| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0118/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/168 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/168
2022 02 09 2022/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тод холбогдох 1906 01487 2481 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнхун” ХХК-д операторч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг, Хөшигтийн 703 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дүгээр зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь заалтад тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Сартуул овогт Дгийн Т /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Т нь П.Отгонбаяртай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 44 дүгээр гудамжны 176 тоотод байрлах иргэн Б.Батзаяагийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 2 давхар өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, гадуур хүрэм 2 ширхэг, өмд 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас бусдад нийт 481.870 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тын өгсөн: “... Яллах дүгнэлттэй зөрсөн зүйл байхгүй. Гэхдээ би тэр айлд ороод юманд ерөөсөө хүрээгүй, юу ч аваагүй. Авсан хүн нь Отгонбаяр байсан. Тэрийг нь харж байж болиулаагүй нь миний буруу. 2019 онд яг ийм төрлийн гэмт хэрэг дээр ял эдэлсэн. Тэр үед маш их зүйлийг ойлгож, ухаарсан. Ийм зүйл болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Одоо засраад залраад сайхан амьдрах гээд хичээж явна. ...Тэндээс гараад багшийн дээдийн автобусны буудал дээр ирсэн. Түүнээс Отгонбаяр барьж гүйгээд таксинд зогсдог машинд орж суусан. Тэгээд 30.000 төгрөгт өгчихлөө гэж хэлсэн. Нарантуул зах дээрээс Төв аймгийн Жаргалант сум руу унаа явдаг. Унаанд суух гэхэд бид хоёрыг согтуу байна гээд авч яваагүй. Тэгэхэд манай ахынх энд байдаг юм. Хоёулаа ядаж үс толгойгоо уугаад хувцас хунараа өмсье гэж хэлсэн. Тэгээд замдаа үлдсэн мөнгөөрөө архи авч уугаад нэлээн халамцуу болсон. Оройхон байсан болохоор айлаа олохгүй энэ билүү тэр билүү гээд явж байгаад энэ мөн юм шиг байна ороод ир гэж хэлсэн. Тэгээд блокийн хашаатай айл руу орсон. Урдуур хойгуур нь гүйж байгаад хүн байхгүй байна гэж янз бүр болж байгаад цонхыг нь хагалсан. ... Зөндөө их зүйл ойлгосон. Хоёр хүүхдийнхээ төлөө ээж аавынхаа төлөө хүн шиг амьдаръя гэж бодож байна... Миний буруу, хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Өршөөлд хамруулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.16/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.17-23/,
Цагдаагийн ахлагчийн илтгэх хуудас /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батзаяагийн өгсөн: “... 2019 оны 2 дугаар сарын 24-ний өглөө 07:00 цагт ажилдаа яваад шөнө 22:30 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн том цонхыг хагалчихсан, гэрийн эд зүйлс онгичоод бужигнуулаад орхичихсон, Макбүүк маркийн 17 инчийн цагаан нөүтбүүк, цэнхэр аляска куртик, 1 жинс өмд алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
“Дамно” ХХК-н 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн БЗЗ-19-053 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.43-44/,
Б.Тын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.78/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.81-87, 105-107/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Отгонбаярын гэрчээр өгсөн: “... Д.Т бид хоёр тухайн айлаас 2 ширхэг куртик байхаар нь куртикүүдээ тайлж сольж өмссөн. Мөн 1 ширхэг өмд байсныг Д.Т авч өмссөн. Нөүтбүүк байхаар нь хулгайлж авсан. Өөр эд зүйл аваагүй. Нөүтбүүкийг Багшийн дээд орж танихгүй хүнд зарсан. Мөнгөөр нь архи авч уусан... айлын хашаанд нэг ширхэг 2 давхар шавар байшин байсан санагдаж байна. Би байшингийн цонхыг модоор цохиж хагалсан. Намайг цонх хагалсны дараа Т түрүүлж байшин руу орсон. Би араас нь хагархай цонхоор орсон...” гэх мэдүүлэг /хх.94/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх.108-109/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Тын яллагдагчаар өгсөн: “... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. одоогоор хохирол төлбөрийг барагдуулаагүй байна. Цаашид төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх.112/,
Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх.122-123/,
Хохирол нөхөн төлсөн болон хувийн байдлын талаарх баримтууд /шинээр гаргасан 11 хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Т нь П.Отгонбаяртай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 44 дүгээр гудамжны 176 тоотод байрлах иргэн Б.Батзаяагийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 2 давхар өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, гадуур хүрэм 2 ширхэг, өмд 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас бусдад нийт 481.870 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.16/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.17-23/,
Цагдаагийн ахлагчийн илтгэх хуудас /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батзаяагийн өгсөн: “... 2019 оны 2 дугаар сарын 24-ний өглөө 07:00 цагт ажилдаа яваад шөнө 22:30 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн том цонхыг хагалчихсан, гэрийн эд зүйлс онгичоод бужигнуулаад орхичихсон, Макбүүк маркийн 17 инчийн цагаан нөүтбүүк, цэнхэр аляска куртик, 1 жинс өмд алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
“Дамно” ХХК-н 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн БЗЗ-19-053 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.43-44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Отгонбаярын гэрчээр өгсөн: “... Д.Т бид хоёр тухайн айлаас 2 ширхэг куртик байхаар нь куртикүүдээ тайлж сольж өмссөн. Мөн 1 ширхэг өмд байсныг Д.Т авч өмссөн. Нөүтбүүк байхаар нь хулгайлж авсан... айлын хашаанд нэг ширхэг 2 давхар шавар байшин байсан санагдаж байна. Би байшингийн цонхыг модоор цохиж хагалсан. Намайг цонх хагалсны дараа Т түрүүлж байшин руу орсон. Би араас нь хагархай цонхоор орсон...” гэх мэдүүлэг /хх.94/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоох /хх.108-109/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Тын яллагдагчаар өгсөн: “... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.112/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Б.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Б.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын нийт 481.870 төгрөгөөс шүүгдэгч Б.Т нь өөрт оногдох 240.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Батзаяа нь гомдолгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Б.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчийн гүйцэтгэсэн үүрэг, бага насны 2 хүүхэдтэй, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд нь мөн хулгайн гэмт хэрэгт хорих ял шийтгэгдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Тод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “… энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.
Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2019оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.
Мөн Б.Т урьд нь өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух газрын хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн, түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй юм.
Б.Тод дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлан, зарим хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Т нь 2 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, түүнчлэн шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Дгийн Тыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тод 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Тод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн, шүүгдэгч Б.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Тод Төв аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Тод сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан, шүүгдэгч Б.Тод 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Тод сануулсугай.
9. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос өөрт оногдох 240.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Батзаяа нь гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР