Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/238

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Л.Э

Хохирогч Я.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тд холбогдох эрүүгийн 2125000000176 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Т,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Ц.М-сыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт

 

ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Ц.М, Я.Ц нараас нийт 4 350 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Тг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ “Я.Цтай С-гийн сонгуулийн ажлаар ажиллаж байхдаа танилцсан. Би “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т орох хүн байвал хэлээрэй гэж хэлээгүй. Хаан банкны урд Я.Ц болон охинтой нь таарахад манай охиныг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгөөч гэж хэлсэн. Би мөнгийг нь худлаа хэлж авсандаа гэмшиж байна. Би тэтгэвэр байдаг тул тэтгэврийн мөнгө болон ах дүү нараасаа мөнгө гуйж энэ хүнийг бүрэн хохиролгүй болгож өгнө. Сая манай төрсөн ах, дүү хоёр маань нас бараад буяны ажилтай байсан тул мөнгө олох боломж олдоогүй. Би 62 настай мөн даралт байнга ихэсдэг ар гэрийн амьдрал хүнд байдаг. Би дахиж хүн залилах байдлаар мөнгө авч хохирлоо барагдуулахгүй. Ах дүү нараасаа мөнгө гуйж хохирлоо барагдуулна. Энэ хүний хохирлыг барагдуулахад ах дүү нараасаа ичих зүйл надад байхгүй. Тиймээс Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Я.Ц мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн тул хуулийн дагуу хохирлоо гаргуулж авах саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

          1. Хохирогч Ц.М-сын “Сонгуулийн сурталчилгаанд манай ээж Я.Ц ажиллаж байхдаа Д.Т гэдэг хүнтэй анх танилцсан гэсэн. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд орох хүн байвал хэлээрэй. Би ажилд оруулж өгч чадна гэж Д.Т гэдэг хүн ээж Я.Цд хэлснийг надад хэлж байсан. 2020 оны 10 сарын эхээр ээж Я.Ц нөгөө Д.Т гэдэг хүнтэй таарсан. Тэр хүн чамайг ажилд оруулж өгч чадна гэж хэлсэн. Д.Т гэдэг хүнтэй ээж Я.Ц уулзахад үйлдвэрт ажилладаг хүмүүсийг хоолонд оруулах хэрэгтэй байна гээд 600 000 төгрөг авна гэхээр нь би өөрийнхөө хаан банкны 5096217700 дансанд байсан 600 000 төгрөгийг 2020 оны 10 сарын 14-ний өдөр гэр хорооллын “Вансэмбэрүү” хүнсний дэлгүүрт байрладаг Хаан банкны АТМ-с бэлнээр аваад Д.Т гэдэг хүнд өгсөн. Д.Т гэдэг эмэгтэй ээж бид хоёрт хэлэхдээ Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт ажилладаг Халтар гэдэг хүн тэтгэвэрт гарах гэж байгаа, Халтарын хүүхдүүд бүгдээрээ ажилтай болохоор Халтарын оронд үйлдвэрт орохгүй гэсэн. Тийм болохоор Халтартай ярьж байгаад чамайг ажилд оруулна гэж нүдэнд харагдтал ярьсан. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.Т гэх эмэгтэй ээж Я.Цгийн утас руу залгаад манай хамаатны хүн нас барчихлаа, нэгэнт танай охиныг ажилд оруулах гэж байгаа юм чинь 150 000 төгрөгийг олоод өгөөч. Би буяны ажилд зарцуулах гэж байгаа юм гэж хэлснийг ээж надад хэлсэн. Би өөрийнхөө хаан банкны 5700 дугаарын данснаас уг өдөр 150 000 төгрөгийг Д.Т гэдэг хүний өгсөн Хаан банкны 5075 дугаарын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т ажилд орох анкет өгөөд тэнцсэн хүмүүсээс шалгалт авдаг. Уг шалгалтыг өөрсдөө өгөх юм уу, мөнгөөр аргалуулах юм уу гэж ээж Я.Цтай Д.Т гэдэг хүн утсаар ярьсан. Д.Т гэдэг хүн шалгалт өгөөд ч тэнцэхгүй байх, баахан хүнээр яриулж байхад танай охин шалгалт өгөөд уначих юм бол ямар ч аврал байхгүй, би өөрөө эвгүй байдал орно. Тийм учраас 1 600 000 төгрөгийг олоод өгчих. Уг мөнгийг Батмөнх дарга болон шалгалт авах 2 хүнд хувааж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд Д.Т гэх эмэгтэйд миний Хаан банкны 5096 дугаарын дансанд байсан 100 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс аваад гэр хорооллын “Вансэмбэрүү" хүнсний дэлгүүрийн гадаа очиж Д.Т гэдэг хүнтэй уулзаж бэлнээр өгсөн. Тухайн үед би ганцаараа очоод мөнгө өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө Д.Т гэдэг хүн Халтар гэдэг хүний гарыг нь цайлгах хэрэгтэй байна, Халтарын оронд ажилд орж байгаа юм чинь 1 000 000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор ээж Я.Ц өөрт байсан 1 000 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр надад өгсөн. Би уг мөнгийг Д.Т гэдэг хүний утас руу залгаж байгаад гэр хорооллын “Вансэмбэрүү” хүнсний дэлгүүрийн харалдаа уулзаад өгсөн. Тухайн үед Д.Т эгч бид хоёроос өөр хүн байгаагүй. Үүнээс хойш хэд хоногийн дараа /өдрийг нь сайн санахгүй байна/ Д.Т гэдэг эмэгтэй миний утас руу залгаад ажил чинь болчихсон шүү, 14 хоногийн дадлага чинь эхлэх гэж байна. Дадлага эхлэхээс өмнө хоолны талон, хувцасны 100 000 төгрөгийг үйлдвэрт өгдөг юм байна. Өнөөдөр 100 000 төгрөг аваад Вансэмбэрүү дэлгүүрийн гадаа хүрээд ирээч гэж хэлсэн. Би өөрт байсан бэлэн 100 000 төгрөгийг Д.Т гэдэг хүнтэй Вансэмбэрүү хүнсний дэлгүүрийн хажууд очиж өгсөн. Тухайн үед Д.Т эгч бид хоёроос өөр хүн байгаагүй. 2020 оны 12 дугаар сарын дундуур шиг санаж байна. Д.Т гэх эмэгтэй ээж Я.Цтай утсаар ярьж байгаад 400,000 төгрөгийг 2 хуваагаад өгсөн гэж хэлж байсан. Би бодохдоо намайг ажилд оруулах гэж байгаа болохоор ээж Д.Т гэх эмэгтэйд мөнгө өгсөн гэж бодож байна. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Т гэх эмэгтэй ээж Я.Цгийн утас руу залгаад ажил чинь бүтсэн, дараагийн 1 дэх өдөр ажилдаа орохоор болсон, уулзах хэрэгтэй байна гээд дуудсан. Ээж Я.Ц Д.Т гэх эгчтэй уулзчихаад гэртээ ирээд чамайг ажилд оруулчихсан байна. Ирэх 7 хоногийн 1 дэх өдрөөс ажилдаа явж болно гэж хэлсэн. Тийм болохоор Д.Т өөрөө авах 500 000 төгрөгийг өнөөдөр авмаар байна гэж хэлүүллээ гэсэн. Би гэр хорооллын Вансэмбэрүү дэлгүүрийн Хаан банкны АТМ- ээс өөрийнхөө хаан банкны 5096217700 данснаас 500 000 төгрөгийг аваад Д.Т гэх эгчтэй уулзаж баярлалаа гэж хэлээд өгсөн. Сүүлд авсан 500 000 төгрөгийг Д.Т гэх эмэгтэй авснаас хойш утсаа салгаад алга болсон. Д.Т гэдэг хүний гэрээр ээж Я.Ц очиж уулзахад миний бие өвдөөд байгаа, чиний ажпыг хөөцөлдөж чадахгүй байна, түр хүлээгээд байж бай гэж хэлсэн. Үүнээс хойш ээж Я.Ц дахиад Д.Т гэдэг хүний гэрт очиход архи уучихсан сууж байсан гэсэн. Мөн Д.Т гэдэг хүн худлаа ярьсан юм шиг байна, нөгөө орон сууцтай, ланд 570 унадаг хүү нь архи уудаг юм байна. Анхнаасаа бид нарт худлаа ярьсан байна гэж хэлсэн. Бид нар аргаа бараад цагдаад өргөдөл бичиж өгсөн. Намайг ямарч хүнтэй уулзуулаагүй. Би өөрөө Батмөнх даргатай уулзаад шийднэ. Мөн Халтар гэдэг хүнтэй уулзаж байгаа гэж хэлж байсан. Би Батмөнх Халтар гэх хүмүүсийн нэрийг сонссоноос өөрөөр харсан, уулзсан зүйл байхгүй. Нэг удаа миний утас руу залгаад манай Батмөнх ах зурагтаар гарч байна, та нар зурагтаа үз, Батмөнх гэдэг хүн энэ шүү, хараад аваарай гэж хэлж байсан. Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гээд миний иргэний үнэмлэх, диплом зэргийг аваад нилээд хэд хоногийн дараа эргүүлж өгсөн. Ажилд орох анкетыг Д.Т гэх хүн өөрөө бичнэ, би өөрөө өргөдөл бичнэ гэж хэлээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах фафрикт ажилд орох хүсэлтэй байна гэсэн утгатай өргөдөл бичүүлээд авсан. Намайг ажилд оруулах талаар ямар нэгэн үйлдэл хийсэн талаар мэдэхгүй байна. 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Д.Т гэх эгч ээж Я.Цтай байнга утсаар ярьдаг байсан. Би үйлдвэр орчихоод явж байна, нөгөө мөнгийг чинь өгсөн шүү, хэд хоног хүлээж бай гэж байна, хоол унд хамт идлээ гэх мэтээр ярьдаг байсан. Би Д.Т гэх эмэгтэйд өөрөөсөө 2 950 000 төгрөгийг өгсөн. Ээж Я.Ц 1 400 000 төгрөгийг өгсөн. Нийт 4 350 000 төгрөгийг Д.Т гэх эмэгтэйд өгсөн. Би Д.Т гэх эмэгтэйд өгсөн 2 950 000 төгрөг нь нөхрийн цалин болон гэр бүлийн бусад орлогын мөнгөнөөс авч өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

2. Хохирогч Я.Цгийн “2020 оны Монгол улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигч С-агийн сонгуулийн сурталчилгааны ажилд явж байгаад Л.Д.Т гэдэг хүнтэй анх танилцсан. Тухайн үед Д.Т гэдэг хүн би үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад 2 жил болж байна. Миний шавь одоо үйлдвэрийн орлогч дарга Батмөнх гэдэг. Ерөнхийлөгч асан Багабанди манай нагац ах байгаа юм. Би үйлдвэрт хүмүүсийг ажилд оруулж байсан. Хүү, бэр хоёроо үйлдвэрт ажилд оруулж өгсөн. Манай хүү Сүхбаатар нь Тамирын гурван чулуу хотхонд 3 өрөө орон сууцтай, ланд 570 машинтай, үйлдвэрийн бутлуулын цехэд инженер ажилтай. Манай бэр Баярцэцэг нь үйлдвэрийн төв байранд менежер ажилтай гэж хэлсэн. Манай хүү 9911-тэй дугаар барьдаг гэж ярьдаг байсан. Манай хүү бид хоёр нэг гал тогоотой, хамт хоол ундаа авч иддэг, миний шавь Батмөнх надтай байнга холбоотой байдаг гэж гайхуулж байсан. Сонгууль дууссанаас хойш Д.Т эгчтэй уулзаагүй байж байгаад 2020 оны 10 дугаар сарын эхээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна явж байгаад Д.Т эгчтэй таарсан. Тухайн үед Д.Т бид хоёр манай охин Ц.Мө-сыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж болох уу гэж ярьж байсан. Манай охин Ц.Мөнгөнтогос нь барилгын менежер, хөдөлмөр хамгааллын давхар мэргэжилтэй гэж хэлж байсан. Д.Т эгчид би өөрийнхөө утасны дугаарыг өгөөд явуулсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Д.Т эгч миний утас руу залгаад "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баяжуулах фабрикт ажилладаг Халтар гэдэг хүн тэтгэвэрт гарах гэж байна. Халтарын хүүхдүүд бүгдээрээ ажилтай болохоор оронд нь орох хүн байхгүй. Чи охиноо ажилд оруулах юм уу, хэрвээ ажилд оруулна гэвэл Халтарт 1 000 000 төгрөг өгнө шүү, би шавь Батмөнхтэй уулзаж хоол унд иднэ. Тэр мөнгөнүүдийг чи өгнө шүү гэж хэлсэн. Би Д.Т эгчид хандаж охин Ц.Мө-сыг ажилд оруулмаар байна гэж хэлсэн. Д.Т эгч надад хэлэхдээ бүүр болохгүй бол ерөнхийлөгч асан Багабанди ахаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний захирал руу яриулна гэж өөртөө итгэлтэй ярьж байсан. Би охин Ц.Мө-ст Д.Т эгчтэй утсаар ярьснаа хэлэхэд Ц.Мөнгөнтогос баярлаад чадах чинээгээрээ мөнгө олж өгнө гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.Т эгч миний утасруу залгаад Б, Х нарыг хоолонд оруулахаар болсон. 600 000 төгрөгийг бэлнээр авах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь охин Мө-сод хэлэхэд надад мөнгө байгаа гэж хэлсэн. Тэгээд би охин Мө-сын хамт Д.Т эгчтэй гэр хорооллын Вансэмбэрүү гэдэг дэлгүүрийн гадаа уулзаад 600 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг мөнгийг охин Ц.М хаан банкны АТМ-ээс аваад Д.Т эгчид өгсөн. Д.Т эгч бид хоёрт хэлэхдээ одоо город орж тэд нартай уулзаж хоолонд орно, та хоёр явж бай гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Д.Т эгч миний утас руу залгаад Батмөнх, Халтар нартай уулзаад сайхан хоол идсэн. Халтар өөрийнхөө оронд танай охиныг оруулахаар болсон. Тэр хүмүүсийг сайхан дайлсан. Манай хамаатны хүн нас барчихсан, буяны ажилд нь 150 000 төгрөг хэрэгтэй байна аа. Нэгэнт таны охиныг ажилд оруулахаар болсон юм чинь эхлээд 150 000 төгрөгийг надад өгч байгаа ч гэж хэлсэн. Би охин Ц.Мө-т Д.Т эгчтэй ярьсан зүйлийг хэлээд мөнгө байна уу гэж асуухад хаан банкны хадгаламжийн дансанд мөнгө байгаа, дансаар шилжүүлэх үү гэж хэлсэн. Д.Т эгчтэй утсаар яриад дансны дугаарыг нь аваад шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.Т эгч утсаар яриад танай охины анкент тэнцсэн, одоо шалгалт өгөх хэрэгтэй байна гэж Батмөнх утсаар ярьсан. Шалгалтын хүмүүсэд мөнгө өгөөд танай охиныг тэнцүүлэх хэрэгтэй байна. Б намайг 1 600 000 төгрөгийг авчих гэж хэлсэн. Өнөөдөр мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь итгээд охиндоо хэлсэн. Уг өдөр Ц.М бэлнээр 1 600 000 төгрөгийг өөрийнхөө данснаас аваад Д.Т эгчид өгсөн. Мөнгө өгөхдөө Вансэмбэрүү дэлгүүрийн харалдаа уулзаж өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Т эгч утсаар яриад бүх асуудал болсон. Шалгалтанд тэнцсэн, Батмөнх бүх асуудлыг зохицуулсан. Одоо Халтар ахад өгөх ёстой 1 000 000 төгрөгийг бэлнээр өнөөдөр өгнө. Мөнгөө бэлдсэн үү гэж хэлсэн. Тухайн үед миний цалин орчихсон, Д.Т эгч залгаж магадгүй гээд мөнгө хадгалж байсан ба тэр мөнгөнөөс 1 000 000 төгрөгийг охин Ц.Мө-т өгөөд Д.Т эгчид өгчих гэж хэлсэн. Охин маань Д.Т эгчид Вансэмбэрүү дэлгүүрийн харалдаа очоод бэлнээр нь өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Т эгчтэй уулзахад манай хүү эрүүлжүүлэх байранд орчихсон байна. Гаргаж авахгүй бол ажиллаасаа халагдах гээд байна. Батмөнх хүүхдээ хурдан гаргаж ав гээд уурлаад байна. Би чиний охинд тусалсан. Одоо миний хүүхдэд чи туслах хэрэгтэй гэж хэлсэн. би дотроо Д.Т эгч надад тусалж байгаа юм чинь гэж бодоод 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.Т эгч миний утас руу залгаад ...манай хүү сая утсаар ярьсан. Нөгөө хүнээсээ дахиад 200 000 төгрөг авчих, эхнэр нь мөнгө харамлаад гэртээ хоол унд авахгүй байна. 3 хүүхэд хоолгүй өлсөөд байна гэж хэлээд надаас 200 000 төгрөгийг бэлнээр авсан. Уг мөнгийг Д.Т эгчтэй гэр хороололд уулзаж байгаад өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Т эгчтэй утсаар ярьж байхад бүх асуудал болчихсон. Дараа 7 хоногийн 1 дэх өдөр танай охиныг ажилд оруулахаар болсон. Батмөнх өөрөө дагуулж ажлын байртай нь танилцуулна. Таны охиныг ажилд оруулж өгсөн болохоор өөртөө урьдчилгаа гэж 500 000 төгрөг авмаар байна гэсэн. Энэ үгэнд би итгээд охин Ц.М-т хэлээд 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг мөнгийг охин маань өгсөн. Үүнээс хойш Д.Т эгч утсаар ярихгүй, худлаа яриад алга болсон. Утас нь холбогдохгүй байсан тул гэрт нь болох хашааны гадаа очоод Д.Т эгчтэй уулзахад ...Батмөнх танай охиныг жаахан хүлээж бай, короновирус өвчин үйлдвэрт гарчихсан болохоор болохгүй байна. Та нар жаахан хүлээж байгаач гэж хэлсэн. үүнээс хойш нэг л худлаа юм шиг санагдаад байхаар нь дахиад Д.Т эгчийн гэрт очиход архи уучихсан байсан. Энэ үед надад Д.Т гэдэг хүн худлаа юм шиг байна гэсэн бодол төрөөд охиндоо хэлсэн. цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Д.Т эгч надтай байнга утсаар яриад уулздаг байсан. Үйлдвэр лүү явлаа, ирлээ, хүмүүстэй уулзсан, ажил сайн бүтэж байна, хоол унд идлээ, короно гарчихсан болохоор жаахан хугацаатай шаардлагатай байна гэх мэтээр хуурч байсан байна гэдгийг сүүлд ойлгосон. Би Д.Т эгчид өөрөөсөө 1 400 000 төгрөг өгсөн. Манай охин Ц.М 2 950 000 төгрөгийг өгсөн. Нийт 4 350 000 төгрөгийг өгөөд залилуулчихлаа. Би Д.Т гэх хүнд өгсөн 1 400 000 төгрөгөө нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

                3. Шүүгдэгч Д.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би худлаа хэлээд Я.Цгаас 4 350 000 төгрөгийг авч өөртөө зарцуулсан маань үнэн Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. 2020 оны 10 дугаар сарын дунд Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд явж байгаад Я.Цтай таарсан. Я.Ц надад хандаж та Эрдэнэт үйлдвэрт манай охиныг оруулаад өгөөч, таныг олон хүн таньдаг, өмнө үйлдвэрт хүмүүсийг ажилд оруулж өгч байсан гэж сонссон гэж хэлсэн. Би Я.Цд хандаж хүмүүсээс асууж сураглаад оруулах талаар хөөцөлдөнө гэж хэлэхэд Я.Ц хэрвээ та манай охиныг ажилд оруулчих юм бол өвлийн идэш, цагаан сарын ууц болон бэлэн мөнгө зэргийг  өгнө гэж хэлсэн. Я.Ц бид хоёр дээрх зүйлийг ярьчхаад салаад явсан. 2020 оны 10 дугаар сард гадаа их хүйтэн байсан. Манай гэрт түлээ байхгүй  идэх хол байхгүй байсан. Би тэтгэвэр гэж сард 300 000 төгрөгийг авдаг боловч өмнө үйлдсэн хэргийн  хохирлын мөнгө гэж сар болгон тэтгэврийн мөнгөнөөс 150 000 төгрөгийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас суутгаж авдаг. Үлдсэн 150 000 төгрөгөөр хүүтэйгээ хамт амьдрах гэхээр хүрэхгүй байсан. Хүү Сүхбаатар ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, би ажил хийх боломжгүй түл тэтгэврийн мөнгөнөөс өөр амьдрах эх үүсвэр байхгүй. Мөнгө яаж олж түлээ авах вэ гэж бодож байхад миний толгойд Я.Ц бодогдсон. Тэгээд би Я.Цгийн  гар утас руу залгаад “танай охиныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт ажилд оруулах боломжтой байна. Үйлдвэрийн захирал Б-хийг таньдаг, миний шавь байгаа юм гэж худлаа хэлсэн. Мөн Баяжуулах үйлдвэрээс тэтгэвэрт гарах гэж байгаа Халтар гэдэг хүнтэй ярьчихсан. Халтарын оронд ажилд оруулахаар болсон. Баяжуулах фабрикийн дарга Дэлгэртэй уулзсан, танай охиныг ажилд оруулахаар болсон, манай хүү 3 өрөө байртай Ланд машинтай гэж худлаа ярьж, хуурч  зохиомол нөхцөл байдлыг зориуд үүсгэж итгэлийг нь олж бавдаг байсан. 4 350 000 төгрөгийг нэг дор аваагүй, цувуулж авч байсан. Яг хэзээ хэдэн төгрөгийг авч байсныг сайн санахгүй байна. Надад мөнгө хэрэгтэй болохоор нь Я.Цгийн утас руу залгаад худлаа яриад авдаг байсан. Голцуу Х, Б, Д нартай уулзах гэж байна, хоолонд орох гэж байна. Халтар тэтгэвэрт гарах гэж байгаа болохоор урамшуулах хэрэгтэй байна гэх мэтээр худлаа яриад мөнгө авч байсан. Мөнгө авахдаа дандаа бэлнээр авдаг байсан. Уулзах газрыг Я.Цтай утсаар ярьж байгаад товлоод тэндээ уулзаж мөнгө авдаг байсан. Я.Цгаас мөнгө авч байхад Ц.М гэх нэртэй охин ирж байсан. Ц.М нь ганцаараа надад мөнгө авчирч өгч байсан. Я.Цгаа авсан гэх 4 350 000 төгрөгийн 400 000 төгрөгийг манай хүү Сүхбаатар эрүүлжүүлэх байранд орчихсон байна гэж хэлээд 200 000 төгрөгийг, буяны ажил явдал гарсан гэж хэлээд 200 000 төгрөгийг авсан маань үнэн Уг мөнгөнүүдийг би өөртөө голцуу  зарцуулсан. Гэртээ хоол авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

          4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-64-р хуудас/,

5. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-67-р хуудас/,

6. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-70-р хуудас/,

7. Хохирогч Ц.Мө-сын эзэмшлийн 509 тоот Хаан банкны дансны хуулга /хх-ийн 72-76-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд иргэн Ц.Мө-сыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Ц.Мө, Я.Ц нараас 4 350 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас Ц.М-ст 2 295 000 төгрөг, Я.Цд 1 400 000 төгрөг нийт 4 350 000 төгрөгийг хохирол учирсан тул үүнийг шүүгдэгч Д.Тгаас гаргуулан хохирогч нар олгох үндэслэлтэй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар оногдуулж тус хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 19 хоногийг хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг багтаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Д.Тд оногдуулсан хорих ялаас үлдсэн 1 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг Зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хохирлыг төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч тэтгэвэр авдаг тул тэтгэврийн данснаас нь суутгаж хохирогч нарт хохирлыг төлж барагдуулах боломжтой. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нь сонгох санкцитай ялын бүх төрөл байдаг тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйгээр Зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Мө-сын “Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гээд миний иргэний үнэмлэх, диплом зэргийг аваад нилээд хэд хоногийн дараа эргүүлж өгсөн. Ажилд орох анкетыг Д.Т гэх хүн өөрөө бичнэ, би өөрөө өргөдөл бичнэ гэж хэлээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах фафрикт ажилд орох хүсэлтэй байна гэсэн утгатай өргөдөл бичүүлээд авсан. Намайг ажилд оруулах талаар ямар нэгэн үйлдэл хийсэн талаар мэдэхгүй байна. 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Д.Т гэх эгч ээж Я.Цтай байнга утсаар ярьдаг байсан. Би үйлдвэр орчихоод явж байна, нөгөө мөнгийг чинь өгсөн шүү, хэд хоног хүлээж бай гэж байна, хоол унд хамт идлээ гэх мэтээр ярьдаг байсан. Би Д.Т гэх эмэгтэйд өөрөөсөө 2 950 000 төгрөгийг өгсөн. Ээж Я.Ц 1 400 000 төгрөгийг өгсөн. Нийт 4 350 000 төгрөгийг Д.Т гэх эмэгтэйд өгсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Я.Цгийн “2020 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Д.Т эгч надтай байнга утсаар яриад уулздаг байсан. Үйлдвэр лүү явлаа, ирлээ, хүмүүстэй уулзсан, ажил сайн бүтэж байна, хоол унд идлээ, короно гарчихсан болохоор жаахан хугацаатай шаардлагатай байна гэх мэтээр хуурч байсан байна гэдгийг сүүлд ойлгосон. Би Д.Т эгчид өөрөөсөө 1 400 000 төгрөг өгсөн. Манай охин Ц.Мө 2 950 000 төгрөгийг өгсөн. Нийт 4 350 000 төгрөгийг өгөөд залилуулчихлаа” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Мө-сын эзэмшлийн 5096217700 тоот Хаан банкны дансны хуулга, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Ц.Мө-сыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд оруулж өгнө гэж худал хэлж Ц.Мө, Я.Ц нараас нийт 4 350 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Д.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Тг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,5, 5,6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.Т нь 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна.

 

            Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 19 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

   Шүүгдэгч Д.Т нь хохирогч Ц.М-т 2 950 000 төгрөгийн хохирол, хохирогч Я.Цд 1 400 000 төгрөгийн учруулсан байх тул шүүгдэгч Д.Тгаас нийт 4 350 000 төгрөгийг гаргуулж 2 950 000 төгрөгийг хохирогч Ц.Мө-т, 1 400 000 төгрөгийг хохирогч Я.Цд  олгохоор шийдвэрлэв.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тгийн цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тгаас 4 350 000 /дөрвөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Я.Ц /Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн тоот рд: /-т 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, хохирогч Ц.Мө / Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн тоот рд:ТЕ93030300/-т 2 950 000 /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС