Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2016/0299

 

Бэржин-Уньт ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, Ц.Эрдэнэбаяр, хариуцагч Г.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 082 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Бэржин-Уньт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бэржин-Уньт ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ганбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээлэл, тус компаниас ирүүлсэн баримтыг үндэслэн шалгалт хийсэн. Эрсдлийн удирдлагын газар Силикон стийл ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаан худалдаж байгааг тогтоож, улмаар нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгалтад хамруулсан.

Бэржин-Уньт ХХК-ийг 2012 онд 710.945.6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашигласан гэж үзэн 71.094.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 21328.4 мянган төгрөгийн торгууль, 12.029.2 мянган төгрөгийн алданги, бүгд 104.452.2 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 тоот актыг бичсэн гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 082 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актын тогтоох хэсгийн 1-д заасан Бэржин уньт ХХК-д ногдуулсан Силикон стийл ХХК-иас авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулсан зөрчилд хамаарах 31617,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 9485,4 мянган төгрөгийн торгууль, 5349,8 мянган төгрөгийн алданги, нийт 46453,1 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан актын тогтоох хэсгийн 1-д заасан Энх-Амьдаа ХХК, Алтайнжаргалант өргөө ХХК-иудын хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд тусган татвар ногдох орлогоос хасч, албан татвар бууруулсан зөрчилд ногдуулсан 39476,6 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-д заасныг баримтлан актын тогтоох хэсэгт заасан торгууль, алдангиас нийт 18522,4 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээс чөлөөлж, актаар тогтоосон нийт 104452,1 мянган төгрөгийн төлбөрийг 64975,5 мянган төгрөгөөр багасгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж давж заалдах гомдолдоо: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаартай акт, түүнийг хэлэлцсэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 24 тоот тогтоолоор Бэржин уньт ХХК-ийн 2011-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварынногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж дээрх онуудад хийгдсэн худалдан авалтуудаас Силкон стийл ХХК, Энх-Амьдаа ХХК, Алтайнжаргалант өргөө ХХК-иудын 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэй тул 710.945.600 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар бууруулсан гэж үзэн нийт 104.452.200 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Бэржин уньт ХХК нь 2011-2012 онд барилга угсралтын ажил гүйцэтгэсэн ба холбогдох худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр хийж, тухай бүр өөрт шаардлагатай бараа, бүтээгдэхүүнээ хэрэгцээнийхээ дагуу авч холбогдох төлбөрийг бэлнээр төлж байсан. Мөн татварын албанаас олгосон дугаар бүхий падааныг бичүүлэн авч худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээгээ тодорхойлсон.

Нэр бүхий 3 компанийн падааныг хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх ямар ч боломжгүй татварын цахим тайлангийн системд үзэхэд зөрчилгүй байсан. Мөн тус компаниудын зүгээс худалдан авалт хийгдсэн талаар бичилтээ цахим тайлангийн системдээ шивсэн байхад уг компаниудаас холбогдох хохирлыг барагдуулаагүй атлаа Бэржин уньт ХХК-ийг буруутгаж, төлбөр ногдуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Бэржин уньт ХХК хохирогч болчихоод байгааг анхаарч үзнэ үү.

Манай компани бодит худалдан авалт хийсэн. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудын зарим нь хавтаст хэрэг байгаа, зарим нь цагдаагийн байгууллагад шалгагдаж буй материалд байгаа.Татварын улсын байцаагч Г.Ганбат хяналт шалгалт хийхэд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд байсан. Худалдан авалт хийгдсэн гэдэгтэй маргахгүй, гагцхүү хий бичилттэй падаан байсан гэсэн тайлбарыг шүүх анхаарч үзэлгүй дүгнэлт хийсэн. Худалдан авалт хийгдсэн анхан шатны баримтууд нь байгаа гэдгийг татварын улсын байцаагч Г.Ганбат нотолсоор байхад шүүхийн шийдвэрт ...Бэржин уньт ХХК-ийг зах зээлийн хямд үнээр бараа. бүтээгдэхүүнийг худалдан аваад түүндээ татварын хөнгөлөлт авахын тулд хоосон хий бичилттэй падаан худалдаж авсан эсэх, түүнчлэн бараа бүтээгдэхүүн борлуулагч нь нэмэгдсэн өртгийналбан татварын үнэ шингэсэн үнээр борлуулаад падааныг дагалдуулан өгч байсан эсэхийг хангалттай нотолж чадаагүй... гэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Бэржин уньт ХХК-д холбогдох 2013 оны 21/0009927 дугаартай акт болон холбогдох нэхэмжлэл бүхий захиргааны хэрэгт огт хамааралгүй Энх-Амьдаа" ХХК, Алтайнжаргалант өргөө ХХК-иудад хийгдсэн татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн дүгнэлт, тухайн компаниудын захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэл, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газрын албан бичгүүдийг үндэслэж Энх-Амьдаа ХХК, Алтайнжаргалант өргөөХХК-иуд ажил, үйлчилгээ явуулаагүй байна гэж үзэж тэдгээр компаниудын хууль бус үйлдлийн улмаас хохироод байгаа Бэржин уньт ХХК-ийн эрх ашгийг дахин хохироосон.

Энх-Амьдаа ХХК, Алтайнжаргалант өргөө ХХК-иудад хийгдсэн татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын дүгнэлт нь манай нэхэмжлэлтэй хамааралгүй ба нэр бүхий компаниудын захирлуудтай ярилцлагахийхдээ хууль сануулаагүй тул хэрэгт нотолгоо болох боломжгүй. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газрын албан бичгүүд нь тус компаниудын нэр бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба хуурамч падаан нь тухайн этгээдүүдтэй холбоотой болохоос Бэржин уньт ХХК-тай хамааралгүй болохыг нотолж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Энх-Амьдаа ХХК, Алтайнжаргалант өргөө ХХК-иудын хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зөрчилд холбогдох нөхөн татвар 39.476.600 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хариуцагч татварын улсын байцаагч нар Бэржин-Уньт ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, тус компанийг 2012 оны 11 дүгээр сард Алтайнжаргалант өргөө ХХК-ийн 316179,3 мянган төгрөг, Энх-Амьдаа ХХК-ийн 149766,3 мянган төгрөг, 2012 оны 12 дугаар сард Силикон стийл ХХК-ийн 245000,0 мянган төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийснээр тайлагнан төсөвт төлөх тухайн татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 21/0009927 дугаар актаар 71094,6 мянгөн төгрөгийн нөхөн татвар, 21328,4 мянгөн төгрөгийн торгууль, 12029,2 мянгөн төгрөгийн алданги, нийт 104452,2 мянган төгрөгийн төлбөр тогтоожээ

Бэржин-Уньт ХХК-иас нэр бүхий компаниудаас худалдан авалт хийхдээ гэрээ байгуулж, төлбөрийг бэлнээр хийж, холбогдох анхан шатны баримтуудыг бүрдүүлсэн гэж марган, дээрх актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Алтайнжаргалант өргөө ХХК, Энх-Амьдаа ХХК-иуд нь 2012 онд бараа, ажил, үйлчилгээ борлуулаагүй, орлого олоогүй, үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул актын эдгээр компаниудад хамаарах төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Бэржин-Уньт ХХК нь дээрх нэр бүхий компаниудтай бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй атлаа худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн худалдан авалтын хэсэгт тусган төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан байх тул маргаан бүхий актаар хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй.

Харин шүүх Силикон стийл ХХК-ийн захирал Ч.Мөнхбатын Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст өгсөн 2010-2012 онуудад 40 гаран тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд бий. Бүх төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдүүлэг, татварын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 34/0000451 дүгнэлт, түүнд хавсаргасан 2012 онд импортоор оруулж ирсэн бараа материал, борлуулалт хийсэн жагсаалтыг үндэслэн Силикон стийл ХХК-ийг 2012 онд борлуулалт хийсэн гэж үзэн, актын уг компанид хамаарах төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Бэржин-Уньт ХХК нь Нийслэлийн татварын газарт тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаснаас өөрөөр Силикон стийл ХХК-иас бараа материал худалдаж авсан гэдгээ эргэлзээгүйгээр нотолж чадаагүй, бараа материал худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулаагүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичүүлж авсан гэж үзэн, нэхэмжлэгчид хариуцлага ногдуулсан татварын улсын байцаагчийн акт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүйгэж заасантай нийцжээ. Иймээс шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэр бүхий компаниудын падаан хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх ямар ч боломжгүй гэж гомдол гаргах боловч энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөгүй албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.3-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна гэж заасны дагуу маргаан бүхий актаар ногдуулсан торгууль, алдангийг чөлөөлөх нь зүйтэй.

Үүнээс гадна шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх гэж хуулийн заалтыг буруу бичин, шийдвэрийн Тогтоох хэсэгтээ 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасныг баримталсан, маргаан бүхий үйл баримт болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийг хэрэглэлгүй сүүлд буюу 2015 оны 07 дугаар сарын 09-ний батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн нь буруу байх тул хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 082 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бэржин-Уньт ХХК-ийнНийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, шийдвэрийн 3, 4 дэх заалтыг нэгтгэн

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Бэржин-Уньт ХХК-ийг Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актаар тогтоосон 21328,4 мянган төгрөгийн торгууль, 12029,2 мянган төгрөгийн алданги төлөхөөс чөлөөлсүгэй. гэж, шийдвэрийн 5 дахь заалтыг 3 дахь заалт болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН