Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00969

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00969

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би, Л.Соёлцэцэгт холбогдох, 326 823 төгрөг гаргуулах тухай “Дулаанхаан-50” СӨХ-ны нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” СӨХ-ны төлөөлөгч Н.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус 50-р байрны 61 тоотын суугч Л.Соёлцэцэг нь 2016 оны 3-р сараас 2017 оны 2-р сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөлгүй үндсэн төлбөр 233 800 төгрөг алданги 93 023 төгрөг нийт 326 823 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна. Уг суугчийн сарын төлбөр нь 19 400 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь СӨХ-ны ДӨЭХ-ийн засвар, үйлчилгээ сангийн засвар хийх СӨХ-г хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байна. Мөн амжиргааны доод зэрэглэлийн цалин авч цаг хугацаагүй ажилтай байдаг үйлчлэгчийг хэдэн сар жилээр хөлс мөнгөгүй зарж байгаа нь үүргээ ухамсарладгүйгээс гадна хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байгаа юм. СӨХ-өөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардасан боловч одоог хүртэл нэг ч төгрөг барагдуулаагүй тул хуулийн дагуу 326 823 төгрөгийг уг суугчаас гаргуулж өгнө үү.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Дулаанхаан-50” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 326 823 төгрөгийн алданги болох 93 023 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж байна. Үлдэх 233 800 төгрөгийг хариуцагч 4, 5 сард хуваан төлж барагдуулж дуусгана. Энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүй гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” СӨХ нь хариуцагч Л.Соёлцэцэгт холбогдуулан СӨХ-ны төлбөрт 326 823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Дулаанхаан-50” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага 326 823 төгрөгийн 93 023 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Соёлцэцэг үлдэх 233 800 төгрөгийг 2017 оны 4 болон 5 дугаар саруудад нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Дулаанхаан-50” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Л.Соёлцэцэгт холбогдох, 326 823 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 326 823 төгрөгийн 93 023 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Соёлцэцэг үлдэх 233 800 төгрөгийг 2017 оны 4 болон 5 дугаар саруудад нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 455 төгрөгийн 5227 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5227 төгрөгийг, хариуцагч Л.Соёлцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 5227 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН