Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/247

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Л.Энхтайван

Хохирогч Ө.О

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 2125000000260 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.Б,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн тоотод иргэн Ө.Оыг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “2021 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө байсан. Сгэх манай авга эгч 12 цаг өнгөрч

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

байхад манай нөхөр лүү залгаад бид нар Такигийнд ирчихсэн байна. Та хоёр хүрээд ир гэж хэлсэн. Бид хоёр сайн танихгүй тул яах юм бэ гэхэд зүгээрээ хүрээд ир, Мөнхөө ах чинь ажилтай байгаад уулзаж чадаагүй юм чинь та хоёр 1 шил юм аваад хүрээд ир гэж хэлсэн. Бид хоёрыг очиход Б нөхөртэйгөө, С нөхөртэйгөө, Таки, С эгч нар байсан. Отгоо гадаа машинд унтаж байгаа гэж хэлсэн. Бид нар хашаанд нь уугаад сууж байхад Сараа эгч манай нөхрийг дагуулаад гараж руу орсон. Мө ах ирээд Схаана байгаа юм бэ гэхээр нь З тэр хоёр гараж руу орсон гэхэд намайг дагуулаад хамт бид хоёр гараж руу ороход Сараа эгч манай нөхрийг тэврээд зогсож байсан. Мөнхөө ах харчихаад чи яасан хайр даадаггүй новш вэ гээд эхнэрээ цохиод унагаахаар нь бид хоёр боль хүмүүс байхад гэж хэлээд мөн найзууд нь ирээд болиулахад эхнэр нь би явлаа гээд уурлаад хашааны хаалга руу гүйсэн. Нөхөр нь ингээд яваарай гээд эхнэрээ алгадаад унагаасан. Би С эгчийг дагуулаад хаалганы тэнд зогсож байхад С эгч би үхмээр байна гээд уйлаад байхаар нь би хүмүүс байхад яасан ичдэггүй юм бэ дуугай бай гээд мөр лүү нь түлхэхэд уйлаад байсан. О, Б хоёр над дээр ирээд чи яагаад эгчийгээ зодоод байгаа юм бэ гээд Б ирээд намайг алгадсан. Отгоо ирээд намайг түлхсэн. Учрыг нь олоогүй байж яагаад над руу дайраад байгаа юм бэ гээд хэрүүл болсон. О чи намайг янхан, гичий гэсэн би чамайг цагдаад өгнө, танай нөхрийг ажилгүй болгоно, танай нөхөр аль тасагт ажилладаг юм гэж хэлэхээр нь би чи том артай билүү, согтуу явж байхдаа хүнтэй яриад аргалчихдаг том артай биз дээ гэж хэлэхэд намайг эхэлж үсдсэн. Би хойшоо ухарч байхдаа ухсан жижиг нүх байсныг харалгүй унасан, унахдаа Ө.Оыг татаад хамт унасан. Түүнээс Ө.Оын хөлөн дээр дэвссэн зүйл байхгүй. Тухайн үед Ө.О миний хөл өвдлөө гэж хэлээгүй. Маргааш нь манай нөхөр залгаад Ө.Оын хөл нь хугарчихсан гэж байна чамд хэлээгүй юу гэж асуусан. Удалгүй хэд хоногоос Ө.О над руу залгаад эмнэлгээр хамт явъя гэж хэлсэн. Миний хөл өвдөөд явж чадахгүй мөн ковид туссан байж магадгүй юм шиг байна амжихгүй байх гэхэд миний хөл хугарчихсан байхад надаас уучлалт ч гуйсангүй. Тиймээс би чамайг цагдаад хэлнэ гэхээр нь уучлаарай гэж хэлэхэд тэгвэл хохирлыг маань барагдуул гэж хэлсэн. Хохирол нь хэд юм бэ гэхэд 2 000 000 төгрөг болно гэсэн. Надад ийм их мөнгө байхгүй. Би ажил хийдэггүй гэхэд тэгвэл чамтай ярих зүйл байхгүй гэж хэлсэн. Тухайн үед цагдаад Ө.О мэдүүлэг өгөхдөө ажилгүй, гэртээ байдаг гэж мэдүүлсэн байсан. Ө.О над руу Б-той хамт дайрч улмаар Б нь намайг алгадсан. Дараа нь Б надаас буруу ойлгосон байна уучлаарай гэж хэлсэн. Ө.