Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

  2022         02          15                                   2022/ШЦТ/224

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.Бд холбогдох 2106 00000 0209 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Тайм тауэр” хотхоны 218 дугаар байрны 21 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Чулууныхан овогт Зын Б /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

З.Б нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм тауэр” хотхоны 218 дугаар байрны 21 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Маралмааг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Маралмаагийн гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл /хх.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Маралмаагийн өгсөн: “Би З.Б гэх залуутай ... Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Тайм тауэр хотхоны 218-21 тоотод хамтран амьдарч байсан бөгөөд сүүлийн 1 сарын хугацаанд намайг нийт 4 удаа согтуу болон эрүүлдээ зодож байсан бөгөөд цагдаад хандаж байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 02 цаг 40 минутын үед Б гаднаас согтуу орж ирсэн... намайг эхлээд шууд үсдээд доошоо дараад, орны хажуу талын модруу толгойгоор 10-аас дээш удаа мөргүүлсэн. Намайг газар хэвтэж байхад миний цээж, гэдэс орчимд хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэрний дараа үсдээд чирээд том өрөөнд намайг оруулаад нүүр лүү алгадаад хэсэг байж байгаад дахиж нүүр лүү алгадаад байсан. Том өрөөнд нийт 10-аас дээш удаа алгадсан. Б намайг зодох үед би хоёр гараараа биеэ хамгаалж байсан... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцмооргүй байна...” гэх мэдүүлэг /хх.7, 11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч З.Бын яллагдагчаар өгсөн: “... Би Б.Маралмаад хандаж яах гэж Биндэръяатай уулздаг юм бэ гэж хэлээд маргалдаж түлхээд, нүүр лүү нь 4 удаа алгадаад, үснээс нь зулгаагаад, гуя руу нь гараа атгаж байгаад цохиод, гараас нь атгаж аваад угз татаж унагаасан юм. Миний биед Б.Маралмаа халдсан асуудал байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.91-92/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Нандинцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1138 дугаартай:

“1. Б.Маралмаагийн биед зулайн орой хэсгийн хуйхны үс халцралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, цээж, баруун, зүүн бугалга, баруун тохой, баруун, зүүн шуу, баруун сарвуу, зүүн дал, баруун өгзөг, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлүүд нь 1 хоногийн өмнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13-14/,

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх.15/,

Шүүгдэгч З.Бын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.18-82/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.86-87/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.90-92/,

Шүүгдэгч З.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.96/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.97-98/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

З.Б нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм тауэр” хотхоны 218 дугаар байрны 21 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Маралмааг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Маралмаагийн гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл /хх.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Маралмаагийн өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 02 цаг 40 минутын үед Б гаднаас согтуу орж ирсэн... намайг эхлээд шууд үсдээд доошоо дараад, орны хажуу талын мод руу толгойгоор 10-аас дээш удаа мөргүүлсэн. Намайг газар хэвтэж байхад миний цээж, гэдэс орчимд хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэрний дараа үсдээд чирээд том өрөөнд намайг оруулаад нүүр лүү алгадаад хэсэг байж байгаад дахиж нүүр лүү алгадаад байсан. Том өрөөнд нийт 10-аас дээш удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх.7, 11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч З.Бын яллагдагчаар өгсөн: “... Би Б.Маралмаад хандаж яах гэж Биндэръяатай уулздаг юм бэ гэж хэлээд маргалдаж түлхээд, нүүр лүү нь 4 удаа алгадаад, үснээс нь зулгаагаад, гуя руу нь гараа атгаж байгаад цохиод, гараас нь атгаж аваад угз татаж унагаасан юм...” гэх мэдүүлэг /хх.91-92/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Нандинцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1138 дугаартай:

“1. Б.Маралмаагийн биед зулайн орой хэсгийн хуйхны үс халцралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, цээж, баруун, зүүн бугалга, баруун тохой, баруун, зүүн шуу, баруун сарвуу, зүүн дал, баруун өгзөг, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлүүд нь 1 хоногийн өмнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13-14/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

З.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт З.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.Маралмаа нь хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир шүүгдэгч З.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

З.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

З.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Чулууныхан овогт Зын Бд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Бд сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Маралмаа нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР