Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01838

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01838

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчиний 74-р гудамж 10 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Чоглой овогтой Доржийн Таванжингийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Давхарын 10-р байр 11 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогтой Баярсайханы Навчаад холбогдох орон сууц чөлөөлүүлэх  тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, хариуцагч Б.Навчаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүү /үнэмлэх 1986/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Таванжин нь Баянгол дүүргийн 1-р хороо, Төмөр замын 10-р байрны 11 тоот 45 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Золбаяр, Гэрэлмаа нараас 2017 оны 04 сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Уг байр нь  Ү-2205021704 улсын бүртгэлийн дугаартай 2 иргэний өмч байсан бөгөөд одоо Д.Таванжингийн өмчлөлд бүртгэгдсэн. Энэ байранд амьдарч байгаа Навчаатай уулзаж ярилцахад 2017 оны 04-р сарын 27-нд суллаж өгье гэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх шаардах эрхтэй. Тухайн байр нь С.Гэрэлмаа, Б.Навчаа, Б.Золбаяр нарын өмч байсан бөгөөд Б.Навчаа нь өөрийн хүсэлтээр өмчлөгчөөс хасуулсан байдаг. Б.Навчаа нь одоо болтол байрыг суллаж өгөхгүй байгаа учраас түүний хууль бус эзэмшлээх орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Навчаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ээж, дүү 2 огт танихгүй хүнд амьдарлын эх үүсвэр болсон 3 өрөө байраа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь ойлгомжгүй байна.  Ээж надад мессэж бичихдээ байраа худалдсан гэж бичсэн. Би 4-р сарын 27-нд гарна гэж хэлээгүй, ээж, дүү хоёртой холбогдчихоод яръя гэсэн, гэрчилгээг би харсан. Гэтэл одоо надтай хэн нь юу ч ярихгүй, утсаа ч авахгүй байгаа. Бидний хооронд үл ойлголцох маргаан байдаг. Намайг гэрээс хөөх болсон шалтгаан нь дүү Золбаяр шоронгоос гараад хамтран амьдрагч хүүхэнтэйгээ хамт манай жижиг өрөөнд амьдрах болсон, улмаар намайг байрнаас хэзээ гарах гэж байна гэх болсон. Би Солонгос явахдаа байрны өмчлөгчөөс нэрээ хасуулсан, гэвч ирээд нэрээ оруулах гэсэн боловч манай дүү шоронд орсон, тэгээд уулзах боломжүй байсан. Гэр бүлийн маргаанаас болоод Таванжин гэдэг хүнд хариу төлбөргүйгээр орон сууцаа өгөөд байгааг нь гайхаад байна. Ээж, дүү хоёр хэрвээ байраа зарсан юм бол яагаад эд хогшилоо авахгүй байгаа юм. Таванжинг манай ээж дүү 2 танихгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Таванжин нь Б.Навчаад холбогдох Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, төмөр замын 10-р байрны 11 тоот сууцнаас нүүлгэн гаргахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Улсын бүртгэлийн Ү-2205021704 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 10-р байрны 11 тоот 45 м.кв талбай бүхий 3 өрөө сууцны өмчлөгчөөр С.Гэрэлмаа, Б.Золбаяр нар бүртгэгдэж, 000079149 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 6/ олгогдсон, өмчлөгч  байжээ.

 

Өмчлөгч нар Д.Таванжинтэй 2017 оны 04-р сарын 23-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ” байгуулж, 95 000 000 төгрөгийн үнэ бүхий дээрх сууцаа түүний өмчлөлд шилжүүлж, Д.Таванжинд 000574906 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, өмчлөгч /хх 5/ байна. 

 

Нэхэмжлэгч нь Б.Навчаа байрыг чөлөөлж өгөөгүй гэж маргаж Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр маргасан бол хариуцагч нь гэр бүлийн маргааны улмаас болж байрыг танихгүй хүнд шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзажээ.  

 

Өмчлөгч Д.Таванжингийн өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэл үнэн зөв бөгөөд өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Б.Навчаа нь Д.Таванжингийн өмчлөлийн сууцыг чөлөөлөх үүрэгтэй байна.

 

Өмчлөгч нь өөрийн өмчөө эзэмших, ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэ эрхийг хуулиар хязгаарласнаас бусдаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн ч саад болохгүй гэж дүгнэлээ.

 

Б.Навчаа нь С.Гэрэлмаа, Б.Золбаяр нарын хамт 2007 оны 08-р сарын 03-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч 2009 оны 07-р сарын 07-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ээр өмчлөгчөөс хасагдсан /хх 13-17/ байх ба түүний орон сууцны ашиглалтын зардал төлсөн /хх 39-80/ баримтууд нь өмчлөгчийн сууцыг чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Доржийн Таванжингийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205021704 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 10-р байрны 11 тоот 3 өрөө сууцыг Баярсайханы Навчаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.  

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн  56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Навчаагаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА