| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 185/2018/0622/Э |
| Дугаар | 935 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 935
Д.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, Б.Оюунбилэг,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 636 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Цэрэнням нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Дд холбогдох 201725020806 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Д-н Д, 1977 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “О.....” шүдний эмнэлэгт эмч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,
Д.Д нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Чоос “100 сая төгрөг түр зээлээч, банкинд байршуулж зээл авчихаад буцааж өгнө” гэж хуурч 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “О.....” шүдний эмнэлэгт залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Дгийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон зөвтгөж зүйлчилж,
Боржигон овогт Д-н Дг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Дгаас 60.060.000 төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овгийн Д-н Чид /регистрийн дугаар: ВЕ76072512/ олгож,
хохирогч Д.Ч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжилсэн 52.030.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Түрээслэн ажиллуулж байсан шүдний эмнэлгийн байраа худалдан авах зорилгоор 2013 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын банкнаас 535.000.000 төгрөгийн зээл авахын тулд 135.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөх шаардлагатай байсан бөгөөд найз Г.Чоос 100.000.000 төгрөг зээлж авсан юм. Банкны өндөр хүү, зээлийн дарамтанд орж найзаасаа зээлсэн мөнгийг цаг хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрсэн. Би Г.Чид 39.940.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 60.060.000 төгрөгийг аав, ээж, ах, дүү, найз нөхөд маань эд хөрөнгөө заран байж төлж барагдуулсан. Г.Ч анхнаасаа надад банкны хүүтэйгээр хүүг нь тооцож авъя гэж хэлж авчирч өгсөн. Энэ талаар нэг ч дурьдагдаагүйд би гайхаж байна. Миний бие хүний мөнгө дутуу буцааж өгсөн гэм буруугаа маш ихээр хүлээж байна. Би зээлж авснаас хойш нэг ч өдөр Г.Чийг залилах сэтгэл байгаагүй. Иймээс дээр дурдсан миний хувийн байдал, ар гэрийн нөхцөл, ажлын байдал, хохирлоо барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж цагаатган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүйгээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Д.Чоос авсан 100.000.000 төгрөгийг өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа объектийг худалдаж авах зээлийн урьдчилгаа мөнгөнд төлөөд эргэж төлнө гэх нөхцөлтэй зээлж авсан. Энэ талаар Д.Ч мэдүүлэхдээ мөн хэлсэн байдаг. Зээлийн харилцаа байсан гэдгийг нотолсон баримт хавтаст хэргийн 18 дугаар хуудаст байгаа Д.Ч 100.000.000 төгрөгийг 120.000.000 төгрөг болгоод 2016 онд графикийн дагуу төлөөрэй гэж график хийж өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс энэ нотлох баримтыг үнэлэлгүйгээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж байхгүй, Д.Д болон Д.Ч нарын хооронд уг мөнгийг хэрхэн юунд зарцуулах гэж байсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгааг мэддэг байсан, тухайн мөнгийг зээлсэн цагаас хойш Д.Дгийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн, зориулалтын бус зүйлд ашигласан зүйл байхгүй талаар хавтаст хэргээс тодорхой харагддаг. Д.Чоос мөнгө авсан даруйдаа Улаанбаатар банкинд үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа гэж төлсөн байдаг. Д.Д нь 50.000.000 төгрөг болон 80.000.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа гэж Улаанбаатар банкинд байршуулаад энэ нь үл хөдлөх хөрөнгийн төлбөр гэж шилжсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Д.Д болон Д.Ч нарын хооронд үүссэн харилцаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй биш талууд хоорондын итгэлцэл дээр барьцаа төлбөргүйгээр хугацаа тохирсон зээлийн харилцаа байсан гэж дүгнэж үзэж байна. Д.Дд холбогдох хэрэг нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгаа тул цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санаа зорилго, нөхцөл байдал, шалтгаант холбоо зэргийг анхаарч үзээгүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үнэн бодит дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. 100.000.000 төгрөгийг 1.7 хувийн хүү, 1 жил 8 сарын хугацаатайгаар зээлж 535.000.000 төгрөгийн өртөг бүхий “О.....” шүдний эмнэлгийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах байсан. 135.000.000 төгрөг буюу 30 хувийг бэлэн мөнгөөр урьдчилан төлж үлдсэн мөнгийг банкны зээлээр төлөх байсан. Надад 35.000.000 төгрөг байна чи 100.000.000 төгрөг зээлж тус болооч гэж Д.Дгийн зүгээс Д.Чид хэлсэн байдаг. Үүнийг Д.Ч зөвшөөрч, үлдсэн мөнгийг банкнаас зээлж үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчид өгсөн байдаг. Энэ зээл одоо ч төлөгдөж байгаа. Хоёр талд болж байгаа зүйлсийн талаар бүгдийг мэдэж байсан боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдаагүй. Д.Ч “надаас 100.000.000 төгрөгийг зээлж авсан. Гэхдээ эргэн төлөх график хийгээгүй, 1.7 хувийн хүү тооцно гэж хэлж байгаагүй” гэж хэлдэг боловч анхан шатны шүүх хуралдаанаар Д.Ч нийт авсан мөнгөнийхөө тооцоог хийсэн баримт гаргаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийг хөтөлж асуусан байдал шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Д.Дгийн хувийн байдлыг шалгалгүйгээр хэт нэг талыг барьж энэ хэргийг шалгасан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын хэлцэл байсан гэдэг нь харагдаж байна. Энэ талаар анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, бүрэн дүүрэн үнэлэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Үнэнцэцэг гэх хүн илүү хүү багатай төслийн зээлд хамруулж өгнө гэж хэлээд 45.000.000 төгрөгийг аваад, энэ талаар гомдол гаргасан гэж мөрдөн байцаалтын шатанд хэлсээр байтал Үнэнцэцэг гэх хүнтэй холбогдуулж шалгасан зүйл байдаггүй. Хохирогчийн зүгээс зээлийн харилцаа байсан гэдэг талаар хэргийн бүх үе шатанд хэлсээр ирсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Хохирол төлбөрийг төлсөн байгаа.” гэв.
Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль сануулж өгсөн мэдүүлгүүд дээр “2 сарын хугацаатай зээл авах гэсэн юм. Баталгаа маягаар 100.000.000 төгрөг банкинд байршуулах хэрэгтэй байна. 2 сарын дараа мөнгийг чинь буцагааад төлнө” гэж хэлсэн. Би найз нөхдийн хүрээнд итгээд мөнгөө зээлсэн боловч 5 жилийн хугацаа өнгөрөхөд мөнгөө авч чадахгүй байна гэсэн зүйл хэлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд зээлийн график байгуулсан юм шиг зүйл яригддаг боловч энэ талаар Д.Ч үгүйсгэдэг. Байгуулсан графикийн он, сарыг харахад зээл авсанаас 3 жилийн дараа буюу 2016 онд байгуулсан байдаг. Банкнаас зээл авах, үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа өгөх талаарх асуудлууд хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Д.Ч Япон улс руу хамт явж байсан боловч хөрөнгө оруулалт байсан гэдэг талаар мэдсэн зүйл байхгүй гэж хэлдэг. Д.Дгаас ямар учиртай хөрөнгө оруулалт, ямар замаар авах гэж байгаа талаар бичиг баримтаа авчирж өг гэхэд авчирч өгдөггүй. Энэ талаар нотлох баримт байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд Д.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаа гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Д.Д нь зээлийг төлөхгүй байх санаа зорилгоор, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Д.Чоос “Зээл авчихаад буцааж өгнө” гэж 100.000.000 төгрөгийг хуурч залилан мэхэлсэн гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэн, түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд зааснаар иргэн нь өмч хөрөнгө олж авах, хувийн аж ахуй эрхлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцож хуулиар хориглоогүй буюу шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Д.Д нь өөрийн түрээслэн ажиллуулж байсан “О.....” эмнэлгийн байрлах үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд худалдан авахаар өмчлөгчтэй нь харилцан тохиролцож банкнаас 400.000.000 төгрөгийг зээлэх, харин төлбөрийн урьдчилгаа болох 135.000.000 төгрөгийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх зорилгоор 100.000.000 төгрөгийг иргэн Д.Чоос зээлж 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “О.....” шүдний эмнэлгийн байранд хүлээн авсан болох нь шүүгдэгч Д.Дгийн “...Д.Ч надад 100.000.000 төгрөг зээлэхээр болсон бөгөөд бид хоёр хоорондоо гэрээ байгуулаагүй. Би тус 100.000.000 төгрөгийг бэлнээр нь өөрийн ажлын байран дээрээ хүлээн авсан. Бид хоёр хоорондоо гэрээ байгуулаагүй ч гэсэн тэрээр надад зээлсэн мөнгөндөө сарын 1.7 хувийн хүү тооцож, эргүүлэн төлөх график гаргаж өгсөн. Би тэр мөнгийг аваад, дээр нь өөрт байгаа мөнгөө нэмээд Улаанбаатар хотын банкинд урьдчилгаа мөнгөө өгөөд зээлээ бүтээгээд тухайн байрыг худалдан авсан.” гэх мэдүүлэг /хх-68-69/, Д.Чийн “...Банкнаас зээл авахад хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна гэж хэлж авсан. ...Би өөрийн таньдаг хүнээ гуйгаад уг загварчлалыг гаргасан, ...тухайн үедээ л өөрөө загвар маягаар гаргаад Д.Дд ийм болж байна гэдгийг үзүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-36/, Улаанбаатар хотын банкны депозит дансны харилцагчийн хуулга /хх-30/, Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга /хх-87-89/ зэрэг бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Д.Д нь үл хөдлөх хөрөнгийг худалдан авах урьдчилгаа болох 135.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөгийг хохирогч Д.Чоос зээлэн авч анх авсан зориулалтаар буюу эмнэлгийн байр авахад урьдчилгаа болгон зарцуулсан, мөнгө зээлж авсан хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 3.400.000 төгрөгийг тус тус төлж байсан баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд тэрээр Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн харилцааны улмаас бизнесийн эрсдэлд орж, шүдний эмнэлгээс олсон орлогоос банкны зээл төлөх, ажилчдын цалин олгох, хамтран ажиллаж байсан гадаад түнш нь нас барсан зэрэг тодорхой шалтгаануудын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.
Түүнчлэн хохирогч Д.Ч 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “...Д.Ч би шүүхийн шийдвэрт дурдагдсан 60.060.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Д.Дгийн зээлсэн 100.000.000 төгрөг бүрэн төлөгдөж дууссан болно. Д.Дд ямар нэгэн гомдол саналгүй болно.” гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн, шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө 39.940.000 төгрөгийг зээлийн төлбөрт буцаан өгч байсан нөхцөл байдлууд тогтоогдож байхад Д.Дг шунахайн сэдэлтээр 100.000.000 төгрөгийг буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах зорилгоор өөрийн мэдэлдээ оруулсан гэж гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Дгийн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 636 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д-н Дд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Д.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ц. ОЧ