| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0273/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/318 |
| Огноо | 2022-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/318
2022 03 03 2022/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Сайнхүү /томилолтоор/,
Шүүгдэгч Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Шт холбогдох 2206 00000 0038 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 226/А тоотод оршин суух бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 14-8 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт ЭШ РД: /
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 37/А байрны 47 тоотод байршилтай гэрт хохирогч С.Баттулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Шын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Баттулгын өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ эхнэр Л.Одончулууны хамт байхад эхнэрээс зөвшөөрөл авч, дэлгүүрээс 2.5 литрийн Боргио нэртэй пиво худалдаж аваад гэртээ ганцаараа уугаад байж байхад манай эхнэрийн төрсөн дүү Эрдэнэ-Очир /нас барсан/ түүний хүү Э.Ш нь манай гэрт ирсэн. Тэгээд би пиво хийж өгөхөд “би болсон, та өөрөө уу” гэж хэлж байсан. Би тухайн үед яг юу болсон, Ш юу ярьсан талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь ариун цэврийн өрөөнд эхнэр Л.Одончулуун намайг сэрээгээд “юу болсон юм бэ? яагаад хамар, амнаас чинь цус гарсан юм бэ?” гэхэд би “мэдэхгүй” гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Шын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод орж ирээд эгч Одончулууны гэрт очсон. Одончулуун эгч нөхөр Баттулгын хамт амьдардаг юм байна лээ. Тэгээд намайг ирэхэд Баттулга ах согтуу, унтах гээд байж байсан. Баттулга ах над руу хандаж “танай аав залуугийн арчаагүй хүн байсан” гэх зэргээр харааж, “чи тийм болчихсон юм уу?” гэж хэлсэн. Тэр үед би Баттулга ахад хандаж “4-н хүүхэдтэй хүн чинь том болох нь аргагүй биз дээ” гэтэл “чи тийм том юм бол намайг цохь” гээд байхаар нь миний уур хүрээд баруун гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь 2 удаа цохиод гэрээс нь гарч явсан...” гэх мэдүүлэг /хх.11,31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Одончулууны өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед миний төрсөн дүү Эганц хүү Ш над руу яриад “аниа танайд очиж явна” гэж хэлсэн. Манай гэрт ирэхээс өмнө манай нөхөр шар айраг уугаад сууж байсан. Тэгээд Шыг ирэхэд Баттулга бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би Ш, Баттулга нарыг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй, нэг мэдэхэд ариун цэврийн өрөөнд пижигнээд байхаар нь очоод хартал Баттулга газар хэвтсэн, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай:
“1. С.Баттулгын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.16-17/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.25-26/,
Шүүгдэгч Э.Шын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.20-23/,
Хохирогч С.Баттулгын гомдол саналгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.37/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 37/А байрны 47 тоотод байршилтай гэрт хохирогч С.Баттулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Баттулгын өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... гэртээ ганцаараа уугаад байж байхад манай эхнэрийн төрсөн дүү Эрдэнэ-Очир /нас барсан/ түүний хүү Э.Ш нь манай гэрт ирсэн... Нэг мэдсэн чинь ариун цэврийн өрөөнд эхнэр Л.Одончулуун намайг сэрээгээд “юу болсон юм бэ? яагаад хамар, амнаас чинь цус гарсан юм бэ?” гэхэд би “мэдэхгүй” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Шын яллагдагчаар өгсөн: “... миний уур хүрээд баруун гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь 2 удаа цохиод гэрээс нь гарч явсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Одончулууны өгсөн: “... Ш, Баттулга нарыг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй, нэг мэдэхэд ариун цэврийн өрөөнд пижигнээд байхаар нь очоод хартал Баттулга газар хэвтсэн, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай:
“1. С.Баттулгын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.16-17/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Шын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Э.Шын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Шыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч С.Баттулга нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Шаас жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Э.Шын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 0-9 насны 4 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Шт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Э.Шт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ЭШыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Шт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Шт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Баттулга нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.Баттулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Шаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР