Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/07059/И |
Дугаар | 00949 |
Огноо | 2017-04-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00949
2017 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/00949 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 44 дүгээр гудамж, 860 тоотод оршин суух, Боржигон овогт Чойжилын Баясгалан /РД: ХЕ54111500/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5Б дугаар байр, 36 тоотод оршин суух, Гүртэн овогт Орсоогийн Долгион /РД: ЧП75020105/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээг улсын бүртгэлээс хасуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алдархишиг, гэрч Б.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Баясгалан нь хариуцагч О.Долгионд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлж, зээлдэгчийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 75 дугаар байр, 207 тоотын орон сууцанд үнэ төлбөргүй оршин суухаар тохирч гэрээ байгуулан нотариатаар батлуулж, Баянгол дүүргийн бүртгэлийн газарт орон сууц хөлслөх гэрээг бүртгүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад талууд тохирч хугацааг сунгасан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлөн өгч, зээлдүүлсэн мөнгөө шаардахад хариуцагч нь 15 000 000 төгрөгийг Ч.Баясгаланд өгч, үлдэх 5 000 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй тул зээлийн гэрээний үлдэгдэл 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алдархишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Долгион нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 75 дугаар байр, 207 тоот орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 15 000 000 төгрөгөөр түрээсэлж суухаар тохирсон. Миний бие “20 000 000 төгрөгөөр өмнөх түрээсийн хүмүүсийг гаргаж таныг суулгана” гэхэд нэхэмжлэгч нь “эгч нь ганцаараа, мөнгө муутай, 15 000 000 төгрөгөөр сууя, харин 5 000 000 төгрөг түр зээлье, жаахан хүүхэд хардаг, хүүхдүүд Японд байдаг” гэснийг би хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нотариат орж 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 20 000 000 төгрөг тоолж авсан. Нотариатаас гараад Ч.Баясгалан бид 2 түрээсэлж байгаа байрандаа очиж, 7 хоногийн хугацаатай 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба мөнгө нэмж аваагүй. Миний хувьд 3 хоногийн дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг буцаан өгч, Ч.Баясгалан гарын үсэг зурж мөнгөө хүлээж авч, гэрээгээ хаасан. 2016 оны 7 дугаар сард Ч.Баясгалан түрээсийн байрнаас гарахаар болж “мөнгөө авья” гэж утсаар ярьсан. Би 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөгийг бэлнээр өгөх гэж очсон боловч 20 000 000 төгрөг нэхэж, мөнгийг аваагүй. Би Ч.Баясгаланд өмнө нь 5 000 000 төгрөг өгсөн баримтыг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үзүүлж, 15 000 000 төгрөгийг бэлнээр тоолж өгч, Ч.Баясгалан 20 000 000 төгрөг дээр ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгон гарын үсэг зурсан. Иймд миний бие үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алдархишиг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сард Ч.Баясгалан түрээсийн байрнаас гарахаар болж “мөнгөө авья” гэж утсаар яриад бид 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 15 000 000 төгрөгийг авч очиход Ч.Баясгалан 20 000 000 төгрөг нэхэж, өмнө хүлээн авсан мөнгөө санахгүй байсан тул мөнгө хүлээлцсэн тухай баримт үзүүлэхэд 5 000 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ тухай нотариатаар гэрчлүүлсэн эх гэрээний арын хуудсанд “төлбөр тооцоо дууссан 15 000 000 төгрөгийг бэлнээр авлаа, 5 000 000 төгрөгийг авсан байв” гэсэн бичилтийг хийж, тооцоо дууссан. Түрээслэж байсан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 75 дугаар байр, 207 тоот орон сууц нь уг зээлийн гэрээ болон орон сууц чөлөөлөх гэрээний дагуу улсын бүртгэлд тэмдэглэл хийгдсэн байгаа. Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэгчийн хувьд улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баясгалан нь хариуцагч О.Долгионд холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч О.Долгион нь нэхэмжлэгч Ч.Баясгаланд холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн болон түрээсийн гэрээ дуусгавар болсон талаар улсын бүртгэлд тэмдэглэл хийлгэхийг даалгах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг үүргээ биелүүлж дууссан үндэслэлээр, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг үндсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр тус тус үгүйсгэн маргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
5 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ээр нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүүгүй хариуцагчид зээлдүүлэх, гэрээний 6-д заасан нэмэлт нөхцлийн дагуу улсын бүртгэлийн Ү-2205028936 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 75 дугаар байр, 207 тоот орон сууцыг нэхэмжлэгч үнэ төлбөргүй эзэмшихээр харилцан тохиролцож, мөн өдөр “орон сууц хөлслөх гэрээ”-ээг тус тус байгуулсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээр нотлогдож байхаас гадна зохигчид гэрээний хүчин төгөлдөр эсэхэд, мөн гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг үнэ төлбөргүй ашигласан, хариуцагч нь мөнгө зээлсэн, талуудын тохиролцосноор гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд талудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид зээлийн гэрээний зүйл болох 20 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагчид гэрээний хариу төлбөрт орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй нэхэмжлэгчид ашиглуулах үүрэг талуудад үүссэн байна.
Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс 20 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар нэхэмжлэгч нь уг 20 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг зээлийн болон орон сууц хөлслөх гэрээг байгуулсан өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр О.Алдархишигт зээлүүлж, уг 5 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буцаан хүлээн авч, 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаарх хэргийн 18 дугаар талд авагдсан “зээлийн гэрээ” гэх баримт болон хэргийн 14 дүгээр талын арын нүүр хэсэгт авагдсан “гэрээ дуусгах тухай” 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн баримтад “20 000 000 төгрөгийн тооцоо дуусгалаа” гэх бичвэр зэргээр нэхэмжлэгч 15 000 000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, талууд хэдий 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч үүний 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь О.Алдархишигт зээлдүүлсэн нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн “...зээлийн гэрээг 15 000 000 төгрөгөөр байгуулсан” гэх татгалзал үндэслэлтэй байх бөгөөд харин нэхэмжлэгчийн “...зээлийн гэрээг 20 000 000 төгрөгөөр байгуулсан” гэх тайлбар үндэслэлгүй байхаас гадна хэргийн 14 дүгээр талын арын нүүр хэсэгт авагдсан “гэрээ дуусгах тухай” баримтыг “...20 000 000 төгрөгөө авахыг тулд үйлдсэн” гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 236 дугар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болно. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зэлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг буцаан авсаныг хүлээн зөвшөөрч байхаас гадна “гэрээ дуусгах тухай” баримтаар хариуцагчийг мөнгийг тохирсон хугацаанд нэхэмжлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талууд зээлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд зээлийн болон орон сууц хөлслөх гэрээг бүртгүүлсэн. Хариуцагч зээлийн гэрээг дуусгавар болгосон боловч нэхэмжлэгч нь улсын бүртгэлээс уг бүртгэлийг хасуулахгүй байна” гэж тодорхойлжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.6-д зааснаар түрээсийн гэрээ нь улсын бүртгэлийн төрөлд хамаарах бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон орон сууц хөлслөх гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, уг гэрээ дуусгавар болсон байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Талуудын эрх, үүрэг өөрчлөгдсөн, гэрээ дуусгавар болсон, түүнчлэн гэрээний зохигчид өөрчлөгдсөн бол энэ тухай хувийн хэрэгт нэмэлт тэмдэглэл хийнэ” гэж заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт гэрээ дуусгавар болсон талаар нэмэлт тэмдэглэл хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч О.Долгионд холбогдох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай Ч.Баясгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт гэрээ дуусгавар болсон талаар нэмэлт тэмдэглэл хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба нэхэмжлэгч нь уг шаардлагыг гардан авч, шүүх хуралдаанд хариу тайлбар гарган мэтгэлцэх буюу шүүхээс хариу тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах хугацаа олгох шаардлаггүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.Долгионд холбогдох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Баясгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205028936 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 75 дугаар байр, 207 тоот орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ тус тус дуусгавар болсон талаар нэмэлт тэмдэглэл хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН