Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/284

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч

Улсын яллагч С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М

Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П холбогдох эрүүгийн 1925002560099 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

б.д

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн зээлийн 3 дугаар гудамжны орчимд биеэ хамгаалж чадахгүй Ё.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг

үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ “гэрийнх нь үүдэнд Ё.Э таксинаас буулгад хаан банкны орчим явж байхад цүнхээ орхисон байхаар нь буцаж яваад цүнхийг нь оруулж өгөх гэхэд тэдний хаалга байнга түгжээтэй байдаг байсан чинь онгорхой байхаар жижиг хаалгаар нь ороход зодуулсан ухаангүй хэвтэж байсан. Би шууд тэвэрч ороод хэвтүүлсэн” гэв.

 

Хохирогч Ё.Э “шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ё.Эн “Пүрэвсүрэн ирээд машины хаалгыг онгойлгоод буухгүй үхсэнээ хийгээд удаад байгаа юм гээд намайг заамдаад машинаас чирч буулгасан бөгөөд би татагдаад газар унасан. Тэгсэн машин шууд хөдлөөд явсан. П машинд сууж яваагүй үлдсэн бөгөөд такси намайг машинаас гарангуут шууд хөдлөөд явсан юм. Ингээд би ухаан алдсан байсан. П намайг таксинаас татаж буулгасан бөгөөд би тэрийг санаж байна тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна. Пүрэвсүрэн дараа нь надтай уулзаад чи намайг хөөгөөд байсан тэгээд би ирсэн таксиндаа суугаад явсан бөгөөд би гэртээ орж чадахгүй байна ирж ав гэж утсаар хэлсэн тэгээд манайд ирсэн намайг гудамжинд хэвтэж байхаар гэрт оруулсан гэж хэлсэн гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-21-р хуудас/

 

2. Насанд хүрээгүй гэрч Э.Т “2019 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө манай ээж Э 08 цагт ажилдаа явна гээд гэрээсээ гараад явсан бөгөөд би 8 настай дүү Н хамт гэртээ үлдсэн юм. Ингээд би дүүгийн хамт гэртээ 2 лаа байсан бөгөөд өдөр 16 цаг өнгөрч байхад ээж надруу утсаар яриад ээж нь одоо гэртээ харилаа гэж хэлсэн. Тэгээд ээж дахиж яриагүй бөгөөд дүү бид хоёр шөнө 23 цаг өнгөрч байхад ороо засаад унтсан юм. Тэгээд унтаж байсан чинь манай дүү яриад мөн нэг эрэгтэй хүн яриад байхаар нь аав ирсэн юм болов уу? гээд босоод утасны цагаа харсан чинь шөнө 04 цаг 30 минут болж байсан. Тэгээд харсан ээж П гэж ахын хамт ирсэн байсан бөгөөд манай ээж гэрийн зүүн хойно байрлах толинд хараад нүүрэн дээрээ болсон байсан цусыг арчаад сууж байсан бөгөөд нүүр нь тэр чигтээ цус болчихсон байсан. Тэгээд ээжийн баруун хөл гуталтай, Зүүн хөл нь ягаан өнгийн оймстой байсан бөгөөд дээгүүрээ подвалктой байсан. П яаж яваад ийм болчихсон юм гэж ээжээс асуугаад байсан. Тэгсэн ээжийн пальто үүдэнд хэвтэж байсан бөгөөд шороо, өвс, цус зэрэг зүйлүүд болсон байсан. Тэгээд би ээжийн гутал цүнх хоёрыг нь хайх гээд гарсан чинь гэрийн үүдний амбаарт цэцэг хээтэй хүрэн өнгийн ээжийн турсик байсан бөгөөд шороо болсон, нороод дөнгөж хатаж байгаа юм шиг чийгтэй байсан. Тэгэхээр нь аваад ээжид оруулж өгсөн бөгөөд ээж авсан би буцаад гэрээс гараад хашааны булан, үүд болон бусад газраар ээжийн гутал цүнх хоёрыг нь хайсан боловч олдоогүй юм. Тэгээд би гэртээ ороод ирсэн чинь П би явлаа маргааш түймэрт явна гээд такси дуудлага дуудсан юм. Тэгээд такси ирлээ гээд гараад явсан бөгөөд П гэж хүн буцаад гэрт ээжийн өрөөсөн гутлыг аваад ороод ирсэн бөгөөд хашааны үүдэнд хэвтэж байна гэх хэлсэн. Тэгээд буцаад гараад явсан юм. Тэгээд ээж дүү бид нар унтах гээд хэвтсэн. Би уг нь гар чийдэн аваад гадаа гарч ээжийн юмнуудыг хайсан бөгөөд хашааны үүдээр хайхад юу ч байгаагүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

 

3. Гэрч Т.Л “Би Орхон аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажил хийдэг юм. 2019 оны 04 дугаар сарын 02-ны өдөр манай ажпын хүмүүс Хөвсгөл аймаг руу түймэрт явах гэж байгаад орой 17 цагийн үед түймэр- явахаа больсон гэсэн. Тэгсэн манай ажлын П гэж залуу хоёулаа город өгсөөд нэг газар орж пиво уухуу гэж асуусан. Тэгэхээр би тэгье гээд такси бариад хамт өгссөн юм. Тэгээд шууд Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Аялгуу гэж баарны доор байрлах Япон баарны дэлгүүр лүү орсон бөгөөд надад ийшээ ороод нэг хүнтэй уулзаад орхий гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрт орсон чинь хоёр хүүхэн байсан. П нэг хүүхэнтэй юм яриад байсан. Тэгээд дахиад хүний хоёр, хоёр пиво захиалж уусан бөгөөд сүүлд орж ирдэг хүүхэн нэг хундага архи хийж өгөөд архи дууссан юм. Тэгээд архи пиво ууж дуусаад П, Э, Э найз Урнаа гэж хүүхэн бид дөрөв гараад такси бариад “Амарсу” гэж бааранд очсон чинь өрөө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах “Сити” гэж баарлуу очсон. Тэгээд бааранд ороод хүний нэг, нэг пиво захиалж уугаад бүгдээрээ бүжиглэж байгаад дахиад хүний гурав, гурав пиво захиалж уугаад бүжиглэж байгаад баар хаах гэж байхад бид нар баарнаас гарсан бөгөөд У, Э, П гурав такси барих гээд үлдсэн юм. Тэгээд би гэртээ ороод орондоо ороод унтаж байсан чинь Энхжаргал гэж хүүхэн өөрийнхөө дугаараас над руу залгаад яасан харьсан юм уу, юу болов гэж надаас асуухаар нь би гэртээ ирчихсэн унтаж байна гэж хэлсэн. Тэгсэн П утсыг нь аваад чи харьсан юм уу, гэхээр би гэртээ унтаж байна гэж хэлсэн. Тэгсэн танайд яваад очих уу, гэхээр нь би үгүй ээ би унтлаа гэж хэлсэн. Тэгээд утсаа салгаад унтаад өгсөн бөгөөд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

 

4. Гэрч П.Х-н “2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн үед Э миний утас руу залгаад манайд ороод ирээч гэж хэлсэн. Би Э-н гэрт ороход нүүр битүү хөхөрчихсөн, толгойгоо бариад сууж байсан. Юу болсон талаас асуухад П хамт архи уусан гээд хэлж байсан гар утас нь дуугарсан, Э надад утсаа харуулахад П залгаж байсан ба би утсыг нь аваад та нар хамт уусан хүнийг яагаад ийм болгочихсон юм бэ гэж хэлэхэд эгчээ би хамт яваагүй харин өнгөрсөн шөнө таксины жолооч зодчихлоо, ирж аваач гэж ярьсан, би Э-н гэрт ирээд утас руу нь залгахад хашаанд дотор дуугараад байсан. Би хашаанд ороход Э хашаан дотроо ухаангүй хэвтэж байсан. Би өргөөд гэрт нь оруулж өгсөн гэж надад хэлсэн. Тэр үед манай нөхөр Э гэрт орж ирсэн. Э нөхөр бид хоёрт худлаа яриад байсан нь илтэд мэдэгдэж байсан. Болсон зүйлийг санахгүй байна гээд байсан. Нөхөр бид хоёр ажилтай байсан тул ажил руугаа явсан. Би 11 цагийн үед Э утас руу залгахад эмнэлэг дээр байна гэсэн. Эмнэлэг дээр ирэхэд Э гэмтлийн тасагт хэвтчихсэн байсан ба хэн зодсон талаараа хэлэхгүй байсан. Эмнэлгийн хүмүүс цагдаад дуудлага өгсөн гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-р хуудас/

 

5. Гэрч Ё.Б “2019 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө гадаа нохой хуцаад байхаар нь би босоод цонхоороо харахад хашаанд Э нэг эрэгтэй хүн түшиж гэрт нь оруулж байсан. Э нь манай хашаанд гэр бариад хүүхдүүдийнхээ хамт амьдардаг юм. Хашааны гадаа гудамжны гэрэлтүүлэг байдаг болохоор манай хашааны дотор тал маш сайн харагддаг. Би нэгэнтээ сэрчихсэн юм чинь гээд хүний дуу чимээ сонсоод хэвтэж босоод харахад Э гэрийн гэрэл унтарчихсан, би дотроо Э унтчихсан юм байх гэж бодоод унтсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад Энхжаргал миний утас руу залгасан байсан. Эхнэр Х Э гэрт орчихоод намайг дуудсан. Би Э-д ороход нүүр хэсэг нь битүү хавдартай, ухаан нь орж гараад байсан. Би Э юу болсон юм бэ гэж асуухад намайг сайн танихгүй, нээх юм ярихгүй, би сайн мэдэхгүй байна гээд байсан. Э хандаж чи өчигдөр шөнө хаагуур хэнтэй явсан юм бэ, чамайг гэрт чинь хэн оруулж ирсэн юм бэ гэхэд юм ярихгүй байсан. Эхнэр бид хоёр ажилтай байсан тул ажилдаа явсан. Э толгой маань өвдөөд байна гээд хий огиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

6. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн №289 дугаартай “Ё.Э-н биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийн няцрал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүр баруун чихний ар болон урд талд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 49-50-р хуудас/

 

7. 95203005 дугаарын утасны лавлагаа /хх-ийн 77-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б дүгнэлтдээ: “П нь 2019 оны 4 дүгээр сарын  2-3-нд шилжих шөнө биеэ хамгаалж чадахгүй Э-г зодож, хөнгөн хохирол учруулсан нь хэрэг авагдсан баримтуудаар нотлогдож байна. Хохирогч Э мэдүүлэхдээ Пүрэвсүрэнг маш их хартай, зодож байсан. Салъя гэхээр салдаггүй гэж мэдүүлсэн. Мөн гэрч Тэмүүлэн, Х Б нарын мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруу нотлогдож байна гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ: “хохирогчтой холбогдоход хохирол төлбөрийн тухайд нэхэмжлэх зүйлгүй гэсэн” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ: “хохирогч гэрчүүдийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч хаана, ямар байдлаар гэмтэл авсан болох нь тогтоогдоогүй, П хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ё.Э“П ирээд машины хаалгыг онгойлгоод буухгүй үхсэнээ хийгээд удаад байгаа юм гээд намайг заамдаад машинаас чирч буулгасан бөгөөд би татагдаад газар унасан. Тэгсэн машин шууд хөдлөөд явсан. П машинд сууж яваагүй үлдсэн бөгөөд такси намайг машинаас гарангуут шууд хөдлөөд явсан юм. Ингээд би ухаан алдсан байсан  П намайг таксинаас татаж буулгасан бөгөөд би тэрийг санаж байна тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Т “Унтаж байсан чинь манай дүү яриад мөн нэг эрэгтэй хүн яриад байхаар нь аав ирсэн юм болов уу? гээд босоод утасны цагаа харсан чинь шөнө 04 цаг 30 минут болж байсан. Ээж П гэх ахын хамт ирсэн байсан бөгөөд манай ээж гэрийн зүүн хойно байрлах толинд хараад нүүрэн дээрээ болсон байсан цусыг арчаад сууж байсан бөгөөд нүүр нь тэр чигтээ цус болчихсон байсан. Тэгээд ээжийн баруун хөл гуталтай, зүүн хөл нь ягаан өнгийн оймстой байсан бөгөөд дээгүүрээ подвалктой байсан. П яаж яваад ийм болчихсон юм гэж ээжээс асуугаад байсан. П би явлаа маргааш түймэрт явна гээд такси дуудлага дуудаад гараад явсан бөгөөд П гэж хүн буцаад гэрт орж ирээд ээжийн өрөөсөн гутлыг аваад хашааны үүдэнд хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд буцаад гараад явсан юм. Би уг нь гар чийдэн аваад гадаа гарч ээжийн юмнуудыг хайсан бөгөөд хашааны үүдээр хайхад юу ч байгаагүй юм” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Л “бид нар баарнаас гарсан бөгөөд У, Э, П гурав такси барих гээд үлдсэн юм. Энхжаргал гэж хүүхэн өөрийнхөө дугаараас над руу залгаад яасан харьсан юм уу, юу болов гэж надаас асуухаар нь би гэртээ ирчихсэн унтаж байна гэж хэлсэн. Тэгсэн П утсыг нь аваад чи харьсан юм уу, гэхээр би гэртээ унтаж байна гэж хэлсэн. Тэгсэн танайд яваад очих уу, гэхээр нь би үгүй ээ би унтлаа гэж хэлсэн. Тэгээд утсаа салгаад унтаад өгсөн бөгөөд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч П.Х “2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө Э гэрт ороход нүүр битүү хөхөрчихсөн, толгойгоо бариад сууж байсан. Юу болсон талаас асуухад Пүрэвсүрэнтэй хамт архи уусан гээд хэлж байсан. Болсон зүйлийг санахгүй байна гээд байсан. Нөхөр бид хоёр ажилтай байсан тул ажил руугаа явсан. Би 11 цагийн үед Э утас руу залгахад эмнэлэг дээр байна гэсэн. Эмнэлгийн хүмүүс цагдаад дуудлага өгсөн гэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ё.Б“2019 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө гадаа нохой хуцаад байхаар нь би босоод цонхоороо харахад хашаанд Э нэг эрэгтэй хүн түшиж гэрт нь оруулж байсан. Би нэгэнтээ сэрчихсэн юм чинь гээд хүний дуу чимээ сонсоод хэвтэж босоод харахад Энхжаргалын гэрийн гэрэл унтарчихсан, би дотроо Э унтчихсан юм байх гэж бодоод унтсан. Би Энхжаргалынд ороход нүүр хэсэг нь битүү хавдартай, ухаан нь орж гараад байсан. Энхжаргалд хандаж чи өчигдөр шөнө хаагуур хэнтэй явсан юм бэ, чамайг гэрт чинь хэн оруулж ирсэн юм бэ гэхэд юм ярихгүй байсан. Эхнэр бид хоёр ажилтай байсан тул ажилдаа явсан. Э толгой маань өвдөөд байна гээд хий огиод байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт, 95203005 дугаарын утасны лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.П нь 2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн зээлийн 3 дугаар гудамжинд согтууруулах ундаа хэрэглэж бие хамгаалах чадваргүй болсон Ё.Э зодож эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийн няцрал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүр баруун чихний ар болон урд талд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П  мэдүүлэхдээ “Би Э зодоогүй. Гэрийнх нь үүдэнд Э таксинаас буулгад Хаан банкны орчим явж байхад цүнхээ орхисон байхаар нь буцаж яваад цүнхийг нь оруулж өгөх гэхэд тэдний хаалга байнга түгжээтэй байдаг байсан чинь онгорхой байхаар жижиг хаалгаар нь ороход зодуулсан ухаангүй хэвтэж байсан” гэж мэдүүлж байх боловч хохирогч Ё.Э “П ирээд машины хаалгыг онгойлгоод буухгүй үхсэнээ хийгээд удаад байгаа юм гээд намайг заамдаад машинаас чирч буулгасан бөгөөд би татагдаад газар унасан. Тэгсэн машин шууд хөдлөөд явсан. П машинд сууж яваагүй үлдсэн бөгөөд такси намайг машинаас гарангуут шууд хөдлөөд явсан юм. Ингээд би ухаан алдсан байсан  П  намайг таксинаас татаж буулгасан бөгөөд би тэрийг санаж байна тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлгээр Б.Пүрэвсүрэн нь “хохирогч Ё.Э гэрийнх нь гадаа буулгаад ирсэн такситайгаа явсан” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байх бөгөөд Б.П нь хохирогчтой маргалдаж, машинаас хүчээр татаж буулгасан болох нь тогтоогдож байна. Хохирогчийг машинаас хүчээр буулгах үед хохирогч газарт унаж, цаашид болсон үйл явдлыг санахгүй байгаа талаараа мэдүүлсэн байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.П-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Б.П, Ё.Э нар нь тус тусдаа гэр бүлтэй боловч хоорондоо гэр бүлийн харилцаа, хамааралтай байсан болох нь тэдний мэдүүлгээр нотлогдож байна. Мөн хохирогч нь согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байсан болох нь тогтоогдож байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Б.П нь 2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардал баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхгүй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А