| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07264/И |
| Дугаар | 102/ШШ2017/01335 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/01335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Эрдэнэсийн арал хотхонд байрлах, хуулийн этгээдийн ...регистртэй “Батгүен” ХХК-ийн, Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө-115 хаягт байрлах, 512202...3 регистртэй “Харгант цамхаг групп” ХХК-д холбогдуулан, Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Энх /ШТҮД:0962/ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч “Батгүен” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2014/04 тоот “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу худалдагч “Батгүен” ХХК нь худалдан авагч “Харгант цамхаг групп” ХХК-д холбогдох стандарт, чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг зээлээр худалдсан. Худалдагч нь худалдан авагчийн захиалсан хэмжээний бетон зуурмагийг нийлүүлж байсан боловч худалдан авагч нь төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсээр 2015 он хүрсэн. Төлбөрийг төлөхийг шаардаж удаа дараа биечлэн уулзах, албан бичгээр мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан боловч үр дүнд хүрсэнгүй. Хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр талууд тооцоо нийлсэн ба уг тооцоог “Харгант цамхаг групп” ХХК-ийн зүгээс баталгаажуулж албан бичгээр хариу өгсөн. Уг тооцооны дагуу үндсэн төлбөрийн үлдэгдлийг 200,000,000 төгрөгөөр тооцож, түүний 100,000,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, үлдэх 100,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх амлалтыг худалдан авагчийн зүгээс өгсөн. Гэвч уг төлбөрийг төлж барагдуулсан зүйлгүй байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу зээлээр худалдсан бетон зуурмагийн үнийн үлдэгдэл төлбөр 200,000,000 төгрөг, талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 7.1-д заасны дагуу бодогдвол зохих алдангид тооцож 100,000,000 төгрөг, бүгд 300,000,000 төгрөгийг “Харгант цамхаг групп” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Газрын тосны газрын ажилчдын орон сууцны барилгад хэрэглэх зорилгоор “Батгүен” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулан бетон зуурмаг худалдан авч ашиглахаар тохиролцсон. Гэрээний 2.1 дэх заалт “Талууд энэхүү гэрээний хугацаанд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, үнийг Хавсралт 1-д заасны дагуу тохиролцов” гэсэн байна. Хавсралт 1-д: Бетон зуурмагийн үнэ БМ150 /бетон зуурмаг 1м3/ нь 138,000 төгрөг, БМ300 нь 162,000 төгрөг гэж тохиролцсон. Нэхэмжлэлд тусгасан бетон зуурмагийн үнэ гэх 200,000,000 төгрөг бодит биш бөгөөд энэ нь дараах баримтаар нотлогдох юм. 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хийсэн тооцоонд бетон зуурмагийн үнийг БМ300 нь 162,000 төгрөг гэж гэрээнд заасныг дур мэдэн нэмж, нэгжийн үнийг 185,000 төгрөгөөр тооцсон байна. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хоёр талын тооцооны үлдэгдлийн баталгаанд үндсэн өр болон түүний алданги нийт 200,000,000 төгрөг гэж заасан байна. Гэрээний дагуу манай компанид нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ болон нийт бодит үнэ нь БМ150 маркийн бетон зуурмаг нийт 166м3 /нэгжийн үнэ 138,000 төгрөг/ буюу 22,908,000 төгрөг, БМ300 маркийн бетон зуурмаг нийт 1,626м3 /нэгжийн үнэ 162,000 төгрөг/ буюу 263,412,000 төгрөг, бетон зуурмаг шахагч насост машины үйлчилгээний нийт үнэ /5 удаагийн шахалтаар нийт 1,792м3/ нь 20,911,000 төгрөг, нийт 307,231,000 төгрөг болж байгаа юм. “Батгүен” ХХК-д манай компаниас нийт 140,000,000 төгрөг төлсөн байдаг. Иймд үлдэгдэл төлбөр болох 167,231,000 төгрөгийг “Батгүен” ХХК-д төлөхөд татгалзах зүйлгүй болно. Хуулийн хүн барилгын салбарын мэдлэггүй байх нь зөв байх. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар чанар аюулгүйн хэлтэс нь баригдаж байгаа барилгын чанарыг шалгах үүрэгтэй байдаг юм. Энэ газраас 2016 онд манайд төлөвлөгөөт шалгалт хийгдээд бетоны марк хүрэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. БМ150 маркийн бетон бол барилгын бэлтгэл бетон буюу суурийн доод хэсгийг хийдэг өөрөөр хэлбэл газар тэгшилж байгаа бетон юм. 300 маркийн бетон бол зоорь, суурийн, нэгдүгээр давхрыг хийдэг бетон юм. Тухайн үед барилгын баригдаж байх явцад тусгай багажаар хэмжээд марк хангахгүй гэсэн дүгнэлтийг 11 сард гаргасан. Би дүгнэлт гаргаж өгөөч гэсэн чинь чанарын шаардлага хангахгүй байгаа тул 6,800,000 төгрөг төл гэсэн. Би н.Тунгалаг захиралд иймд дүгнэлт гарсан байна гэж хэлээд зургийг нь үзүүлэхэд ямар учиртай юм бол гэж байсан. Бид ярилцаад энэ барилга улсын комисс хүлээж авахааргүй бол барилга үргэлжлүүлж барьсан тэр хэмжээгээр алдагдал хүлээж хохирол учирна. Хэдий хэр хохирол учирсны дараа шүүхэд хандана гэж үзэж байсан юм. Нэхэмжлэгч талын зоорийн давхрын бетоны цутгачихдаа сорьц шалгалт аван дараагийн давхрыг цутгадаг гэж хэлж байгаа нь өрөөсгөл тайлбар байна. Бетон цутгагдаад 28 хоногийн дараа 70 хувийн гүйцэтгэлийн дараа сорьцыг шалгадаг. 28 хоног тутамд барилгын 1 давхар хийгдэнэ гэж байхгүй. Манайд чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байна гэсэн итгэлцэл дээр үндэслэж бид бетоноо авч байсан. Бид бетоны гадна тал хуурч байсан талаар бид аман байдлаар хэлж байсан гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Гэрээний талуудын хооронд үйлдэгдсэн тооцоо нийлсэн актыг үндэслэн нийт үлдэгдэл 200,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 300,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Харин тооцоонд орсон байсан 184,446,000 үлдэгдэл байдаг бөгөөд уг үлдэгдэл төлбөрөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад, алдангийг Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн 92,230,000 төгрөгийг нэмээд, нийт 276,690,000 төгрөгийн хэмжээнд гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа 23,310,000 төгрөгөөр багасгаж байна. Нийлүүлсэн бетоны чанарын хувьд доголдолтой байх боломжгүй юм. Талбай дээр буусан үед нь бид дээж аваад шинжлүүлдэг. Нэгжийн үнэ өссөнөөс үнийн дүнгийн ялгаа гаргаж ирсэн. Үнийн өсөлтийн хувьд харилцан тохиролцоод баталгаажуулсан гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Худалдагч тал гэрээний явцын дунд БМ300 бетон зуурмагийг бидэнтэй зөвшилцөхгүйгээр 162,000 төгрөг байсныг 185,000 төгрөг болгон өөрчилсөн байсан. Үүнийг бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш мэдсэн. Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бидний зүгээс 140,000,000 төгрөгийг төлсөн. Манай нягтлан хариуцлага алдаад эдний гаргасан тооцоолол дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байсан. Үндсэн төлбөр 123,556,000 төгрөгийн үлдэгдэлтэйг зөвшөөрнө. Гэвч нэхэмжлэгч байгууллагын манайд нийлүүлсэн бетоны марк байвал зохих хэмжээнд хүрэхгүй байгаа. Бидний зүгээс бетоны чанарын талаар анх удаа яриагүй. Аман байдлаар худалдагч талд хүсэлт гаргаж, мэдэгдэж явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид сүүлд гаргасан нэмэлт тайлбар дээрээ бетон зуурмагийн чанарын сорьцыг лаборатори дээр шинжилдэг тул баримт гаргаж өгсөн. 2014 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл “Батгүен” ХХК-иас манай компанид бетон зуурмаг нийлүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд БМ 150 маркийн бетоныг 1 метр кубыг 148,000 төгрөгөөр өгнө гэж тохиролцсон. Сүүлд гэрээний дагуу 300 маркийн бетоныг 1 метр кубыг 162,000 төгрөг гэж тохиролцсон боловч явцын дунд нэхэмжлэгч тал гэрээний заалтыг дураараа зөрчин БМ 300 маркийн бетоныг 1 метр кубыг 185,000 төгрөг болгон өөрчилж 324,446,000 төгрөг гэсэн тооцоо гаргасан. Манай компани 140,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Манай нягтлан анзааралгүй, “Батгүен” ХХК-ийн нягтлангаас гаргаж өгсөн баримт дээр санхүүгийн тамга дарж, гарын үсгээ зурж баталгаажуулан алдаа гаргасан байдаг. Бид 184,000,000 төгрөг өгнө гэж бодож байсан нь бидний мөн алдаа болж таарсан. Манайх 123,556,000 төгрөгийн бетон авсны дагуу төлбөрөө төлөх ёстой гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн бетоны марк нь 300 марктай хүрэхгүй, БМ 180, 200 маркийн шаталсан маркийн бетон нийлүүлсэн. Бид нийлүүлсэн маркийн бетоныг гэрээнд заасан үнээр бодохоор 123,556,000 төгрөгийг төлөх ёстой болж байгаа юм. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бетоны сорьцыг лаборатори дээрээ хадгалдаг. Талбай дээрээ бид хэдийгээр бүтээгдэхүүний дээж авдаг ч гэсэн нэхэмжлэгч байгууллагын лаборатори дээр хадгалагдаж байгаа бүтээгдэхүүнийг мөн цааш нь шинжилгээнд хамруулдаг. Бид талбай дээр хийгдсэн барилгын хананд улсаас батлагдсан багажаар буюу чанар аюулгүйн хэлтсээс хэмжилтийн төлөвлөгөөт шалгалт явагддаг. Энэ шалгалтаар нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн бетон чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсныг бид нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Бид анх бетон нийлүүлсэн үеэс гаднах тал нь хуурч уналаа, чанаргүй байна гэж аман байдлаар мэдэгдэж байсан. “Батгүен” ХХК-ийн лаборантыг авчирч би өөрөө хамт буудлага хийж чанарыг шалгуулж байсан. Үүгээр мөн адил шалгуур хангахгүй байсан. Бид энэ талаар н.Тунгалаг захиралд удаа дараа хэлж байсан. Гэхдээ бид дандаа аман байдлаар, утсаар мэдэгдэл хүргэж байсан. Түүнээс биш албан бичгээр мэдэгдэл хүргэж байгаагүй. Нэхэмжлэгч талд Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсээс хийсэн дүгнэлтийг харуулж байсан. Бид төлбөрийг төлөөд явж байсан. Бетоны чанар муу байсан тул бид ажлаа үргэлжлүүлэхийн тулд “Батбэх” ХХК-ийн бетон зуурмагийг нийлүүлж байсан. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг эсэргүүцэж байна. Нэхэмжлэгчийн хэлсэн шиг н.Чинтөр гэдэг хүний гарын үсэгтэй тооцоо нийлсэн баримт байхгүй. 184,000,000 төгрөг болж тохиролцож байгаа баримт болон 2 талаас тооцоо нийлсэн акт юм. Үнийн дүн нэмэгдсэн талаар манай байгууллагад албан бичиг хүргүүлж байгаагүй. Нэхэмжлэгч шаардлага хангаагүй, стандарт хангаагүй дүгнэлт гаргачхаад хариуцагчийг эсхүл шүүхийг дарамтлаад байж болохгүй. Шүүхэд хандах эрх нь нээлттэй байхад нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл ярьж байна гэж үзэж байна. Бетоны чанар болон үнийн дүн гэсэн 2 зүйл дээр талууд маргаж байна. Хэрэгт авагдсан баримт, талуудын мэтгэлцээний явцад гэрээн дээр тусгасан дүн бол тохиролцсон дүн биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээний 2.2 дахь хэсэгт үнэ өсвөл саналаа өгнө гэж тусгасан байгаа. Гэрээний хавсралтаар тооцоо хийх нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байгаа. Энэ нь 162.000 төгрөгөөр гэрээ хийсэн байтал 185,000 төгрөгөөр бодсон гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч тал 184,460,000 төгрөгийн тооцоо гарч байгаа гэдгээ хэлсэн. Үнийг нотлох баримт дээр үндэслэж бууруулж байгаа юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар бол төрийн эрх бүхий байгууллага юм. Бид гуйж дүгнэлт гаргаагүй, ажил үүргийн дагуу шалгалт хийж дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч тал шаардлага хангахгүй БМ 350 маркийн бетон байх ёстой бетоныг БМ 300 маркаар захиалсан гэдэг нь нэхэмжлэгч болон энэ хэрэг маргаанд хамааралгүй юм. Энэ тухай гомдол саналаа гаргах эрх нь нээлттэй. Энэ байдлаараа шүүхийг эсхүл хариуцагчийг дарамтлаад байгаа юм шиг тайлбар гаргаж байгаа нь буруу юм. Гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас авсан