О тухайн үед ажил хийдэггүй байсан. Сараа эгчтэй ярьж байхдаа тэгж хэлж байсан. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ө.О мэдүүлэхдээ “Би тухайн үед Л гэх айлд орой 10 цагийн үед очсон. Тухайн үед хөдөөнөөс ирсэн тул ядраад машинд унтаж байсан. Намайг унтаад сэрэхэд Э.Б нөхөртэйгөө ирчихсэн байсан. Үүрийн 04 цагт Сарантуяа гэх хүн нөхөртэйгөө хэрэлдээд гаражд байсан. Би гадаа сууж байхад Сарантуяаг нөхөр нь цохиод унагаачихсан. Би ухаан алдсан гэж бодож байж байтал Э.Б очоод толгой руу нь цохиж байхаар нь болиоч гэж хэлэхэд намайг явдалтай, янхан хүүхэн гэж хэлэхээр нь юу гээд байгаа юм бэ гэсэн чинь Э.Бгийн нөхөр нь намайг бариад авсан. Э.Б намайг хэл амаар зөндөө доромжилсон. Би нөхрийнх нь гараас нь мултраад юу гээд байгаа юм бэ гээд бариад авахад намайг үсдсэн. Үсдэхээр нь би доошоо унасан. Мөн Э.Б согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй биш хэрэглэсэн байсан. Э.Б намайг үсдээд унагаахдаа миний зүүн хөлөн дээр гишгэсэн. Соёлоо, Мишээл хоёр ирээд намайг салгаад босгох гэтэл хөл маань хавдаад гишгэж болохгүй байсан. Тухайн үед намайг ажилгүй гэж мэдүүлсэн гэж байна. Би тэр үед сэтгүүлч менежерийн ажлыг 2021 оны 02 дугаар сараас хойш хийж байгаа. Миний биед хүнд хохирол учруулсан тул би цалингүй 3 сар болж байна. Э.Бгаас одоо 2 сарын цалингаа нэхэмжилж байна. Миний сарын цалин 700 000 төгрөг байдаг. Мөн би 8 дугаар сард ажлаасаа халагдсан. Би тухайн үед хохирлыг маань барагдуулж 2 000 000 төгрөг өг гэж хэлээгүй. Харин эмчилгээний зардал болох 800 000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Э.Б тавчиктай байгаагүй, цагаан өнгийн пүүзтэй байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ө.Оын “2021 оны 07 сарын 16-ны өдөр манай найзууд Их залуу багийн тоотод цугларсан. Найзуудаараа цугларсан гээд согтууруулах ундааны зүйл их бага хэмжээгээр хэрэглэсэн, бид нар хоорондоо юм ярьж суунгаа архи, пиво уусан. Ингээд үүрийн 04 цагийн үед С гэх манай найз маань нөхөртэйгөө муудалцсан, нөхөр нь Сарантуяаг цохиод унагаачихсан юм шиг байсан, нөхөр нь цохиод унагаачихсан байхад Э.Б С дээр очоод цохиод байхаар нь би салгах гээд очиж Э.Бг түлхсэн. Тэгтэл Э.Б намайг янхан минь, чи явдалтай хүүхэн шүү дээ гэх мэтээр доромжлоод байсан. Тэр үед би Э.Бд чи юу гээд байгаа юм бэ гэхэд Э.Б намайг түлхэж унагаасан. Уначихсан байхад миний үснээс зулгааж татсан. Намайг унагааж, үсдэх үедээ Э.Б миний зүүн талын хөлийн шагай хэсэгт гишгэсэн. Энэ үед манай найз М, Со-Э нар ирээд Э.Б бид хоёрыг салгасан, Э.Б том биетэй учраас би доороос нь гарч чадахгүй байсан. Манай хоёр найз хоёулаа ч гэсэн арай гэж салгасан. Э.Б миний хөл дээр гишгэх үед миний хөл өвдөөд халуун оргисон. Э.Бг салгасны дараа босоод гишгэх гэхэд гишгэж болохгүй байсан. Тэгээд би 30-40 минутын дараа Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж үзүүлсэн. Үзүүлэхэд зүүн талын хөлийн шагай хэсгээр хугарсан байсан юм. Миний хөл хавдартай байсан учраас маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж гипсдүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 9-10-р хуудас/

2. Гэрч Г.А-ийн “Ө.О над руу уурлаад би хөлөө хугалуулчихлаа, хүнд зодуулчихлаа гээд байсан, би тухайн үед гайхаад хэн чиний хөлийг хугалдаг юм бэ? яасан юм бэ? гэж юу болсон талаар асуухад Ө.О надад би Сарааг өмөөрч байгаад Э.Бд үстүүлээд, зодуулаад улмаар хөлөө хугалуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 23-р хуудас/

3. Гэрч Э.С-Э-ний “Э.Б Ө.Оыг үснээс нь зулгаагаад газар унагаасан, Ө.О хэлэхдээ үснээс зулгаалгах үед хөл дээр нь Э.Б гишгэчихсэн гэж хэлсэн. Ө.О үсдүүлээд газарт уначихаад босох гэхэд хөл нь болохгүй байна гээд би эмнэлэг рүү дагуулж явсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 15-р хуудас/

4. Гэрч Б.Б-ны “Э.Б очоод зогсож байгаад тонгойгоод С-гийн толгойны арын дагз хэсэг рүү нь гараараа цохисон. Цаанаас О ирээд Э.Бд “чи эгчийгээ яаж байгаа юм бэ, манай найзыг яаж байгаа юм” гэхэд Э.Б Отгоод “чамд хамаагүй шүү, чи зайл” гээд хараагаад байсан. О-г Б дээр очих гэхэд түлхээд ойртуулахгүй, хүмүүс салгаад байсан. Тэгэхээр нь би эргээд орсон. Охиноо буйдан дээр хөхүүлээд сууж байтал дахиад эмэгтэй хүний орилох чимээ гарсан. Цонхоор хартал Б О-г үстээд, газар унагаагаад дээрээс нь өшиглөж байхыг нь хараад охиноо газар тавиад гараад тэд нар дээр очоод Э.Бд хандаж, чи ямар даварчихсан юм бэ гээд түүн рүү цохих гэж ойртоход Б миний гарыг түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэр үед миний гарын чигчий хуруунд байсан бөгж унасан байсан. Мөн тэр үед Б намайг алгадсан, О Баясаа хоёрыг хоёр тийшээ салгаад удалгүй Э.Б түрүүлээд нөхрийнхөө хамтаар явсан. О маргааны дараа явах гэхэд гишгэж болохгүй байна гээд уйлаад байсан. Хөлийг нь харахад зүүн талынх нь шагай хэсэг нь хавдчихсан байсан. Удалгүй С-гийн хамтаар Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явсан. Бид нар ч тэгээд тарцгаасан” гэсэн мэдүүлэг. /хх-н 21-р хуудас/

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 437 дугаартай “Ө.Оын биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал нь хөл дээр хүчтэй гишгэх үед үүсэх боломжтой. Зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал нь хохирогч өөрөө унах үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун гарын бугалганд цус хуралт нь 2 удаагийн үйлчлэлээр үйлдэгдсэн байхаар байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт. /хх-н 34-36-р хуудас/

6. Шүүгдэгч Э.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 50-70-р хуудас/

7. Хохирогч Ө.Оын хохирлын баримтууд, амбулторын карт /хх-н 72-86-р хуудас/ болон эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Э би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Э.Бд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн тоотод иргэн Ө.Отай маргалдаж хөлөн дээр нь гишгэсний улмаас Ө.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Бгаас хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин зэргийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин Шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ө.Оын “Э.Б намайг түлхэж унагаасан, уначихсан байхад миний үснээс зулгааж татсан намайг унагааж, үсдэх үедээ Э.Б миний зүүн талын хөлийн шагай хэсэгт гишгэсэн, энэ үед манай найз Мишээл, Соёл-Эрдэнэ нар ирээд Э.Б бид хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.А-рийн “Ө.О над руу уурлаад би хөлөө хугалуулчихлаа, хүнд зодуулчихлаа гээд байсан, би тухайн үед гайхаад хэн чиний хөлийг хугалдаг юм бэ? яасан юм бэ? гэж юу болсон талаар асуухад Ө.О надад би Сарааг өмөөрч байгаад Э.Бд үстүүлээд, зодуулаад улмаар хөлөө хугалуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Э.С-Эр-ний “Э.Б Ө.Оыг үснээс нь зулгаагаад газар унагаасан, Ө.О хэлэхдээ үснээс зулгаалгах үед хөл дээр нь Э.Б гишгэчихсэн гэж хэлсэн. Ө.О үсдүүлээд газарт уначихаад босох гэхэд хөл нь болохгүй байна гээд би эмнэлэг рүү дагуулж явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Болорсайханы “Э.Б очоод зогсож байгаад тонгойгоод Сараагийн толгойны арын дагз хэсэг рүү нь гараараа цохисон, цаанаас Отгоо ирээд Э.Бд “чи эгчийгээ яаж байгаа юм бэ, манай найзыг яаж байгаа юм” гэхэд Э.Б О-д “чамд хамаагүй шүү, чи зайл” гээд хараагаад байсан, О-г Б дээр очих гэхэд түлхээд ойртуулахгүй, хүмүүс салгаад байсан. Охиноо буйдан дээр хөхүүлээд сууж байтал дахиад эмэгтэй хүний орилох чимээ гарсан, цонхоор хартал Б О-г үстээд, газар унагаагаад дээрээс нь өшиглөж байхыг нь хараад би охиноо газар тавиад гараад тэд нар дээр очоод Э.Бд хандаж, чи ямар даварчихсан юм бэ гээд түүн рүү цохих гэж ойртоход Баясаа миний гарыг түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэр үед миний гарын чигчий хуруунд байсан бөгж унасан байсан. Мөн тэр үед Баясаа намайг алгадсан, О Б хоёрыг хоёр тийшээ салгаад удалгүй Э.Б түрүүлээд нөхрийнхөө хамтаар явсан. Отгоо маргааны дараа явах гэхэд гишгэж болохгүй байна гээд уйлаад байсан, хөлийг нь харахад зүүн талынх нь шагай хэсэг нь хавдчихсан байсан. Удалгүй Соёлоогийн хамтаар Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт, хохирогч Ө.Оын хохирлын баримтууд болон амбулторын карт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн тоотод иргэн Ө.Отай маргалдан зодолдож, хөл дээр нь гишгэж зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хохирогчийн хөлийг гэмтээгээгүй” гэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр Э.Бгийн үйлдлийн улмаас хохирогчийн хөлд гэмтэл учирсан болох нь хангалттай тогтоогдсон байна гэж үзлээ.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Э.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэм хорын хохиролд эмчилгээний зардал 500 480 төгрөг, ажилгүй байсан 1 сарын цалин хөлс 700 000 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх хохирлын баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтаар шаардлага хангасан эмчилгээний зардлын баримт болох 12 100 төгрөг, 3 500 төгрөг, 20 000 төгрөг, 15 000 төгрөг, 40 000 төгрөг, 30 000 төгрөг, 25 000 төгрөг, 102 000 төгрөг, нийт 247 600 төгрөгийг шүүгдэгч Э.Бгаас гаргуулж хохирогч Ө.Од олгуулж, 252 880 төгрөгийн эмчилгээний зардал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч Ө.О нь 1 сарын цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч нотлох баримтаа бүрдүүлж ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгаас 247 600 /хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун/ төгрөг гаргуулан хохирогч Ө.О /Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд тоот рд: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 252 880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Э.Б нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Ө.О нь ажилгүй байсан хугацааны цалин, орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС