| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0240/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/271 |
| Огноо | 2021-11-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Б-О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/271
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 2125001760300 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Т-Оыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах Вансэмбэрүү дэлгүүрийн урдаас Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Пирамид төв рүү хүргэхдээ Самсунг А-50 загварын гар утсаа цэнэглүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Хохирогч Б.Т-О “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Эд зүйлийн хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р хуудас/,
2. Хохирогч Б.Т-Оын “Би таксинд суухдаа улсын дугаарыг сайн анзаарч хараагүй. Тэгээд би 2-11 дүгээр байр хүргүүлэх гэсэн чинь Орхон аймаг, Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах пирамид худалдааны төв орно гэж хэлсэн. Тэгээд миний Самсунг а-50 маркийн гар утас цэнэггүй болох гэж байсан болохоор суухдаа урд хайрцаг дээр цэнэглүүлсэн. Тэгээд би буухдаа мобайл банкаар мөнгө хийж болох уу гэж асуусан чинь бэлэн мөнгөөр авна гэхээр нь төв Хаан банкны АТМ орж данснаас мөнгө авчаад гарч ирсэн чинь тухайн такси байхгүй. Миний гар утсыг аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-20-р хуудас/
3. Гэрч Т.Аю-вын “Манай хүү Б.Б нь өөрийн эзэмшлийн гар утастай бөгөөд уг гар утас нь 2021 оны 06 дугаар сард эвдрээд байх шиг байсан. Ямар гар утас гэдгийг би мэдэхгүй байна. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай хүү Б.Б гадуур явж байгаад орой гэрт ирээд надад хэлэхдээ согтуу эрэгтэй хүн, жоохон хүүхэдтэйгээ такси барих гээд миний машинд суугаад машин дотор гар утсаа үлдээгээд буусан байна гэж хэлээд уг гар утсыг надад харуулж байсан. Гар утас нь самсунг брэндийн хар өнгийн мэдрэгчтэй гар утас байсан. Уг эрэгтэй нь таксины мөнгө өгөлгүй, хэл амаар доромжлоод байсан гэж надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/
4. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн №ТХХ21-137 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-33-р хуудас/
5. Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 52-60-р хуудас/
6. Мобиком корпораци ХХК-ий 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4/3018 дугаартай албан бичиг /хх-ийн 62-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ: “Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Т-О Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах Вансэмбэрүү дэлгүүрийн урдаас Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Пирамид төв рүү хүргүүлэхдээ Б.Бын машинд гар утсаа цэнэглүүлээд орхисныг завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас 450 000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийв. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Т-Оын “Би таксинд суухдаа улсын дугаарыг сайн анзаарч хараагүй. Тэгээд би 2-11 дүгээр байр хүргүүлэх гэсэн чинь Орхон аймаг, Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах пирамид худалдааны төв орно гэж хэлсэн. Тэгээд миний Самсунг а-50 маркийн гар утас цэнэггүй болох гэж байсан болохоор суухдаа урд хайрцаг дээр цэнэглүүлсэн. Тэгээд би буухдаа мобайл банкаар мөнгө хийж болох уу гэж асуусан чинь бэлэн мөнгөөр авна гэхээр нь төв Хаан банкны АТМ орж данснаас мөнгө авчаад гарч ирсэн чинь тухайн такси байхгүй. Миний гар утсыг аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.А-авын “Манай хүү Б.Б нь өөрийн эзэмшлийн гар утастай бөгөөд уг гар утас нь 2021 оны 06 дугаар сард эвдрээд байх шиг байсан. Ямар гар утас гэдгийг би мэдэхгүй байна. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай хүү Б.Б гадуур явж байгаад орой гэрт ирээд надад хэлэхдээ согтуу эрэгтэй хүн, жоохон хүүхэдтэйгээ такси барих гээд миний машинд суугаад машин дотор гар утсаа үлдээгээд буусан байна гэж хэлээд уг гар утсыг надад харуулж байсан. Гар утас нь самсунг брэндийн хар өнгийн мэдрэгчтэй гар утас байсан. Уг эрэгтэй нь таксины мөнгө өгөлгүй, хэл амаар доромжлоод байсан гэж надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн №ТХХ21-137 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд, Мобиком корпораци ХХК-н 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4/3018 дугаартай албан бичиг, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах Вансэмбэрүү дэлгүүрийн урдаас Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Пирамид төв рүү иргэн Б.Т-Оын хүргэхдээ Самсунг А-50 загварын гар утсаа цэнэглүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 450 000 төгрөгийн хохирол учруулсан баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгчийн оногдуулах ял шийтгэл нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуульд хамрагдахгүй байна.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-Од 450 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг нь хүлээлгэн өгч хохирол төлөгдсөн тул санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А