Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01661

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 22-р байрны 86 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ШЕ79090227, Боржигон овогтой Чамбаагийн Энхтуулын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, өөрийн байр, Гацуурт ХХК-д холбогдох цалин хөлс 5 441 000 төгрөг  гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Энхтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Батханд /үнэмлэх 0384/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.                                                                                                       

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ч.Энхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 08-р сарын 10 өдөр  Гацуурт компанид ажилд орж, Гацуурт хүнс ХХК-ний нягтлан бодогчоор ажилласан. 2015 оны 08-р сарын 01-ний   өдрөөс үйлдвэрлэл хариуцсан ахлах ажилтан, 2016 оны 03-р сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар томилогдсон. Ажиллаж байхдаа 2016 оны 03 сарын 01 өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн инженерийн албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн. Ажиллаж байхдаа 2016 оны 05-р сарын 31-нд сүүлийн цалингаа авсан, үүнээс хойш 2016 оны 07-р сарын 25-ныг хүртэл цалин олгоогүй. Ямар шалтгаанаар цалинг хаасан нь мэдэгдээгүй. Хавсран ажилласан цалинг 2016 оны 03 сараас олгох байсан боловч компанийн санхүүгийн байдлаас болоод 2016 оны 05-р сараас олгохоор тушаал гарсан. Гэвч цалинг олгоогүй. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар цалингийн 5 хувиар эрсдэлийн сан байгуулахаар заасан бөгөөд хуримтлалыг жилийн эцэст, эсвэл цагаан сарын өмнө олгодог байсан. 2014 оны эрсдлийн мөнгийг жил хүрээгүй учраас дараагийн жилд шилжүүллээ гээд авч чадаагүй. 2015 оны мөнгийг компанийн санхүүгийн байдлаас болоод хойшлуулсан.  2016 оны 8-р сард ажлаас гарсан учраас олгоогүй. Мөн хөдөө орон нутагт амралтын өдөр ажилласан хоногийн цалинг ажлын өдрийн цалингаар олгоно гэсэн боловч олгоогүй. Би 2016 оны 07-р сарын 25-ны өдөр ажлаас гарах өргөдлөө өгсөн. Ерөнхий захирал Чинбат миний өргөдөлтэй 2016 оны 08-р сарын 03-ны өдөр танилцаад, ажлаас чөлөөлсөн бөгөөд би ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн. Иймд Гацуурт ХХК-иас 2016 оны 6, 7, 8-р сарын цалин 3 000 000 төгрөг, 2014, 2015, 2016 оны эрсдэлийн мөнгө 1 031 000 төгрөг, албан тушаал хавсран гүйцэтгэсний цалинг 20 хувиар тооцож  2016 оны 05, 06, 07-р сарын  660 000 төгрөг, амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 2016 оны 06, 07-р сарын 750 000 төгрөг нийт 5 441 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Энхтуул нь 2014 оны 08-р сарын 24-ний өдөр “Гацуурт хүнс” ХХК-д нягтлан бодогчоор ажилд орсон. 2016 оны 11-р сарын 20-нд тушаал гарч ажлаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь “Гацуурт хүнс” компанид ажиллаж байхдаа 2016 оны 04 сард луувангийн үр алга болгосон зөрчил гаргасан,  үлдсэн цалин 4 031 000 төгрөгийг нь төлбөрт тооцож хаасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.   

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Энхтуул нь Гацуурт ХХК-д холбогдох ажилласан хугацааны цалин хөлс  5 441 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ. 

 

Гацуурт хүнс ХХК-ний захирлын 2014 оны 8-р сарын 25-ны өдрийн 09 тоот тушаалаар Ч.Энхтуул нь тус компаний нягтлан бодогчоор ажилд орж, 2016 оны 11-р сарын 21-ний өдрийн 113-1 тоот тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар /хх 22-25/ болгожээ.

 

Нэхэмжлэгч нь ажилласан хугацааны цалин хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Гацуурт ХХК-д холбогдуулан гаргасан нь буруу байна.

 

Гацуурт хүнс ХХК нь Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг, бие даасан  аж ахуйн нэгж байх ба Гацуурт ХХК-ний болон Гацуурт хүнс ХХК-ний захирал нь Л.Чинбат гэх үндэслэлээр Гацуурт ХХК-иас цалин хөлс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 102 100 төгрөгийг буцаан гаргуулж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг,  116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гацуурт ХХК-иас 5 441 000 /таван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Энхтуулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 102 100 /нэг зуун хоёр мянга нэг зуу/ төгрөгийг буцаан гаргуулж Ч.Энхтуулд олгосугай. 

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.АЛТАНТУЯА