Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01767

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01767

Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, 28/2-р байр 21 тоотод оршин суух, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд эдийн засагч ажилтай, Дамба овогтой Гантогтохын Батбаатарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 9-р хороо, Даваагийн 1-р гудамж 7 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баяууд овогтой Төмөрхуягийн  Пүрэв-Очирт холбогдох гэм хор учруулсны хохирол 160 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Батбаатар, хариуцагч Т.Пүрэв-Очир, иргэдийн төлөөлөгч М.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01-р сард Приус 30 маркийн машин худалдаж авсан. 2017 оны 05-р сарын 12-ны өдөр ажлаа тараад хамт олонтойгоо  Цонжинболдогийн цаашаа Мандал гэдэг газар амарсан. Маргааш нь 5-р сарын 13-ны өдөр буюу хагас сайн өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд 4-р хорооллын эцэст Говь сауны  баруун талд хувь хүнээр машинаа угаалгасан. Би хашааны сүүдэрт зогсож байсан, гэтэл Пүрэв-Очир машины шил арчигчийг босгож угаагаад буцааж буулгахдаа тасхийсэн дуу гарсан. Очоод харсан чинь шил нь машины урд шил хагарсан байсан. Чи шил хагалчихлаа гэж хэлээд бид маргалдсан, цагдаа дуудсан цагдаа ирээгүй. Бид 2 хамт угаадаг гээд нэг эгч хажууд нь байсан. Тэр эгч хариуцагчийг “одоо чи яанаа, их үнэтэй байхдаа” гээд хоорондоо яриж байсан. Шилний үнэ 250.000 төгрөгнөөс дээш үнэтэй байдаг, би 160 000 төгрөгөр шилээ солиулсан. Иймд Т.Пүрэв-Очироос 160 000 төгрөг нэхэмжилж байна гэв. 

 

  Хариуцагч Т.Пүрэв-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 05-р сарын 13-ны өдөр Говь сауны баруун талд машин угаадаг хүмүүстэй машин угаагаад зогсож байсан. 13-14 цагийн хооронд энэ залуу ирээд угаалгасан. Би тухайн үед тэр шилийг анзаараагүй хөөсдчихөөд шил арчигчийг буулгасан. Хуруу орохооргүй хэмжээний зайн дээр алдсан. Шил хагарахаар хэмжээний алдаагүй. Тэгээд хойд талыг нь арчиж байхад намайг шил хагалчихлаа гэсэн. Энэ залуу өмнө нь машиныхаа шил арчигчийг хулгайд алдсан гэж байсан. Миний бодлоор хулгайд алдаад шил арчигч нь шалдан төмрөөрөө байсан гэж бодоод байгаа. Шил арчигч хулгайлсан хүн нь олдохгүй болоод цагдаа дээр бас өргөдөл өгсөн байсан. Би 80 000 төгрөг өгье гэхэд зөвшөөрөөгүй, одоо бол төлж чадахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Г.Батбаатар нь Т.Пүрэв-Очирт холбогдох гэм хор учруулсны хохирол 160 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Т.Пүрэв-Очир нь 2017 оны 05-р сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг Говь комплексийн баруун талд Г.Батбаатарын эзэмшлийн 03-73 УБК дугаартай Тоёота Приус 30 маркийн машиныг угааж байхдаа шил арчигчийг унагаснаас машины урд шилийг хагалж гэм хор учруулсан нь зохигчийн тайлбар, фото зургаар /хх 6/  тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь Авто шил дэлгүүрээс  машины урд шилийг 160 000 төгрөгөөр худалдан авч солиулсан /хх 5/ байх ба гарсан зардлыг Т.Пүрэв-Очир төлж хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “шил арчигчийг алдахдаа шил хагарах хэмжээнд унагаагүй” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төмөрхуягийн Пүрэв-Очироос 160 000 /нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Гантогтохын Батбаатарт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 450 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Пүрэв-Очироос 5 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                         Б.АЗБАЯР

 

 

                                                                                       М.МӨНХТӨР