| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0245/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/232 |
| Огноо | 2022-01-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/232
2022 01 20 2022/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга М.А
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 2125002460281 дугаартай хэргийг тус 104 тоот шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Д.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 4-5 цагийн орчимд согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт Ч.Надмидын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж, Ч.Н баруун хөлийг мушгиж, баруун дунд чөмөгний ясны доод гадна булууны сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед согтуу байсан. Ч.Н уучлалт гуйж байна” гэв.
Хохирогч Ч.Н “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна”
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ч.Н “Би Г гэрээс 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үүрээр 05 цаг өнгөрч байхад гараад гэр лүүгээ харих гэж байхад араас Б гэх залуу гарч ирээд чи согтуу байж яаж гэртээ очих гэж байгаа юм, би дөхүүлээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүгээр, би явчихна гээд гэр лүүгээ алхаж байтал Б намайг хоёулаа уулан дээр сууж, архийг чинь гаргачхаад явъя, эсвэл надад бэлэн мөнгө байна, хоёулаа дэлгүүр онгойхоор 1 шил архи аваад буудал оръё гэх мэт зүйл яриад явж байснаа Даваат багийн Ундарга гэх хорооллын хамгийн арын айлын гадаа гэнэт намайг хоёулаа унтъя гээд өмсөж явсан жинсэн өмдийг өвдөг хүртэл, гадуураа өмсөж явсан цамцыг тайлж, лээвчик, дотоожгүй, үлдээсэн. Б миний өмд, цамцыг тайлсан үйлдлийг намайг хүчиндэхээр оролдсон үйлдэл гэж үзэж байна. Би тэгэхээр нь хүмүүс яваад байхад яаж хоёулаа гудамжинд унтах юм, чи миний цунх, хувцсыг аваад уулын наад талын жалганд байж бай гэж худал хэлж явуулчхаад өөрөө газар унасан байсан дотуур өмсдөг цамцаа өмсөөд, өмдөө дээш нь татаад зугтаж амжсан. Б миний өмдийг тайлах гэж ноцолдож байхдаа миний өвдгийг мушгиж гэмтэл учруулсан. Би босоод гэр лүүгээ алхахад баруун хөл өвдөгний үеэр хөндүүртэй болсон байсан, арай гэж алхаж гэртээ очсон” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9 дэх тал/
2. Гэрч Л.Г “Тухайн өдөр би найз Б, С нарын хамт Хөвсгөл-2 дэлгүүрээс архи аваад С очиж архиа ууж байхад Б эхнэр Н гаднаас орж ирсэн. Чи юу хийж яваа юм гэхэд чамайг явж байхыг хараад ороод ирлээ гэсэн. Тэгээд бид нартай цуг суугаад архи уусан. Би тасраад уначихсан байсан. Сэрэхэд Б, С хоёр байсан, Н байхгүй байсан. Тэгэхээр нь хаачихсан юм бэ гэж асуухад Б явчихсан, би гаргаж өгсөн, цүнх хувцсаа үлдээгээд явчихсан гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 13 дахь тал/
3. Гэрч Н.Б “Өглөө 08 цагийн орчимд Ч.Н 1 хөл нь доголсон, нэг их согтуу биш байдалтай орж ирсэн. Би хаагуур явж байгаад ирсэн талаар асуухад “Б эгчийн гэрт очих гэж яваад замдаа Г, Б гэх хүмүүс айл руу архи аваад орж байхыг хараад тэд нарын араас орж, архи уусан. Нэлээн согтсон байсан болохоор тасраад унтсан гэсэн. Тэгээд босоод гэр лүүгээ явах гэтэл Б гэх залуу хүргэж өгөх нэрийдлээр гэрээс хамт гараад замд нь өдөж, хоргоож, оролдсон. Б гэх залуу Ч.Н өвдгийг мушгин гэмтээсэн гэж хэлж нилээн айсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 15 дах тал/
4. Яллагдагч Д.Б “Гаднаас Б эхнэр Н орж ирсэн. Өмнө нь уулзаж байсан болохоор цуг суугаад авсан архиа хуваагаад уусан. Н харилаа гээд гараад явахаар нь би араас нь гараад хоёулаа хойшоо уул руу гарч жаахан юм ярьж суухуу гээд Баян-Өндөр уулын харалдаа бэлд нь очоод хэсэг суусан юм. Тэгээд удалгүй Н явлаа гэхээр нь байж бай жоохон суучих гээд баруун хөлний шилбэ хэсгээс нь татахад яаая гээд хойшоо уначихсан. Тэгснээ чи яагаад байгаа юм бэ гээд зугтаад явчихсан. Тэгэхээр нь би араас нь явалгүй буцаад С очоод хоночихсон. Би Н бэлгийн харилцаанд ороогүй” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дахь тал/
5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 435 дугаартай “Ч.Н биед баруун дунд чөмгөний ясны доод гадна булууны сэлтэрсэн хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун дунд чөмгөний ясны доод гадна булууны сэлтэрсэн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 4-5 цагийн орчимд согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт Ч.Н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж, Ч.Н баруун хөлийг мушгиж, баруун дунд чөмгөний ясны доод гадна булууны сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нийт 9 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир ял шийтгэлийг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Ч.Н мэдүүлсэн “Даваат багийн Ундарга гэх хорооллын хамгийн арын айлын гадаа гэнэт намайг хоёулаа унтъя гээд өмсөж явсан жинсэн өмдийг өвдөг хүртэл, гадуураа өмсөж явсан цамцыг тайлж, лээвчик, дотоожгүй, үлдээсэн. Б миний өмд, цамцыг тайлсан үйлдлийг намайг хүчиндэхээр оролдсон үйлдэл гэж үзэж байна. Би тэгэхээр нь хүмүүс яваад байхад яаж хоёулаа гудамжинд унтах юм, чи миний цунх, хувцсыг аваад уулын наад талын жалганд байж бай гэж худал хэлж явуулчхаад өөрөө газар унасан байсан дотуур өмсдөг цамцаа өмсөөд, өмдөө дээш нь татаад зугтаж амжсан. Б миний өмдийг тайлах гэж ноцолдож байхдаа миний өвдгийг мушгиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Г “Тухайн өдөр би найз Баяраа, С нарын хамт Хөвсгөл-2 дэлгүүрээс архи аваад С очиж архиа ууж байхад Б эхнэр Н гаднаас орж ирсэн. Чи юу хийж яваа юм гэхэд чамайг явж байхыг хараад ороод ирлээ гэсэн. Тэгээд бид нартай цуг суугаад архи уусан. Би тасраад уначихсан байсан. Сэрээд Б хоёр байсан, Н байхгүй байсан. Тэгэхээр нь хаачихсан юм бэ гэж асуухад Б явчихсан, би гаргаж өгсөн, цүнх хувцсаа үлдээгээд явчихсан гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Б “Өглөө 08 цагийн орчимд Ч.Н 1 хөл нь доголсон, нэг их согтуу биш байдалтай орж ирсэн. Би хаагуур явж байгаад ирсэн талаар асуухад “Б эгчийн гэрт очих гэж яваад замдаа Г, Б гэх хүмүүс айл руу архи аваад орж байхыг хараад тэд нарын араас орж, архи уусан. Нэлээн согтсон байсан болохоор тасраад унтсан гэсэн. Тэгээд босоод гэр лүүгээ явах гэтэл Б гэх залуу хүргэж өгөх нэрийдлээр гэрээс хамт гараад замд нь өдөж, хоргоож, оролдсон, мөн Б гэх залуу Ч.Н өвдгийг мушгин гэмтээсэн гэж хэлэн нилээн айсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, сэжигтэн Д.Б “Тэгээд удалгүй Н явлаа гэхээр нь байж бай жоохон суучих гээд баруун хөлний шилбэ хэсгээс нь татахад яаая гээд хойшоо уначихсан. Тэгснээ чи яагаад байгаа юм бэ гээд зугатаад явчихсан. Тэгэхээр нь би араас нь явалгүй буцаад Сайхнаагийнд очоод хоночихсон. Би Н бэлгийн харилцаанд ороогүй” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 435 дугаартай дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 4-5 цагийн орчимд Ч.Н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж, Ч.Н баруун хөлийг мушгиж, “баруун дунд чөмгөний ясны доод гадна булууны сэлтэрсэн хугарал” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, яллагдагч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй байна.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Б хохирогч Ч.Н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орохыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан шинжийг, гэмт хэрэг үйлдэх явцдаа хүч хэрэглэж хохирогч Ч.Н баруун хөлийг мушгиж, баруун дунд чөмгөний ясны доод гадна булууны сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцов.
Мөрдөн ашлгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, сэдэлт, зорилго, шалгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б нь хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдах гэмт хэргийг үйлдэх үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг тус бүрээр зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд заасан журмаар нэмж нэгтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Н эрүүл мэндэд баруун дунд чөмөгний ясны доод гадна булууны сэлтэрсэн хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д. Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС