Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01366

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01366

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, ..дүгээр байрны ..тоотод оршин суух, …регистртэй, Гонжав ургийн овогт Төмөр овогтой Лхагвын,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, …тоотод байрлах, хуулийн этгээдийн …регистртэй “Товер лайтс” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,621,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жаргалтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Товер лайтс” ХХК-ийн захирал Б.Сугарсүхтэй 150,000,000 төгрөгийн үнэ бүхий өрөмдлөгийн машиныг худалдах, худалдан авах гэрээ хийн 120,000,000 төгрөгийг урьдчилан авч үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 29,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг барагдуулахгүй байсаар байна. Гэрээнд зааснаар гэрээний хугацаанд худалдан авагч төлбөрийн үлдэгдлийг барагдуулаагүй тохиолдолд хоногийн 0,3 хувийн алданги тооцно гэж заасны дагуу үлдэгдэл төлбөрийг алдангитай тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа сануулж нэхэмжлэл илгээсэн боловч одоогоор төлбөр хийгдээгүй байна. Цаашид “Товер лайтс” ХХК нь гэрээний үүргийг сайн дураараа төлбөрийг төлөхгүй, утсаар залгахад авахгүй байх тул үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх алдангид 621,000 төгрөг, нийт 1,621,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жаргалтуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

2016 оны 5 дугаар сард талууд худалдах худалдан авах гэрээ байгуулан гэрээний төлбөрөө 3 сарын дотор төлөх байсан. Гэрээн үлдэгдэл төлбөр болох 1,000,000 төгрөгийг хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд төлөөгүй ба үүнээс сарын дараа төлбөрөө төлнө гэсэн боловч мөн төлөөгүй. Иймд хариуцагчийн хаягаар 3 удаа нэхэмжлэл хүргэхэд хариу өгөөгүй. Мөн 2016 оны 10 сард хариуцагчтай утсаар ярьсан боловч утас нь гэнэт тасарсан байдаг. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,000,000 төгөргийн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээж авсан, эсхүл аваагүй эсэх төлбөрийг төлнө, төлөхгүй гэсэн ямар нэгэн хариу өгөхгүй байсан. Хэрэв гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн боловч хариу ирэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч шүүхийн нэхэмжлэх хүлээж авсны дараа Т.Л руу 1,000,000 төгрөгийн төлөө шүүхэд нэхэмжлэл гаргалаа, дахин нэмэлтээр төхөөрөмж авах гэж байсан гэж ууртай ярьсан байсан. Нэхэмжлэлээ татаад авчих гэхээр нь төлбөрөө төлчихвөл татаж авна гэхэд дараагийн долоо хоногт төлбөрөө төлнө гэсэн боловч төлбөрөө төлөөгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Л нь хариуцагч “Товер лайтс” ХХК-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, алдангид 621,000 төгрөг, нийт 1,621,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Товер лайтс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сугарсүх нь нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Л нь импортлож авсан CORTECH 1300G маркийн хайгуулын алмазан өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг нийт 150,000,000 төгрөгөөр хариуцагч “Товер лайтс” ХХК-д худалдахаар шилжүүлэх, хариуцагч байгууллага нь төлбөрийг 80%, 20%-иар хоёр хувааж төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд заасан хугацаанд худалдан авагч төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд хоногийн 0,3 хувийн алданги тооцохоор тусган, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Т.Л нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний зүйлийг шилжүүлсэн болох нь гэрээ байгуулсан өдөр үйлдэгдсэн “Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт”, төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар тогтоогдсон бол харицуагч “Товер лайтс” ХХК нь гэрээний дагуу 149,000,000 төгрөгийн төлбөр төлсөн боловч 1,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь дээрх төлбөрийн нэхэмжлэх болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон тул үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх 9-12/

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийг 0,3 хувиар алданги тооцож 621,000 төгрөг шаардсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу илүү нэхэмжилсэн 121,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас алдангид 500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Товер лайтс” ХХК-иас 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 121,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,886 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ                     А.САРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Боловсруулсан:................................

Нийлсэн:..........................................

    ...............хувь ...............хуудас

      2017 оны 5 сарын 11 өдөр