Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/297

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Э.Т  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т -д холбогдох эрүүгийн 2125003350329 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Э.Т  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүдэгч Э.Т  нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн баруун талд байрлах газраас НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 24-02 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т -г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ “Би одоо ШУТИС-т тоног төхөөрөмжийн засварчнаар суралцаж байгаа. 21 хоног дадлага хийгээд сургалтаа төгсөөд Уул уурхайн салбарт тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллах сонирхолтой байгаа. Би аавтайгаа хоёулаа амьдардаг. Аав маань ажилгүй, дүү маань тусдаа гарчихсан Улаанбаатар хотод амьдардаг. Тиймээс би зайлшгүй ажил хийх шаардлагатай байх тул ялыг маань хөнгөлж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/

 

2. Гэрч Э.Т “Би гэртээ ирэхдээ ханиад хүрэн халуурсан байсан бөгөөд 2 хоног Яргуйт багийн Овоотын ___ тоот гэртээ халууран унтсаар байгаад таарсан. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө орноосоо босоод тамхи татах гэж байтал тамхи байхгүй байхаар нь гэрийн зуухны хажуу талд байсан ороосон тамхи байхаар нь ороосон тамхи юм болов уу гэж бодоод гурав. дөрвөн удаа сорон үзэхэд тамхинаас өөр байхаар нь ах Э.Т тамхи биш юм уу гэж асуухад тамхи биш хая гэхээр нь хаясан. Тэгээд уг өдрийн үдээс хойш цагдаа нар ирэн манай гэрт үзлэг хийхэд ууттай ургамлууд гарч ирсэн. Би юу байсан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд манай ах Э.Т цагдаа нарт хаанаас ямар учиртай ургамал түүн гэртээ хадгалж байсан талаараа хэлээд байсан. Ямар учиртай ургамал гэдгийг нь бол би мэдэхгүй байна, нэг хэллэгээр яриад байсан, би нэрийг нь мэдэхгүй байна. Би өөрийн ах Э.Т эмүүгээгээс ямар учиртай ургамал болохыг асууж тодруулаагүй, цагдаа нарт хэлж байхад нь л сонсон хууль бус ургамал гэдэг ойлголт авсан. Яагаад гэртээ хадгалж байсан талаар нь асуугаагүй. Манай ах Э.Т урьд өмнө уг ургамлыг түүн гэртээ хадгалан, хэрэглэж байгаагүй, ямар зорилгоор уг ургамлыг түүн, хадгалах болсонг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

 

3. Яллагдагч Э.Т-н “Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хавьцаа байх дэлгүүр явж байхдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн баруун талын газарт ургасан байсан ургамлуудыг хараад ороож татдаг өвс байна гэж мэдсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн баруун талд байрлах газраас уг ургамлуудыг ургасан байхад нь ганцаараа түүж уутанд хийж Орхон аймгийн Баян- Өндөр сумын Яргуйт багийн Овоотын ___ тоот гэртээ авч ирсэн. Уг газраа зааж өгөхөд ямар нэгэн асуудал байхгүй. Уг ургамлуудыг өөрөө цаасанд ороож татан хэрэглэхийн тулд гэртээ дэлгэн хатааж, хэсэг хэсгээр нь уутанд хийн хадгалж байсан. Би уг түүсэн ургамлуудаасаа 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед өөрийн Яргуйт багийн Овоотын 24-02 тоот гэртээ цаасанд ороон галаар асаан татаж үзсэн. Татаж байгаад талыг нь гэрийнхээ зуухны хажуу талд тавин орхисон байхад манай дүү Э.Т тамхи юм болов уу гэж бодоод татсан байсан. Татаж байхад нь би хажууд нь байгаагүй. Би уг ургамлыг татан хэрэглэж болдог гэдгийг интернэтээс харан мэдэж авсан. Интернэтэд WEED гэж хайхад уг ургамлын талаарх мэдээлэл гарч ирдэг. Манай дүү Э.Т нь 2021 оны 03 байна уу 04 дүгээр сараас хойш Завхан аймагт ажил хийж байгаад Улаанбаатар хотоор дамжин 2021 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын __тоот гэртээ ирсэн. Манай дүү коронавирусын халдвар авсан байсан болохоор гэртээ эмчлүүлэх гэж ирсэн. Хэргийн газрын үзлэгийн явцад илрүүлэн, хураан авсан ургамал мэт зүйлсийг байсан гэдгийг манай дүү мэдэхгүй байсан. Би хэн ч мэдэгдээгүй, ганцаараа түүн гэртээ хадгалсан. Тамхигүй үедээ ороож татна гэж бодож түүж хадгалах болсон. Би уг ургамлуудаасаа бусдад дамжуулан өгсөн асуудал байхгүй, зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор гэртээ хадгалсан. Цахим орчноос WEED гэдэг өвсний талаар мэдэж авсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55, 63-64-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4462 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн “Э.Т 2021.09.22” гэж хаягласан шээс “Э.Т ФБ91080178 2021.09.22” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. “Э.Т 2021.09.22” гэж хаягласан шээс “Э.Т 2021.09.22” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецид багтдаг болно.” гэх дүгнэлт. /хх-ийн 34-35-р хуудас/

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4463 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн “Яргуйт баг Овоот __ тоот "№1” гэж дугаарласан саарал өнгийн ууттай ургамал мэт зүйл, ”Яргуйт баг ___ тоот “№2” гэж дугаарласан цагаан ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Урд орон дээр байх “№2” гэж дугаараар тэмдэглэж хар өнгийн ууттай ургамал. 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Яргуйт баг ___ тоот №3 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Яргуйт баг ___ тоот “№4” гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Яргуйт баг Овоот 24-2 тоот чемоданы дотор байх цаасан ууттай “№5”-аар тэмдэглэсэн ургамал 2021.09.22” гэж хаягласан цаасанд боосон ургамал мэт зүйл, “Яргуйт баг овоот____тоот хойд талын орон доор байх чемодан дотор байх хар өнгийн ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Яргуйт баг ___ тоот “№1” гэж дугаарласан саарал өнгийн ууттай ургамал” гэж хаягласан саарал өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Яргуйт баг ___ тоот “№2” гэж дугаарласан цагаан ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Урд орон дээр байх “№2” гэж дугаараар тэмдэглэж хар өнгийн ууттай ургамал. 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Яргуйт баг ____ тоот №3 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Яргуйт баг ____ тоот “№4” гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Яргуйт баг ____ тоот чемоданы дотор байх цаасан ууттай “№5”-аар тэмдэглэсэн ургамал 2021.09.22” гэж хаягласан цаасанд боосон ургамал мэт зүйл, “Яргуйт баг овоот 24-02 тоот хойд талын орон доор байх чемодан дотор байх хар өнгийн ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенциийн жагсаалтанд багтдаг болно. “Яргуйт баг ____ тоот “№1” гэж дугаарласан саарал өнгийн ууттай ургамал” гэж хаягласан саарал өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 529,4 грамм, цэвэр жин нь 510,2 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 509,3 грамм болов. “Яргуйт баг ___ тоот “№2” гэж дугаарласан цагаан ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 55,6 грамм, цэвэр жин нь 45,7 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 45,2 грамм болов.

“Урд орон дээр байх “№2” гэж дугаараар тэмдэглэж хар өнгийн ууттай ургамал. 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 75,9 грамм, цэвэр жин нь 68,1 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 67,3 грамм болов. “Яргуйт баг ____ тоот №3 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 33,0 грамм, цэвэр жин нь 25,8 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 25,2 грамм болов. Яргуйт баг ____ тоот “№4” гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 35,6 грамм, цэвэр жин нь 28,1 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 27,4 грамм болов. “Яргуйт баг Овоот ___ тоот чемоданы дотор байх цаасан ууттай “№5”- аар тэмдэглэсэн ургамал 2021.09.22” гэж хаягласан цаасанд боосон ургамал мэт зүйлийн цаастай жин нь 32,3 грамм, цэвэр жин нь 25,8 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 25,1 грамм болов. “Яргуйт баг ____ тоот хойд талын орон доор байх чемодан дотор байх хар өнгийн ууттай ургамал 2021.09.22” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 47,1 грамм, цэвэр жин нь 39,6 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 38,9 грамм болов” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л санал дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Т нь сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг овоотын __ тоот гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлт, яллагдагч Э.Т мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Т -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т -г 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т -д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б  дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь хөнгөн гэмт хэрэг байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэгт холбогдсон болох нь түүний ял шийтгэлийн лавлагаа, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээс харагдаж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг нь харахад мэргэжил эзэмшсэн, ажилд орох гэж хөөцөлдөж байгаа талаар нь гэрч Энхтөрийн мэдүүлгээс харагдаж байна. Өмнө нь ийм төрлийн өвс ургамлыг гэртээ авч ирж байгаагүй, хэрэглэж байгаагүй талаараа өөрөө болон гэрч Э.Т мэдүүлэгт дурдагдсан байдаг. Э.Т нь зан байдлын хувьд холбогдсон гэмт хэргээсээ сургамж авч төлөвших боломжтой гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Улсын яллагчийн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хүнддэж байна гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Э.Т “2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө орноосоо босоод тамхи татах гэж байтал тамхи байхгүй байхаар нь гэрийн зуухны хажуу талд байсан ороосон тамхи байхаар нь ороосон тамхи юм болов уу гэж бодоод гурав дөрвөн удаа сорон үзэхэд тамхинаас өөр байхаар нь ах Э.Т эмүүгээгээс тамхи биш юм уу гэж асуухад тамхи биш хая гэхээр нь хаясан. Тэгээд уг өдрийн үдээс хойш цагдаа нар ирж манай гэрт үзлэг хийхэд ууттай ургамлууд гарч ирсэн. Тэгээд манай ах Э.Т цагдаа нарт хаанаас ямар учиртай ургамал түүн гэртээ хадгалж байсан талаараа хэлээд байсан. Манай ах Э.Т урьд өмнө уг ургамлыг түүн гэртээ хадгалан, хэрэглэж байгаагүй, ямар зорилгоор уг ургамлыг түүн, хадгалах болсонг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хавьцаа байхаа дэлгүүр явж байхдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн баруун талын газарт ургасан байсан ургамлуудыг харан ороож татдаг өвс байна гэж мэдсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн баруун талд байрлах газраас уг ургамлуудыг ургасан байхад нь ганцаараа түүж уутанд хийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 24-02 тоот гэртээ авч ирсэн. Уг ургамлуудыг өөрөө цаасанд ороож татан хэрэглэхийн тулд гэртээ дэлгэн хатааж, хэсэг хэсгээр нь уутанд хийн хадгалж байсан. Би уг ургамлыг татан хэрэглэж болдог гэдгийг интернэтээс харан мэдсэн. Тамхигүй үедээ ороож татна гэж бодож түүн хадгалах болсон. Би уг ургамлуудаасаа бусдад дамжуулан өгсөн асуудал байхгүй, зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор гэртээ хадгалсан. Цахим орчноос WEED гэдэг өвсний талаар мэдэж авсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4462 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4463 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн баруун талаас НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын __ тоот гэртээ хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Э.Т мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т -г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Э.Т -д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, бусдад төлөх төлбөргүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 гэж дугаарласан саарал өнгийн ууттай ургамал мэт зүйл 898.2 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн ууттай ургамал ургамал мэт зүйл 92 грамм, 2 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 128.7 грамм, 3 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 54.1 грамм, 4 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 58.6 грамм, 5 гэж дугаарласан цаасанд боосон ургамал мэт зүйл 57.5 грамм, Яргуйт баг овоотын 24-02 тоот хойд талын орон доор байх чемодан дотор хар өнгийн ууттай ургамал мэт 2021.09.22 гэсэн тэмдэглэгээтэй хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 83.7 грамм нийт 7 ширхэг ууттай ургамал мэт зүйл ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т -г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т -д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 гэж дугаарласан саарал өнгийн ууттай ургамал мэт зүйл 898.2 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн ууттай ургамал ургамал мэт зүйл 92 грамм, 2 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 128.7 грамм, 3 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 54.1 грамм, 4 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 58.6 грамм, 5 гэж дугаарласан цаасанд боосон ургамал мэт зүйл 57.5 грамм, Яргуйт баг овоотын ___ тоот хойд талын орон доор байх чемодан дотор хар өнгийн ууттай ургамал мэт 2021.09.22 гэсэн тэмдэглэгээтэй хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 83.7 грамм нийт 7 ширхэг ууттай ургамал гэх зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А