| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0379/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/263 |
| Огноо | 2021-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/263
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шинжээч эмч Ч.Б, С.Ч/онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, О.Ц/онлайн/
Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эад холбогдох эрүүгийн 2025002030295 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
П.Э,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч П.Э нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7а-тоот байрны гадаа иргэн Б.Гтэй маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ “Тухайн үед би ажилаа тараад 6-7 цагийн үед гэртээ ирэхэд Б.Г халамцуу, гэрийн хаалга тогшоод байж байсан. Өнөржаргал надад хэлэхдээ танай гэрийн хаалгыг нэг эвгүй хүн тогшоод байна. Чи ороод дэмий байх гэж хэлсэн. Би эвгүй хүн байлаа гээд гэртээ орохгүй хаашаа явах юм гээд гэртээ орох гэтэл Б.Г байсан. Болсон үйл явдлыг сая хэлж байна. Гэхдээ улсын яллагчийн хэлж байгаа шиг тийм зүйлс болоогүй. Камерын бичлэгт тодорхой байгаа намайг үүдээр ороход цээжээрээ түлхээд савж унатал шат руу буулгаж байгаа дүрс бичигдсэн байгаа. Гадаа ярилцаж зогсож байхад намайг түлхээд, цээжээрээ түлхээд байсан. Энэ түрэмгийллийн хажуугаар эвгүй үг хэллэг хэлж байсан. Энэ нь саяны ярьж буй яриа биш юм. Баярчимэг эмэгтэй миний хүүхдүүдийн ээж мөн гэхдээ 2 жилийн өмнөөс гэр бүлийн маргаан үүсээд байрны маргаан үүсээд миний өмчлөлд байсан байрыг шүүхээр орж салгаж авч байсан. Үүний цаана Б.Г байсан. Би зүгээр ажлаа хийж яваад ийм асуудалд өртдөг. Хохирогч гээд байгаа Б.Г миний амьдралыг бусниулж, үр хүүхдийг маань өнчрүүлчхээд эхнэртэй маань хамт амьдардаггүй. Дам яриа сонсоход Улаанбаатар хотод эхнэр хүүхэдтэй гэсэн. Эрдэнэтэд ирэхээрээ манай эхнэрээр зугаацаж тоглож байгаад явдаг. Ийм хүнийг хохирогч болгоод зүгээр мөрөөрөө байсан хүнийг гэмтэн болгож болохгүй. Б.Г над руу тухайн үед дарамт учруулж дайрсан. Би олон бөх танина маш олон ар талтай, хөрөнгөө үрэн таран хийж чадахгүй байж байгаад үхвэл яах юм бэ, амьд баймаар байвал надтай эвтэйхэн харьцаарай гэж байсан. Мөн халамцуу, хутгатай ирчихээд хутгаа нуугаад халааснаасаа гаргаад байсан камерын бичлэг байгаа. Харин цагдаа ирэхээс өмнө тухайн хутгыг хэрхэн яаж хаясныг би сайн мэдэхгүй байна. Цагдаа ирэхэд би хутгатай байсныг нь хэлж байсан. Ийм асуудал болоод байхад би зүгээр байж чадаагүй. Араас савж унагаах гээд байхаар нь барилцаж авсан. Мөн халамцуу хутгатай ирсэн хүнээс би биеэ хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хийсэн. Зүгээр зогсож байгаад хутгалуулбал би өөрөө хохироод үлдэнэ. Тэгэхгүйн тулд барилцаж авсан ингэхдээ би нуруугаараа унаад нуруугаа гэмтээсэн. Үүнээс болоод баруун хөлөө өргөхөд нурууны бүсэлхий хэсгээр тас гэж дугардаг болсон. Энэ нь шинэ хугарлын шинж юм. Тухайн үед Ч.Б эмчид үзлэг хийлгэхдээ хэлж компьютер томографикт үзүүлж оношилгоо гарч байсан. Гарамжав гэх анагаах ухааны доктор эмч шинэ хугаралтай, хавантай, хурц үзүүртэй яс байна гэж Ч.Буянзаяа эмч үзээд энэ нь хүндэвтэр зэргийн хугарал байна. Гэхдээ цаг хугацааны хувьд тодорхойлох боломжгүй байна гэж дүгнэлт гаргасан. Цаг хугацааны хувьд би ажлаа хийгээд олон цаг хуралд суугаад зүгээр байдаг байсан. Тиймээс цаг хугацааны хувьд тодорхой болох байх. Анх ийм дүгнэлт гараад эргэлзээтэй байхаар нь би Улаанбаатар хот руу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү санал гаргаж дахин дүгнэлт гаргуулж байсан. Шинжээч эмч нар рентгений дүгнэлтийг тийм, үгүй гэх талаар үгүйсгэж бичиж чадаагүй хэвээр нь буцаагаад явуулчихсан байсан. Тухайн өдрөөс хойш миний нуруу өвдөөд мөн баруун хөл дагаж өвдөөд байхаар нь би ажлаасаа акт авсан. Учир нь хугаралтай үед хэвтрийн дэглэм сахих ёстой байдаг. Уг актыг хоёр удаа сунгаж 1 сарын хугацаатай хэвтрийн дэглэм сахиж байсан. Эмнэлгийн магадлах комиссын хурлаар хоёр удаа орж актаа сунгуулж байхад шинжээч эмч нар үүнийг олж харж чадаагүй. 28 хоногоос дээш бол хүндэвтэр гэмтэлд ордог эмнэлгийн хүмүүс тул мэдэх байх. Улаанбаатар хот руу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар гэмтэл учраагүй гээд дүгнэлт гаргасан. Үүнд би маш их гайхаж байгаа. Мэргэжлийн эмч нар нь үнэнч хандах юм бол уу гэж бодоод өмгөөлөгч нартайгаа хамтран Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлд хүсэлт тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүй хоёр удаагийн дүгнэлт гарсан. Мөн би прокурорт гомдол гаргаж байсан. 7 шинжээчийн дүгнэлт байдаг гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга нь надад хэлж байсан. Үүний дагуу хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Энэ нь хуульд нийцэж байгаа эсэх нь харагдаж байгаа байх. Эцсийн эцэст үүний дараа би яллагдагч болоод ажлаа тараад гэртээ ирэхэд хутга барьчихсан, элдэв бусын үгээр доромжилж, гэр бүлийг маань үймүүлсэн хүн хохирогч болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өөрийгөө шүүгдэгч болоод ингээд зогсож байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс өмгөөлөгч нарынхаа гаргасан саналыг дэмжиж байна. Аливаа зүйлд шударга, хүнлэг байгаасай” гэв.
Шинжээч эмч Ч.Б мэдүүлэхдээ “Би 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Т.С байцаагчийн тогтоолоор П.Э гэх хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн байна. Үзлэг хийх явцад бусдад зодуулсан гээд 3 хоногийн дараа надад ирж үзүүлсэн байна. Ирж үзүүлэхдээ нүдний эмчийн үзлэг, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн бүсэлхий нурууны хоёр рентген зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн бүсэлхий нурууны компьютер томографикын шинжилгээний хариуг авч ирж өгсөн байна. Үзүүлэхдээ нуруугаар өвддөг, дээшээ харж хэвтэхэд эмзэглэл ихтэй, яс дугарч байгаа юм шиг баруун талын түнхний хэсгээр мэдээгүй болж байгаа юм шиг санагддаг гэх зовуурьтай биеийн гадна ил шарх байхгүй, мэдрэлийн хэсэгт ямар нэгэн өөрчлөлтгүй байсан байна. П.Эын биед бүсэлхий 4 ба 5 дугаар нугалмын арын баруун зүүн талын сэртэнг холбосон яс болон нугалмыг хооронд нь холбосон сэртэнгийн үе дайрсан хугарал, бүсэлхийн нугалмуудад ясан ургацаг, шмиролын эвэрхий тогтоогдсон байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэнэ. Бүсэлхий 4 ба 5 дугаар нугалмын арын баруун зүүн талын сэртэнг холбосон яс болон нугалмыг хооронд нь холбосон сэртэнгийн үе дайрсан хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдангид нөлөөлөхгүй, архаг хууч өөрчлөлттэй байх тул гэмтлийн хугацааг нарийн тогтоох боломжгүй байна гэх дүгнэлтийг гаргасан байна. Хуучин гэмтэл нь бүсэлхийн 4 ба 5 дугаар нугалмын арын баруун зүүн сэртэнг тэдгээрийг холбосон ясны үе дайрсан хугаралтай уг хугарлын зах ирмэг хэсэг нь мохоо гадаргуу нь хатуурсан буюу хуучин хугаралтай гэх нэг хуучин хугарал байгаа. Дараагийнх нь баруун зүүн үе дайрсан холбоосын хугарлыг нь шинээр үүссэн хугарал гэж тодорхойлсон. 2020 оны 03, дугаар сарын 13-ны өдрийн компьютер томографикын шинжилгээний хариуг үндэслэж уг дүгнэлтийг гаргасан” гэв.
Шинжээч эмч С.Ч мэдүүлэхдээ “Би П.Эын биед 2020 оны 06 сарын 14-ний өдөр авахуулсан компьютер томографикын зургийг уншсан. Уг зургийг уншиж байхад ямар нэгэн шинээр үүссэн гэмтэл байгаагүй. Тухайн үед шинээр гэмтэл үүссэн бол ямар нэгэн зөөлөн эдийн няцрал хаван хавдар байх байсан. Гэтэл компьютер томографикын зураг уншсан дүгнэлт дээр тийм шинж тэмдэг байгаагүй” гэв.
Хохирогч Б.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Гийн “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баярчимэгийн гэрээс гараад Титэм буудал ороод байрлан Чинбат гэх найзтайгаа 2,5 литрийн пиво уугаад орой нь П.Этай уулзах гээд явж байгаад гэрийнх нь үүдэнд тааралдсан тухайн үед би П.Эыг энэ бүсгүйг зүгээр тайван байлгачих тэхүү гэсэн чинь миний өмнөөс наад янханаа аваад зайл гэсэн. Тэгэхээр нь би чи эмэгтэй хүнийг яагаад янхан гэж байгаа юм гээд бид хоёр зууралдаад П.Э намайг заамдаж байгаад мордоод би арагш их хүчтэй унасан. Тухайн үед П.Э бид хоёр бараг л зэрэг унасан. Тэгээд П.Э миний дээр гараад эрүү хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд босоод П.Э миний зүүн өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Би эргүүлээд П.Эын хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. П.Этай маргалдаж байх үед халаасанд буудалд байхдаа мах идэж байсан хутга байхаар нь П.Эад харагдахгүйгээр цас руу шидсэн. Тухайн үед П.Э руу хутга барьж далайж заналхийлсэн зүйл байхгүй. Ингээд бид хоёр маргалдаад зогсож байтал цагдаа нар ирсэн. Би П.Эын эхнэр байсан Б-гтэй 6 сар гаран хамт амьдарсан. Энэ хугацаанд Б-гийн гэрийн гадаа ирж бичлэг энэ тэр хийдэг байсан. Баярчимэг рүү удаа дараа утсаар залгаж сэтгэл санааг их хямраадаг байсан. Тэгэхээр нь би уулзаж ярилцах гэж очсон. Тухайн үед П.Эыг нэг удаа хөлрүү нь өшиглөсөн. Мөн нэг удаа хацарлуу нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 40-41-р хуудас/
2. Гэрч Ц.А-сын “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хөдөлгөөнт эргүүлд эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. 20 цагийн орчим байх одоо сайн санахгүй байна. Их хаадын цуваа хотхоны 96-05 тоотод согтуу хүн хаалга нүдээд байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Их хаадын цуваа хотхоны 96 дүгээр байрны гадаа авто зам дээр гэмтлийн эмч П.Э нэг залуутай байсан нөгөө залуу нь согтуу хоорондоо маргалдаж байсан. Тэгээд П.Э нь энэ залуу намайг зодлоо энэ залууд хутга байгаа шүү гэсэн. Тэгээд Б.Г гэгчид үзлэг хийхэд биед нь хутга байгаагүй хажууд П.Э хараад зогсож байсан. Тэгээд Б.Г гэх хүнийг эрүүлжүүлэх баривчлах байранд аваачиж тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгсөн. Б.Г архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. П.Э эрүүл байсан. П.Эын биед ил харагдах шарх сорви байгаагүй, зүгээр байсан, хажууд уурлаад хутгатай байсан хүний хутгыг нуусан хуйвалдлаа гэж мессеж бичиж байсан. Тухайн үед хутга байгаагүй...дуудлаган дээр очиход хоёулаа гадаа зам дээр маргалдсан байдалтай зогсож байсан, тэрнээс барьцалдаж авч, хутга мэс байгааг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/
3. Гэрч Б.Ө-лын “19 цагийн үед байх цагийг нь тодорхой санахгүй байна. Би гэрээсээ хог хаях гээд гарахад манай №05 тоотын айл болох П.Э эмчийн гэрийн хаалгыг эрэгтэй өндөр нуруутай хүн нүдэж байсан. Надаас энэ П.Э эмчийн гэр мөн үү гэж асуусан тэгэхээр нь би мөн гэсэн чинь гэртээ байгаа юм болов уу гэж асуусан, тэгэхээр би мэдэхгүй гэж хэлээд гарч хогоо хаяад буцаад орцруугаа орох гээд явж байтал П.Э эмч хаалга нүдэж байсан эрэгтэй хүнтэй уулзаад зогсож байсан. Хэрүүл маргаан хийж байхыг анзаараагүй ярилцаад зогсож байсан. Танай хаалгыг эрэгтэй хүн нүдэж байсан чамайг асууж байна гэж хэлээд л явсан өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/
4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №288 дугаартай “Б.Гийн биед тархи доргилт, зүүн өвдөг, гуя,доод эрүүний доор болон баруун гарын сарвуунд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, баруун гарын сарвуунд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 49-50-р хуудас/
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрс бичлэгийн хуурцаг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Азарга овогт П.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 7- тоот байрны гадна тал 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Гтэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг гарах шалтгаант нөхцөл нь Б.Г нь П.Эын хамтран амьдрагч байсан Б-гтэй хамтын амьдралын холбоотой. Үүнээс болоод П.Э нь Б-т ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлдэг үүнийг нь Б.Г болиоч гэж хэлэх гэж очсон байдаг. Улмаар П.Эын гэрт Б.Г согтуу очсон мөн муудалцсан. Болсон процессыг талаар бид нар сая камерын бичлэг үзсэн. Тухайн бичлэг дээр Өнөржаргал гэх гэрч хогоо асгах гээд гарч байгаа дүрс харагддаг. Мөн Б.Г ирчихсэн П.Эын гэрийн хаалгыг тогшоод, П.Э хараад буцаж машин руугаа яваад нэг эмэгтэй хүнтэй наашаа хүрч ирж байхад нь Б.Г түлхээд шатнаас буулгаж байгаа үйл баримт тогтоогдож байна. Б.Г, П.Э нар тухайн асуудлын талаар ярилцаад улмаар муудалцаж маргалдаад зодолдоход П.Э хувцсаа тайлаад сандал дээр тавиад, хөлөөрөө хавсарч унагаагаад арагш нь Б.Гийг нуруугаар нь унагаагаад дээр нь гараад цохиод байгаа үйл баримт харагдаж байна. Бид нар болоод өнгөрсөн үйл баримт дээр дүгнэлт хийж байгаа тул бүхий л талын нотлох баримтыг цуглуулж байгаа. Үүнд энэ камерын бичлэг болон гэрч нарын мэдүүлэг, хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. П.Э нь Б.Гийн толгойн тус газар нь цохиод унагааж байгаа, өшиглөж байгаа үйл баримтууд тогтоогдож байна. Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг бэхжүүлж авсан байгаа. Б.Гийн шинжээчийн дүгнэлтэд тархи доргилт үүссэн гэж гарсан. Сая шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжээч эмч нараас эргэлзээтэй зүйлсийг асууж тодруулсан. Алимны чичирхийлэлт гэх зүйл Б.Гийн биед илэрсэн мөн 288 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Б.Г нь хазганаж явж байсан, гуяны дотор тал хөхөрсөн, сарвуун ар тал зулгарсан, сарвуу бага зэрэг хавдартай, эрүүний доод баруун талд 2х1см хүрэнтсэн гэх зэрэг анхан шатны үзлэгээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үзсэн эмчийн үзлэгт тусгагдсан байдаг. Тиймээс тархи доргилт үүсэж хөнгөн зэргийн гэмтэл үүссэн байна. Харин шүүгдэгч П.Эын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан 284 дугаартай дүгнэлт дээр компьютер томогарфикын үзлэгээр шинэ гэмтэлтэй хаван хавдартай гэсэн боловч тухайн гэмтлийг эмчийг 03 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийхэд гадна талд ил шарх болон гэмтэл байхгүй гэх бичвэр үзлэгийн хэсэгт бичигдсэн байна. Тиймээс тухайн үйл явдлаас П.Эын биед гэмтэл болох нь тогтоогдож байна. Шинжээч эмч нарын дүгнэлтүүдээр тухайн гэмтэл нь хуучин гэмтэл юм. Хэрвээ энэ гэмтэл нь шинэ гэмтэл байсан бол хаван хавдартай байх байсан гэж тайлбарлаж байсан. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд П.Эын биед гэмтэл учирсан үндэслэл тогтоогдохгүй байна. Харин П.Э нь Б.Гийг зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримтууд хангалттай магадлан тогтоогдож байгаа тул Б.П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Үнэн нэг л байдаг П.Эын шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа мэдүүлгийг сонслоо. Нэг хүн дан хар нөгөө хүн нь цагаан байна гэж байхгүй мөн өмнө нь бага насны хүүхэд зодоод шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргасан. Тухайн үед өөрийгөө гэм буруугүй гэсэн байдаг. Мөн 2009 онд эхнэрээ зодсон асуудал дээр нь өршөөлд оруулсан байдаг. Мөн энэ хэрэг дээр би зодоогүй гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байж байгаад шийдвэрлүүлж байсан. Энэ байдлуудаас нь харахад өөртөө дүгнэлт хийх ухамсар дутуу юм бол уу гэж дүгнэж байна. Оролцогчдын эрх ашгийг хангах асуудал яригдаж байна. Үүнд шат шатны бүхий л байгууллагад хандаж байсан. Шинжээчийн дүгнэлт дутуу байна гээд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж байсан. Тиймээс цагдаа, прокурорын байгууллагыг харлуулж иймэрхүү байдал гаргаж болохгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэгт эхнэр Баярчимэг буруутай эд мөнгөний шуналтай гэж ярьж байна. Энэ тал нь Монгол хүний жудагт нийцэж байгаа эсэх тал дээр эргэлзээтэй байна. Хэрэгт хийгдэх ёстой бүхий л ажиллагааг хийсэн мөн Амаржаргал гэх хүнийг гэрчээр асуух гэтэл мэдүүлэг өгөхгүй, би өөр газар явж байна гээд мэдүүлэг өгдөггүй. Мөн хамт амьдарч байсан Баярчимэг гэх хүнээс мэдүүлэг авах гэтэл тэр хүний талаар мэдэхгүй мэдүүлэг өгөхгүй гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан байгаа. Хэрэгт цаашаа шалгах ажиллагаа байхгүй тул П.Эад холбогдох эрүүгийн хэрэгт П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хэргийн улмаас хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат дүгнэлтдээ “П.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй хэргийг прокурорт буцаах саналтай оролцож байна. Хэргийг прокурорт буцаах хэд хэдэн үндэслэл байна. П.Э гэж хүн болдоггүй зан ааш муутай хүн, олон удаа шийтгүүлж байсан, хүн гэж үзэхэд хэцүү гэж үзэж байгаа өөрийнхөө бодолдоо хөтлөгдсөн нь харагдаж байна. Хүний өмнөх амьдралыг мэдэхгүй. Энэ удаагийн хэрэг учрал юу болсон талаар дүгнэлт өгч мөн энэ хэрэгтэй холбоотой зарим асуудлыг бүрэн дүүрэн судлаагүй гэж үзэж байна. Үүнд Б.Г, П.Э нарын хооронд болсон үйл явдлыг харсан хэд хэдэн гэрч байгаа. Ялангуяа цагаан цүнх үүрсэн эмэгтэй энэ хоёр хүнийг салгаад Б.Гийг цааш нь түрээд хоёр цохиулж байсан хүн байгаа. Энэ үйл явдалд П.Эын яриад байгаа гэрч Амараа гэх хүн байгаа. Тэр хүн мөн болсон бүх үйл явдлыг хажуугаас нь харсан. Өнөөдөр Б.Гийн үйлдлийн талаар прокурор огт ярихгүй байна. Б.Г өшиглөж, цохисон үйлдэл дээр анхаарал тавихгүй огт ач холбогдол өгөхгүй байна. Газар унагааж, өшиглөж байгаа үйлдлээс болоод шүүгдэгч П.Э гэмтэл авсан байж магадгүй. Үүнийг харсан ганц гэрч нь Амар гэж хүн байгаа. Үүнээс харахад П.Э ямар үйлдэл гаргасан, Б.Г ямар үйлдэл гаргасан, энэ үйлдэл нь П.Эын санаатай үйлдэл юм уу яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай үйлдэл байгаа юм уу. Энэ үйлдлүүдийн уялдаа холбоог тогтоохын тулд хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн байцаалт явуулах ёстой. Камерын бичлэгийг харахад хохирогч Б.Гийн илт хууль бус үйлдэл байна. Гэртээ орох гэж байгаа хүнийг хутгатай хүлээж, өдөөн хатгаж байсан талаар бичлэг тусгагдсан байна. Уг бичлэг нь дуугүй тул хүмүүсийн үйл хөдлөл харагддаг. Тиймээс тухайн нөхцөл байдлыг харсан гэрч нараас мэдүүлэг авч байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Мөн прокурор хохирогчийн хууль бус үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэргийг хаасан. Дараагийн асуудал нь шинжээчийн дүгнэлт юм. Нийт гурван шинжээчийн дүгнэлт гарсан. П.Э нийт 42 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн сая шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр шинжээч эмч нараас тодруулж асуухад тодорхой ойлголт гарч ирж байна. Энгийн хуучин хугарал дээр хэвтрийн дэглэм сахихгүй эмийн болон физик эмчилгээ хийгдэнэ гэж байна. П.Эын хэвтрийн дэглэм сахь гэсэн эмнэлэг хөдөлмөрийн комиссын эмчийн дүгнэлтийг эдгээр эмч нар үгүйсгэхдээ рентген зургийг ярьдаг. Рентген зургийг гурван эмч гурван өөр янзаар харсан байгаа. Тиймээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч эмч томилж байж дүгнэлт гарна гэж үзэж байна. Учир нь эхний шинжээч эмч 3-4 дүгээр үеийн сэртэнг үед шинэ хугарал тодорхойлсон. Хоёр дахь эмч нь уг хугарлыг хуучин хугарал байна гэж тодорхойлсон. Гурав дахь эмч болох бүрэлдэхүүнд орж рентген зураг уншсан эмч 5 дугаар уг хоёр эмчийн шинэ хуучин гэх гэмтлийг үгүйсгээд 4 дүгээр нугалам дээр хуучин хугарал нуруун дээр тодорхойлсон байсан. Мөн 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнд орсон С.Чулуунсүх эмч тодорхой хэлж байна. 4 дүгээр нугалам дээр нумын хуучин хугарал тодорхойлогдсон. Өөр хугарал тодорхойлогдоогүй гэж байна. Энэ дүгнэлтүүдээс харахад П.Эад гэмтэл учирсан эсэх тал нь эргэлзээтэй болж байна. 7 эмчийн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулж болдог тул уг шинжээч эмч нарын эргэлзээтэй хоорондоо тохирохгүй байгаа рентген зургийг дахин шинжлүүлж дүгнэлт гаргуулмаар байна. Учир нь шинжээч эмч нар нэг нь нөгөөгийн мэдүүлгээр үгүйсгээд байна. Өөрсдийнхөө үгүйсгэсэн нөхцөл байдлыг дурдаагүй орхигдуулсан. Хохирогчийн тархи доргилтын асуудал дээр гэмтлийн эмч нар тодорхойлдоггүй. Мэдрэлийн эмч тодорхойлдог. Б.Г, Ч.Б эмч нараас лавлахад мөн мэдрэлийн эмч тодорхойлно гэж хэлж байсан. Б.Гийг мэдрэлийн эмчид үзүүлсэн гэх нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ дүгнэлтийг эргэлзээтэй дүгнэлт гарсан гэж анхнаасаа үзэж дахин шалгаж тодруулаач гэх хүсэлтийг тавьж байсан. Анх энэ тархины доргилтыг хэзээ авсныг тодорхойлоогүй байдаг. Шинэ хуучин доргилт эсэхийг нь тодорхойлоогүй байж П.Э учруулсан гэж дүгнээд яллаад байгаа. Тиймээс шинжээчийн дүгнэлтүүд нь хууль зүйн үнэлэлт дүгнэлт бүхий дүгнэлт гаргаагүй гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцааж эдгээр асуудлыг тодорхой болсон үед нь хэргийг шийдвэрлэж дахин хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц тдүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэртээ энх тунх амьдралаа хэвийн авч явж байсан. Хохирогчийн буруутай үйл байдал их нөлөөлсөн. Миний үйлчлүүлэгчийн амь нас эрүүл мэндэд халдах зорилгоор гэрт нь ирсэн гэж үзэж байна. Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй эдгээр эрхэнд нь Б.Г халдсан. Б.Г нь гэр бүл үймүүлсэн мөн хууль бус үйлдэл гаргаж амь нас эрүүл мэндэд нь халдсан үйлдэл хийчихээд өөрөө энэ хэрэгт хохирогч болчихсон. Шат шатны прокурор болон мөрдөн байцаалтын шатанд хэрэг байх үед манай талаас хэд хэдэн хүсэлт гаргахад огт шийдвэрлээгүй. Мөрдөн байцаалтын шатанд зөвхөн яллах талын нотлох баримт цуглуулсан мөн оролцогчийн эрхийг зөрчсөн асуудал гарсан. Манай үйлчлүүлэгчийн урьд ял шийтгүүлж байсан болон хувийн байдлын талаар улсын яллагч ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч нь ямар нэгэн байдлаар ял шийтгүүлж байсан нь хязгаарлалт болохгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж заасан байдаг. Өмгөөлөгчийн хувьд Х.О өмгөөлөгчийн саналтай адил саналтай байна. Хохирогчийн хууль бус довтолгооны эсрэг хийсэн үйлдэлд хийснээрээ миний үйлчлүүлэгч шүүгдэгч болоод яллагдах учиргүй юм. Эрүүгийн хуульд заасан санаа зорилго байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэх саналтай байна” гэв
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гийн “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баярчимэгийн гэрээс гараад Титэм буудал ороод байрлан Чинбат гэх найзтайгаа 2,5 литрийн пиво уугаад орой нь П.Этай уулзах гээд явж байгаад гэрийнх нь үүдэнд тааралдсан тухайн үед би П.Эыг энэ бүсгүйг зүгээр тайван байлгачих тэхүү гэсэн чинь миний өмнөөс наад янханаа аваад зайл гэсэн. Тэгэхээр нь би чи эмэгтэй хүнийг яагаад янхан гэж байгаа юм гээд бид хоёр зууралдаад П.Э намайг заамдаж байгаад мордоод би арагш их хүчтэй унасан. Тухайн үед П.Э бид хоёр бараг л зэрэг унасан. Тэгээд П.Э миний дээр гараад эрүү хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд босоод П.Э миний зүүн өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Би эргүүлээд П.Эын хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. П.Этай маргалдаж байх үед халаасанд буудалд байхдаа мах идэж байсан хутга байхаар нь П.Эад харагдахгүйгээр цас руу шидсэн. Тухайн үед П.Э руу хутга барьж далайж заналхийлсэн зүйл байхгүй. Ингээд бид хоёр маргалдаад зогсож байтал цагдаа нар ирсэн. Би П.Эын эхнэр байсан Ба-гтэй 6 сар гаран хамт амьдарсан. Энэ хугацаанд Баярчимэгийн гэрийн гадаа ирж бичлэг энэ тэр хийдэг байсан. Б рүү удаа дараа утсаар залгаж сэтгэл санааг их хямраадаг байсан. Тэгэхээр нь би уулзаж ярилцах гэж очсон. Тухайн үед П.Эыг нэг удаа хөлрүү нь өшиглөсөн. Мөн нэг удаа хацарлуу нь цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.А-сын “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хөдөлгөөнт эргүүлд эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. 20 цагийн орчим байх одоо сайн санахгүй байна. Их хаадын цуваа хотхоны 96-05 тоотод согтуу хүн хаалга нүдээд байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Их хаадын цуваа хотхоны 96 дүгээр байрны гадаа авто зам дээр гэмтлийн эмч П.Э нэг залуутай байсан нөгөө залуу нь согтуу хоорондоо маргалдаж байсан. Тэгээд П.Э нь энэ залуу намайг зодлоо энэ залууд хутга байгаа шүү гэсэн. Тэгээд Б.Г гэгчид үзлэг хийхэд биед нь хутга байгаагүй хажууд П.Э хараад зогсож байсан. Тэгээд Б.Г гэх хүнийг эрүүлжүүлэх баривчлах байранд аваачиж тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгсөн. Б.Г архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. П.Э эрүүл байсан. П.Эын биед ил харагдах шарх сорви байгаагүй, зүгээр байсан, хажууд уурлаад хутгатай байсан хүний хутгыг нуусан хуйвалдлаа гэж мессеж бичиж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ө-алын “19 цагийн үед байх цагийг нь тодорхой санахгүй байна. Би гэрээсээ хог хаях гээд гарахад манай №05 тоотын айл болох П.Э эмчийн гэрийн хаалгыг эрэгтэй өндөр нуруутай хүн нүдэж байсан. Надаас энэ П.Э эмчийн гэр мөн үү гэж асуусан тэгэхээр нь би мөн гэсэн чинь гэртээ байгаа юм болов уу гэж асуусан, тэгэхээр би мэдэхгүй гэж хэлээд гарч хогоо хаяад буцаад орцруугаа орох гээд явж байтал П.Э эмч хаалга нүдэж байсан эрэгтэй хүнтэй уулзаад зогсож байсан. Хэрүүл маргаан хийж байхыг анзаараагүй ярилцаад зогсож байсан. Танай хаалгыг эрэгтэй хүн нүдэж байсан чамайг асууж байна гэж хэлээд л явсан өөр зүйл хэлээгүй” гэсэн мэдүүлэг, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч эмчийн гаргасан №288 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцаг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Э нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7а-тоот байрны гадаа иргэн Б.Гтэй зууралдан унагаж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э нь “хохирогч Б.Г нь халаасандаа хутгатай байсан, намайг сүрдүүлсэн, хяналтын камерийн бичлэгт Б.Г хайснаас хутга авч байгаа, цагдаа ирэхэд хаяж байгаа нь тодорхой байгаа” гэж мэдүүлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдаж ирсэн боловч дүрс бичлэгт үзлэг хийхэд хохирогч Б.Гийн хайснаас авч байгаа зүйл, хаяж байгаа зүйл нь хутга гэдэг нь тогтоогдохгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн хутгыг хэрэг учрал болсны маргааш өдөр хэргийн газрын ойролцоо өөр газраас олж хурааж авсан гэж байх тул хохирогч Б.Г, шүүгдэгч П.Эыг хутгаар сүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч П.Э нь “Б.Гийн үйлдлийн улмаас нуруунд гэмтэл учирсан” гэх асуудал нь шүүхийн шинжилгээний шинжээч нарын удаа дараагийн дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн мэдүүлгээр нотлогдохгүй байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дүрс бичлэгийн хуурцаг болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч Б.Г нь гэр бүлийн харилцаатай холбоотой шалтгааны улмаас шүүгдэгч П.Этай уулзахаар түүний оршин суудаг орон сууцанд очсон, П.Эыг гэрийнхээ орцруу орох явцад нь заамдан авч эрүүл мэндэд нь халдаж довтолсон болох нь тогтоогдож байна. П.Эын хохирогчтой зууралдан унагаж нүүрэн тус газарт нь цохьсон үйлдлийг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг гэнэтийн халдлага, хууль бус довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Бие биеээ сайн танихгүй, зөвхөн эчнээ таних хүн /хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр/ оршин суудаг байрны орцны үүдэнд нь гэр бүлийн харьцаатай холбоотой шалтаг хэлж гэнэт довтолсон нь шүүгдэгчийн хувьд болж буй үйл явдлын учир холбогдлыг зөв ойлгох, үнэлэлт өгөх, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадвараа алдаж, биеэ хамгаалах төрөлхийн зөнгөөр харилцан зууралдах, унагах, цохих үйлдэл хийхэд хүргэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалт нь агуулгын хувьд гэмт хэргийн субъектив шинжийг үгүйсгэж, аргагүй хамгаалалтыг гэмт хэргийн шинжгүй гэх байдлаар тодорхойлсон заалт гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй байна.
Иймд П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Шүүгдэгч П.Эын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, аргагүй хамгаалалт гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан учир Б.Г нь гэм хорын нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
4. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн прокурорын газраас П.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатсугай.
2. П.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутгыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС