Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0635/З |
Дугаар | 128/ШШ2020/0055 |
Огноо | 2020-01-21 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2020/0055
2020 оны 01 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/0055 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ГТ” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “ГТ” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ГТ” ХХК-ийн захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“ГТ” ХХК нь анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 21.8 га, мөн хязгаарлалтын бүсэд сайдын А-338 дугаар тушаалаар 3 га талбайг тус тус аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан билээ.
Улмаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/64 дугаар гэрчилгээ авч, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2014/64 дугаар гэрээг байгуулан хуульд заасан нөхцөл, журмын дагуу газрын төлбөрийг жил бүр бүрэн төлж ирсэн билээ.
2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 1077 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалаар газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдэгдэж, газар ашиглах гэрээ, гэрчилгээг хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн болно.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас манай компанид газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгох гэж буй талаар огт мэдэгдэж, хуульд заасны дагуу тайлбар, санал авах ажиллагааг явуулалгүй ийнхүү шийдвэрлэсэн байна.
Дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг үзвэл манай компани хуульд заасан ямар нөхцөл журмыг зөрчсөн талаарх хуулийн зохицуулалт нь тодорхой бус байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “ГТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Тушаал хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь Сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн тус тус удирдлага болгож “ГТ” ХХК-д анх Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар олгосон 21.8 га болон 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 338 дугаар тушаалаар олгосон 3 га талбай бүхий газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь дээрх заалтыг зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал гарах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно.
Иймд хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ГТ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “ГТ” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “ГТ” ХХК нь 2004 оноос хойш Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 21,8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгож, 10 дугаар сарын 01-ний өдөр 2014/64 дугаартай гэрчилгээг олгосон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж “ГТ” ХХК-д 21,8 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (хуучин нэрээр)-ын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337, 3 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (хуучин нэрээр)-ын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-338 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (хуучин нэрээр)-ын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-338 дугаар тушаалаар “ГТ” ХХК-д 3 га газар ашиглах эрхийг олгоогүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “ГТ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахдаа техникийн алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (хуучин нэрээр)-ын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-377 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг, Ташгайн аманд 21,8 га газрыг “аялал жуулчлал”-ын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглуулах эрхийг “ГТ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийг “дархан цаазат газар”, “байгалийн цогцолборт газар”, “байгалийн нөөц газар”, “дурсгалт газар” гэж ангилж, дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хувааж, тэдгээрийн дэглэмийг тогтоосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь 1994 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш тухайн хуульд өөрчлөлт ороогүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг”, харин 12 дугаар зүйлийн 5, 9-д зааснаар “дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог” байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж тус тус заажээ.
Маргаан бүхий акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “ГТ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тодорхойлон заасан Дархан цаазат газарт хориглох 11 үйл ажиллагааны яг алийг нь нэхэмжлэгч явуулсан болохыг тодорхой дурдаагүй, хориглосон үйл ажиллагаа явуулсан болохыг нотолсон баримтгүй байгаа нь дээр дурдсан бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг зөрчиж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 2-т захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн өөрийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход тодорхой хязгаарлалт тавьсан, тухайлбал, “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол хүчингүй болгож болохоор заасан байдаг.
Гэтэл “ГТ” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах газрын хил залгаа болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал нь тэгш байдлыг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “ГТ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “ГТ” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “ГТ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “ГТ” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГТ” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА