Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/305

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Л.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г

Хохирогчийн өмгөөлөгч П.Б

Гэрч Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А холбогдох эрүүгийн 1925000000328 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г. А

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ Тоёото приус 20 загварын 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 а, 3.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ Тосгоны__дугаар гудамжны ___ тоот хашаанд байсан 8 настай Г.Г-ийг дайрч амь насыг хохироосон,

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

2019 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороо задгайгаас иргэн Г.Б 64-67 УНЯ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2019 оны 08 сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүрэг Халдвартын эмнэлгийн орчмоос иргэн Г.Б 64-67 УНЯ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэм хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна. Цагдаагаас зугтаагаад цаашаа чигээрээ явна гэж бодож байсан. Түүнээс биш ийм гэмт хэрэг үйлдэнэ гэж бодоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд хэдэн төгрөг төлснийг сайн мэдэхгүй байна. Хохирлыг төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Г мэдүүлэхдээ “Хэрэг үүсэх болсон шалтгаан, хэргийн нотлох баримтыг цуглуулсан цагдаагийн мөрдөгчийн үйл ажиллагаа болон дүн шинжилгээ хийсэн прокурорын үйл ажиллагаа нь надад их л муу санагдлаа. Хэрэг болохгүй байх боломж байсан. Цагдаагийн байгууллага нь сайн ажилласан бол хэрэг болохгүй байх боломж байсан. Би их гомдолтой байна. Хэдэн төгрөгийн зардал гарсан. Гарахаас өөр арга байхгүй. Тэрийг би хохирол гэж хэлэхгүй. Сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн байгаа. Үүнийг би бодит хохирол гэж үзэхгүй. Би ганц ахтай. Манай ах 2 охинтой, би 2 охинтой. Ганц хүү байсныг энэ алуурчин алаад хаячихлаа, би хохиролтой байна. Амийг амиар нь сольж өгдөггүй юм бол энэ хүний дүүг нь надад өгөөч би тэр хүүхдийг нь хүүхэд болгоод авъя. Нэхэмжилсэн мөнгөний талаар миний өмгөөлөгч тайлбар хэлнэ. Гэр бүлээрээ хохирсон, гомдолтой байгаа. Хуулийн байгууллагын хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Мөрдөгчид өгсөн хохирлын зарим баримтууд хэрэгт авагдаагүй байна. Хохирол 26 911 207 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Гэрч Б.О мэдүүлэхдээ “Тухайн шөнө манай ажлын Н гэх дүү гаръя гээд гарсан. 3 дугаар микрийн PC-д очиж тоглосон. Тэгэхэд 3 охин хотоос ирсэн гэж байсан. Тэндээс гараад баар орсон. Баарнаас гараад дэлгүүрээс архи пиво авсан. 2 машинтай явсан. Нэг нь миний машин байсан. Нөгөө машин нь Г.А унаж байсан машин байсан. Би Н гэрт хоносон. Зарим нь тэр шөнөдөө явсан. Н хашаандаа байшин болон гэртэй. Би гэрт нь ороод унтсан. Миний машины түлхүүр нь байсан чип нь байгаагүй. Ах эгч хоёр над дээр орж ирээд чиний машин хүн мөргөчихлөө гэж байсан. Хэрэг болсон газрыг наана нь хаасан байсан цагдаагаас асуухад миний машин биш байсан. Орой нь Бумбаяр миний чипийг авч ирж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь харьсан” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-15-р хуудас/

2. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-8-р хуудас/

3. Хохирогч С.Г “Яг хэрэг гарах үед бол би хүүгийнхээ хажууд нь байгаагүй, хэрэг гараад өнгөрсний дараа нь би талийгаач хүү дээрээ очсон юм. Тэр үед миний сэтгэл санаа маш их алдарч надад хэлэх үг олдоогүй миний маш их хайрлаж явдаг ганц хүү маань байсан юм. Маш их харамсаж байна. Миний хувьд би өөрийн хүүгээ буцааж авмаар байна. Маш их сэтгэл санаагаар унаж байна. Маш их гомдолтой байна. Мөн энэ хэргийн улмаас хохирсон зүйл олон гарсан бүх зардлаа гаргаж албан ёсоор шүүхээр нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/

 

4. Иргэний нэхэмжлэгч Х.Б “2019 оны 08 сарын 24-ний өдрийн 18-19 цагийн орчим миний төрсөн дүү А охин У нь манай гэрийн хашааны гадаа гудамжинд өөрөөсөө гадна ангийнхаа хоёр охин мөн нас бардаг талийгаач хүүтэй хамт дөрвүүлээ тоглож байсан гэсэн, тэр үед тосгоны эцсийн дэлгүүрийн тэндээс нэг цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай бөгөөд шороо манаруулаад нөгөө дөрвөн хүүхдүүдийн тоглож байсан хашаа руу чиглээд ирсэн гэсэн, энэ үед нөгөө дөрвөн хүүхдийн 3 охин хүүхэд нь уг машинаас зугтаагаад манай хашаа руу орсон харин нөгөө талийгаач хүү тэр үед өөрийн гэрийнхээ хашаа руу гүйж явж байснаа болиод хамт тоглож байсан 3 охиныхоо араас нь гүйгээд хашаа руу орох үед нөгөө осол аваар гаргасан гэх машин нь манай хашаа болон хаалгыг хамж мөргөөд хаалгаар орж явсан талийгаач хүүг давхар хамж дайрч мөргөөд зогссон гэсэн. Надад нийт учирсан хохирол гэвэл 74.000 төгрөгийн хохирол гарсан. Өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

 

5. Гэрч Ю.О “Энэ хэрэг болсон үед би үхрээ саах гээд гэрээсээ гараад хашаандаа байж байхад нэг их чимээ гарсан. Тэгэхээр нь дээшээ гудамж руу харсан чинь гудамжны баруун талаас нэг эмэгтэй хүн гүйж ирээд хашааны булан тойроод зогссон. Тэр үед энэ хэрэг болсон хашааны үүдэнд хар бараан өнгийн суудлын жижиг машин зогссон. Би үхрээ сааж дуусаад сүүгээ гэрт оруулж тавиад гэрийнхээ үүднээс хэрэг болсон газар луу харсан чинь машинууд нэмэгдээд байсан. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь яг хэн хэлснийг нь санахгүй байна. Тэнд байсан хүмүүсээс нэг нь энэ машин доогуур 3 хүүхэд орчихлоо шүү дээ гэхээр нь манай хүүхэд орчихсон юм биш байгаа даа гээд орилоод унасан. Тэгээд үүнээс хойш машин тэрэг нэмэгдэж ирсэн” /хх-ийн 13-р хуудас/

6. Гэрч С “Тэгэхээр нь би цаашаа нэвт яваад талийгаач хүүгийнхээ найзын хашаа руу орсон чинь гэрийнхээ үүдэнд ганцаараа уйлаад зогсож байсан. Тэгэхээр нь би түүнээс талийгаач хүү Г асуусан чинь ямар нэгэн зүйл хэлэхгүй уйлаад байсан. Түүнийг уйлаад байхаар нь би биш болж гэж бодоод эргээд осол болсон газарт очсон чинь тухайн осол болсон газрын орчим 5-8 хүн хараад зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

 

7. Насанд хүрээгүй гэрч А.У“Орой 19 цаг өнгөрч байх үед манай ангийн хүүхэд А, Г бид гурав хашааны төмөр хаалганы гадна юм яриад сууж байтал “Нутгийн Хишиг” гэх хүнсний дэлгүүр байдаг зүгээс цагаан өнгийн авто машин маш хурдтай давхиад ирж байсан. Тэр үед А Г нар манай хашааны хаалгыг онгойлгоод гүйгээд орсон. Би араас нь гүйж ороод А хамт хашааны хаалгыг налаад зогсож байтал хашаа нурж эхэлсэн. Тэр үед би А хамт хашааны гадаа гартал Г гарч ирж чадаагүй цагаан өнгийн машинд дайруулсан боловч харагдахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/

 

8. Гэрч Б.Б “Баянцагаан багийн нутаг дэвсгэр эцсийн буудлын орчим 19 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ертөнцийн зүгээр хойд талаасаа хурдтай 64-67 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн машин төв зам руу гараад ирэхээр нь жолоочийг нь шалгах гээд шүгэл үлээгээд улаан модоор дохисон чинь нөгөө машин гэнэт ертөнцийн зүгээр зүүн тийш эргээд харалдаа гудамжаар ороод цаашаа зугтаагаад явсан. Тэр машины гудамжаар ороод явсан машин далд орох үед л хүмүүсийн орилж, хашхирах дуу гарахаар нь бид нар машиндаа суугаад машин зугтаасан гудамжаар ороод явсан чинь нөгөө цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн машин цэнхэр өнгийн төмөр хашааг мөргөөд зогссон байсан. Яваад очоод жолооч нь хаана байна гэж тэнд байсан хүмүүсээс асуусан чинь нэг охин бууж ирээд гудамж тойроод зүүн тийшээ зугтаагаад явсан гэж хэлэхээр нь О араас нь явуулсан. Тэр үед тэнд байсан хүмүүс нэг хүүхэд дайрчих шиг боллоо гэхээр нь тэр цагаан машиныг тойрч үзэхэд тухайн машины урд талын хоёр дугуйны хооронд толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байдалтай эрэгтэй хүүхэд үхсэн амьд нь мэдэгдэхгүй дайрагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь цагдаагийн газрын жижүүрт болон эмнэлэг, аймгийн онцгой байдлын газрын 7035101 дугаарын утсанд дуудлага өгсөн. Дуудлага өгөөд удаагүй байхад эмч ирээд наад хүүхдийг чинь гаргаж байж үзэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Яг тэр үед замын цагдаа ахлах ахлагч О, М нарыг ирэхээр нь Тоёота приус 20 маркийн машины урд талаас нь бид нар өргөж байгаад хүүхдийг машин доороос гаргаж эмчид үзүүлэхэд нас барсан байсан. Хүүхдийг гаргаад эмчид үзүүлсний дараа онцгой байдлын ажилчид ирсэн. Энэ үед цагдаа О зугтаасан гэх жолооч эмэгтэйг барьж ирсэн байсан. Тээврийн хэрэгслийг эмэгтэй хүн жолоодож явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

9. Гэрч М.Г “Тэгээд Б араас Г.А хөдлөөд явж байх үед гудамжаар гарахад төв зам дээр нэг улаан мод барчихсан цагдаа шүглээрээ шүгэлдэж зогсохыг шаардсан. Харин Г.А энэ үед зогсохгүй буцаад машинаа эргүүлж нэг хашааны гудамж руу орж цагдаагаас зугтаасан. Тэр үед С болон би найз А хандаж одоо зогс хэрэггүй байхаа боль гэж хэлтэл Г.А үгүй одоо ёстой машинаа хураалгахгүй гэж хэлээд хар хурдаараа гудамжаар давхиж хурдалсан. Энэ үед тэр гудамжинд маш олон хүүхэд тоглож байсан юм. Гэнэт нэг хүүхэд хөх цэнхэр өнгийн хашаа руу гүйж орсон. Харин Г.А машин тэр үед гэнэт том довон дээр харайлгаж хашаа руу орсон гэх хүүхдийн араас гадна хашааг нь мөргөж нөгөө хүүхдийг хамаад орсон. Тэр үед хамгийн эхлээд Г.А шууд машиныхаа хаалгыг онгойлгож гарч зугтаасан. Би суудлын бүсээ тайлаад машин дотроос гарч ирэх үед С аль эрт машины араас гарчихсан нөгөө мөргөсөн хашааны хажууд зогсож байсан. Тэгээд байж байтал араас нэг энгийн машинтай цагдаа ирж зугтаасан гэх Г.А араас нь хөөж барьж авсан. Харин С бид хоёр бол зүгээр хараад зогсож байсан юм. Тэр үед нэг айлын охин ээждээ юм уу хэн нэгэнд гарч ирсэнгүй ш дээ гэж чанга орилоод уйлаад байсан. Тэр үед нь би гүйж очоод машины доогуур хартал машины доогуур яах аргагүй нэг хүүхэд орчихсон хэвтэж байсан. Бас тэр дайруулсан хүүхэд миний урдаас нүдээ нээгээд харж байхыг би харсан. Тэгээд би А дээр очоод чи хүүхэд дайрчихлаа ш дээ гэж хэлээд уйлсан чинь А та юу яриад байгаа бэ гээд итгэхгүй байсан. Тэгээд өөрийн нүдээрээ бас гүйж очиж харсан. Цагдаа нар Г.А, С, Б бид хэдийг баривчилж явсан. Тэр үед Н гэрт өвс ургамал татаагүй, дандаа л архи пиво гэх мэт согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн. Харин мансууруулах төрлийн өвсийг бол 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр орой 19:00 цагийн орчимд байх тэр үед А, Х, Тбид дөрөв Говил багт амьдардаг Т гэх залуугийн гэрт хоол цай идэж уусны дараа татах тамхигүй болсон учраас Т гэх гэрийн эзэн залуу та нар миний хийсэн тамхинаас татаж үзэх үү гэж хэлээд хар өнгийн гар цүнхнээсээ буюу паск шиг цүнхэн дотроосоо өвс мэт шаргал өнгийн зүйл гаргаж ирээд цаасанд ороож тамхи шиг хуйлж өгсөн. Тэгээд тэр тамхинаас Г.А бид хоёр татсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-43-р хуудас/

10. Гэрч А.С “Энэ үед хашааны гол хэсэгт олон хүүхдүүд тоглож байсан ба А машинаараа шороон замаар маш хурдтай явсан бас овон товон дээгүүр харайлгаж үсэрч явах үедээ хөх өнгөтэй айлын хашааг хүчтэй мөргөж орсон. Энэ үед хашааны гадна, дотор талд зогсож байсан хүүхдүүд уйлалдаад байсан. Тэгээд арын суудлаасаа гарч гадаа гараад хартал машин доогуур нэг хүүхдийн хөл цухуйж байсан. Тэгээд би А хандаж чи хүүхэд алчихлаа ш дээ гэж хэлсэн чинь А машинаасаа буугаад хашааны гудамжаар гарч гүйсэн. Энэ үед араас нь цагдаа бас гүйгээд А барьж авсан. Хамт явсан Г бид хоёрыг ч бас барьж авсан. Тэгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр бид гурвыг авч явж эрүүлжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48-р хуудас/

 

11. Насанд хүрээгүй гэрч М.Б “Энэ хэрэг болсон өдөр С, Г, Х, А, О нар 2.5 литрийн 6 ширхэг пиво хувааж уугаад бүгдээрээ ер нь согтсон байсан. Дэлгүүрээс цувуулаад зөөгөөд уугаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

 

12. Насанд хүрээгүй гэрч Л.Б “Энэ хэрэг болох үед би уулан дээр байдаг шийдэн дээр сагсан бөмбөг тоглож байгаад наашаа яваад эмээгийнхээ гэр лүү орох гэж байхад энэ хэрэг болсон. Гудамжинд тас няс хийх хүчтэй чимээ гарсан. Тэгэхээр нь харсан чинь цагаан өнгийн машин хашаа мөргөөд зогссон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/

 

13. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №76 дугаартай “амь хохирогчийн биед хавсарсан гэмтэл, хэвлий битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн задрал, дотуур цус алдалт, хэлийн хөндий дэх сул цус, баруун уушгины задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх сул цус, баруун уушгины няцрал. Гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны хугарал, гавлын ясны гадна хальсан доор болон хуйхан доор цус хуралт, толгой, цээж, нуруу мөчдөд зөөлөн эдэд цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь хавсарсан гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх сул цус, гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны хугарал болно” гэх дүгнэлт. /хх-ийн 89-90-р хуудас/

 

14. 3амын цагдаагийн албаны шинжээчийн №70 дугаартай “Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ “жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна гэсэн заалтуудыг зөрсөн гэх үндэслэлтэй” гэх дүгнэлт /хх-ийн 105-р хуудас/

 

15. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №4813 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Г.А 2019.08.24 гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол илэрсэн байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 137-138-р хуудас/

 

16. Эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 19/02/01271 дугаартай “ автомашины эвдрэл 2 040 000 төгрөгийн хохирол учирсан” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 165-169-р хуудас/

 

17. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 214-215, 222-р хуудас/

 

18. Драйгэр багажаар согтуурал шалгасан “Г. А нь 0.66%” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 222-р хуудас/

 

19. Өсвөр насны яллагдагчийн нас тоолсон, төрсний бүртгэлийн лавлагаа Г.А нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 17 нас 3 сар 18 хоногтой байсан байна” гэх тэмдэглэл. /хх-ийн 227-р, 198-р хуудас/

 

20. Гэрч Б.Б “2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр жижүүрийн офицер цагдаагийн ахмад Б.Э эргүүлийн үүрэг авч дэд ахлагч О, Б.Б нарын хамт 18-21 цагийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх ажлын үүрэг авч ажилд гарсан. Эргүүлийн үүрэг аваад бид нар дэлгүүрүүдээр тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж яваад Баянцагаан багийн эцсийн буудал орчим ирэхэд зам дээр зорчих урсгал сөргүүлэн байрлуулсан тээврийн хэрэгсэл байхаар нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочид тээврийн хэрэгслээ дүрмийн дагуу байрлуулах талаар хэлж сануулаад байж байхад үл таних 20 орчим насны залуу ирээд энэ хавиар согтуу хүмүүс цагаан өнгийн Тоёото приус маркийн машинтай яваад байна гэсэн мэдээлэл өгөөд явсан. Тэгэхээр нь бид нар нөгөө шалгаж байсан машинаасаа хөдлөөд эцсийн буудлын харалдаа ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгахаар зогсож байсан газраасаа хөдлөөд 50 орчим метр яваад зогссон. Нөгөө мэдээлэл өгсөн залууг яг хаашаа явсныг нь анзаараагүй. Би машин дотроо сууж байхад Б, О хоёр машиныг шалгахаар буусан. Намайг машинд сууж байхад Б хойд зүгээс ирж байсан цагаан өнгийн Тоёото приус маркийн машиныг шалгахаар улаан модоор дохисон чинь нөгөө машин гэнэт зүүн гар тийшээ эргээд чигээрээ гудамж руу хурдтай давхиж орсон. Тэгэхээр нь би машинаасаа буусан. Намайг машинаас буухад хүүхэд ч юм шиг, эмэгтэй хүн ч юм шиг нэгэн аа гээд хашгирах чимээ гарсан. Тэгэхээр нь бид нар юу болсон юм бол гэж ярилцаад машиндаа суугаад тэр гудамж руу орсон чинь тухайн гудамжны гол хэсгээс жоохон зүүн тийш 4-5 хүүхэд, нэгээс хоёр эмэгтэй хүн наашаа цаашаа болоод байхаар нь ойртож очоод яасан юм юу болсон бэ гэж асуусан чинь ийшээ нэг машин айлын хашаа дайраад орчихлоо гэхээр нь жоохон цаашлаад харсан чинь нөгөө цагаан өнгийн тоёото приус 20 маркийн машин айлын төмөр хашааг дайрч ороод зогссон байсан. Тэр машины хажууд нэг залуу, нэг хүүхэн хоёр байсан бөгөөд хүүхэн нь уйлаад байсан. Тэнд байсан хүмүүсээс дэд ахлагч Б жолооч нь ямар хүн байсан бэ гэж асуухад жолооч нь сая тийшээ гудамжны булан тойроод явсан гэж тэнд байсан нэг эмэгтэй хүн хэлсэн. Тэгэхээр нь Б бид хоёр О жолоочийнх нь араас яваад аваад ир гэж явуулсан. Би өөрөө “Эрдэнэт Үйлдвэр” гэрээт цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицероор ажиллаж байсан ахмад Б.Э руу утсаар залгаж энд осол хэрэг болсон байна. Энд айлын хашаа дайрсан байна гэж хэлсэн. Ахмад Б.Э хүн зүгээр үү гэж асуусан. Тэгэхээр нь Б бид хоёр нөгөө хашаа дайрсан машины урдуур нь тойроод үзсэн чинь тэр машины урд моторын хэсэг доор дарагдсан байгаа бололтой хүүхдийн хөл цухуйж харагдсан. Э ахмадтай утсаар ярьж байсан бөгөөд хүүхэд дайруулсан байна гэж хэлсэн чинь Б.Э ахмад наад хүүхдээ машин доороос ямар хамаагүй аргаар гарга, машины урд эд ангийг нь эвдэж байгаад ч хамаагүй гарга гэж хэлсэн. Би утсаа салгаад өөрийнхөө утсаар эмнэлгийн 7035103 дугаар утас руу осол хэргийн талаар дуудлага өгөөд дараа нь цагдаагийн газрын жижүүр лүү мөн осол хэргийн талаар дуудлага өгсөн. Энэ үед О жолоочийн араас явсан байсан. Б нөгөө хүүхдийг гаргах гээд машиныг өргөөд хүч хүрэхгүй байсан. Намайг эмнэлэг, цагдаа руу дуудлага өгөөд дөнгөж дуусаж байхад цагдаагийн газрын жижүүрээс залгаад наад хүүхэд чинь амьд байна уу эцэг, эхийг нь олж тогтоо гэхээр нь би тэнд байсан хүүхдүүдээс энэ хүүхдийн гэр хаана байдаг вэ гэж асуухад тэнд байсан хүүхдүүд осол хэрэг болсон гудамжны баруун тал руу энэ хүүхдийн гэр нь байдаг гэж хэлэхээр нь баруун тийшээ 50 орчим метр зайтай явж байсан чинь араас нэг хүүхэд энэ хүүхдийн гэр нь зүүн тийшээ жалганы цаад талд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь эргээд явж байхад замын цагдаа нар, эмнэлэг ирсэн. Тэгээд Б замын цагдаа нартай нийлж машиныг урд талыг өргөж байгаад талийгаачийг татаж гаргаад эмч үзсэн. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 158-159-р хуудас/

            21. Гэрч Э.О “бид нарыг эргүүл хийж байсан газартаа зогсож байхад хүмүүс орилох чимээ гараад байхаар нь юу болсон юм бол бид нар машинаа асаагаад тэр гудамж руу орсон чинь гудамжинд машин харагдаагүй. Гудамжны зүүн зах хэсэгт эмэгтэй хүмүүс, хүүхдүүд орилолдоод байхаар нь ойртоод очсон чинь нөгөө цагаан өнгийн тоёота приус 20 маркийн машин айлын хашаа мөргөөд зогссон байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 160-161-р хуудас/

 

22. Гэрч Б.Д “Тоёота приус 20 маркийн машины мотор буюу урд талын хэсгийн доор хүүхдийн хөл харагдаж байсан. Цээж, бөгсөн бие, хэвлий хэсэг нь машин доор дарагдсан байдалтай байсан. Амьд эсэхийг мэдэх боломжгүй байсан. Ер нь тэр хүний хоёр хөлийн шилбэ, шагай хэсэг нь харагдаж байсан. Намайг очих үед нэг эрэгтэй цагдаа гүйж ирсэн. Би тэнд байсан хүмүүст онцгой байдал дууд машиныг өргөх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд тэнд байсан хоёр эрэгтэй цагдаа манай жолооч, тэр хавьд байсан нэг залуугийн хамт машины урд жолооч талын хажуу талаас дөрвүүлээ өргөсөн. Тэр үед би машин доогуур байгаа хүнийг татаж гаргаж ирэхэд эрэгтэй хүүхэд байсан. Ил харагдах гэмтэл, шарх гэх зүйл байгаагүй, ам хамраас нь цус гарсан байдалтай байсан. Хүүхдийг гаргаж ирээд үзлэг хийхэд амьсгал зүрх судас нь зогссон байсан” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 174-175-р хуудас/

 

23. 3амын цагдаагийн шинжээчдийн 97 дугаартай “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна..” ...40 орчим км цагийн хурдтай явж байсан..” гэж мэдүүлсэн нь дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг доор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: ..12.5 д хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ “жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Мөн дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,12.5 д хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” дүгнэлт. /2-р хх-ийн 212-215-р хуудас/

24. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 767 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 236-р хуудас/

 

25. Иргэний хариуцагч Ө.Г “Манай охин 2002 оны 05 сарын 07-ны өдөр төрсөн одоо 17 настай, насанд хүрээгүй байгаа учраас миний бие иргэний хариуцагч болж байгаа юм. Би нөхөн төлөх болно” гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 100- р хуудас/

 

26. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 803 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт. /4-р хх-ийн 203-206-р хуудас/

 

27. Хохирогч Б “Би 2019 оны 07 сарын 25-ны өдөр 01 цаг 30 минутын орчим таксинд явж байгаад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны задгайд байрлах гэртээ хариад унтаж байтал Г.Г гэх манай хуурай дүү Б найз охин хүрч ирсэн. Тэгээд юм яриад байж байгаад унтаад өгсөн. Намайг унтсаны дараа 02 цагийн үед Г ширээн дээр байсан миний машины түлхүүрийг аваад гарахыг манай охин Г харсан байна лээ. Би 07 сарын 25-ны өглөө 08 цагийн үед босоод гартал миний машин байхгүй байсан. Миний машин 64-67 УНЯ улсын дугаартай 2009 оны, 2015-2016 онд Монголд орж ирсэн цагаан өнгийн приус 20 маркийн авто машин байсан. Зүүн урд карло нь жижиг хонхорхойтой обуд нь цэнхэр лентээр ороочихсон, 2 толины дээд хэсэгт машины дугаарыг зүүгээр шивчихсэн байгаа би машинаа 2019 оны 02 сард 10 сая төгрөгөөр техникийн захаас худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /3-р хх- ийн 228-229-р хуудас/ “Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 64-67 УНЯ улсын дугаартай приус 20 маркийн автомашинаа үл эмэгтэйд хулгайд алдсан гэсэн өргөдөл өгсөн. Тэгээд би өөрийн машинаа 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр олсон. Тухайн өргөдөл маань хэрэг нээн шалгагдаж байсан тул би 2019 08 сарын 17-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Банана нэртэй баарны үүдэнд миний машиныг авч явсан эмэгтэй мөн Хулан гэх эмэгтэйн хамтаар зогсож байсан. Тэгэхээр нь би очоод миний машиныг хулгайлсан хохирол мөнгийг чинь өг гэхэд уйлаад байсан. Тэгэхээр нь би тэгвэл одоо цагдаа дээр очоод энэ асуудлаа шийдье гэж хэлэхэд за гээд миний машинд тэр хоёр суусан. Тэр үед манай эхнэр Г нь над руу утсаар яриад би эхнэртээ мөнгө өгөхөөр болсон. Тэр үед манай эхнэр Халдвартын автобусны буудал дээр зогсоод буугаад эхнэртээ мөнгө өгөх гээд тухайн 2 эмэгтэйг машиндаа сууж байгаарай ах нь эхнэртээ мөнгө өгөөд гараад ирье гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр тэгье гэж хэлсэн ба би буугаад эхнэртээ мөнгө өгчхөөд гараад иртэл миний машин байхгүй байсан. Тэгээд би тухайн үед цагдаад хэлээгүй ба тухайн 2 эмэгтэйг буцаагаад авчраад эргээд тавьчих юм байх гэж бодоод хүлээсэн. Тэгтэл тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа манай найз над руу холбогдоод миний машиныг Дарханаас Эрдэнэт хот руу явж байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө цагдаад дахин хэлсэн” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 230-231-р хуудас/ ...“Г.А нь анх миний машиныг хулгай хийж авч явах үедээ урд хойд хоёр гуферийг нь хагалсан байсан. Үүний дараа миний машиныг авч яваад Орхон аймагт ирээд айлын хашаа мөргөх маш их хэмжээний хохирол учруулсан байгаа. Хоёр удаагийн эвдрэлийн үнэлгээг гаргуулсан бөгөөд хоёр удаа үнэлгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлтээр үнэлэх болно. Одоо би энэ хүнээс 2 880 000 төгрөг нэхэмжилж байна. Орхон аймгийн Цагдаагийн газраас машинаа хүлээж авсан. Би түүнд итгээд машинаа асаалттай үлдээгээд эхнэрийнхээ ажил руу ороод гарч ирэхэд миний машиныг аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 70-р хуудас/

 

28. Далайван аудит ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/02- 10-ны өдрийн “710 000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /4-р хх- ийн 72-78-р хуудас/ болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан лавлагаа, хохирогч, түүний ар гэрийнхний сэтгэл зүйн байдалд дүгнэлт гаргуулсан тухай баримтууд, амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.А нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эрхийн үнэмлэхгүйгээр согтуурсан мансуурсан үедээ тоёото приүс 20 маркийн 6467 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зарим заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн Шинэ тосгоны 5-10 тоотод хашаанд байсан 8 настай Г дайрч амь насыг нь хохироосон. Авто тээврийн  хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдлыг журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа явганаар хэргийн газрыг орхиж зугтаасан, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд Буянзаяагийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байна. Архидан согтуурах мансуурах бодис хэрэглэсэн нөхцөл байдлууд нь гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлсөн. Энэ гэмт хэрэг нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болон 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд үйлдэгдсэн гэмт хэргээс үйлдэлтэй гэмт хэрэг байсан. Цагдаагийн байгууллага хангалтгүй ажилласан. Уг тээврийн хэрэгслийг зогсоох боломж байсан гэж үзэж байна. Гомдол гаргасны улмаас эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн гэх боловч энэ ажиллагаа хангалттай хийгдэж, олж тогтоож чадаагүй. Цагдаагийн албан хаагч нар шалгах ажиллагаа явуулж араас нь хөөсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэргийн эхлэх хугацаа нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авсан үйлдлээр эхэлж байгаа. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш уг тээврийн хэрэгслийг унаж Улаанбаатараас Орхон аймагт руу, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, энэ тэнд хоносон гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр уг тээврийн хэрэгслийг жолоодож, замын цагдаагийн албан хаагчийн шаардлагаас зугтааж энэ гэмт хэргийг үйлдсэн. Энэ осолд Замын цагдаагийн байцаагч шинжээч нар дүгнэлт гаргасан. Хурдыг тогтоох боломжгүй хэдий ч гэрчүүдийн мэдүүлгээр маш хурдтай явж байсан болох нь тогтоогдсон. Үүний улмаас нүх дээгүүр харайж уг гэмт хэргийг үйлдсэн. Хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэдгийг зөрчсөн. Өөрөө 40 км/цагийн хурдтай явсан гэж мэдүүлсэн боловч гэрч нар хамаг хурдаараа явж байсан талаар мэдүүлсэн. Үүнээс тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүй нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн үед шүүгдэгч нь 17 настай байсан. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрх авах насанд хүрээгүй байсан. Согтууруулах ундаа сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааг хэрэглэсэн байсан болох нь тогтоогдсон. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт зааснаар зогсоох арга хэмжээг авах ёстой. Гэтэл уг арга хэмжээг аваагүй. Шүүгдэгч нь зам тээврийн ослыг гаргаж хамгийн түрүүнд хаалгаа онгойлгож, хэргийн газраас зугтаасан. Энэ талаар гэрчүүд мэдүүлсэн. Ослын газрыг орхин явганаар зугтаасан болох нь тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б тээврийн хэрэгслийг авч явсан болох нь тогтоогдсон. Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Ариунгэрэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Уг хэргийн гэм хор хэзээ ч арилахгүй, гэм хорын улмаас хохирогчийн ар гэрийнхэн сэтгэцийн эмгэгтэй болсон нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчээс хохирлыг гаргуулан иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Ариунгэрэлд ял хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар буюу уг гэмт хэрэг нь нийтэд аюултай аргаар үйлдэгдсэн. Өөр гэмт хэргийг нуун далдлах байдлаар буюу өмнөх гэмт хэргийг нууж зугтаах үедээ бусдын амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэрэг гарсан байдал болон гэм хорыг арилгах боломжгүй. Хохирол төлбөр төлөгдөөгүй мөн шүүгдэгч Г.А хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах саналыг тус тус гаргаж байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ын өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байна. Эрүүгийн хуулийн 27.10 дураар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргээс 2 жилийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил  хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор сольж 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, үүнд дээр Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 109 хоногийг хорих ялд оруулан тооцож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаагаар хадгалан үлдээж, 4 ширхэг лааг устгах саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч П.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч нь  гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн зүгээс тодорхой тайлбарлаж, нотлох баримтуудыг дурдсан. Улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна. Насанд хүрээгүй хүмүүс тээврийн хэрэгсэл жолоодож Улаанбаатар хотоос Орхон аймагт ирсэн. Эрэн сурвалжлах таслан зогсоох арга хэмжээг цагдаагийн байгууллага шуурхай аваагүй. Эдгээр насанд хүрээгүй хүүхдүүд нь Орхон аймагт ирээд Б, Т, С нартай уулзсан байсан. Эдгээр нөхцөл байдал нь ямар нэг өөр зорилготой байсан уу? гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. Эдгээр хүмүүс нь архи согтууруулах ундааг өдөр тутамдаа хэрэглэж байсан. Уг гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөлийг арилгаж чадаагүйд миний үйлчлүүлэгч маш их гомдолтой байдаг. Амь хохирогч нь Г удмын ганц эрэгтэй хүүхэд байсан. Хүүхдийг босгож ирэх боломжгүй. Хүүхэд нас барсны улмаас ард нь үлдэж байгаа хүмүүс сэтгэцийн өөрчлөлттэй болж их хэмжээний хохирол учирсан байдалтай байгаа. Эдгээр хүмүүсийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй хэдий ч дээрх хохирол учирсан. Иргэний хуулийн 497.1, 508.1, 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчийн дүүг надад өгчих гэж хэлж байгаа. Үнэхээр дарамттай нөхцөл байдалд байгаа. Хуулиар сэтгэл санааны хохирлыг гаргуулахгүй талаар заагаагүй. Өөрийн эрхийн хүрээнд хохирогчийн зүгээс дээрх нэхэмжлэлүүдийг гаргасан. Шүүгдэгч Г.А 4 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Уг ялыг хөнгөдсөн ял байна гэж үзэж байна. Ял шийтгэл нь гэмт хэргийн хор уршигт тохирсон байх ёстой. Гэмт хэрэгт оногдуулах хэмжээ нь 2-8 жил хүртэл байдаг. Үүнийг бага байна гэж үзэж байна. Улсын яллагчийн бусад саналыг дэмжиж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ “Улсын яллагчийн гэм буруутай гэж үзсэн зүйл ангийг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Гэмт хэрэг үйлдэх үед яллагдагч насанд хүрээгүй байсан. Нийт 2 жил 4 сарын хугацаагаар энэ хэрэгт шалгагдаж байгаа. Энэ хугацаанд шүүгдэгч нь насанд хүрсэн. ЭХХШТХ-ийн 1.4 дүгээр зүйлд зааснаар Г.А өсвөр насны шүүгдэгч гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Б нь Г.А насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж машин бариулаад байдаг талаараа хэлсэн. А нь хохирол төлбөрийг төлөөгүй. Түүний асран хамгаалагч болох Хандсүрэн уг мөнгийг боломжоороо төлж барагдуулсан. А.Г өөрийн ээжийг сайн мэдэхгүй. Хойд эхдээ адлагдаад байдаг байсан болохоор эмээтэйгээ амьдардаг байсан. Түүний дүү нь 9 настай гэх боловч дүүтэйгээ хамт амьдардаггүй. Яагаад уг  гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл нөхцөлийг анхаарч үзэх нь зүйтэй. Тухайн гэмт хэрэг гарахаас өмнө мансууруулах ургамлыг 2 удаа татаж үзсэн. Нэг удаа хэрэглэсэн. Архи пиво уусан талаараа мэдүүлсэн. Ээж нь архи уугаад, аав нь өөр амьдрал зохиогоод явсан. Шүүгдэгч нь байнга мансуурдаг хүүхэд биш байсан. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. МСҮТ-д сурч байх үедээ уг гэмт хэрэгт холбогдсон. 29 887 317 төгрөгийн иргэний нэхэмжлэл гарсан. Уг хохирлын баримтуудыг нотлох баримт шинжлэн судлахдаа дурдаж байсан. Б хүү М, Б нар нь иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, уг хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Сэтгэл санааны хохирлыг төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 6 жилийн хорих ял оногдуулж байна. Бусад гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж , үүнийг хорих ялаар сольж нийт 4 сар 5 хоногоор тооцож хорих ял оногдуулж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хамаарч байна гэж үзэж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хүндрүүлэх нөхцөл байдал байна гэсэн зүйлийг хэлж байна.  Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэх ёстой. Уг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хуульчилж оруулсан. Эдгээр хүмүүс нь чадлаараа хохирол  төлбөрийг төлж байгаа. Гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч нь насанд хүрээгүй байсан. Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг байдаг. Хүний 14 сар 28 хоногийн  цалин хөлстэй дүйцэхүйц хэмжээний мөнгийг хохирогчид төлсөн. Эдгээрийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүйгээр хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож байгааг үгүйсгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан. 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд гэдэгт насанд хүрсэн боловч оюун санаа сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд юмс үзэгдлийн мөн чанар үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар зэргийг харгалзан үзэж 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэ ойлголтод хамааруулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга авч болно гэж  улсын дээд шүүхийн тайлбар болон эрүүгийн хуульд заасан. Шүүгдэгчид анхаарал халамж дутсан уу? гэвэл дутсан байсан. Шүүгдэгчид ашигтай байдлаар хуулийг хэрэглэх боломжтой байна гэж үзэж байна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогч С.Г мэдүүлэг,  иргэний нэхэмжлэгч Х.Б “2019 оны 08 сарын 24-ний өдрийн 18-19 цагийн орчим миний төрсөн дүү А охин У нь манай гэрийн хашааны гадаа гудамжинд өөрөөсөө гадна ангийнхаа хоёр охин мөн нас бардаг талийгаач хүүтэй хамт дөрвүүлээ тоглож байсан гэсэн, тэр үед тосгоны эцсийн дэлгүүрийн тэндээс нэг цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай бөгөөд шороо манаруулаад нөгөө дөрвөн хүүхдүүдийн тоглож байсан хашаа руу чиглээд ирсэн гэсэн, энэ үед нөгөө дөрвөн хүүхдийн 3 охин хүүхэд нь уг машинаас зугтаагаад манай хашаа руу орсон харин нөгөө талийгаач хүү тэр үед өөрийн гэрийнхээ хашаа руу гүйж явж байснаа болиод хамт тоглож байсан 3 охиныхоо араас нь гүйгээд хашаа руу орох үед нөгөө осол аваар гаргасан гэх машин нь манай хашаа болон хаалгыг хамж мөргөөд хаалгаар орж явсан талийгаач хүүг давхар хамж дайрч мөргөөд зогссон гэсэн. Надад нийт учирсан хохирол гэвэл 74.000 төгрөгийн хохирол гарсан. Өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй” гэсэн мэдүүлэг, болсон үйл явдлыг харсан гэрч Ю.О,  С, Б.Б, М.Г, А.С, Б.Б, Б.Дөлгөөн, Э.О нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.У, М.Б, Л.Б нарын мэдүүлэг, амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №76 дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооосон шинжээчийн №70 дугаартай “Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ “жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна гэсэн заалтуудыг зөрсөн гэх үндэслэлтэй” гэх дүгнэлт, хэргийн холбогдогчийн согтуурсан, мансуурсан эсэхийг шалгасан шинжээчийн 2019.09.06-ны өдрийн №4813 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Г.А 2019.08.24” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол илэрсэн байна” гэсэн дүгнэлт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, драйгэр багажаар согтуурал шалгасан тэмдэглэл, яллагдагчийн нас тоолсон тэмдэглэл, замын цагдаагийн шинжээчдийн 97 дугаартай “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” 40 орчим км цагийн хурдтай явж байсан.” гэж мэдүүлсэн нь дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг доор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 12.5 д хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ “жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Мөн дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,12.5 д хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Ж.Г 2019.11.22-ны өдрийн 767 дугаартай дүгнэлт, иргэний хариуцагч Ө.Ганбатын мэдүүлэг, 2020.06.22-ны өдрийн 803 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт, Хохирогч Б мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 19/02/01271 дугаартай эд зүйлийн үнэлгээ Далайван аудит ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/02-10-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороо задгайгаас иргэн Г.Б 64-67 УНЯ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2019 оны 08 сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүрэг Халдвартын эмнэлгийн орчмоос иргэн Г.Б 64-67 УНЯ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабиноль хэрэглэсэн, мөн согтууруулах ундаа хэрэглэж 0.66 хувийн согтолттой байх үедээ эрхийн үнэмлэхгүй Тоёото приус 20 загварын 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гаргаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ Тосгоны 5 дугаар гудамжны 10 тоот хашааг мөргөж 8 настай Г.Г дайрч амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримтууд тогтоогдож байна.                    

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд үйл баримтын талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.                                                                                                                                                         

2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.А 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа явганаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороо задгайгаас иргэн Г.Б 64-67 УНЯ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван 710 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Халдвартын эмнэлгийн орчмоос иргэн Г.Б 64-67 УНЯ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 2 040 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч Г.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, насанд хүрээгүй байхдаа, бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч зугтаах явцдаа, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж, уг байдлаа нуун далдлах зорилгоор хууль сахиулагчийн шаардлагыг үл биелүүлэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй, хомилог хэлбэрийн аль алинаар нь үйлдэгдэх боломжтой боловч гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг тус зүйл ангид тусгайлан заагаагүй тул Г.А эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.А нь тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр удаа дараа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд, эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хууль сахиулагчаас зугатан, хүн амьдрах, хүүхэд тоглох зориулалт бүхий, явган зорчигч давуу эрхтэй зорчих талбайд хурд хэтрүүлэн явж гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд, бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байдлаа нуун далдлах зорилгоор хууль сахиулагчийн шаардлагыг үл биелүүлэн зугтаах явцдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хууль тогтоомжоор тодорхойлно” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал /эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хууль сахиулагчаас зугатан, хүн амьдрах, хүүхэд тоглох зориулалт бүхий, явган зорчигч давуу эрхтэй зорчих талбайд хурд хэтрүүлэн явж гэмт хэрэг үйлдсэн/, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ /8 настай, насанд хүрээгүй хүүхдийн амь нас хохирсон, амь хохирогчийн аав, ээж, өвөө, эмээд учирсан сэтгэл зүйн хохирол гэх мэт/ шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, одоо 21 насанд хүрээгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ялыг багасгах, хойшлуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой” гэсэн санал гаргасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь 19 насанд хүрсэн, биеийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, сэтгэхүй, хүмүүжлийн хувьд насанд хүрээгүй хүнтэй дүйцүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.А нь 109 хоног цагдан хоригдсоныг  эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, Г.Б автомашины эвдрэл гэмтэл 2 778 600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Б хашааны хаалганы эвдрэл 74 000 төгрөгийн хохирол тус тус учирчээ. Хохирогч С.Г нь амь хохирогчийн оршуулгын зардал 26 911 207 төгрөг, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Г 6 000 000 төгрөгийн хохирол төлөгджээ.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэм хорын хохирлын баримтуудыг шинжлэн судлаад Хохирогч С.Г нэхэмжилсэн амь хохирогчийн оршуулгын зардал 26 911 207 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч Г.Б автомашины эвдрэл гэмтэл 2 778 600 төгрөгийн нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Х.Б хашааны хаалганы эвдрэл 74 000 төгрөгийн нэхэмжлэлүүд нь баримтаар нотлогдож тогтоогдсон гэж үзлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Г төлөгдсөн 6 000 000 төгрөгийн хохирлыг хасч, амь хохирогчийн оршуулгын зардал 20 911 207 төгрөг, хохирогч Г.Б автомашины эвдрэл гэмтэл 2 778 600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Б хашааны хаалганы эвдрэл 74 000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэв.

 

            Хохирогч С.Г нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны хохирол болох 50 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэлгүй орхив. Хохирогч болон түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн хувьд өөрчлөлттэй болж, хохирол учирсан талаар мэргэжлийн эмчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан боловч эмчилгээ сувилгааны зардлын баримтуудаа ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ “оршуулгын ажил явдалд ирсэн хүмүүсийн хэрэглэсэн бензин түлшний зардлыг хохирогч Г нэхэмжлэх эрхгүй, тухайн баримтууд нь оршуулгын ажил явдалтай холбоотой эсэх нь тодорхойгүй” гэж мэтгэлцэх байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хохирогчийн мэдүүлгээр тухайн баримтууд нь амь хохирогчийн оршуулгын ажилд хамааралтай байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалж, шинжилгээ хийх үед дээж болгон авсан боодол лаа 4 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Г. А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасч, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар  хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А цагдан хоригдсон 109 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Г.А 23 763 807 төгрөг гаргуулан хохирогч С.Г /Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хороо 5-13 тоотод оршин суух/-д 20 911 207  төгрөг, хохирогч Г.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 15-р хороо 53-716 тоотод оршин суух/-д 2 778 600  төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Шинэ хороо 5-10 тоотод оршин суух/-д 74 000 төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 4 боодол лааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

10. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч, нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.Г болон түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А