Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/301

 

 

 

 

 

  2022         02          28                                      2020/ШЦТ/301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Батболд,

Шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батчулуунд холбогдох 2106 00000 1564 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1983 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ эцсийн 630 тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шар Торгууд овогт Дын Б/РД /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Д.Бнь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 29 дүгээр гудамжны 743 тоотод оршин суух иргэн Б.Ганбаатарын гэрийн ханыг хугалж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нийт 126.500 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батчулууны өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганбаатарын өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед машинтайгаа таксинд явахаар гэрээсээ гараад явсан. Би гэртээ ганцаараа байдаг. Тэгээд гадуур явж байгаад 23 цаг 15 минутын орчим гэртээ ирээд хаалганы цоожоо өөрөө онгойлгоод, гэртээ орж ирээд ус буцалгах гээд ус хийх гэсэн чинь манай гэрт байсан усны 40 литрийн сав байхгүй байсан. Гайхаад хулгай орсон байж магадгүй гэж бодоод хаалганы цоожоо шалгаад үзтэл зүгээр байсан тул гэрийн хаяа хэсгийг шалгатал гэрийн зүүн урд хэсгийн хананы доод талын модыг хугалаад, зай гарчихсан байхаар нь гэрт хулгай орсныг мэдээд, гэрт байсан эд зүйлээ шалгатал хөргөгчид байсан 2 кг орчим хонины цул мах, 40 литрийн хөнгөн цагаан усны сав байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Хулгай хийсэн хүн тогоонд байсан цуйванг идээд, ширээн дээр байсан “Үе Үе” нэртэй кофег аваад, гэрт байсан миний өөрийн хар өнгөтэй цагаан бугын дүрстэй ханцуйтай ноосон цамцыг авч явсан байсан... ”,

“... Надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх.15-16, 18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Батчулууны гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би архи ууж яваад Дарь-Эхийн Сэлбийн голын орчим унтаж байгаад нэг сэртэл орой болсон ам цанган өлсөөд байсан. Тэгээд голын захаас алхаад явж байтал нэг гудамжны булангийн хашаа хаалга нь онгорхой байсан. Тэгээд би тэр хашаа руу яваад очтол нэг түгжээтэй хаяаг нь шуусан монгол гэр байсан. Тэгэхээр би хаяагаар нь ороод гэрт байсан хөнгөн цагаан 40 литрийн багтаамжтай бидон 2 ширхэг кофе, хар цагаан өнгийн цамц, савхин бээлий, Самсунг маркийн цагаан өнгийн гар утас зэргийг авсан. Тэгээд би тухайн гэрээс хулгай хийсэн эд зүйлээ авч буцаад хаяагаар нь явж байгаад холдолгүй нэг хашааны буланд сууж амарч байгаад унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байхад цагдаа ирээд намайг сэрээгээд аваад явсан...” гэх мэдүүлэг хх.22, 47/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.25-26/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.29/,

Шүүгдэгч Д.Батчулууны хувийн байдлын талаарх баримт /хх.31-39/,

Хохирогч Б.Ганбаатарын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгийн тайлбар /хх.50/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Бнь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 29 дүгээр гудамжны 743 тоотод оршин суух иргэн Б.Ганбаатарын гэрийн ханыг хугалж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нийт 126.500 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганбаатарын өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед машинтайгаа таксинд явахаар гэрээсээ гараад явсан. Би гэртээ ганцаараа байдаг. Тэгээд гадуур явж байгаад 23 цаг 15 минутын орчим гэртээ ирээд хаалганы цоожоо өөрөө онгойлгоод, гэртээ орж ирээд ус буцалгах гээд ус хийх гэсэн чинь манай гэрт байсан усны 40 литрийн сав байхгүй байсан. Гайхаад хулгай орсон байж магадгүй гэж бодоод хаалганы цоожоо шалгаад үзтэл зүгээр байсан тул гэрийн хаяа хэсгийг шалгатал гэрийн зүүн урд хэсгийн хананы доод талын модыг хугалаад, зай гарчихсан байхаар нь гэрт хулгай орсныг мэдээд, гэрт байсан эд зүйлээ шалгатал хөргөгчид байсан 2 кг орчим хонины цул мах, 40 литрийн хөнгөн цагаан усны сав байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Хулгай хийсэн хүн тогоонд байсан цуйванг идээд, ширээн дээр байсан “Үе Үе” нэртэй кофег аваад, гэрт байсан миний өөрийн хар өнгөтэй цагаан бугын дүрстэй ханцуйтай ноосон цамцыг авч явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Батчулууны яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би архи ууж яваад Дарь-Эхийн Сэлбийн голын орчим ... нэг гудамжны булангийн хашаа хаалга нь онгорхой байсан. Тэгээд би тэр хашаа руу яваад очтол нэг түгжээтэй хаяаг нь шуусан монгол гэр байсан Тэгэхээр би хаяагаар нь ороод гэрт байсан хөнгөн цагаан 40 литрийн багтаамжтай битон 2 ширхэг кофе, хар цагаан өнгийн цамц, савхин бээлий, Самсунг маркийн цагаан өнгийн гар утас зэргийг авсан...” гэх мэдүүлэг хх.22, 47/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.25-26/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.29/,

Хохирогч Б.Ганбаатарын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгийн тайлбар /хх.50/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батчулууны гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Д.Батчулууны үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Д.Батчулууныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн” хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч Б.Ганбаатар нь хулгайд алдсан эд зүйлсээ буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Д.Батчулууныг энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Д.Батчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Батчулууны үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Д.Батчулуунд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Энэ хэрэгт Д.Батчулууныг 2022 оны 0 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн одоог хүртэл цагдан хорьсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Шар Торгууд овогт Дын Батчулууныг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Батчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Батчулуунд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Батчулууныг урьд нь цагдан хорьсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Бурьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Батчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР