-н 149 тал/

 

15. Гэрч Г.Д “2019 оны 4 сарын 30-ны өдрийн 00 цаг өнгөрөөд Б, Пн бид 3 сургуулиас гарсан. Тэгээд Уурхайчин багт байрлах Орос цэцэрлэгийн араар явж байсан чинь явган хүний зам дээр 50-аас 60 орчим насны нэг ах согтуу хэвтэж байсан. Тухайн үед би ард нь утсаар яриад явж байсан. Миний урд Б, П нар түрүүлээд очсон байсан. Намайг очиход П гуя хэсэг рүү нь цохисон. Би босооч гээд бас нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь ямар нэгэн хөдөлгөөн хийсэн, юм ярьсан зүйл байхгүй. Тэгсэн чинь Б, П нар хоёр талаас нь сугадаад орц руу оруулахаар явсан. Тухайн үед Б ах баруун талд нь П зүүн талд нь гараад тэр хоёр аваад явсан. Тэр хоёр сугадаад явж байхдаа машин зам дээр нэг удаа унагаасан. Тэгээд цааш авч яваад орцонд оруулсан. 10-15 минутын дараа гарч ирсэн. Тэгээд гарч ирээд хурдан хурдан алхаад явсан. Би ард нь утсаар яриад явж байсан чинь наад утсаа салгаад хурдан яв гээд надруу уурлаад байсан намайг араас нь очиход П гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөөд тэгээд босооч гээд бас татсан. Би хөл нуруу бөгс хэсэгт нь 2 удаа өшиглөсөн чинь П боль гээд намайг цааш нь түлхсэн. Тэр үед Б нүүрлүү нь цохиж байсан. Тэгээд намайг түлхээд П бид 2 цааш болсноос хойш Б хаашаа нь яаж цохиж зодсон талаар би хараагүй. Тэгээд П буцаж очоод Б сугадаад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 56-60 тал/ ...Ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй хувцас нь шороо болчихсон байсан. Бид нарыг очиход нэлээн согтолттой хөл дээрээ явж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 237 тал/

 

16. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 07 сарын 23-ны өдрийн “Үндсэн онош Тархины хатуу хальсны доорх цусан хураа авах хагалгааны дараах байдал, гэмтлийн дараах уналт таталт, хоёр чихний сонсголын бууралт, танин мэдэхүйн алдагдал. Магадлуулагч Ч.Б нь дээрх сэтгэл мэдрэлийн өвчтэй байна, Энэ өвчин нь гэмтлийн гаралтай олдмол өвчин. 2019 оны 4 сарын 30-ны өдрийн гэмтлээс үүссэн. Магадлуулагч Ч.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн дүгнэлт /1-р хх-н 73-74 тал/,

 

17. Шинжээчийн 2019 оны 06 сарын 13-ний 02/02-69 дугаартай “монетон бөгжний үнэлгээ 774.000 төгрөг болж байна” гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /1-р хх-н 79-84 тал/

 

18. Гэрч Э.Н, Г.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 243-246 тал/

 

19. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийж, уурхайчин 3-6 дугаар байрны 6-р орцруу орж гарч буй хөдөлгөөнийг шүүж үзлэг хийсэн “06:37:02 секундэнд 6-р орцноос бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байна” гэх тэмдэглэл /2-р хх- н 74 тал/

 

20. Г.Пүрэвсүрэн, Н.Б, Д.Д нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 87-92 тал/

 

21. Г.А таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 116-118 тал/

 

22. Гэрч Б.Ж “Би Н. Б гэдэг хүнийг танихгүй. Надад харуулсан зураг дээрх хүнийг хараад танихгүй байна. Аль болох архи уусан үедээ найз нөхөд, дуудлагын такси дуудаад гэр гэртээ харьдаг. Хяналтын камерын бичлэг дээрх хүмүүсийг өмнө нь харж байгаагүй. Өглөө хамгийн эрт дээ 07 цаг 30 минутаас 34 минутын хооронд гэрээсээ гарч явдаг. Тэрнээс эрт гэрээсээ гарч байгаагүй. Би өмнө нь орцондоо унтаж байгаагүй. Би цагдаа дээр ирээд асуусан асуултанд хариулсан. Тэрнээс биш хэн нэгэн хүн надад үг зааж өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх 165 тал/

 

23. Гэрч А.Э “Манай нөхөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг. Өглөөний ээлж буюу 7 цаг 40 минутанд автобусандаа суугаад явдаг. Гэрээсээ 07 цаг 30 минутад гараад явдаг. Гадаа гэгээ орох үүр цайх үе гэрээсээ гарч байгаагүй. Манай нөхөр архи хэтрүүлэн хэрэглээд гадаа болон орцонд унтаж байгаагүй. Тэр байтугай гудамжинд хэвтэж унтаж байгаагүй. Өмссөн хувцас нь хүртэл шороо болсон удаа байхгүй. Н.Б гэдэг хүнийг танихгүй” гэх мэдүүлэг

 

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1366 дугаартай “2019-04-30 00:25:46-аас 00:26:18 секундын хооронд дэлэгцийн зүүн талаас хойшоо чиглэлтэй явж байгаа гурван хүний голд яваа эрэгтэй хүнийг хоёр захын хүн түшиж явсан, хүмүүсийн дүрс богино хугацаанд, хэт холоос жижиг хэмжээтэй дүрслэгдсэнээс үйл хөдлөлийн онцлог шинжүүд тодорхой дүрслэгдээгүй байх тул гурван эрэгтэйн голд яваа эрэгтэйн биеийн өндөр намын хэмжээ, үйл хөдлөл тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй, дүрс бичлэг нь 1П /хэт улаан/ гэрэлтүүлэгтэй, хар цагаан дүрслэлтэйгээр өмссөн хувцасны өнгө загварыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /3-р хх-н 174 тал/

 

25. Гэрч _____тоотод оршин суух П.А, 3-6-67 тоотод оршин суух Р.М ___ тоотод оршин суух Р.О, __ тоотод оршин суух Э.Г, ___ тоотод оршин суух Б.Э нарын 2019 оны 04 сарын 30-ны шөнийн камерын бичлэгийг үзээд энэ хүнийг танихгүй байна гэх мэдүүлгүүд /3-р хх 15-159 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б, Г.П нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Б-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байх үед нь Уурхайчин багийн 3-6-р байрны 6-р орцонд оруулж хүч хэрэглэн зодож монет нь бөгжийг нь дээрэмдэн авсан, иргэн Ч.Б-г бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу бэхжүүлэгдэн авагдсан нотлох баримтууд тогтоогдож байна. Дээрэмдэх гэмт хэргийн тухайд бөгж тухайн үед хохирогчид байсан эсэхийг хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг болон дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, хохирогчтой хамт хаврын баярт явж байсан гэрч нарын мэдүүлэг зэргээр бөгж байсан нь тогтоогддог. 22:26 минутад бичлэг дээр бөгжтэй байсан нь харагддаг. Хохирогч анхны өгсөн мэдүүлэгтээ 3-11-р байр луу охиных руугаа явж байсан, хүн байхгүй болохоор нь дэлгүүр орж гар утсаар ярьсан шиг санагдаж байна. Гэхдээ юу ярьснаа санахгүй байна гэдэг боловч 3-11-р байр луу хүүхдийнхээ гэрт очих гэж байсан талаараа ярьдаг. Мөн гурван хүн намайг зодсон гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэд хүнд гэмтэл учирсан гэсэн хэдий ч зүгээр алхаж явж байсан, зүгээр мэдүүлэг өгч байсан үе нь саарал байсан гэж дүгнэсэн. Саарал үедээ хэвийн алхаад, яриад байдаг гэх ба саарал үедээ хохирогч мэдүүлэг өгч байсан. Хагалгаанд орсноос хойш хохирогч болсон үйл явдлын талаар санахаа больчихсон. Өмнө нь юу гэж мэдүүлэг өгсөн болохоо санахаа больсон. Гэрч Г.А нь ЕБ 8-р сургуульд Н.Б хамт сурч байсан, зүс таних хүн гэсэн мөн 3-13-р байрны гадаа хохирогч хэвтэж байхдаа гэмтэл шарх байгаагүй гэж мэдүүлдэг. 3-13-р байранд амьдардаг Нармандах гэрч 00 цаг өнгөрч байхад унтах гээд цонхоо онгойлгоход манай байрны арын явган хүний зам дээр хүн атираад хэвтэж байсан. 2 хүн ирээд өшиглөсөн, бос гээд дуудсан, араас нь нэг хүн удаан найгаж ганхаад ирсэн гэж мэдүүлдэг. Цаг хугацааны хувьд шүүгдэгч нар мөн зөв мэдүүлдэг. Хяналтын камерын бичлэгт цаг 00 цаг өнгөрч байдаг. Тухайн цаг мөчид буюу 00:25 минутад 3-6 байрны урд талын хяналтын камерын бичлэгт хоёр талаас нь дамжлаад аваад явж байгаа нь харагддаг. 00:25 минутын хугацаанд дэлгүүрийн худалдагч дэлгүүрээс гараад хохирогчийн байсан газарт очиж байгаа хугацаа, гэрч Н 3-13-р байрны цонхоор харсан мөн Н.Б, Г.П, Д нарын сургуулиас гараад явж байгаа цаг хугацаанууд хоорондоо таарч байна. Гэрч Д мэдүүлэг хүн хэвтэж байсан Н.Б очоод өшиглөөд, цохисон мөн би араас  нь очиж нэг өшиглөсөн. Очоод харахад ямар нэгэн гэмтэл шархгүй байсан гэж мэдүүлдэг. Гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл нь хохирогчийг сэрээх гээд дуудахад сэрэхгүй байсан үеэс эхэлсэн гэж үзэж байна. 1-2 минутын хугацаанд орц руу оруулж хаалганы тэнд хүргэж өгөөд гарч ирэхэд урт хугацаа харин хохирогчид учирсан гэмтлийг учруулж, гарт нь байсан бөгжийг аваад гарч ирэхэд боломжит хугацаа гэж дүгнэж байна. Тиймээс шүүгдэгч Н.Б, Г.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нараас 33 044 173 төгрөг нэхэмжилж байгаа тул шүүгдэгч тус бүрээс хохирлын мөнгийг хувааж гаргуулах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын хувийн байдалд хэн аль нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо Н.Б бүрэн төлж барагдуулсан харин Г.П нь хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Н.Б, Г.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 7 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж 5 жилээр тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэж шүүгдэгч нарт тус бүр нийт 9 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан цамц, 1 ширхэг хар саарал өнгийн 2 талаараа өмсдөг куртик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид олгох нь зүйтэй. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “Энэ хэргийн гол нотлох баримт нь камерын бичлэгүүд юм. Уг камерын бичлэгт тусгагдсан хүн Ч.Б мөн эсэхэд талууд мэтгэлцэж байна. Гэрч А мэдүүлэг, гэрч Н мэдүүлэг зэргийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болгон тооцно уу гэх саналтай байна. Учир нь гэрч Амар, Нармандах нар хохирогчийн хаана хэвтэж байсан талаар мөн тухайн хохирогчийг хэвтэж байхад нь ямар хүмүүс очсон талаар нэг зүйл ярьдаг ба зөрүүгүй мэдүүлэг өгдөг. Мөн гэрч Д мэдүүлэгт Н.Б, Г.П бид гурав тухайн хүн дээр очсон болохыг гэрчилдэг. Очоод шууд хохирогчийн биед халдсан буюу өшиглөх, нүүр лүү нь цохисон үйлдлүүд гаргасан болохыг Д мэдүүлдэг. Мөн энэ үйлдлийн дараа хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн 338 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Энэ гэмтлийн улмаас хохирогчид гавал тархины битүү гэмтэл үүссэн мөн уг гэмтлийг 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Уг гэмтлийг шүүгдэгч Н.Б, Г.П нар учруулсан болох нь гэрч Д болон Ннарын мэдүүлгээр нотлогдож байна. Тиймээс энэ хэрэгт хохирогч мөн эсэхэд шүүх бүрэлдэхүүн анхаарч шийдвэр гаргаж өгнө үү. Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол барагдаагүй. Яс нөхөх хагалгааг Хятад улсад хийх боломжтой буюу үнэ нь 60 000 юаниар хийгдэнэ. Эдийн засгийн улмаас уг хагалгааг өнөөдрийг хүртэл хийлгэж чадаагүй байна. Энэ хугацаанд уг гэмтлийнхээ улмаас гэмтлийн гаралтай сэтгэцийн өвчтэй болсон. Энэ байдлаасаа болж байнгын унаж татаж, байнгын эмчилгээтэй байгаа. Эмчилгээний талаарх 1 жилийн хугацааны 1 300 000 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Тиймээс хохирлын баримтыг шүүх бүрэлдэхүүн үнэлж дүгнээд хохирлыг бүрэн гаргуулахаар шийдэж өгнө үү Эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлан гаргах саналгүй байна. Нэг шүүгдэгчийн хохиролд 2 300 000 төгрөг ирж байгаа гэх тул түүнийг нь хохирол төлбөрт тооцож шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Н.Б энэ хоёр гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн дүүрэн нотлогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар түүнд ашигтай байдлаар хэргийг  шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулах үндсэн журмыг зөрчсөн гэж үзэж байна. 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжсэн үйл явдлыг шалгахдаа 05 дугаар сарын 01-02-ны өдөр хүртэл Цагдаагийн газар аваачиж гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг гэрчээр асуусан. Гэрчээр асуусан ажиллагааны тэмдэглэлийг харахад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар асуудал огт яригдаагүй байсан. Хавтаст хэргийн 61-р талд авагдсан Д мэдүүлэгт өрөөндөө оруулж байгаад зөндөө дарамталж байгаад та гурав зодсон биз дээ гэж тулгасан гэх мэдүүлэг байдаг. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн үндсэн зарчмыг зөрчиж хууль зөрчиж авсан. Хууль зөрчсөн ажиллагааны үндсэн дээр авагдсан нотолгоог үндэслэж гэм буруутайд тооцох ажиллагаа явагдаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Г.П, Н.Б, Д нар 3-6-р байрны тоглоомын талбайн тэнд хохирогч гэх хүнийг сугадаад явж байгаа бичлэгийг судалсан. Уг бичлэгт хохирогч Ч.Балдандорж гуайгаас өндөр биетэй шүүгдэгч Н.Б тэнцэхүйц өндөр, шүүгдэгч Г.П тэр хүний мөрөөр нь татаж байгаа үйл баримт байхад прокурор энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Н.Б нуруугаараа тэнцүү хохирогч гэх хүн цайвар өнгийн хувцастай байсан. 3-13-р байрны дэлгүүрт орсон хохирогч Ч.Б гуайн өмсөж явсан хувцас бол өнөөдрийн бид нарын шүүх хуралдаанд дээр шинжлэн судалсан хар хөх өнгийн куртик байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б, Г.П, Ч.Б нарын өндрийг хэмжиж шалгасан ажиллагаа байдаг. Үүнд Ч.Балдандорж гуай 167 см, Н.Бат-Очир 176см, Г.Пүрэвсүрэн 164 см гэх өндрийн хэмжээтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг яаж дүгнэж хохирогчийг Ч.Б гуай байх боломжтой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 3-6-р байрны Жавхлант дэлгүүр гэх хаягтай орцны 1 давхрын 59 тоот хаалганд хохирогч Ч.Б-ийг хүргэж өгч оруулж өгөөд 2 минутын дотор бөгжийг нь авах сэдэл төрж бөгжийг нь булааж авсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд эсэх нь хангалттай тогтоогдохгүй бол яллагчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэхээр заасан байдаг. Энэ хэргийг өмнө нь шүүх хуралдаанаар хэлэлцэж байсан ба нотлох баримтыг харьцуулан судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотлох баримтыг магадлах аргаар шинжлэн судална гэж заасныг үндэслэж мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу хийгдсэн зүйлийг нэмж шалгах шаардлагатай гэж хэргийг буцааж байсан. Шүүхийн тогтоолд дурдагдсан ажиллагаанууд сая мөн тодорхой хийгдээгүй. Тиймээс дахин буцаах боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хангалттай бүрэн дүүрэн тогтоож чадаагүй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Н.Б зүгээс болон гэр бүлийнх нь зүгээс 4 300 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Н.Б нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг өндөр насны тэтгэвэрт гарсан аав ээжийгээ харж асардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ нь 5 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээ нь 2 жил гэж заасан байдаг. Шүүхээс энэ хоёр зүйл ангиар ял шийтгэлийг оногдуулахдаа хамгийн доод хэмжээний ялыг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах тул зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтанд хамрагдаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль хамрагдаж 2 жилийн хорих ялыг хасна гэж заасан байх тул Өршөөлийн хуулийг энэ утгаар нь хэрэглэж өгнө үү. Хохирол төлсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэх зүйл заалтыг хэрэглэж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Хэдийгээр хуулиар ингэж зохицуулагдсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү гэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Энэ хэрэг өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд нэмэлт ажиллагаа хийгдэхээр прокурорт буцаж байсан. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах болсон үндэслэл нь саяны бид нарын үзсэн бичлэг буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 00 цагийн орчим Г.П, Н.Б нар 3-6-р байрны камерын бичлэгт дурдагдаж улмаар 6-р орц руу хохирогч гэх хүнийг оруулаад буцаад гарсан бичлэг, мөн маргааш өглөө нь Ч.Балдандоржийг гарч явсан бичлэгийг хараад түүний гэр бүлийн гишүүн таньсан зэрэг бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Хэрэг гарсан үеийн цаг хугацаа болон хэрэгт авагдсан баримтын цаг хугацааг сайн харах хэрэгтэй. Хохирогч Ч.Б 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 22:26:18 цагт дэлгүүрт орж 3-4 минут болсны дараа дэлгүүрээс гарсан. Үүнээс хойш 3-6-р байр луу хүргэж өгч байгаа цаг нь 00:26:44 цаг хүртэл хаана хэрхэн байдалтай байсан талаарх ажиллагааг хэрэгт огт хийгээгүй. Миний үйлчлүүлэгч Г.П, Н.Б нарыг энд хамааралтай гэж үзэж байгаа хугацаа нь 00:06 цагт сургуулиас гарч байгаа нь камерт бичигдсэн байдаг. Тиймээс 00:06 цагийн бичлэгээс 3-6-р байрны 00:26:44 цаг хүртэл 20 минутын дотор энэ хоёр хүн Ч.Б-ийг олж дээрэмдээд 3-6-р байранд аваачиж асуудал болсон мэтээр хэрэгт авагдсан баримтаар улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтээ үндэслэлтэй гэж байна. Одоо хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах юм бол дахин хийх ямар нэгэн ажиллагаа байхгүй. Өмнөх шүүх хуралдаанаар эдгээр ажиллагааг тодруулж сайн хий гээд буцаахад миний үйлчлүүлэгчийн яриад байгаа ба Н.Бат-Очироос арай өндөр хүн байсан гэдэг. Гэрч Ж нь Н.Б ойролцоо өндөртэй. Үүнээс үзэхэд Г.П, Н.Б нарын хүргэж өгсөн хүн 3-6-р байрны 1-р орцонд амьдардаг болох нь батлагдсан хэдий ч энэ хүн мөн эсэхийг 2 жилийн дараа тодруулах боломжгүй. Хэн ч өөрийнхөө хувийн байдлыг дордуулаад би гадуур ингэж явдаг гэж хэлэх боломжгүй юм. Бусад нотлох баримт нь нотлогдохгүй байгаа тул энэ үйл баримтыг бусад үйл явдлуудтай шинжлэн судлах ёстой. Ж гэх хүн хоёр удаа мэдүүлэг өгөхдөө энэ бичлэгийг үзэхэд миний өндөр болон өмсдөг куртиктэй төстэй юм байна гэж мэдүүлсэн байдаг ба хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй тул энэ хэргийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасны дагуу цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгааг анхаарч үзнэ үү мөн миний үйлчлүүлэг Г.П нь ээж, аав хоёртойгоо хамт амьдардаг. Ээж нь хүнд өвчтэй, ээжийгээ асардаг тул энэ хүний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Хохирол төлбөрийн хувьд ар гэрийнхэн нь боломжоороо олдсон мөнгөө авч ирж байгаа. Үлдэгдэл мөнгөө төлөхөө илэрхийлж байгааг нь хүлээж авч байна гэж үзэж байна. Тийм учраас хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг нь 5-12 жилийн хорих ялын санкцитай тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал ямар байдалтай тогтогдсоныг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн ялыг хүндрүүлж 5 жил өгөх боломжтой эсэхийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага ял оногдуулж өгнө үү гэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч Г.Пзалуу хүн, энэ хүний эрх рүү хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрхэн халдах эсэхэд хүн бүр анхаарч үзэж шийдвэрээ гаргах ёстой. Миний үйлчлүүлэг Г.П гэмт хэрэг үйлдсэн болохыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, нэг бүрчлэн шалгасан эсэхэд эргэлзэж байна. Би Г.П-ийн өмгөөлөгчөөр 2020 оны 03 дугаар сараас хойш ажилласан. Ч.Б гуайд өөр хүмүүс гэмтэл учруулсан байх боломжтой байхад энэ талаар огт шалгаагүй. Хэн гэмтэл учруулсан талаар огт баримт авагдаагүй. Хүнлэг сэтгэл гаргаж согтуу хүнийг гэрт нь хүргэж өгснөөс нь болж 2 жил 7 сар гаруй хугацаанд ийм байдалтай байна. Энэ цаг хугацаанд маш олон зүйл болсон. Г.П-ийн ээжийнх нь бие муудаж хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.П, Н.Б нар хохирогч Ч.Балдандоржид гэмтэл учруулсан үйл явдал тогтоогдохгүй байгаа тул гэм буруугүйд тооцож өгнө үү.Энэ хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоолгох талаар хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй мөн энэ байдал хангалттай тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Г.П нь өдий насанд хүртлээ үеийн хүүхдүүд шигээ урсгалаараа яваагүй. Энэ хүүхэд их өвөрмөц бусдаасаа илүү ухаантай, хүнлэг, сайхан сэтгэлтэй хүн. Түүнээс Ч.Б-г зодохоор харгис хэрцгий сэтгэлтэй хүүхэд биш юм. Өвчтэй ээжийгээ асардаг, гэр бүлээ тэжээдэг, найз нөхдөдөө тусархаг хүн чанартай хүүхэд юм. Шүүх шийдвэр гаргахдаа Г.П-н хувийн байдлыг харгалзаж үзнэ үү. Би өмгөөлөгчийн хувьд ял шийтгэл оногдуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

    Шүүх хавтаст хэрэгт цугларсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах 1-р сургуулийн хойд талд баригдаж байгаа барилга, 3-20 дугаар байрны хоорондох явган хүний зам дагуух хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-11 дүгээр байрны хойд талд байрлах “Бадрах” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-6 дугаар явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай байрны орц руу харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.Б-н хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ч.Б хохирогчоор өгсөн “Би охиныхоо гэр буюу 3-11-45 тоотод очиход эзэнгүй, хүнгүй байсан. Тэгэхээр нь би 3-11 дүгээр байрны урд байрлах дэлгүүр лүү ороод худалдагчийн утсаар ярьсан шиг санагдаж байна, яг юу ярьснаа сайн санахгүй байна. Тэгээд хаашаа явснаа санахгүй байна нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.А “Би тэр хүнийг санаж байна тэр ах 50 орчим насны дээгүүрээ хар өнгийн куртиктэй, хар цүнхтэй, өндөр туранхай хүн байсан. Орой 00 цагт дэлгүүрээ хаагаад гэр лүгээ гарах гээд орос цэцэрлэг 3-13 байрны голын замаар явж байхад урд хүн хэвтэж байхаар нь очоод үзэхэд дээрх хүн хажуу талаараа харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гэснээ хүний муу үзээд яах вэ гэж бодоод хажууд нь үүрч явсан цүнхийг нь аваад нөгөө хүнийг үлдээгээд гэр лүүгээ явсан. Намайг очиж харахад ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би тухайн үед анзаарч хараагүй сүүлд камерын бичлэг шүүж үзэхэд гарт нь бөгж байсан. Би тэр хүний цүнхийг аваад харих гээд явж байхад үйлчилгээний төв талаас 25-30 орчим насны 3 залуу ирж байсан. Тэдгээр залуучууд бүгд бараан өнгийн хувцастай байсан шөнө байсан болохоор өөр хувцас нь сайн анзаарагдаагүй. Намайг хохирогчийн хажууд зогсож байхад үйлчилгээний төв 1-р сургууль хоёрын голоор шатаар өгсөөд 2 залуу ирж байхаар нь эд нар хохирогчийн эд зүйлийг авчхаж магадгүй гэж бодоод цүнхийг нь аваад явсан, 2 залуутай зөрөхөд нэг өндөр залуу нь миний зүс харсан 8-р сургуульд цуг сурч байсан залуу байсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь дэлгүүр дээр цагдаа нар ирээд чиний харсан залуу мөн үү гээд Б гэх залуугийн зургийг харуулсан чинь мөн байсан гэсэн мэдүүлэг, гэрч Э.Н “Би 2019 оны 04 сарын 29-ний орой нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байсан ба цаг нэлээн орой болчихсон цаг харахад 00 цаг өнгөрч байсан ба унтахаар хэвтэнгээ жижиг өрөөний цонхыг бага зэрэг онгойлгох гээд гадагшаагаа хартал явган хүний замын хажууд 1 хүн атираад хэвтчихсэн хажууд нь 2 эрэгтэй хүн хөөе босооч гэж зөөлөн дуугаар хэлээд хөлөөрөө зөөлөн хүрч байсан дахин цаанаас 1 эрэгтэй хүн замын зүүн талаас аажуухан найган алхан ирж байгаа нь харагдсан” гэсэн мэдүүлэг, гэрч Л.О-н “2019 оны 04 сарын 30-ны 08 цаг болох гэж байхад манай гэр лүү Б орж ирсэн. Тухайн үед Б-н 2 нүд нь хөхөрч хавдсан, куртик нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асууж хэнд зодуулсан юм бэ гэхэд шөнө намайг 3 залуу зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг яасан гэж зодсон юм бэ гэхэд миний бөгж лав алга байна намайг дээрэмдсэн юм шиг байна гэж хэлээд манай эхнэр лүү гар утсаараа залгаад өг гэхээр нь би эхнэр лүү нь гар утсаараа залгаад танай хүн зодуулчихсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 338 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ж.Г-н 2019 оны 11 сарын 20-ны өдөр өгсөн “Б-н биед үүссэн гавлын ясны хугарал болон хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, нүүрэнд үүссэн зөөлөн эдийн гэмтэл зэргийн байрлалаас үзэхэд толгойн хэсгээр хатуу мохоо зүйлтэй хүрэлцсэний улмаас дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой бөгөөд, унасны улмаас дээрх гавал тархины битүү гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй” ...“Гавал тархины битүү гэмтлийн үед саарал үе гэж байдаг. Энэ нь гавал тархины битүү гэмтэл авсны дараа ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй эрүүл хүн шиг байхыг хэлж байгаа юм. Энэ үе нь 2 хоног хүртэл, тэрнээс дээш ч хугацаагаар үргэлжилж болно. Иймд гавал тархины битүү гэмтэл авсан авснаас хойш 7 цагийн хугацаанд саруул үө байсан байж болох тул явах, гүйх, ярих гэх мэтээр ямар ч үйлдлийг хийж болох юм” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Д “Орос цэцэрлэгийн араар явж байсан чинь явган хүний зам дээр 50-аас 60 орчим насны нэг ах согтуу хэвтэж байсан. Тухайн үед би ард нь утсаар яриад явж байсан. Миний урд Б, П нар түрүүлээд очсон байсан. Намайг очиход Пүрэвсүрэн гуя хэсэг рүү нь цохисон. Би босооч гээд бас нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь ямар нэгэн хөдөлгөөн хийсэн, юм ярьсан зүйл байхгүй. Тэгсэн чинь Б, П нар хоёр талаас нь сугадаад орц руу оруулахаар явсан. Тухайн үед Б ах баруун талд нь П зүүн талд нь гараад тэр хоёр аваад явсан. Тэр хоёр сугадаад явж байхдаа машин зам дээр нэг удаа унагаасан. Тэгээд цааш авч яваад орцонд оруулсан. 10-15 минутын дараа гарч ирсэн. Тэгээд гарч ирээд хурдан хурдан алхаад явсан. Би ард нь утсаар яриад явж байсан чинь наад утсаа салгаад хурдан яв гээд надруу уурлаад байсан гэсэн мэдүүлэг, гэрч Э.Н, Г.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Уурхайчин 3-6 дугаар байрны 6-р орцруу орж гарч буй хөдөлгөөнийг шүүж үзлэг хийсэн тэмдэглэл, Г.П, Н.Б Д.Д нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Г.А таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1366 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б, Г.П нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Балдандоржийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, монетон бөгжийг нь авсан  үйл баримт тогтоогдож байна.

  1. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б, Г.Пн нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Б-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, бүлэглэн хүч хэрэглэн зодож монетон бөгжийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар мэдүүлэг дүгнэлтдээ “Н.Б, Г.П нар хохирогч Ч.Б-ийг зодоогүй, орц руу оруулж өгсөн хүн өөр хүн байсан. Өндөр биетэй, цайвар өнгийн гадуур хувцастай хүн байсан. Хохирогч дэлгүүрээс гараад 00 цаг хүртэл хаана юу хийсэн нь тогтоогдоогүй” гэж мэтгэлцэж байх боловч хохирогч Ч.Б-н “гурван хүн намайг зодсон” гэсэн мэдүүлэг, гэрч Г.А-н “дэлгүүрт орж ирсэн хүн хэвтэж байсан, гурван хүн ирж байсан, нэг хүн нь Б байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Н-ын “00 цаг өнгөрч байсан ба унтахаар хэвтэнгээ жижиг өрөөний цонхыг бага зэрэг онгойлгох гээд гадагшаагаа хартал явган хүний замын хажууд 1 хүн атираад хэвтчихсэн хажууд нь 2 эрэгтэй хүн хөөе босооч гэж зөөлөн дуугаар хэлээд хөлөөрөө зөөлөн хүрч байсан дахин цаанаас 1 эрэгтэй хүн замын зүүн талаас аажуухан найган алхан ирж байгаа нь харагдсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерийн бичлэгт хохирогчийг түүний гэр бүлийн хүмүүсээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Б, Г.П нарын орц руу оруулсан хүн хохирогч Ч.Б болох нь тогтоогдож байна. Мөн гэрч Г.Д-ын мэдүүлгээр шүүгдэгч нар хохирогчийг хүч хэрэглэн зодсон, өргөж явахдаа газарт унагаасан болох нь тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Г дүгнэлтдээ “Нотлох баримтаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, нэхэмжилж буй мөнгийг хуваан гаргахыг шүүгчээс хүсэж байна. Иргэдийн төлөөлөгчийн зүгээс прокурортой санал нийлж байна. 3-6-н орцноос хохирогч гарч ирсэн бол” гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Н.Б, Г.Пнарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид нар ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Өршөөл үзүүлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасахаар заасан, Өршөөл үзүүлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор заасан байна. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарт оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд заасны дагуу тус тусад нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ч.Б нь эмчилгээний зардалд 7 232 032 төгрөг, тархины яс нөхөх эмчилгээний зардал 60 000 юань буюу 23 220 000 төгрөг, эм тарианы мөнгө болох 1 330 142 төгрөг нийт 31 782 173 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс тархины яс нөхөх эмчилэгээний зардал болох 23 220 000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, эмчилгээ, эм тарианы зардал 8 562 171 төгрөг нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б, Г.П нараас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Хохирогч Ч.Б, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь тархины яс нөхөх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Б   нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 281 085 төгрөг төлсөн байна. Иймд шүүгдэгч Г.П-ээс 4 281 086 төгрөг гаргуулж хохирогч Ч.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрэм, 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Б олгож, дүрс бичлэгийн 7 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Н,  П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Г.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасаж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Г.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, Өршөөл үзүүлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 3 жилийн хорих ял, Г.П-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 7 хоног, шүүгдэгч Г.П-ийн цагдан хоригдсон 7 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулж тооцсугай. 

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Г.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссан эсвэл суллагдсан өдрөөс эхэлж тооцож ялын биелэлтэд тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ээс 4 281 085 төгрөг гаргуулан хохирогч Ч.Б-ид олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хүрэм, 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Б-д олгож, 7 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

11. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Ч.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч тэдний өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.А

 

                         ШҮҮГЧИД                          Д.А

 

                                                                    Г.Э