Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 1033

 

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01033

Улаанбаатар хот

   

 

 

                                                       Зохигчийн эвлэрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  4 дүгээр хороо, 2-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 56-р байр, 59 тоотод оршин суух, Боржигин овогт Бадамжавын Цэцэгмаа /РД: ЧЗ52121001/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 13б байр, 76 тоотод оршин суух, Мэргэн овогт Чүлхэрэмийн Тэмүүжин /РД: ЧО75091915/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 13б байр, 76 тоотод оршин суух, Харнууд овогт Батжаргалын Отгонбаяр /РД: ЧИ77070607/ нарт холбогдох, 

 

1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэцэгмаа, хариуцагч Ч.Тэмүүжин, Б.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 56 дугаар байр, 2 дугаар орцны 0 тоотын 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ч.Тэмүүжин, Б.Отгонбаяр нар нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сарын 260 000 төгрөгөөр хөлслөхөөр болсон. Цахилгааны төлбөрийг хариуцагч нар төлөхөөр болсон. Түрээсийн төлбөрт эхний 1 сарын 260 000 төгрөгийг төлсөн. Дараа сараас нь хагас мөнгийг өгсөн. Дараа сард нь гүйцээж өгөөд, дараагийн сараас 50 000 төгрөг, 80 000 төгрөг гэх мэтээр цувуулж өгсөн. 558 000 төгрөгний тооцоо байсан боловч өгөөгүй. 2016 оны намар 10 дугаар сард 200 000 төгрөг өгсөн. 50 000 төгрөг, төгрөг гэх мэтээр цувуулж өгсөөр байгаад 348 000 төгрөгөөс 58 000 төгрөг үлдсэн. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 40 000 төгрөг өгсөн. 6 дугаар сарын төлбөрөөс 18 000 төгрөг үлдээд байна. Байр хөлсний мөнгө төлбөрөө өгөхгүй удаад байхаар нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хямдруулж 200 000 төгрөг болгосон. 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар дуустал 1 сарын 60 000 төгрөгөөр хямдруулж хөлслүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 150 000 төгрөг өгсөн. Хариуцагч нар нь 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны 8 сарын төлбөр 1 500 000 төгрөг болж байна. Хариуцагч нар нь 8 сарын хугацаанд байр хөлсөлсөн төлбөрөө өгөхгүй өдийг хүрсэн тул үлдэгдэл 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Тэмүүжин, Б.Отгонбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчтэй Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 56 дугаар байр, 2 дугаар орцны 0 тоотыг сарын тохиролцон 260 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Түрээсийн төлбөр 5 дугаар сарын 20-ны өдрөөс 200 000 төгрөг болсон. Уг нь бид байранд засвар хийж дараа нь байрны мөнгөнөөс хасаж байхаар тохиролцсон. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 90 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 120 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 80 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2 дугаар сарын 24-ний өдөр гэхэд 315 000 гэх мэт төлсөн. 2016 оны 12 дугаар сард нэхэмжлэгчтэй бүх тооцоогоо хийгээд 3 дугаар сарын 20-ны өдөр гарна гэж гарын үсэг зурсан. Тэр цаас дээр 2 дугаар сарын 400 000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдөр 40 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг болсон. 1 200 000 төгрөгөөс 315 000 төгрөгийг хасаад 885 000 төгрөгийн тооцоо дутуу байгаа гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа хариуцагч нараас байрны түрээсийн төлбөрт 1 500 000 төгрөг төлүүлэхээр шүүхээс нэхэмжлэл гаргасан ба 661 500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Тэмүүжин, Б.Отгонбаяр нар үлдэх 885 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь хариуцагч Ч.Тэмүүжин, Б.Отгонбаяр нарт холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага 1 500 000 төгрөгийн 661 500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 885 000 төгрөгийг хариуцагч Ч.Тэмүүжин, Б.Отгонбаяр нар нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй, Ч.Тэмүүжин, Б.Отгонбаяр нарт холбогдох, 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1 500 000 төгрөгийн 661 500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 885 000 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 25 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН