Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 936

 

 

 

 

 

 

 

 

 

    М.Б, Б.М нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч О.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Б, Б.М нарт холбогдох 1809011010290 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн М-н Б, 1976 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн удирдлага мэргэжилтэй, “Шүр” худалдааны төвийн зогсоолыг хариуцсан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................../,

2. Тайж овгийн Б-н М, 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүү эдийн засагч мэргэжилтэй, “Түмэн цамхаг” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

Б.М, М.Б нар нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт харилцан маргалдаж, улмаар хэн хэнийхээ эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.Б, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:            Шүүгдэгч Боржигон овогт М-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Тайж овогт Б-н Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч М.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч М.Б, Б.М нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас нийт 301.100 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бд олгож,

хохирогч Б.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч О.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хохирогч мэдүүлэхдээ жолоочийн баруун гар тал буюу хажууд нь зогсож байсан гэж хэлдэг. М.Б нь автомашины жолооч талын толиор цээжин хэсэгтээ мөргүүлээд арагшаа дагзаараа газар савж унаад гэмтэл авна гэдэг хэтэрхий зөрүүтэй байна. Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр Б.Мыг буруутгаж байгаа. ГССҮТ-н эмчийн урьдчилсан онош буюу, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн амбулаторын картийг үндэслэн “Бат-Эрдэнийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ” гэж дүгнэсэн. Мөн “Санва Манаг” ХХК гэх хувийн эмнэлгийн карт зэргийг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж байгаа. Эдгээр баримтууд нь ямар нэгэн тамга тэмдэгээр баталгаажаагүй бөгөөд дандаа хуулбар хувь байгаа. М.Б мэдүүлэг өгөхдөө “би хувийн эмнэлэгт үзүүлж байгаагүй. Картаа өрхийн эмнэлгээс авч байсан” гэж хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжаа зааж өгч чаддаггүй. Б.М миний нүдний шил хугарсан, би шилээ 170.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ мөнгөө гаргуулж авна гэж мэдүүлсээр байтал хавтаст хэрэгт хохирлын талаар баримт байхгүй. Урьдчилсан хэлэлцүүлэгт хохирлын талаар ярьсан боловч мөн адил энэ талаар авч хэлэлцээгүй, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ёстой байсан боловч энэ асуудал орхигдсон. Яллах дүгнэлтэд хохирлын талаар заавал тусгасан байх ёстой боловч энэ талаар огт дурдаагүй нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс М.Бд ямар нэгэн гэмтэл учруулаагүй, автомашинаараа мөргөөгүй байтал гэм буруутайд тооцогдсон учраас хэргийн үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримтын талаар М.Б, Б.М нар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр мэдүүлдэг. Б.М ямар ч үйлдэл хийгээгүй гэж хэлдэг боловч анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө “би М.Б-ийг холдуулах зорилгоор хааз өгсөн. Гэхдээ дугуй хөдлөөгүй” гэж хэлдэг. Б.Мөнзулын өгсөн мэдүүлэг өөрөө хэргийн бодит байдалтай нийцдэггүй. Зогсож байгаа автомашинд хааз өгөхөд дугуй эргэхгүй байна гэж байхгүй. Б.Мыг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцэж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Таны шил гэмтсэн байна, шилээ нэхэмжлэх үү гэхэд би хамрандаа хагалгаа хийлгэх шаардлагатай учраас хагалгаа хийлгэчихээд нүдний шилний үнээ нэг мөсөн нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байдаг. Ийм учраас анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хууль сануулж шинжээчээр дүгнэлт гаргасан. Анх мөргүүлэхдээ цагдаа дээр очоод, цагдаа нь эмнэлэг яв гэж хэлээд ГССҮТ-д очиж анхан шатны тусламжаа авсан. Үүнийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг учраас үүнтэй маргах зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд хохирлын талаар дурдсан. Өөрөөр хэлбэл бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан талаар дурдсан. Хохирогч, шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа гаргаж өгдөггүй. Хохирлын баримтаа гаргаж өгөхгүй байхад албадан авчруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

М.Б нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Мтай “Зогсоолын төлбөр авна” гэх асуудлаас болж маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч М.Б-ийн “...зууралдаж ноцолдох үедээ Б.Мын зүүж явсан нүдний шилийг өөрийнхөө зүүн гарын тохой хэсгээр цохиж хагалсан. Тэгээд хамрыг нь гэмтээсэн гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-2-3/,

хохирогч Б.Мын “...бид хоорондоо маргалдсан. ...нөгөө эрэгтэй миний нүүр рүү гараараа 1 удаа цохиж, миний нүдний шил хагарч, амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-14-16/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Б.Мын биед хамар ясны хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2989 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байна.

Харин шүүгдэгч Б.Мыг “М.Бтэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

“Шүр” худалдааны төвийг хариуцан ажиллуулдаг “СНШ” ХХКомпани нь нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах зөвшөөрөлгүй байтал шүүгдэгч М.Б нь “Төлбөртэй автозогсоол ажиллуулж байгаа” гэх нэрийн дор үндэслэлгүйгээр иргэдээс төлбөр хураамж авч, бусдын автомашиныг саатуулж, төлбөр хураамж нэхсэн, улмаар “Тасалбараа өгвөл мөнгөө төлье” гэж хууль ёсны шаардлага тавьсан Б.Мын бие махбодид эхэлж халдсан болох нь хохирогч Б.Мын “...Тэр залуу баримт байхгүй гэж хэлсэн. ...Би түүнд баримтаа өг тэгвэл би 1000 төгрөг өгье гэж хэлээд автомашинаа хөдөлгөөд явах гэтэл нөгөө эрэгтэй миний нүүр рүү гараараа 1 удаа цохиж, миний нүдний шил хагарч, амнаас цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-14-16/, шүүгдэгч М.Б-ийн “...зогсоолын төлбөр 1000 төгрөг нэхсэн чинь “мөнгө өгөхгүй баримтаа өг” гэхээр нь “надад одоогоор баримт алга, мөнгөө төлчих, тэгвэл автомашиныг чинь гаргая” гэж хэлсэн. Би автомашиных нь толины харалдаа зогсож байсан чинь “машинаараа дайрч гарна” гэхээр нь “дайраад гарахгүй юу” гэсэн чинь автомашинаа урагшаа болгоод жолооч талын толиороо намайг 1 удаа мөргөөд унагаасан.” гэх мэдүүлэг /хх-20/ зэргээр тогтоогджээ.

Хэдийгээр Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд М.Б-ийн биед “...тархи доргилт” гэмтэл учирсан гэх дүгнэлт гаргасан хэдий ч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоногоос доош сарниулсан гэх байдлыг хангалттай нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хавтаст хэргийн 80-84 дэх талд авагдсан М.Б нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх баримтууд нь эх хувиар биш хуулбар баримт байх тул үнэлэх боломжгүй, дүгнэлтэд дурдсан гэмтлийг Б.Мын шууд санаатай үйлдлийн улмаас учруулсан гэх байдлыг бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мыг автомашинаа хөдөлгөхдөө хохирогч           М.Б-ийг шүргэж унагаасан, эсхүл М.Б автомашины цонхоор Б.Мыг эхэлж цохисны дараа түүнийг зугтаахад нь араас нь хөөж барьж аван ноцолдох явцад гэмтэл учруулсан гэх нөхцөл байдлыг нотлох баримтад үндэслэн хангалтай тогтоогоогүй атлаа “...шүүгдэгч М.Б, Б.М нар  өөр хоорондоо маргалдаж, Б.М нь М.Б-ийг автомашинаар шүргэж унагаан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ...учруулсан.” гэсэн хэт ерөнхийлөн дүгнэж Б.Мыг гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолын Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Б-н Мд холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                    Ц. ОЧ