| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02022/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01840 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01840
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01840 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол Чингүнжавын гудамж 25/1-2 байрны 602 тоотод оршин суух, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Инженер техникийн албанд техникч ажилтай, регистр ОЮ70081373, Боржгон овогтой Шомбуузын Түвдэндоржийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Түвдэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Түвдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 онд У.Балжиннямтай танилцаж гэр бүл болж хамт амьдарсан. Биднийг хамт амьдарч байх хугацаанд 2009 оны 1-р сарын 09-нд том хүү Т.Билгүүн, 2017 оны 5-р сарын 12-нд бага хүү Т.Мөнхдөл нар төрсөн. Эхнэр маань төрөлтийн хүндрэлээс болж 2017 оны 5-р сарын 20-нд нас барсан. Бид гэрлэлтээ батлуулах тухайн ярьдаг байсан ч өвдөж зовоод батлуулж чадаагүй байсан. Одоо хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байгаа учраас У.Балжиннямтай 2007 оноос 2017 оны 5-р сарны 20 хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Түвдэндорж нь У.Балжиннямтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ш.Түвдэндорж нь У.Балжиннямтай 2007 оноос 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамтран амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй байжээ.
Тэдний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 01-р сарын 09-ний өдөр хүү Т.Билгүүн, 2017 оны 5-р сарын 12-нд хүү Т.Мөнхдөлгөөн нар төрсөн, харин У.Балжинням нь 2017 оны 5-р сарын 20-нд нас барсан нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсныг бүртгэсэн 0000196452 тоот гэрчилгээ, гэрч Б.Нямдорж, Б.Ганзориг нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Ш.Түвдэндоржийн хүсэлтийг хангаж, насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор У.Балжиннямтай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржгон овогтой Шомбуузын Түвдэндорж, Их-агт овогт Удвалын Балжинням нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА