Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0306

 

Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний

цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханыилтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Дамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус холбооны гишүүд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Өмч, газрын харилцааны албанд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зориулалт бүхий газар ашиглах зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасны дагуу газрын төлбөрийг тодорхойлох тухай актаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон.

Энэхүү газар ашиглах зөвшөөрлийг үндэслэн бид Эрдэнэсийн өргөө ХХК-д захиалга өгч Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам, бусад стандартад нийцсэн түргэн үйлчилгээний цэг буюу павильон хийлгэж, зөвшөөрөгдсөн газарт байршуулан ажиллаж байсан. Бид зохих зөвшөөрлийн үндсэн дээр түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байсан. Уг зөвшөөрлөөс өөр зөвшөөрөл олгодоггүй.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А/115 дугаар захирамж гаргаж, зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байсан иргэдийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийг албадан буулгаж, журмын хашаанд байршуулах ажиллагааг хийсэн. Төрийн байгууллагын албан тушаалтнууд түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэхдээ эвдэлж, иргэдийн өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийг хүчингүй болгож, Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагааны журам батлах тухай 91 дүгээр тогтоолын 1.3.3 дахь заалтад Зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газарт нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан байршилд дүүргийн Засаг дарга тухайн байгууллагын эзэмшил газарт уг байгууллагын даргын шийдвэрээр ашиглуулна. Газар эзэмшигч, өөрийн эзэмшилд байгаа газрыг уг байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтад заасны дагуу бусдад ашиглуулна гэж заасан тул дүүргийн Засаг дарга зөөврийн байгууламж түр хугацаагаар ашиглуулах шийдвэрийг 2015 оны 7 дугаар сарын байдлаар нэг ч иргэн, аж ахуй нэгжид олгоогүй байна.

Мөн тус журмын 1.3-д зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагааг нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг дарга ашиглуулах шийдвэр гаргахаар зохицуулсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана гэж заасан байдаг.

Гэтэл дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх ашиглуулах талаар тусгаагүй байна.

Дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглах гэрчилгээ олгодоггүй бөгөөд зөвхөн дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуй нэгж байгууллагатай зөөврийн байгууламж түр байрлуулах газар ашиглуулах гэрээ байгуулдаг тул зөөврийн байгууламж түр байрлуулах зориулалтаар газар ашиглахаар хүсэлт гаргасан иргэдэд дүүргийн Засаг даргын шийдвэрээр зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зөвшөөрөл олгоогүй, дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны алба, тус холбооны гишүүд нарын хооронд зөөврийн түр байгууламжийн зориулалтаар газар ашиглах гэрээ байгуулагдаагүй байна.

Тус холбооны гишүүдийн түргэн үйлчилгээний цэг байрлаж байсан зам дагуух нийтийн эдэлбэрийн газарт олгосон гэх зөвшөөрөл нь Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт бөгөөд нийтийн эдэлбэрийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа этгээдэд ногдуулсан төлбөрийн акт юм. Өөрөөр хэлбэл, зөөврийн түр байгууламж байрлуулах гэрээ биш.

Монгол Улсын стандарт ММЗ:5879:2012 Нийтийн тээвэр, замналын зогсоол, ангилал, техникийн шаардлага-д чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолын байгууламжид түргэн үйлчилгээний цэггүй байхаар заасан байдаг.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг эрхэлж буй иргэдэд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй. Иймээс мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэр дэх эмх замбараагүй, зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Засаг даргын нөөц хөрөнгөөр шуурхай зохион байгуулахыг мэдэгдье гэсэн 01/131 тоот албан бичиг, мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий болон тохижилтын төлөвлөгөөтэй нийцүүлэн Нийслэлийн 200 ширхэг автобусны буудлыг шинэчлэх ажлын хүрээнд стандартын нөхцөл шаардлагад нийцсэн байгууламж барих, автобусны буудлыг шинэчлэн тохижуулахад төлөвлөгөөнд орсон байршлууд дээр байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нэн даруй буулгах албан бичгүүд Баянзүрх дүүргийн Засаг даргад ирсэн.

Мөн Захирагчийн ажлын албанаас одоо ажиллаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийн загвар дизайныг батлагдсан зураг төслийн дагуу шинэчлүүлэхдээ засварын бэлтгэл үеийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тогтоосныг харгалзаж, үе шаттайгаар эхний ээлжинд хотын төвийн барилгажсан хэсгээс эхлэх, хэрвээ явган хүний болон авто замын хөдөлгөөнд саад учруулахаар байрлаж байгаа тохиолдолд заавал /өөр байршил зааж өгөх, түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд зөвлөн туслах, дэмжин ажиллах гэсэн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/714 тоот албан бичиг ирсний дагуу явган хүний болон автозамын хөдөлгөөнд саад учруулахаар байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд өөр байршилд байрлуулахыг санал болгосон.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн дээрх үүрэг чиглэлийн дагуу Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл хуралдаж Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний автобусны буудал, Намянжүгийн гудамж, Баянзүрх их дэлгүүр, Хавдар судлалын эмнэлгийн буудал дээр түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа олон жил эрхлэн явуулж байгаа 29 иргэдийг хуралд урин оролцуулж түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам болон холбогдох тушаал зааврыг танилцуулан одоо байгаа байршлаа чөлөөлөн шинэ байршил өөрсдөө сонгох талаар санал болгож энэхүү саналыг 16 иргэд хүлээн авч байршлаа чөлөөлсөн.

Өөр байршилд нүүлгэх саналыг хүлээн аваагүй, зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Иймээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд хууль ёсны зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам, Нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг зөрчин худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгийг буулган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тухай журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/76 захирамжийг тус тус хэрэгжүүлсэн тул холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/115 дугаар захирамж нь тус холбооны хууль ёсны ямар эрх ашгийг хөндсөн нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дугаар зүйлийн ж, 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулан захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 1, 5, 7, 8, 15 дугаарт заасан хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-тзааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй.

Тухайлбал, анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй, дотогш чиглэсэн акт байгааг анхаарч үзээгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна гэж заасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар 31-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай захирамж 3 хавсралттай ба эхний хавсралтаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, 2 дугаар хавсралтаар зардлыг тогтоож, 3 дугаар хавсралтаар буулгах түргэн үйлчилгээний цэгүүдийн жагсаалтыг баталсан байдаг.

Уг захирамжид нэхэмжлэгч Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тухай ганц ч заалт, үг үсэг байдаггүй. Төрийн бусбайгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр холбооны дүрмийг баталж, хуулийн этгээдээр бүртгүүлсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Эндээс үзэхэд нэгдүгээрт, захиргааны хууль бус акт байх, хоёрдугаарт, тэрхүү актын улмаас хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашигсонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна.

Гэтэл маргаан бүхий захиргааны акт гарсны дараа хуулийн этгээд байгуулсан, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байхад шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7-д заасныг удирдлага болгон дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэж хууль зөрчсөн.

Мөн түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь газрын төлбөр тогтоосон актын дагуу түргэн үйлчилгээний цэг эрхлэх эрхтэй хэмээн маргаж байна. Түргэн үйлчилгээний цэг ажиллуулахтай холбогдсон маргаан байхад шүүх Газрын төлбөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоорбатлагдсан Нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тухай журмыг хэрэгт авсан атлаа тухайн харилцааг зохицуулсан гол журмыг огт хайхраагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Дамба нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 1, 5, 7, 8, 15 дугаар хэсгийг хүчингүй болгуулах-аар шүүхэд хандан, нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх актаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд хууль ёсны зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам, Нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг зөрчин худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр нийт 30 түргэн үйлчилгээний цэгийг буулган, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ.

Уг захирамжийн буулгах түргэн үйлчилгээний цэгийн жагсаалтыг баталсан 2 дугаар хавсралтын 1, 5, 7, 8, 15 дахь хэсэгт нэхэмжлэгч төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Б.Дамба болон Д.Анхтулга, Ц.Болормаа, Х.Ганхуяг, Г.Дэмбэрэл нарын түргэн үйлчилгээний цэг багтсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааны журам[1]-д зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглуулах шийдвэрийг дүүргийн Засаг дарга гаргахаар, дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллага дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглуулах гэрээ байгуулахаар заажээ.

Гэтэл нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь Баянзүрх дүүргийн Засаг даргын газар ашиглах эрх олгосон шийдвэр, дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагатай байгуулсан газар ашиглах гэрээгүйгээр тус дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар газар ашиглаж буйгаа бидэнд Газрын төлбөрийг тодорхойлох тухай актаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон, үүнээс өөр ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй гэж марган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг нийтийн эзэмшлийн талбайд газар ашиглах эрх олгосон зөвшөөрөл гэж үзэхгүй.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлахаар заасан байх бөгөөд дээрх иргэд нь өөрсдийн түргэн үйлчилгээний цэгийн байгууламжуудыг Баянзүрх дүүргээс зөвшөөрөгдөөгүй байршилд байрлуулжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх журамд түргэн үйлчилгээний цэгийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежер батлахаар заасан байхад Баянзүрх дүүргийн Засаг даргаас саналыг хүргүүлээгүй, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрших түргэн үйлчилгээний цэгийн тоо батлагдаагүй, 2015 оны 07 дугаар сарын байдлаар нэг ч түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл олгоогүй зэргээс үзвэл удирдах байгууллагын үүрэг даалгавар, чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах байдал хангалтгүй гэж маргаан бүхий захиргааны актын үндэслэлтэй холбоогүй асуудлаар дүгнэлт хийж, хариуцагч өөрөө захиргааны актыг алдаатай гарсан гэж хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын холбогдох хэсгүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн нэхэмжлэгчээс бид албан ёсны зөвшөөрөл авахын тулд удаа дараа дүүргийн холбогдох албанд хүсэлтээ илэрхийлсэн боловч өргөдлийг албан ёсоор хүлээн авч, бичгээр хариу өгөөгүй гэж тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахад хамааралгүй байна.

Ийнхүү Баянзүрх дүүргийн Засаг дарга иргэн Д.Анхтулга, Ц.Болормаа, Х.Ганхуяг, Г.Дэмбэрэл нарт түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгоогүй, тэдний түргэн үйлчилгээний цэг байрлаж буй байршил нь дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөгдөөгүй байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/115 дугаар захирамжаар түргэн үйлчилгээний цэгийг буулган, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, улмаар ажлын хэсгээс газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй учир холбогдох арга хэмжээг авсан нь газрын тухай хууль тогтоомжид нийцсэн бөгөөд дээрх захирамжийн улмаас нэхэмжлэгч төрийн бус байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор байна.

Харин иргэн Б.Дамба өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 509 дүгээр захирамж[2]-аар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д ...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан тул анхан шатны шүүх маргаан бүхий захирамжийн 2 дугаар хавсралтын Б.Дамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ. Иймд давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын иргэн Б.Дамбын түргэн үйлчилгээний цэг байрлах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 081 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн н, 29.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын Д.Анхтулга, Ц.Болормаа, Х.Ганхуяг, Г.Дэмбэрэл нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, дүгээр заалтын дараа 2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ынБаянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын иргэн Б.Дамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН