Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00966

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00966

Улаанбаатар хот

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө, B корпуст байрлах, “Нью тур” ХХК /РД: 2114615/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-186, 20 дугаар хороо, Ажилчдын гудамж-1, SB төв, 503 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Батбаян дэлгэрэх” ХХК /РД: 5685966/-д холбогдох,

 

389 662 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, П.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Нью тур” ХХК-ийн төлөөлөгч Ж.Сод-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нью Тур” ХХК болон “Батбаян дэлгэрэх” ХХК нар 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүрэг, 11дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага Тэнгэр аялал жуулчлалын цогцолборын Авангард загварын 5 ширхэг, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, Вип-1 загварын 2 ширхэг, нийт 10 барилгын гадна фасадны ажил хийж гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 14-1412 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан хамтран ажилласан. Мөн талууд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15-1333 тоот, 14-1412 тоот гэрээний нэмэлт гэрээ байгуулж, Натура А загварын 2 ишрхэг, Натура В загварын 1 ширхэг, нийт 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр хамтран ажилласан. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж 14-1412 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний санхүүжилтэд нийт 1 064 932 875 төгрөг, 15-1333 тоот “Нэмэлт гэрээ”-ний санхүүжилтэд 14 400 000 төгрөг тус тус олгосон. Гэтэл гүйцэтгэгч “Батбаян дэлгэрэх” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, төсөвт өртөгт тусгасан материалаар бус өөр харьцангүй хямд үнийн дүн бүхий бараа материалаар ажлыг хийсэн, мөн шат шатны санхүүжилтүүдийг бүрэн гүйцэд авсан боловч санхүүжилтанд авсан мөнгийг өөр ажилд зарцуулсан байх бөгөөд гэрээт ажлаа бүрэн хийж дуусгалгүй орхиж явсан. Манай компаний зүгээс гүйцэтгэгч “Батбаян дэлгэрэх” ХХК-ийг гэрээт ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгахыг удаа дараа шаардсан боловч үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэхгүй байсаар байсан. Иймд манай компаний зүгээс арга буюу тус үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар хийж гүйцэтгүүлэх болсон талаар “Батбаян дэлгэрэх” ХХК-д мэдэгдсэн бөгөөд тус юмпаний зүгээс хүлээн зөвшөөрсөн. Манай компаний зүгээс тус гэрээт ажлын санхүүжилтүүдийг “Батбаян дэлгэрэх” ХХК-д 95 хувь олгосон байсан бөгөөд үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар хийлгэхэд гарах зардлыг буцаан төлөхийг “Батбаян дэлгэрэх” ХХК-иас шаардсан. Тус компаний зүгээс санхүүжилтад авсан мөнгөө өөр ажилд зарцуулан дуусгасан тул талуудын хооронд “Зээлийн гэрээ” 45 хоногийн хугацаатай байгуулсан. Дээрх хугацаанд үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар гүйцэтгүүлэхэд гарсан зардлыг буцаан төлөх хүсэлтийг манай компанид тавьсан. Үүний дагуу талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 16-1480 тоот “Зээлийн гэрээ”, 16-1482 тоот “Барьцааны гэрээ” тус тус байгуулсан. Уг зээлийн гэрээний лагуу “Батбаян дэлгэрэх” ХХК нь үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар хийлгэхэд 243 000 000 төгрөгийн зардал гарсан ба гэрээний 3.2-д заасан хүү болох 16 038 000 төгрөгийг тус тус “Нью Тур” ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлөхгүй байсаар байна. Манай компаний зүгээс “Батбаян дэлгэрэх” ХХК-иас “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх төлбөр болон хүү, үндсэн гэрээний төсөвт тусгагдсан металл рамтай шилэн хашлаганы ажлыг хийгээгүй тул төсөвт өртгөөс хасагдсан зөрүү төлбөр, үлдэгдэл ажлыг өөр компаниудаар хийлгэхэд гарсан зардал, гэрээт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүй тул хугацаа хэтэрсний алданги, гэрээт ажлыг хийж дуусгалгүй орхиж явсан тул гарсан торгууль зэргийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй цаг хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. Иймд талуудын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулахад гэрээний үнэнд орсон гүйцэтгэгч талаас гаргаж өгсөн төсөвт өртгөөс металл рамтай шилэн хашлаганы ажлыг хийгээгүй хассан тул тус ажлын үнэ болох 107 461 900 төгрөгөөс “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн нэмэлтээр хийсэн ажлын хөлс болох 32 570 150 төгрөгийг хасаж үлдэгдэл 74 891 750 төгрөгийг, “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн санхүүжилт бүрэн авсан боловч гэрээт ажлын санхүүжилтийг өөр ажилд зарцуулан хийж дуусгаагүй үлдэгдэл ажлыг өөр компаниудаар хийлгэхэд гарсан зардал болох 243 000 000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу хүү болох 16 038 000 төгрөгийн хамт нийт 259 038 000 төгрөг гарсан бөгөөд үүнээс талуудын хооронд байгуулсан 14-1412 тоот гэрээний үлдэгдэл санхүүжилт 37 067 125 төгрөгийг хасаж, үлдэгдэл 221 970 875 төгрөгийг, мөн талуудын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.1.6, 4.2.16-д заасны дагуу гүйцэтгэгч “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн гэрээт ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтэрсний улмаас манай компанид төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 58 000 000 төгрөгийг, гэрээний 4.1.11-д заасны дагуу гэрээт ажлыг дуусгалгүй орхиж явсаны торгууль гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувь болох 34 800 000 төгрөгийг, нийт 389 662 625 төгрөгийг “Батбаян дэлгэрэх” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн төлөөлөгч З.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Содмонгол” ХХК-ийн өрөнхийлөгч Ц.Анандбазартай уулзахад “...үлдэгдэл ажлаа дуусгахад шаардагдах санхүүжилт ав, гэхдээ тодорхой хүүтэй, хугацаатай зээлийн гэрээ байгуул” гэж санал тавьсны дагуу, “Нью тур” ХХК-ийн хуульч Г.Батболдтой 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр очиж, 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг “Харус мандал констракшн” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг засварлан хийсэн бөгөөд 4-н хувь хэвлэн уншиж танилцуулсны дараа эхний болон эцсийн хуудсанд гарын үсэг болон тамга даруулан, “...төв оффист очин танилцуулж батлуулна” гэж уг 4-н хувь гэрээг авч явсан боловч эргэж хариу өгөөгүй. Дараа нь гэрээ батлагдсан талаар хэд хэдэн удаа Г.Батболдоос асуухад “...зээл батлагдаагүй зөвшөөрөөгүй” гэж хэлсэн. Гэрээ батлагдаагүй нь манай компанид санхүүжилт олгогдоогүйгээр батлагдана. Гэрээний хувийг манай компанид олгоогүй бөгөөд мөн хэргийн материалд авагдсан зээлийн гэрээтэй танилцахад эхний болон эцсийн тамга гарын үсэгтэй хуудсыг үлдээн, бусад хуудсыг сольж батлан зээлийн гэрээ олгосон мэтээр 243 000 000 төгрөг болон түүний хүү 16 038 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Нью тур” ХХК нь хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-д холбогдуулан 389 662 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төсөвт өртгөөс металл рамтай шилэн хашлаганы ажлыг хийгээгүй зөрүү санхүүжилт 74 891 750 төгрөг, хийж дуусгаагүй ажлыг өөр компаниудаар хийлгэсэн зардал 243 000 000 төгрөгийг “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл, хүү нийт 259 038 000 төгрөгөөс үлдэгдэл санхүүжилт 37 067 125 төгрөгийг хасаж, 221 970 875 төгрөгийг, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу алданги 58 000 000 төгрөг, торгууль 34 800 000 төгрөг, нийт 389 662 625 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...үлдэгдэл санхүүжилт 80 000 000 төгрөгийг авахын тул зээлийн гэрээ байгуулсан, ...мөнгийн аваагүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 14-1412 дугаартай, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр гүйцэтгэгч “Батбаян дэлгэрэх” ХХК нь захиалагч “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуучлалын цогцолборын Авангард загварын 5 ширхэг, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, ВИП-1 загварын 2 ширхэг, нийт 10 ширхэг барилгын гадна фасадны ажлыг санхүүжилт орсон өдрөөс хойш 60 хоногт багтаан хийж гүйцэтгэх, захиалагч “Нью тур” ХХК нь ажлын хөлсөнд нийт 1 310 000 000 төгрөгийг гэрээний 3.4-3.7-д заасан хуваарийн дагуу гүйцэтгэгч “Батбаян дэлгэрэх” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Улмаар 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 14-1412 дугаар гэрээний нэмэлтээр талууд гэрээний үнийг 1 160 000 000 төгрөг болгон багасгасан ба мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14-1412 дугаар гэрээний нэмэлтээр ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ. Түүнчлэн, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний нэмэлтээр Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, нийт 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх ажлыг нэмж, ажлын хөлсийг 18 000 000 төгрөгөөр тохиролцсон байна. Мөн 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний нэмэлтээр гэрээний хугацааг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний 1.1-д заасан нийт ажлыг гүйцэтгэгч “Батбаян дэлгэрэх” ХХК нь гэрээний 3.1-д заасан 1 310 000 000 төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэх, гэрээний 3.2-т зааснаар захиалагчаас шилжүүлсэн дээрх санхүүжилтээр барилгын материал болон бусад зардлыг санхүүжүүлэхээр тохиролцож, улмаар гэрээний үнийг 1 160 000 000 төгрөг болгон багасгасан, түүнчлэн, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, нийт 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх ажлыг нэмж, ажлын хөлсийг 18 000 000 төгрөгөөр тохиролцож, дээрх гэрээний хугацааг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан байна.

 

Зохигчид гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал болон хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байх тул гэрээний дээрх агуулга болон бусад нөхцөл байдлыг дүгнэн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь 14-1412 дугаар гэрээний буюу фассадын ажлын хөлсөнд нийт 1 160 000 000 төгрөг төлөхөөс 1 064 932 875 төгрөгийг, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, нийт 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх гэрээний ажлын хөлсөнд 18 000 000 төгрөг төлөхөөс 14 400 000 төгрөгийг хариуцагчид тус тус төлсөн нь төлбөрийн даалгавраар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй, түүнчлэн, хариуцагч үүнийг баримтаар үгүйсгээгүй байна. Иймд дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг 14-1412 дугаар гэрээний дагуу олгох санхүүжилтийн 92 хувийг хариуцагчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.   

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Хариуцагч нь 14-1412 дугаар гэрээнд заасан фассадны ажлын 90 хувийг гүйцэтгэж, үлдэх ажлыг бүрэн гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүйгээс гэрээ цуцлагдсан нь гэрээ дүгнэсэн протокол болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь фассадны ажлын санхүүжилтэнд 1 064 932 875 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан атлаа ажлыг 90 хувь буюу 958 439 587 төгрөгийн хэмжээнд гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч нь  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т зааснаар зөрүү буюу илүү санхүүжүүлсэн төлбөр болох 106 493 288 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, нийт 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх ажлыг нэмж, ажлын хөлсийг 18 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 14 400 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч уг ажлыг “Сэрвэн Овоот” ХХК-иар 12 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, гэрээний үүрэгт 10 914 000 төгрөгийг “Сэрвэн Овоот” ХХК-д төлсөн нь гэрээ болон 130 дугаар, 186 дугаар төлбөрийн даалгавраар тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгчээс санхүүжилт авсан атлаа гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нь уг ажлыг бусдаар 10 914 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсний зөрүүнд 3 486 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагчаас 3 486 000 төгрөгийг хохиролд тооцон шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч болон “Отгон царам дриллинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 16-1352 дугаартай, мөн “Дулаан нөмөр констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 16-1461 дугаартай, 16-1345 дугаартай, 16-1420 дугаартай, мөн “Сэрвэн Овоот” ХХК-ийн хооронд байгуулагдсан 16-1410 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагчийн хийсэн ажил чанарын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байхаас гадна дээрх гэрээнд заасан ажлуудыг хариуцагчтай гэрээний дагуу тохиролцсон ажил гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй боловч бусдаар гүйцэтгүүлсэн дээрх ажлыг хариуцагчийн гүйцэтгэвэл зохих ажил гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь дээрх компануудаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх компануудаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг 243 000 000 төгрөг болсон гэж тодорхойлж, уг төлбөрийг барагдуулах талаар хариуцагчтай 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүүнд 16 038 000 төгрөгийг тооцон, нийт 259 038 000 төгрөгөөс 14-1412 дугаар гэрээний үлдэгдэл санхүүжилт 37 067 125 төгрөгийг хасаж, 221 970 875 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Гэтэл дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан 14-1412 дугаар гэрээний үлдэх үүргийг талууд зээлийн гэрээг байгуулсанаар өмнөх үүрэг дуусгавар болж, зээлийн гэрээний үүрэг үүссэн буюу сольсон гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч 14-1412 дугаар гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь уг гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан байх тул уг зээлийн гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 14-1412 дугаар гэрээний 4.1.6, 4.2.16, 4.1.11-д алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь, торгуулийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувь байхаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн гэрээг цуцалсан байх тул тэрээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги, торгуулийг хариуцагчаас шаардах эрхгүй. Харин хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан ба хариуцагч нь 14-1412 дугаар гэрээ болон барилгын түшиц ханыг өргөтгөх ажилд 3 486 000 төгрөг, нийт 109 979 388 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй байна. Иймд гэрээсээ татгалзсаны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг хариуцагчийн хийж гүйцэтгээгүй ажил болох 109 979 388 төгрөгийн 50 хувь болох 54 989 694 төгрөгийн, мөн түүний 30 хувь болох 32 993 816 төгрөг гэж тодорхойлох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасантай харшлахгүй байх тул нэхэмжлэгч нь дээрх хэмжээний алданги болон торгуулийг өөрт учирсан хохиролд тооцон хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгчээс илүү санхүүжилтэнд авсан 106 493 388 төгрөг, барилгын түшиц ханыг өргөтгөх ажлын хохиролд 3 486 000 төгрөг, 14-1412 дугаар гэрээний хохиролд нийт 87 983 510 төгрөг, бүгд 197 962 898 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 191 699 727 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-иас 197 962 898 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нью тур” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 191 699 727 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 106 264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 147 764  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН