Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 1016

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01016

Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Дамбын гудамж, 60/1 дугаар байранд байрлах, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ /РД: 9095705/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва гудамж, Монгол мэнди ин Монголиа трейд центр, 3 дугаар хавхарт байрлах, “ЕУАЗ” ХХК /РД: 5050243/-д холбогдох,

 

18 360 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

29 231 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ-ын төлөөлөгч С.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ЕУАЗ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Үрийн болон тэжээлийн аж ахуй” төслийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. “ЕУАЗ” ХХК нь чанарын шаардлага хангасан бараа материалыг нийлүүлэх заалтыг зөрчиж, бэлтгэл ажил хийгдсэн талбайд нэг ч удаа усалгаа болон арчилгаа хийгээгүй ажил гүйцэтгэх гэрээний 5.5, 6.5-г зөрчсөнөөс тарьсан царгас ургалт муу, ашиглаж буй тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангаагүй учир ажил цалгардаж, Архангай, Хэнтий, Төв аймагт үрийн болон тэжээлийн аж ахуй байгуулах явц зогсонги байдалд орсон бөгөөд үр дүн гарахгүй нь тодорхой болсон. Төв аймгийн Эрдэнэ сум болон Хэнтий аймагт царгас тариалсан талбайд шаардлага хангаагүй хашаа барьсанаас мал орж тариалсан царгасыг идсэн. “ЕУАЗ” ХХК нь төслийн хүрээнд нийт 18 925 700 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд хийгдээгүй ажлын гүйцэтгэлийг хангахыг удаа дараа шаардсан боловч үлдэгдэл санхүүжилт нэхэж ажлаа зогсоосон. “ЕУАЗ” ХХК нь Хэнтий болон Төв аймагт хэрэгжсэн царгасны төслийн усалгааны системийн нэгж талбайд хүрч услах, цацруулагчийн тоог нэмэх, 11 586 400 төгрөгийн үнэ бүхий услалтын системийг хүлээлцэх байсан боловч хүлээлгээгүй. Иймд 18 360 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЕУАЗ” ХХК-ийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээнд тусгагдсан ажлын өгөгдлүүд буюу сийрүүлүүр, үрлэгчийн марк /тоног төхөөрөмжүүд/-ийн хүчин чадал, усалгааны системийн өгөгдлүүд, хөдөлмөр хамгаалалын хэрэгсэлүүдийн хэмжээ загвар, материалын тодруулга, хэмжээг удаа дараа амаар болон бичгээр шаардаж хүсэлт хүргүүлсэн. Гэвч нэг ч удаа албан ёсоор хариу өгөөгүй. Төсөл хэрэгжиж эхэлсэн зун хур тунадас маш элбэгтэй, ялангуяа царгасын услалтын хэмжээнд тохирсон тунадастай бөгөөд тухайн үеийн удирдлагуудтай болон өөрийн мэргэжлийн хүмүүстэй энэ талаар зөвшилцөж байсан. Бид Хэнтий аймгийн тус төслийн талбайд байгаа хашааг бүхэлд нь засаж сэлбэн зарим хэсэгт тор, шон нэмж өндөрлөж хүлээлгэн өгсөн. Төв аймгийн Эрдэнэ сумын Ротари клубын торон хамгаалалттай хашаан дотор бидний барьсан хашаа байсан тул ямар ч тохиолдолд мал бэлчих үндэсгүй. Бид өөрийн хөрөнгөөр нэмэлт санхүүжилтийг хийж бүрэн гүйцэтгэлийг хийсэн. Нэхэмжлэгч бүтэц зохион байгуулалтын ажилдаа илүү анхаарч манай ажлыг бүр мартсан. Санхүүжилт хийгээгүй тул үндсэн 50 хувийн ажлыг манай компани өөрийн хөрөнгөөр хийсэн. Бид 2015 оны 4 дүгээр сард өмнө хүлээлцсэн усжуулах системийг дахин хүлээлцэх, Төв, Хэнтий, Архангай аймагт хүргүүлсэн системийг татан авчирч хүлээлцэх тохиролцоо хийсэн бөгөөд албан ёсоор нэхэмжлэгч нь буцааж авчрах албан бичгийг Архангай аймагт хүргүүлэх ёстой байсан боловч бидэнд хариу ирүүлээгүй байсаар дараагийн захирал солигдсон байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “ЕУАЗ” ХХК-ийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 5.6, 6.6 дахь хэсэгт заасан тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлсэн, нэхэмжлэгч талаас ажилтнууд ирэхгүй учир аймгуудынх нь хөдөө аж ахуйн газруудад нь хүлээлгэж өгсөн. Тус төвийнхөн үүнийгээ ч мэдэхгүй явж байна. Иймд үлдэгдэл 24 073 000 төгрөгийг алданги 5 158 000 төгрөгийн хамт нийт 29 231 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ-ын төлөөлөгч С.Жавхлан шүүхэд гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ажлыг 100 хувийн чанартай гүйцэтгэсэн гээд байгааг ойлгохгүй байна.Тус төв нь төслийг эхлэхээс дуусах хүртэл арчилгаа усалгаа хамгаалалтын асуудлыг хариуцах ёстой байсан. Манай байгууллагын хувьд үр дүн чухал юм. Энэхүү төсөл нь 90 000 ам.долларын ажлыг гурван жилийн хугацаанд эхний жил 40 000 ам.доллар, хоёр болон гурав дахь жилүүдэд 25 000 ам.долларын ажлыг тус компаниар гүйцэтгүүлэх зорилготой байсан. Газар хагалах, үр суулгах ажлыг хийсэн боловч харуул хамгаалалтгүй хашаа руу мал орж ургасан, царгасыг мал идсэн байсан. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, 9 дүгээр сарын 16-ны өдөр, 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлуудаар тус услалтын системийг ажиллуулаад хүлээлгэж өгье гэж тайлбарлсан байгаа. Мөн бид бүрэн ажиллагаатай тоног төрөөмж хүлээж авах ёстой юм. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болон 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тооцоо нийлэх хурлаар “ЕУАЗ” ХХК-ийг 19 754 600 төгрөгийн ажлыг хийсэн гэж тооцож хоёр тал гарын үсэг зурсан байгаа. Бидний зүгээс нийт шилжүүлсэн мөнгөн дүнгээс гүйцэтгэсэн ажлын үнийг хасаж үлдэгдэл мөнгийг нэхэмжилсэн. Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаагүй ч 2014 оны 10 дугаар сараас эхлэн одоог хүртэл зогсонги байдалд байна гэжээ. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ нь хариуцагч “ЕУАЗ” ХХК-д холбогдуулан гэрээг цуцалж, 18 360 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд гэрээг цуцлах нь бие даасан шаардлага бус, харин 18 360 300 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл болж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 29 231 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18 360 300 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 37 286 000 төгрөгөөс услалтын систем шаардлага хангаагүй үндэслэлээр 18 360 000 төгрөгийг буцаан гаргуулахаар тодорхойлсоныг хариуцагч услалтын системийг бүрэн хүлээлгэн өгсөн гэж үгүйсгэн маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 14-ХА-02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна. Гэрээний 1, 2, 5.1-д зааснаар хариуцагч “ЕУАЗ” ХХК нь Хэнтий, Архангай, Төв аймагт үрийн болон тэжээлийн аж ахуйн тариалалтын бэлтгэл ажил, тариалалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ-т хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь ажлыг хүлээн авч, санхүүжилтийг 15 хоногийн дотор хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцож, 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээр тус тус нотлогдож байна. Гэрээний агуулга, шинж, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 37 286 000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Талууд гэрээнд услалтын системийн шинж, чанарын талаар заагаагүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид услалтын системийг хүлээлгэн өгсөн боловч уг услалтын систем нь чанарын шаардлага хангаагүйгээс нэхэмжлэгч тал хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “услалтын системийг хүлээн авсан боловч шаардлага хангахгүй байсан” гэх тайлбар болон 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “гэрээ дүгнэх гүйцэтгэлийн тэмдэглэл”-ийн “...услалтын систем чанарын шаардлага хангахгүй учир хүлээн авахгүй” /1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал/ гэх баримтаар нотлогдож байна.

  

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн зүйлийн 353.3-т зааснаар хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Түүнчлэн, захиалагч нь ажлын үр дүнг доголтой гэж үзвэл мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан шаардлагыг ажил гүйцэтгэгчид гаргах, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгт шилжүүлсэн услалтын системийг чанарын шаардлага хангаагүй гэх үйл баримтыг нотлох баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагчийн нийлүүлсэн услалтын системийг чанарын шаардлага хангаагүй буюу үр дүнгийн доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” гэж заасны дагуу услалтын системийн үнэ 18 360 300 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.    

 

Түүнчлэн, гэрээний 6.5-д зааснаар хариуцагч нь чанарын шаардлага хангасан бараа материалыг нэхэмжлэгчээс гаргасан жагсаалт, үнийн дагуу нийлүүлэхээр заасан байх боловч нэхэмжлэгч уг жагсаалт болон үнийг хариуцагчид гаргаж өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг гэрээг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

29 231 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д зааснаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болох бөгөөд мөн зүйлийн 345.2-т зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

 

Талууд гэрээнд ажлын төсөв буюу гэрээний үнийг тодорхой заагаагүйгээс гадна гэрээний 4.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заагдсан ажлын төлөвлөгөөний дагуу тухайн жилийн гаргасан төсөв, тооцоог хянаж нэхэмжлэхийн дагуу дансаар хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, гэрээний үнийг талууд гэрээнд тодорхой заагаагүй, харин ажлыг гүйцэтгэсэн хэмжээгээр санхүүжүүлэхээр тохиролцсон байх тул хариуцагчийг 37 286 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч нь гэрээний нийт үнийг баримтаар нотолж чадаагүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрт 24 073 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Гэтэл гэрээнд талууд алдангийн талаар заагаагүй байх тул тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 5 158 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “ЕУАЗ” ХХК-д холбогдох, 18 360 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ-т холбогдох, 29 231 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ЕУАЗ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ЕУАЗ” ХХК-д холбогдох, 18 360 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ-т холбогдох, 29 231 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ЕУАЗ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 752 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН