| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0211/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/234 |
| Огноо | 2021-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/234
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э
Шүүгдэгч Т.О-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-Эд холбогдох эрүүгийн 2125000000249 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.О-Э,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.О-Э нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн тоотод Б.Буянжаргалын нүүр, шанаан тус газар гараараа цохиж, “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.О-Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О-Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Б-лын: “2021 оны 06 сарын 26-ны өдөр манай нөхөр Даваанямын хуурай ах Т.О-Э, Рашаант багт очсон айлын эзэн гээд надтай нийлээд 4 хүн байсан. Тэр гурав 0.75 гр “Хараа” архи авч уусан. Т.О-Э ах нэлээн согтуу байсан. Тэгээд нэг шил архиа хувааж ууж дуусаад манай нөхөр согтчихоор нь “харья” гэхэд Т.О-Э ах -чи яахаараа манай дүүг авч явдаг юм бэ, чи мэддэг юм уу гээд уурласан. Би нөхрийгөө авч гарах гэтэл Т.О-Э ах араас шууд намайг боож унагаад унасны дараа нүүр лүү гараараа цохьсон. Хамар, хацар, шанаа хэсэг рүү 2, 3 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-н 6-7-р хуудас/
2. Гэрч Н.М-ийн: “Надад тухайн болсон хэргийн талаар мэдэх зүйл юуч байхгүй. Миний нөхөр архинд их дутай, элдэв янзын ааш араншин гаргахаа больчихсон байсан. Архи уугаагүй эрүүл байхдаа хүн шиг үр хүүхдээ хараад гэртээ байж байдаг” гэх мэдүүлэг /хх-н 10-р хуудас/
3. Гэрч Л.Б-гийн: “2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Т.О-Э, Б.Буянжаргал болон түүний нөхрийн хамт бид нар манай гэрт архи уусан. Би тухайн үед нэлээн архи уусан байсан учир манай гэрт юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Өглөө сэрээд манай гэрт зодоон болсоныг Б.Буянжаргал болон түүний нөхрөөс мэдэ авсан” гэх мэдүүлэг /хх-н 12-р хуудас/
4. Орхон аймгийн шүүхийн шинжээчийн албаны шижээчийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 407 дугаартай “Б.Б-лын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн гарын шуунд цус хуралт үүсчээ. Хамрын таславчийн муруйлт, хамрын ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 15-16-р хуудас/
5. Шүүгдэгч Т.О-Э-нийн сэжигтэнээр өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би ажлынхаа 2 ахтай хамт гэрт нь очиж машин тэрэг янзалж байгаад 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд байж байгаад Б.Б-лын нөхөр болох Жижгээ дүүг дуудаж тухайн үед Б ахын гэрт ууцгааж байсан. Тэгээд Батбилэг ахын гэрт Ж дүүг дуудахад Ж-гийн эхнэр болох Б.Буянжаргалын хамтаар ирцгээсэн. Тэгээд Батбилэг ах, Б.БЖижгээ бид 4 нэг шил архи хувааж ууцгаасан. Би өмнө нь 1 шил архи гурвуулаа хувааж уусан байсан. Нийт би тэр өдөр 2 шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал манай Батбилэг ах нэлээн муудчихсан Ж Б.Б нарыг яв, яв гээд байх шиг байсан тэгээд Б.Б Б ах хоёр маргалдаад байсан. Тэгээд би голоор нь салгах гэж ороо Б.Б-лын нүүр, хамар хэсэгрүү гарын ар хэсгээрээ алгадчих шиг болсон. Тэрнээс Батбилэг Б.Б хоёр бол хоорондоо зодоогүй, зууралдаад байсан. Тэрнээс нэг нэгнийгээ цохисон зодсон асуудал байгаагүй. Тэгээд би голоор нь орж салгах гэж байгаад баруун зүүн гарынхаа ар хэсгээр нүүр, хамар хэсэгрүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.О-Э нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 29-5 тоотод Б.Б-лыг зодож эрүүл мэндэд нь хамрын ясны мурийлт буюу хамрын таславчийн мурийлт гэх хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.О-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Т.О-Э нь хохирогчид 500 000 төгрөг төлсөн. Хохирогч өөр ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.О-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.О-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна. Шүүгдэгч Т.О-Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч Т.О-Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа. Т.О-Э нь эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж энэ үйл явдал болсон. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж болсон зүйлийг үнэн зөвөөр нь хэлүүлж хуралдаанд оролцуулах хүсэлттэй байсан хэдий ч оршин суух хаягтаа байдаггүй гээд огт олдохгүй байсан. Миний үйлчлүүлэгч урьд удаа дараа хэрэгт холбогдож шийтгэгдэж байсан хэдий ч тэдгээр ялын тэнсэн харгалзах болон торгуулийн ялын хугацаа нь дуусаж мөн өмнө ямар нэгэн байдлаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй. Тиймээс миний үйлчлүүлэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналтай байна.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б “2021 оны 06 сарын 26-ны өдөр манай нөхөр Даваанямын хуурай ах Т.О-Э, Рашаант багт очсон айлын эзэн гээд надтай нийлээд 4 хүн байсан. Тэр гурав 0.75 гр “Хараа” архи авч уусан. Т.О-Э ах нэлээн согтуу байсан. Тэгээд нэг шил архиа хувааж ууж дуусаад манай нөхөр согтчихоор нь “харья” гэхэд Т.О-Э ах -чи яахаараа манай дүүг авч явдаг юм бэ, чи мэддэг юм уу гээд уурласан. Би нөхрийгөө авч гарах гэтэл Т.О-Э ах араас шууд намайг боож унагаад унасны дараа нүүр лүү гараараа цохьсон. Хамар, хацар, шанаа хэсэг рүү 2, 3 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч Н.М-гийн “Надад тухайн болсон хэргийн талаар мэдэх зүйл юуч байхгүй. Миний нөхөр архинд их дутай, элдэв янзын ааш араншин гаргахаа больчихсон байсан. Архи уугаагүй эрүүл байхдаа хүн шиг үр хүүхдээ хараад гэртээ байж байдаг” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Батбилэгийн “2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Т.О-Э, Б.Б болон түүний нөхрийн хамт бид нар манай гэрт архи уусан. Би тухайн үед нэлээн архи уусан байсан учир манай гэрт юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Өглөө сэрээд манай гэрт зодоон болсоныг Б.Б болон түүний нөхрөөс мэдэ авсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжээчийн албаны шижээчийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 407 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.О-Э-нийн сэжигтэнээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.О-Э нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 29-05 тоотод Б.Б-ын нүүр, шанаан тус газар гараараа цохиж, “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Т.О-Э-нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.О-Э-нийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.О-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-Э-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-Эд оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 200 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
6