шалгалт, сорьц дүгнэлтээрээ бетоны шаардлага хангахгүй гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн БМ300 маркийг хангахгүй байна гэдгийг бид нотолж баримтууд гаргаж байгаа. Энэ дүгнэлтээр гэрээнд заасан БМ 300 марк биш БМ 200 маркийн бетон байна гэдэг нь харагдаж байна. Үүнтэй холбоотойгоор үнээ бууруулахаас өөр аргагүй. Энэ үнэ бууруулах тухай асуудал нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт тодорхой заасан байна. Бид үндэслэлгүйгээр үнээ бууруулах гээгүй. Гэрээн дээр танай нийлүүлсэн маркийн үнийн дүнгээр төлнө гэж байгаа. 300 маркаар төлөхгүй, энэ тухай баримтаа гаргаж өгөх ёстой гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэдэг баримт дээр 2 удаа 185,000 төгрөгөөр нийлүүлсэн баримт байгаа. Тодруулбал 7 дугаар сарын 05-ны өдөр болон 7 дугаар сарын 23-ны өдрүүдэд бетон нийлүүлсэн байсан. Сүүлд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн сорьц гээд байгаа баримт хэзээ гаргасан нь тодорхой байхгүй байна. Иймд бодитой, баримтад тулгуурласан үнэ буюу 123,556,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа юм. Алдангийг шүүх хуулийн дагуу шийднэ. Зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй бол хуулинд хэрхэн алданги тооцох талаар заасан байгаа. Хэрэгт авагдсан баримт шаардлага хангахгүй байгаа бол нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байдаг гэв. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Энх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Талууд хооронд байгуулагдсан гэрээний талаар маргахгүй. Зуурмагийн хэмжээн дээр мөн маргахгүй. Зөвхөн нийлүүлэх үнийн тал дээр маргаан байна. Зээлээр худалдах худалдан авах гэрээг гүйцэтгэх захирал н.Чинтөр, н.Тунгалаг нар байгуулсан баримт байдаг. Гэрээний ард ямар маркийн зуурмагийг ямар үнээр худалдаалах талаар заасан. БМ 300 маркийн бетон зуурмагийг 162,000 төгрөгөөр нийлүүлнэ гээд тохиролцсон. Гэрээний үнэд өөрчлөлт оруулахаар бол үнэд өөрчлөлт оруулах тал нь саналаа бичгээр хүргүүлэн, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байж хүчин төгөлдөр болно гэж гэрээний 2.2 дахь хэсэгт заасан байдаг. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байгаа юм. Хуулинд гэрээний үнийг тодорхойлох журмыг тодорхой заана гэж байдаг. Долларын үнэ ханш өөрчлөгдөн өөрчлөлт орсон бол гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан үнийг баталгаатай болгох байсан. Хариуцагч үнийн дүнг өөрчлөөгүй, тооцоо нийлэхдээ хариуцагч хариуцлагагүй хандсан байгаа нь гэрээний үнийн дүнг өөрчлөх үндэслэл болохгүй. Барилга барихтай холбоотой зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас өгдөг ба барилга барих үйл явцыг мэргэжлийн байгууллага сорьц авч үнэлэлт өгдөг. Нийслэлийн үнэлгээний газраас барилгад шалгалт хийсэн дүгнэлтийг хариуцагч тал нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ баримтын 3,4 дэх хуудсанд энэ барилгын зоорийн давхар болон 1 дүгээр давхар ямар шаардлага хангаж байгаа талаар дүгнэлт өгсөн байдаг. Энэ баримт дээр 250 маркийг хангахгүй гэдэг нь харагдана. Энэ бетон ойролцоогоор 150 маркийн бетон зуурмагтай ойролцоо байна гэж дүгнэсэн. Талууд БМ 300 маркийн бетоныг 3 удаа нийлүүлсэн ба эхний удаа 162,000 төгрөгөөр, дараагийн 2 удаагийнх нь 460 м куб, 265 м кубыг нийлүүлэхдээ 185,000 төгрөгөөр нийлүүлсэн байсан. Энэ нийлүүлсэн бетон нь 150 маркийн бетон тул 150 маркийн бетоны үнээр буюу бодитой үнэлэх ёстой гэж үзэж байна. Барилга шаардлага хангахгүй доголдолтой бүтээгдэхүүн гэдгийг жич нэхэмжлэх асуудал яригдана. Алдангийг яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэвэл чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлсэнтэй холбоотой шаардлага гаргах эрх байгаа боловч Улсын комиссод барилгаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Барилга барих явцад зоорийн давхар, 1 дүгээр давхар шаардлага хангахгүй гэдэг асуудал нь цаашдаа Улсын комисс хүлээж авахгүй байх хүртэл асуудал яригдах учраас бид одоо энэ шаардлагыг ярихгүй байгаа юм. Үүнтэй холбоотой, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар шаардлагаа гаргах эрхтэй боловч шаардлагаа гаргаагүй бол анхны үнийг бууруулахаар шаардлага гаргах боломжтой тул бид алдангийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа юм. Алданги бол үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд шаарддаг. Гэтэл нөгөө тал өөрөө үүргээ гүйцэтгээгүй тул алдангийг нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байгаа юм гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч “Батгүен” ХХК нь хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК-д холбогдуулан, “Худалдах, худалдан авах” гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг 23,310,000 төгрөгөөр багасгаж, үндсэн төлбөр 184,446,000 төгрөг, алданги 92,230,000 төгрөг, нийт 276,690,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу бүтээгдэхүүн хүлээн авсан талаар маргахгүй боловч, үндсэн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй, нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын доголдолтой байсан бөгөөд худалдагч тал нь худалдан авагчтай зөвшилцөлгүйгээр бүтээгдэхүүний үнийг өсгөсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан. Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2014/04 дугаар “Худалдах, худалдан авах” гэрээгээр Худалдагч нь Худалдан авагчаас өгсөн захиалгын дагуу Монгол улсын стандарт, технологийн чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, Худалдан авагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авах, төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөр төлөх, нийт нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ 4,500м3 байх бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлсэн гүйцэтгэлээрээ тооцогдож, нийлүүлж буй бетон зуурмагийн хэмжээг худалдагчийн зарлагын падааныг үндэслэн тооцох, бүтээгдэхүүний үнийг хавсралтаар: БМ100 марк 130,000 төгрөг, БМ150 марк 138,000 төгрөг, БМ200 марк 148,000 төгрөг, БМ250 марк 160,000 төгрөг, БМ300 марк 162,000 төгрөг, БМ350 марк 175,000 төгрөгөөр тооцох, бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцож гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан, уг гэрээний дагуу талуудад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 5-7/ Гэрээний дагуу нэхэмжлэгч “Батгүен” ХХК-иас хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК-д 324,446,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хүлээлгэн өгч, хариуцагчаас 140,000,000 төгрөгийн төлөлт хийгдэж, 184,446,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь талуудын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хийсэн “Бетон, помпны өглөг авлагын тооцоо”, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 34,35/ Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд хийгдсэн дээрх тооцооллуудыг үндэслэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 184,460,000 төгрөгийг, мөн худалдах, худалдан авах гэрээний 7.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн алдангид 92,230,000 төгрөг, нийт 276,690,000 төгрөгийг гаргуулахаар шаардан, нэхэмжлэлийн шаардлагаа 23,310,000 төгрөгөөр багасгасан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 123,556,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 153,134,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа 2016 онд хийгдсэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын “Барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ”-г үндэслэн, худалдагч талын нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын доголдолтой байсан гэж маргасан. Тодруулбал, гэрээний дагуу нийлүүлсэн БМ300 маркийн бетон зуурмаг нь уг маркийн хэмжээндээ хүрээгүй буюу БМ350 маркийг хангалгүй БМ200-тай гарсан учир БМ200-д нийцүүлэн төлбөрийн үнийг хасч төлнө гэж, мөн 2014 оны 7 дугаар сарын 05, 25-ны өдрүүдэд тус тус нийлүүлсэн БМ300 маркийн үнийг гэрээний 2.2 дахь хэсгийг зөрчиж, худалдан авагчид мэдэгдэлгүйгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулалгүй нэмсэн нь үндэслэлгүй учир дээрх дүгнэлтийн дагуу БМ200 нэгжийн үнээр тооцон 1,626м3 зуурмагийг 148,000 төгрөгөөр тооцож, нийт 240,648,000 төгрөг байхаар тогтоох нь зөв гэж тайлбарлан, 162,000 төгрөгөөр тооцсон 901м3 бетоныг мөн 148,000 төгрөгөөр тооцох нь зөв гэж тайлбарлаж байна. Зохигчид гэрээний дагуу БМ150 маркийн 166м3 хэмжээтэй 22,908,000 төгрөгийн бетон зуурмагийг 2 удаа нийлүүлсэн хэмжээ болон үнийн талаар хэн аль нь маргаагүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт “худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд 254.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргаагүй бол доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно” гэж заасны дагуу БМ300 маркийн бетон зуурмагийн үнийг БМ200 маркийн 148,000 төгрөгийн үнэлгээгээр тооцно гэж тайлбарлан мэтгэлцсэн. Гэвч хуулийн дээрх заалтад зааснаар үнийг тийнхүү бууруулах хэмжээ нь “эд хөрөнгийг зохих хэмжээнд засварлахад шаардлагатай зардлын хэмжээ”-гээр тодорхойлогдох бөгөөд хариуцагчийн үндэслэл болгож буй дээрх дүгнэлтийн “хангахгүй” гэх хэсэгт зоорийн давхарт 4 тусгаар ханын бүтцээс зарим нь М250, зарим нь М350, М400 байхад зөвхөн М250 гэх хэсгийг үндэслэж нийт худалдсан бүтээгдэхүүний үнээс хасч тооцох нь буруу бөгөөд тэдгээр хэсгүүдийн маркийн хэмжээсүүдийг хэрхэн ялгаж байгаа нь мөн ойлгомжгүй байна. Иймд дээрх үндэслэлээр БМ300 маркийн бетоны үнийг БМ200 маркийн үнэлгээгээр тооцож бууруулах тухай хариуцагч талын гаргасан татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Харин 2014 оны 7 дугаар сарын 05, 25-ны өдрүүдэд тус тус нийлүүлсэн БМ300 маркийн бетоны үнэ 162,000 төгрөг байхаар Гэрээний хавсралтад тусгасныг гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр нэмсэн нь Гэрээний 11.3 дахь хэсэгт “гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж худалдан авагч талд мэдэгдэлгүйгээр бүтээгдэхүүний үнийг нэмсэн байх бөгөөд, тийнхүү үнэ өссөн талаар худалдан авагчид мэдэгдсэн гэх боловч худалдагч тал Гэрээний 11.4 дэх хэсэгт “гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал болон гэрээтэй холбогдон нэг талаас нөгөө талдаа гаргаж буй аливаа санал, мэдэгдэл, хүсэлтийг бичгээр үйлдэж 3-аас доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа гэрээнд заасан хаягаар баталгаат шуудангаар, эсвэл биечлэн хүргүүлснийг хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу худалдан авагч талд мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдсонгүй. Иймд дээрх үндэслэлээр БМ300 маркийн бетон зуурмагийн үнэд илүү нэхэмжилсэн 16,675,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК-иас бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт нийт 167,771,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 83,885,500 төгрөг, нийт 251,656,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Батгүен” ХХК-д олгож шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 5122023 регистртэй “Харгант цамхаг групп” ХХК-иас 251,656,500 /хоёр зуун тавин нэгэн сая зургаан зуун тавин зургаан мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч 2893169 “Батгүен” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,033,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,658,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,416,232 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА
| ||||
| |