| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2017/01064/И |
| Дугаар | 1340 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 1340
| 2017 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2017/01340 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 109 дүгээр гудамж 10 тоотод оршин суух Адуучин овогтой Төмөрпүрэвийн Бямбадулам /РД:УП93120524/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 200 дугаар байрны 10 тоотод оршин суух Боржигин овогтой Алгаагийн Лхагвадагва /РД:ЧН72100463/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Т.Бямбадулам миний бие нь Довчин овогтой Ганболдтой 2011 оны 5 дугаар сард гэр бүл болж 2013 онд хүү н.Сэргэлэн төрж одоо ам бүл гурвуулаа хамтдаа амьдарч байна. Бид гэр бүл болсны дараа хамтран хоёр талаасаа мөнгөө нийлүүлэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 2-ын 485 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдан авч энэ хаягаар амьдарч байгаа юм. Гэтэл 2016 оны 8 дугаар сард манай гэрт үл таних хүмүүс ирээд энэ зуслангийн хашаа байшинг А.Лхагвадагва 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан гэж хэлээд бид нарыг хашаа байшинг суллаж нүүхийг шаардсан. Энэ талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байсан учир өөрийн нөхөр Д.Ганболдоос лавлаж асуутал Б.Баттогтох, А.Лхагвадагвад өртэй шоронд орох гээд байна түр шилжүүлчих би удахгүй мөнгийг нь өгөөд буцаагаад аваад өгнө гэхээр нь түр шилжүүлсэн гэж хэлсэн юм. Миний нөхөр Д.Ганболд нь миний өөрийн зөвшөөрөлгүйгээр бидний амьжиргааны зүйл болсон хашаа байшинг бусдад дур мэдэн бэлэглэсэн нь хүү бид хоёрын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 128.2, 128.3-т хүчин төгөлдөр бус хэлцлийг заасан. Үүнд гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсний дагуу тухайн үед бэлэглэлийн гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй дур мэдэн хийсэн учраас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь бэлэглэлийн гэрээг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах гээд буй нь тодорхойгүй, үндэслэл бүхий байж чадахгүй байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн хүлээн авах, шаардах эрх гэж 2 зүйл заасан. Нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах хуулийн шаардлагыг хэлсэнгүй. Тэгэхээр тооцох үндэслэл байхгүй. Гэр бүлийн дундын өмчийг худалдсан гэсэн. Эдгээр хүмүүс албан ёсоор гэр бүлийн баталгаагүй. Ийм байж гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 126-д гэр бүл бий болсоноос хойш үүссэн өмчийг дундын өмч гэж үзнэ. Гэхдээ эдгээр хүмүүсийг гэр бүл гэж үзэхгүй. Энэ газар бол н.Баттогтох гэх хүний нэр дээр байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг газар дээр 2011 оноос эхлэн амьдарч байсан гэлээ. Үндэслэлгүй юм. 2015 онд н.Баттогтох гэдэг хүн нэр шилжүүлээд байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Өнөөдрийн нэхэмжлэгч талаас өгсөн 4 хуудас нотлох баримтаар газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэлд хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа нь хүчинтэй хугацаа дууссан лавлагаа байна. Мөн шинээр гарган өгсөн нотлох баримтанд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргаж өгсөн Д.Ганболдын хүсэлт байна. Энэ хүсэлтэнд зурсан гарын үсэг Д.Ганболдынх биш байна. Учир нь бусад баримтанд буй гарын үсэг дээр Д.Ганболд “Д” үсгээр эхэлж бичсэн байдаг. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийг хууль ёсны хүн гаргаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй, мөн нэхэмжлэл гаргах эрхтэй хүн биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбадулам нь хариуцагч А.Лхагвадагвад холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Бямбадулам нь Д.Ганболдтой хамтран амьдарч байгаа тул тухайн 63м кавдрат талбайтай Хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмч, гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. Зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй тооцуулах гэж тайлбарласан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлэглэлийн гэрээг ямар үндэслэлээр хүчингүйд тооцуулах эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Бямбадуламын хамтран амьдрагч Д.Ганболд нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн 19 дүгээр хороо Гоодойн ам 2 гудамж 485 тоот хаягт байрлах 63м кавдрат талбайтай Хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Лхагвадагвад хариу төлбөргүй бэлэглэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ байгуулжээ.
Уг гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлажээ.
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 56.1.8-т зааснаар”...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заажээ.
Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно гэжээ.
Т.Ганболд, А.Лхагвадагва нарын хооронд хийсэн хэлцлийг гэр бүлийн гишүүний зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэр бүлийн гишүүн гэдэгт нь гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “гэрлэгчид” байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчдийн эрх үүргийг харилцан бие биенийхээ өмнө хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч Т.Бямбадулам нь Д.Ганболдтой иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заажээ.
Маргаж буй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасанаар нэхэмжлэгч Т.Бямбадуламын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.
Иймд хариуцагч А.Лхагвадагвад холбогдох нэхэмжлэгч Т.Бямбадуламын Д.Ганболд, А.Лхагвадагва нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3, 128.4 дэх хэсгүүдэд зааснаар “2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Бямбадуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА