Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/232

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогч  Г.Н

Шинжээч эмч Ж.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д

            Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн 1925004680208 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Э.Э, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Э.Э нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн тоотод Г.Нын “самсунг S-6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 122 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн тоотод Г.Нын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан,

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадруун'’ зочид буудлаас Н.Бат-Эрдэнийн ХААН банкны виза картаас 2 650 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ “2019 онд А намайг гэртээ байж байхад тамхи байна уу гэж дуудсан. Би 2-3 ширхэг тамхи авч очсон. Ал-гийн гэрт 0.5 литрийн архи хувааж уусан. А хоёулаа манай найз хүүхнийд очъё гэж хэлэхээр нь айлд очоод дэмий байх гэж хэлэхэд зүгээрээ би ярьчихсан байгаа гэхээр нь хорооллын эцсийн дэлгүүрээс 0.5 литр архи, 1 литр сүү, 1 уут боорцог авч Г.Нынд очсон. Бид гурав уг архийг хувааж уучихаад дуусаад мөнгөө нийлүүлж дахиж 1 шил архи авч уучихаад Алтанбулаг бид хоёр гарч яваад удалгүй А үлдсэн тал архиа буцаж очиж ууя гэж хэлсэн. Дэмий байх гэж хэлэхэд зүгээр гээд эргээд явсан, Г.Нынд очиход Абайхгүй болчихсон байсан. Би Г.Нын гэр лүү ганцаараа ороход яасан юм бэ гэхээр нь үлдээсэн тал архиа уух гээд эргээд ирлээ гээд Г.Н бид хоёр хувааж уучихаад явах гэж байхад цагдаа дуудлаа гээд байхаар нь гар утсыг нь булааж аваад, ор луу түлхчихээд гараад явсан. Түүнээс хүчиндэхийг завдсан зүйл болоогүй. Ажлаас дуудаад маргааш орой нь Улаанбаатар хот руу явсан уусан. Б-Э, түүний нэг найзтай нь нийлээд зочид буудалд архи уусан. Орой нь Б-Э надад виза картаа өгч архинд явуулсан. Би дэлгүүр орж 2-3 шил архи авчихаад картыг нь өгөхөө мартчихсан байсан. Өглөө нь шартаад байхаар нь 100 грамм архи авч уучихаад үлдсэн мөнгийг нь авчихсан. Г.Ныг айлгаж ичээсэндээ гэмшиж байна. Намайг уучлаарай. Тухайн үед би өөрийгөө хянах чадвартай байсан” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Н мэдүүлэхдээ “А над руу нэг найзтайгаа яваад очъё гэж хэлэхээр нь би зөвшөөрөхөд удалгүй Э.Этэй ирсэн. Бид гурав юм ярингаа архиа ууж дуусаад тэр хоёр явлаа гээд явсан. Би хоёр хүүхэдтэйгээ үлдээд аяга тавгаа угааж байхад Э.Э ганцаараа орж ирээд Алтанбулаг гэр лүүгээ явчихсан гэж хэлсэн. Орж ирээд шууд миний гар утсыг булааж авч өмднийхөө халаасанд хийсэн. Гар утсаа авъя гэхэд намайг ор луу түлхээд гэрэл унтраах гээд байсан. Манай 6 настай хүүхэд ээжийг маань яаж байгаа юм бэ гэхэд ор лүү шидчихсэн. Хоёр хүүхдээ гаргаад хүн дууд гэхэд хажуу талын чинь айл цоожтой та гурав чарласан ч гэсэн хүн сонсохгүй гэж хэлсэн. Э.Этэй зууралдаад байж байхад том хүү маань гадаа гарахад манай гудамжны эгч таарсан байсан. Тэр эгчийг хараад Э.Э гараад явчихсан. Би хоёр хүүхдээ дагуулаад тэр эгчийнд орж гэрийнхэнтэйгээ холбоо барьж дуудсан” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Ж.Г мэдүүлэхдээ “06 дугаар сарын 28-ны өдөр Г.Нын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгээр цээжний баруун дээд талд 7:4 см хэмжээтэй хөх өнгийн цус хуралттай, баруун гуяны баруун гадна дээд хэсэгт 8:5 см хэмжээтэй, баруун ташаанд 1.5х2 см, зүүн гуянд 2х1 см хэмжээтэй цус хуралттай, зүүн шагайн урд 2х0.5 см зулгарсан, зүүн чамархайн үс сийрч халцарсан байсан. Эдгээр гэмтлүүд мөхөө зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсдэг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэмтлүүд юм. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь мохоо зүйлүүд харилцан үйлчилсний улмаас үүсэж байгаа гэмтлүүд юм. Мохоо зүйлийн харилцан үйлчлэлд унах, цохих, өшиглөх, дэвсэх гэх мэт үйлдлүүд орно” гэв.

Хохирогч Н.Б-Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Нын “А Э.Э хоёр тухайн өдөр 23 цаг 30 минутын үед манай гэрээс гарч яваад би гэртээ байхад 00 цагийн орчимд Э.Э нь ганцаараа манай гэрт орж ирсэн. Би өөрийн самсунг S-6 маркийн гар утсаа баруун гартаа бариад зогсож байхад Э.Э нь миний гар утсыг хүчээр шүүрэн булааж аваад өмднийхөө халаасанд хийгээд, том өрөө рүү орж суугаад үлдэгдэл жоохон байсан архийг ганцаараа ууж дуусгасан. Би гар утсаа авъя гэхэд миний өмсөж байсан цамцны захаас татан өөр лүүгээ татаад түлхэхэд би ор луу унасан. Намайг орон дээр унахад Э.Э зүүн гараараа цээжин дээр дараад намайг босгохгүй болгож байгаад баруун гараараа миний өмдийг хүчээр тайлах гэж оролдож байхдаа миний доодох болохоо байлаа, хурдан өмдөө тайлаадах гээд байсан. Би өмдөө тайлахгүй гээд эсэргүүцсэн. Тэгээд манай хоёр хүүхэд айгаад уйлаад гарах гэтэл ална шүү гархийн бол танай хутага, хаана байдгийн алчихад хэн мэддэгийн гэж хэлсэн. Тэгээд хажуу талын айл чинь байхгүй байгаа шүү гэж мэдэж байсан. Тэгээд гаргахгүй байхаар нь том хүү Цэвэндоржид гараад ямар ч хамаагүй хүн дуудчих миний хүү ээжин барьж байя гэж хэлсэн, манай хүүхэд гараад гүйсэн. Хашааны хаалга цоожтой байсан болохоор манай хүүхэд хашаа даваад гарсан. Тэгээд гадаа хүнтэй таараад хашааны хаалга цоожтой байсан болохоор нүдсэн. Тэгээд манай хүүхэд ээж нэг хүнтэй таараад цагдаа дуудчихлаа гэж орилсон чин Э.Э гараад зугтаасан. Тэгээд бага хүүхэд Цэн-Эрдэнийг хувцаслаад хашааны хаалга руу гарахад манай том хүү Цэвээндорж манай гудамны нэг эгчтэй зогсож байсан. Тэгээд би эгчээс утсыг нь аваад цагдааруу залгаад өгье гэтэл нэгжгүй гэхээр нь гэрт нь ороод нөхрийх нь утсаар ээжтэй яриад удалгүй эгч Г. аав Г, хүргэн ах М.А нар ирээд аавын утсаар цагдааруу ярьсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Э.Э нь миний гар утасны 122 000 төгрөгийг миний ХААН банкны 50962 тоот данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45-р хуудас/,

2. Гэрч Х.Н-ийн “шөнө дүү Г.Н 00 цаг өнгөрч байхад утсаар яриад хоёр хүүхдийнхээ хамт гудамжинд зогсож байна. Гэртээ орохоос айгаад байна. Хүрээд ирээч гэхээр нь очиход Г.Н хоёр хүүхдийнхээ хамт гудамжинд зогсож байсан. Юу болсон талаар асуухад А нэг залуутай ирээд архи хувааж уусан. Тэгээд А-тай хамт явчхаад эргэж ирээд хүчиндэх гэж оролдож, цохиж зодсон гэж ярьсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 50-р хуудас/,

3. Гэрч Я.А-гийн “2019 оны 06 сарын 25-наас 26-нд шилжих шөнө унтаж байхад утас дуугараад, танихгүй дугаар байсан. Тэгээд авсан чинь манай охин Г.Н над руу залгаад би хүний утсаар залгаж байна. Булгаа манайд танихгүй залуутай ирээд бид хэд ганц юм уусан. Булгаа танихгүй залуутайгаа гараад явсан чинь нөгөө залуу нь буцаж орж ирээд, намайг хүчиндэх гэж дайраад хүүхэд авч шидсэн. Утас булаагаад аваад явсан болохоор цагдаа дуудаагүй байна гэж ярьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-р хуудас/,

4. Гэрч Н.А-гийн “Э.Э бид хоёр гэр хорооллын эцсийн буудлаас орж, 0.75 граммын 1 шил Хараа архи, нэг литр сүү аваад Г.Нын гэрт очсон. Архиа ууж дуусаад дахин мөнгө нийлүүлээд 0.5 грамм хэмжээтэй Хараа архи авсан. Архиа ууж дуусаад 23 цагийн орчим Э.Э бид хоёр Г.Нын гэрээс гараад хамт яваад хорооллын эцсийн буудал дээрээс гэртээ харихаар хоёр тийшээ явсан. Г.Н надад ярихдаа та хоёрыг гаргаж өгөөд аягаа угаагаад зогсож байсан чинь миний ард нэг хүн ирсэн. Эргээд харахад чамтай ирсэн залуу зогсож байсан. Тэгээд миний доодох болохоо байчихаад байна гээд намайг үсдэж боож, орон дээр унагаад өмдийг тайлах гэж оролдсон. Би хоёр хүүхдээ зугтаалгаж гэрээсээ гаргаж байж хүний тусламж авсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-53-р хуудас/,

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 446 дугаартай “Г.Нын биед цээж, 2 гуя, баруун ташаа, зүүн чамархайд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шагайнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/,

6. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн “Самсунг S-6” маркийн гар утсыг 122 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 83-р хуудас/,

7. Хохирогч Н.Б-Э-ний “Манай найз Э.Э Орхон аймгаас орж ирлээ гээд манай гэрт 2019 оны 06 сарын 30-ны өдөр ирж хоноод өглөө нь надтай хамт гадуур ажил амжуулж явж байгаад өдөр нь би машин зараад тал мөнгийг нь данс руугаа хийсэн. Манай найз Чука ирээд бид нар Сүхбаатар дүүрэг 13-р хороонд байдаг “Бадруун” зочид буудалд ороод архи захиж аваад ууцгааж байгаад шөнө 03 цаг амарсан. Өглөө манай найз Чука 07 өнгөрч байхад гараад дараа нь Э.Э 08 цаг болж байхад гарсан. Би буудалд унтаж байхад миний утсанд мессеж ирэхээр нь гайхаад харахад миний картаас мөнгө уншуулаад авсан байсан. Би гараад “Далайхүү” төв рүү гүйгээд очиход байхгүй байсан. 2 650 000 төгрөгийг 3 удаа уншуулж авсан байсан. Намайг унтаж байхад дэрэн доороос аваад явсан байна. Э.Э нь тооцоо хийхэд нууц кодыг мэдсэн” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 6-р хуудас/,

8. Н.Б-Э-ний ХААН банкан дахь 5042283142 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. /2-р хх-ийн 4-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн тоотод хохирогч Г.Нын хүсэл сонирхлын эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, Г.Нын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр илээр хууль бусаар авч дээрэмдсэн мөн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт байрлах Бадруун зочид буудлаас хохирогч Бат-Эрдэний виза картыг нууцаар хууль бусаар авч виза картаас нь 2 650 000 төгрөг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан  нотлох баримт болох хохирогч Г.Нын гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б-Э-ний мэдүүлэг, хохирогч Б-Э-ний Хаан банкны хуулга, гэрч А, Н, А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр хууль бусаар авч дээрэмдсэн мөн эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хүсэл сонирхлын эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Э.Эг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.Эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгэгдэж байгаа хүнд өршөөл үзүүлэхгүй гэж заасан байх тул шүүгдэгч Э.Э Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Эгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Шүүгдэгч Э.Эг улсын яллагчийн гурван зүйл заалтаар буруутгаж байгаа. Хохирогч Г.Нын гар утсыг дээрэмдсэн мөн хохирогч Б-Э-ний виза картаас 1 250 000 төгрөг авсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрдөг тул улсын яллагчтай маргаж мэтгэлцэх зүйл байхгүй.  Харин Г.Нын хүсэл сонирхлын эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг зэргээр уг үйлдэл болсон эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Тухайн хэрэг учрал болсон үед тэр гурван хүн архи уусан. Э.Э А гэх найзтайгаа хамт Г.Нынд ирэхээсээ өмнө нэг шил архи уучихсан байсан ба энэ гурван хүний уусан архины хэмжээ нэг хүн дунджаар 400-450 грамм архи уусан байх магадлалтай. Хавтаст хэргийн 45-46-р, 48-49-р талд байгаа мэдүүлгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Уг мэдүүлгүүдэд миний хоолой хэсгээс багалзуурдаж том өрөөний ор луу түлхэж унагаасан, цээжин хэсэг рүү цохисон би унасан гэж мэдүүлдэг. Дараа мэдүүлэхдээ энэ үйл явдлыг задалж мэдүүлсэн байдаг. Хэдий тухайн өдөр хэн аль нь архи ууж согтсон байсан.  Мөн эрэгтэй хүн, эмэгтэй хүн рүү тийм үйлдэл гаргахад айна үүнийг би үгүйсгээгүй. Гэхдээ миний үйлчлүүлэгчийн хувьд хүчиндэхийг завдсан үйлдэл байгаагүй. Хүнийг түлхсэнийхэн төлөө ингэж буруутгаж болохгүй. Эрүүгийн хуульд хүчиндэх завдалтыг тодорхой нарийвчилж зааж өгсөн байдаг. Э.Э хохирогчийн бэлгийн халдашгүй эрх чөлөөнд нь хэрхэн халдсан юм. Хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгээр хэргийг шууд тогтоож болохгүй. Тиймээс Э.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын яллагч нийт 4 жил 6 сарын хорих ялын санал гаргаж байгаа юм байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заасан байдаг. Энэ гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гарсан болохыг шүүх харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Үйл баримтын талаар:

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Г.Нын “Би өөрийн самсунг S-6 маркийн гар утсаа баруун гартаа бариад зогсож байхад Э.Э нь миний гар утсыг хүчээр шүүрэн булааж аваад өмднийхөө халаасанд хийгээд, том өрөө рүү орж суугаад үлдэгдэл жоохон байсан архийг ганцаараа ууж дуусгасан. Би гар утсаа авъя гэхэд миний өмсөж байсан цамцны захаас татан өөр лүүгээ татаад түлхэхэд би ор луу унасан. Намайг орон дээр унахад Э.Э зүүн гараараа цээжин дээр дараад намайг босгохгүй болгож байгаад баруун гараараа миний өмдийг хүчээр тайлах гэж оролдож байхдаа  миний доодох болохоо байлаа, хурдан өмдөө тайлаадах гээд байсан. Би өмдөө тайлахгүй гээд эсэргүүцсэн манай хүү гэрээс гарч явахад нь Э.Э нь араас нь гарч явах гэхээр нь би явуулахгүй гээд хувцаснаас нь татахад миний толгойн үснээс зулгааж, газарт унагааж чирснээс болж уг гэмтлүүд үүссэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 446 дугаартай “Г.Нын биед цээж, 2 гуя, баруун ташаа, зүүн чамархайд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шагайнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн “Самсунг S-6” маркийн гар утсыг 122 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, гэрч Х.Наранцэцэг, Я.А, Н.А нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2019 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн тоотод согтуурсан үедээ Г.Нын “самсунг S-6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 122 000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Нын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан үйл баримт,

Хохирогч Н.Б-Э-ний “Би буудалд унтаж байхад миний утсанд мессеж ирэхээр нь гайхаад харахад миний картаас мөнгө уншуулаад авсан байсан. Би гараад “Далайхүү” төв рүү гүйгээд очиход байхгүй байсан. 2 650 000 төгрөгийг 3 удаа уншуулж авсан байсан. Намайг унтаж байхад дэрэн доороос аваад явсан байна. Э.Э нь тооцоо хийхэд нууц кодыг мэдсэн” гэсэн мэдүүлэг, Э.Эгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадруун'’ зочид буудлаас Н.Б-Э-нийн ХААН банкны виза картыг авч 3 удаагийн гүйлгээгээр нийт 2 650 000 төгрөгийг авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э болон түүний өмгөөлөгч Д.Д нар мэдүүлэг, дүгнэлтдээ “хохирогч Г.Ныг хүчиндэхийг завдсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Э.Э хохирогчийг түлхэх үед хохирогч айж буруу ойлголт төрсөн байж болно” гэж мэтгэлцэж байх боловч хохирогч Г.Нын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын явцад өгсөн “Би гар утсаа авъя гэхэд миний өмсөж байсан цамцны захаас татан өөр лүүгээ татаад түлхэхэд би ор луу унасан. Намайг орон дээр унахад Э.Э зүүн гараараа цээжин дээр дараад намайг босгохгүй болгож байгаад баруун гараараа миний өмдийг хүчээр тайлах гэж оролдож байхдаа  миний доодох болохоо байлаа, хурдан өмдөө тайлаадах гээд байсан. Би өмдөө тайлахгүй гээд эсэргүүцсэн. Манай хүү гэрээс гарч явахад нь Э.Э нь араас нь гарч явах гэхээр нь би явуулахгүй гээд хувцаснаас нь татахад миний толгойн үснээс зулгааж, газарт унагааж чирснээс болж уг гэмтлүүд үүссэн” гэх мэдүүлэг болон шүүх шинжилгээний албаны дүгнэлт, мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Э нь хохирогч Г.Нын бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан бөгөөд хохирогчийн хүүхэд гэрээс гарч тусламж дуудах гэхэд түүнийг зогсоох зорилгоор уг үйлдлээ зогсоосон болох нь тогтоогдож байна.

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Э.Э нь хохирогч Г.Нын “самсунг S-6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 122 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, хүч хэрэглэж Г.Нтай бэлгийн харьцаанд орохыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, Н.Б-Э-ний ХААН банкны виза картаас 2 650 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч Э.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 30 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Нд 122 000 төгрөгийн хохирол, Н.Бат-Эрдэнэд 2 650 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн байна.

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 угаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эгийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС12.1