| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07685/И |
| Дугаар | 1078 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 1078
| 2017 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/01078 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их Тойруу-93, Барилга Мега Стор төвийн 301 тоотод байрлах, “Модун” ХХК /РД: 2090481/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Гермэс худалдааны төвийн В1 давхар, С-05 тоотод байрлах, “Тайжнар Ориент” ХХК /РД: 5464722/-д холбогдох,
97 270 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
30 077 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Осгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, хариуцагчийн төлөөлөгч Т.Хаянхярваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, М.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Модун” ХХК-ийн төлөөлөгч Д.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Осгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайж нар ориент” ХХК нь “Модун” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс “Барилга Мега Стор" худалдааны төвийн В1 давхарт 48 м.кв талбайг худалдааны зориулалтаар, 17 м.кв талбайг оффис, агуулахын зориулалтаар түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Анх худалдаа явуулах 48 м.кв талбайн 1 м.кв-ийг 45 000 төгрөгөөр, оффис агуулахын 17 м.кв талбайн 1 м.кв-ийг 25 000 төгрөгөөр түрээслэхээр, сар бүр 2 585 000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон. Гэвч “Тайж нар ориент” ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Түрээслэгч талыг үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй. Иймд 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тухайн лангууг битүүмжлэх хүртэлхи хугацаа буюу нийт 26 сар 6 хоногийн хугацааны түрээсийн төлбөрт 67 727 000 төгрөг, алданги 32 423 500 төгрөг, нийт 97 270 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Тайжнар Ориент” ХХК-ийн төлөөлөгч Т.Хаянхярваа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Модун” ХХК-тай “Барилга мега стор” худалдааны төвийн падвол буюу В1 давхарыг түрээслэх талаар 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 48 м.кв худалдааны талбайг 45 000 төгрөгөөр, 17 м.кв агуулахын талбайг 25 000 төгрөгөөр түрээслэхээр болж, барьцааны мөнгө нэг сарын түрээсийн төлбөрийг төлөн үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал сурталчилгаа явуулж түрээслэгч нарыг болон худалдан авагчдыг татаж талбайг дүүргэх үүргээ биелүүлээгүй тул манай тал ашиг орлого олох боломжгүй алдагдалд орж эхэлсэн. Бид 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сар хүртэл түрээсийн төлбөрөө гэрээний дагуу 48 м.кв талбайг 45 000 төгрөгөөр, 17 м.кв агуулахын талбайг 25 000 төгрөгөөр төлж барагдуулсан. 2014 оны 11 сарын сүүлээр гүйцэтгэх захирал А.Гангаатай уулзаж ярилцахад “түрээсийн төлбөрийг 1 м.кв төлбөрийг 10 000 төгрөгөөр тооцож авах, мөн 2014 оны түрээсийн төлбөрөөс 10,11,12 дугаар сар, 2015 оны 1, 2 дугаар сар, нийтдээ 5 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцсон. Түүнчлэн агуулахын 1 м.кв-ын төлбөрийг 12 500 төгрөгөөс тооцохоор харилцан тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2 880 000 төгрөөгийг “Модун” ХХК-д төлсөн бөгөөд 2015 оны 02 дугаар сар хүртэл 48 м.кв талбайн түрээсийн төлбөр бүрэн төлөгдсөн. Харин “Модун” ХХК-ийн зүгээс санхүүгийн баримтыг үйлдэхдээ 6 сарын төлбөрт 2 880 000 төгрөг тооцон аваад, үлдсэн 6 сарын төлбөрийг хөнгөлөлт гэж бичилт хийж байсан. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2015 оны 3-8-р сар хүртлэх төлбөр болох 2 880 000 төгрөгийг мөн “Модун” ХХК-д төлсөн. Түрээсийн төлбөрийг 1 м.кв төлбөрийг 45 000 төгрөгөөр нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч “Тайж нар Ориент” ХХК-ийн төлөөлөгч Т.Хаянхярваа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Модун” ХХК-ийн “Барилга мегастор” төвийн В1 давхарт 48 м.кв талбайг худалдааны зориулалтаар, 17 м.кв талбайг оффис, агуулахын зориулалтаар 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсэлж, түрээсийн төлбөрт сар бүр 2 585 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээгээр “Модун” ХХК нь тус В1 давхарыг барилгын томоохон супер маркет хэлбэрээр ажиллуулж, түрээслэгч нартай гэрээлэн түрээсийн талбайг дүүргэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохуйц орчин нөхцөл бүхий барилгын материалын худалдааны талбайг түрээслүүлж, “Тайж нар ориент” ХХК нь байнгын худалдагч бүхий өнгө үзэмж сайтай гэрээнд заасан төрөлжсөн бараа бүхий худалдааны цэгийг түрээслүүлэгчийн дотоод журмын дагуу ажиллуулан түрээсийн төлбөрийг талөх үүргийг тус тус хүлээсэн. Түрээслэгч “Тайж нар ориент” ХХК-ийн зүгээс тус цэгт 3 612 800 төгрөгний үнэ бүхий лангуу тавиур суурилуулсан бөгөөд худалдагч Б.Тунгалагийг 24 сарын хугацаанд нийт 9 500 000 төгрөгний хөлсөөр цалинжуулан ажиллуулсан. Тус түрээсийн талбайд 15 163 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдаалахаар байршуулсан ба дээрх барилгын материалыг “Модун” ХХК битүүмжилсэн бөгөөд энэ хугацаанд тус барааг зарж борлуулсан бол 8 380 000 төгрөгний ашиг олох боломжтой байсан. Гэвч “Модун” ХХК-ийн зүгээс В1 давхарт түрээслэгчдийг нэмж талбайг дүүргэхгүй хоосон байсаар худалдан авагчид ирж үйлчлүүлэхгүй ашиг орлого олж чадахгүй манай компани алдагдалд орсон. Мөн хариуцагчийн зүгээс худалдан авагч татах зорилгоор ТВ, сонин, хэвлэлээр сурталчилгаанд 17 116 000 төгрөг зарцуулсан. Иймд түрээслүүлэгч түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс түрээслэгчид учирсан хохирол болох түрээсийн талбайд засан сайжруулалт хийсэн 3 612 800 төгрөг, худалдагчийн цалин 9 500 000 төгрөг, олох байсан орлого 8 380 000 төгрөг, зар суртачилгаанд гарсан зардлын 50 хувь болох 8 585 00 төгрөг, нийт 30 077 800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Модун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Осгон шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуульд зааснаар эд хөрөнгийг саатуулан барих эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагчийн бараа материалыг саатуулан барьсан. Түрээсийн гэрээний 2.3 дахь хэсэг “гэрээ хийгдсэн талбайг өөрийн зардлаар тохижуулах, компаний лого, реклам чимэглэлийг дотор талдаа байрлуулах эрхтэй”, мөн гэрээний 3.10 дахь хэсэг “Түрээслэгч ажпын байрны тохижолтын ажлыг... хийж болох бөгөөд гарах бүх зардлыг түрээслэгч бүрэн хариуцна. Энэ нь тухайн цаг хугацааны түрээсийн болон цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж түрээслэгч тал үүрэг хүлээсэн байх тул түрээслүүлэгч тал уг зардлыг хариуцах үндэслэлгүй бөгөөд тохижолтын эд зүйлсээ буцаан авах бүрэн боломжтой. Мөн хариуцагч хэдэн худалдагч ажиллуулах, хэдэн төгрөгийг цалин олгож ямар хугацаагаар ажиллуулах нь түрээслүүлэгч талд хамааралгүй. Талууд өөрт учрах эсрдэлээ өөрсдөө л хариуцах ёстой тул бараа материалыг хууль болон гэрээнд зааснаар саатуулан барьсан. Уг бараа материалыг хариуцагч нь зарж болно, зарсан мөнгийг урьдчилан манай дансанд тушаасан хэмжээнд материалыг гаргана гэдгийг анхааруулсан тул олох байсан орлогыг зөвшөөрөхгүй. Түрээслүүлэгч тал түрээслэгч нарынхаа үйл ажиллагааг дэмжих, худалдан авагчдыг татах зорилгоор 2014-2015 онуудад 10 200 000 төгрөг зарцуулж реклам сурталчилгаа явуулж байснаас гадна худалдааны төвийн барилгын нүүрэн талд сурталчилгааны самбар байрлуулж ресепшин буюу угтагч ажиллуулж түрээслэгч нарыг сурталчилж байсан ба одоо ч эдгээрийг явуулж байгаа. Худалдан авагчид орж ирэхгүй, үйлчлүүлэхгүй байснаас ашиг орлого олж чадахгүй алдагдалд орсон энэ нь түрээслүүлэгч талаас шалтгаалсан гэдэг нь ор үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Модун” ХХК нь хариуцагч “Тайжнар Ориент” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 97 270 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Тайжнар Ориент” ХХК нь нэхэмжлэгч “Модун” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний хохиролд 30 077 800 төгрөг гаргуудлах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
97 270 500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 67 727 000 төгрөг, алданги 32 423 500 төгрөг, нийт 97 270 500 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “лангууны 1 м.кв-ыг 10 000 төгрөгөөр, агуулахын 1 м.кв-ыг 8 000 төгрөгөөр тохирсон тул төлбөрийг бүрэн төлсөн” гэж үгүйсгэн маргажээ.
Талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 13 дугаартай түрээсийн гэрээгээр түрээслэгч “Тайжнар Ориент” ХХК нь түрээслүүлэгч “Модун” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга мега стор” худалдаа төвийн В1 давхарын 31 дугаартай, 48 м.кв талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар сарын 45 000 төгрөгөөр, 17 м.кв талбайг агуулах, оффисын зориулалтаар сарын 25 000 төгрөгөөр, 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 12 сарын хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон түрээсийн гэрээгээр нотлогдож байна. Мөн талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзэхээр байна.
Гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан буюу гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Тайжнар Ориент” ХХК-д түрээсийн төлбөрийг төлөх гэрээний үүрэг, нэхэмжлэгч “Модун” ХХК-д гэрээнд заасан худалдаа үйлчилгээний талбайг хариуцагч “Тайжнар Ориент” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх үүрэг тус тус үүссэн байна.
Талууд түрээсийн төлбөрийн талаар маргаж байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь “48 м.кв талбайг сарын 45 000 төгрөгөөр, 17 м.кв талбайг сарын 25 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон” гэж, хариуцагч нь “...хөнгөлттэй үнээр түрээслэхээр амаар тохирсон” гэж тайлбарлажээ.
Гэрээний 7.1-д В1 давхарын 48 м.кв талбайг сарын 45 000 төгрөгөөр, 17 м.кв талбайг сарын 25 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээний үнийг заасан байх боловч нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түрээсийн төлбөр нэхэмжлэх тухай нэхэмжлэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр албан бичиг болон түрээсийн төлбөр тооцсон тооцооны баримтаар хариуцагчийг 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарыг хүртэл 48 м.кв талбай болон 17 м.кв талбайн түрээсийн төлбөрт нийт 17 690 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. /хх 15-16 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, уг баримтаар хариуцагч нь 2014 оны 4 дүгээр сараас 2014 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт 2 880 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн нь, хариуцагчийг нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын, 2015 оны 01 дүгээр сараас мөн оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрөөс тус тус чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр шаардах эрхгүй байна. Түүнчлэн, дээрх баримтаар 2015 оны 3 дугаар сараас 48 м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийт 960 000 төгрөг гэж бичсэн байгаагаас үзвэл 48 м.кв-ын нэгж м.кв-ыг 20 000 төгрөгөөр /960 000 төгрөг/ 48 м.кв =20 000 төгрөг/, 17 м.кв-ын нэгж м.кв-ыг 12 500 төгрөгөөр /2 762 500 төгрөг / 13 сар= 212 500 төгрөг/ 17 м.кв= 12 500 төгрөг/ тус тус тооцсон гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна хариуцагч үүнийг баримтаар үгүйсгээгүй байна. Иймд хариуцагчийн “...хөнгөлттэй үнээр түрээслэхээр амаар тохирсон” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссаж, талууд гэрээний хугацааг бичгийн хэлбэрээр сунгаагүй боловч нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 627 дугаар, мөн өдрийн 267 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 323 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр албан бичиг, хариуцагчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар албан бичигээр талуудыг гэрээний хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх тул мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж заасны дагуу талууд гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагч нь төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох В1 давхарын 48 м.кв талбай, 17 м.кв талбайг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус тус битүүмжилсэн талаар талууд маргаагүй байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн санаачилгаар мөн өдрөөр түрээсийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийг 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрт нийт 17 690 000 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний барьцаанд төлсөн 2 585 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх 17 690 000 төгрөгөөс хасаж, үлдэх 15 105 000 төгрөгийг гэрээний үүрэгт шаардах эрхтэй байна. Харин нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан нь гэрээнд заасан алдангаас татгалзсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
30 077 800 төгрөг гаргуудлах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “түрээсийн талбайд засан сайжруулалт хийсэн зардал 3 612 800 төгрөг, худалдагчийн цалин 9 500 000 төгрөг, олох байсан орлого 8 380 000 төгрөг, зар суртачилгаанд гарсан зардлын 50 хувь болох 8 585 00 төгрөг” гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хөлслөгч нь талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй ба харин мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т зааснаар хөлслүүлэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй.
Гэрээний 3.10-т түрээслэгч нь түрээслүүлэгчээс бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу ажлын байрны тохижилтыг хийж болохоор заажээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс түрээсийн талбайд засан сайжруулалт хийх зөвшөөрлийг хариуцагчид өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь 3 612 800 төгрөгийн засан сайжруулалт хийсэн нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нь гэрээг цуцалснаас учирсан хохиролд 3 612 800 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.
Гэрээний 5.9-д зааснаар түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийн талаар зар суртачилгааг мэдээллийн хэрэгслээр явуулах үүрэг хүлээжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хариуцагчид зар суртачилгаанд 8 585 00 төгрөгийн зардал буюу хохирол учирсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, хариуцагчаас худалдагчид 9 500 000 төгрөг төлсөнийг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаас болсон гэж үзэх үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Талууд нэхэмжлэгч хариуцагчийг түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр эд хөрөнгийг саатуулсан барьсан талаар маргаагүй байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч хариуцагчийн эд хөрөнгийг саатуулан барьсан нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасантай харшлаагүй байх тул уг үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн тухайн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олох байсан орлого гэх 8 380 000 төгрөг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар олох байсан орлого 8 380 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 15 105 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82 165 500 төгрөгийг, нэхэмжлэгчид холбогдох хохирол 30 077 800 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 87 310 төгрөг дутуу төлсөн байх тул хариуцагчаас 87 310 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч “Тайжнар Ориент” ХХК-иас 15 105 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Модун” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82 165 500 төгрөг, нэхэмжлэгч “Модун” ХХК-д холбогдох, 30 077 800 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Тайжнар Ориент” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 644 303 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 87 310 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН