Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00791

 

П.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/02362 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар магадлалтай

П.Бгийн нэхэмжлэлтэй,

“М” ХК-д холбогдох,

Ажилгүй байсан 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Е.Ринзаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Дархан-Уул аймгийн холбооны газрын даргаар 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл “М” ХК-иас 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 3а/37 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай албан бичиг ирүүлж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн болно.

Гэсэн хэдий ч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01223 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч П.Бг “М” ХК-ийн Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2 946 231 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүх хэвээр баталсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 1 жилийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 дугаартай тушаалаар П.Бг ажилд томилсон боловч өнөөдрийг хүртэл албан ажлыг хүлээлцэж, албан тушаал эрхлүүлээгүй, ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 6 дугаар сарын 20-ны өдрийн 4/1317 тоот мэдэгдлийн дагуу ажил хүлээлцэнэ гэж дуудсаны дагуу миний бие очсон. Компанийн захиргаа удирдлагын газрын дарга Болдбаатар, хуулийн зөвлөх Азбаяр нар ирсэн байсан. Ажил хүлээлцэнэ гээд ажил хүлээлцэх акт дээр гарын үсэг зуруулсан. Дараа нь байгууллагын тамга тэмдэг хүлээлцэхгүйгээр намайг ажлаас чөлөөлөх мэдэгдэл уншиж гарын үсэг зурахыг шаардсан боловч би зураагүй. Түүнчлэн компанийн талаас хууль зөрчин хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар тулгасан, цалин хөлсийг хуучин цалингийн хэмжээгээр тогтоосон байсан учир би холбогдох тайлбарыг хэлж тайлбартай гэж бичин хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч нэхэмжлэгч миний гомдлоор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж дахин явуулж байгаа болно. Намайг 6, 7 сард ажилласан гэж хуурамчаар тооцон дансанд минь 2 удаа цалин хөлс гэж мөнгө шилжүүлснийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцно уу.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах цалин хөлстэй тэнцэх олговрыг нэг сарын цалинг 1 125 000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.Б нь М ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн х/57 тоот тушаалаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г дуусгавар болгосон байдаг бөгөөд П.Бгийн зүгээс ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хянан хэлэлцээд 182/ШШ2017/01223 дугаар шийдвэр гарч түүнийг “М” ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, “М” ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 946 231 төгрөгийг гаргуулан олгохоор, мөн энэ олговороос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг үүрэг болгон шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн болон Улсын Дээд шүүхийн магадлал, тогтоол гарч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Улмаар П.Бгийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлтийг гаргаж албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

“М” ХК-ийн гүйцэтгэх захирлын Х/80 дугаартай тушаал гарч “М” ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байсан Ж.Уранчимэгийг ажлаас чөлөөлж, 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн х/81 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар П.Бг Дархан-Уул аймгийн холбооны газрын даргаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн томилсон. Энэ тушаалыг хүлээн авч танилцсан П.Бгийн зүгээс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гарган ...2018 оны борлуулалтын орлого телефон болон интернет цэгийн тоог урьд ажиллаж байсан даргатай хийсэн хөдөлмөрийн гэрээний хавсралтад дурдсан үзүүлэлтийг хэвээр нь мөрдөх, Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах... санал гаргасан бөгөөд улмаар саналын зөрүүтэй асуудлыг шийдвэрлэтэл тодорхой хугацаа өнгөрсний дараа 2018/26 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээг ажилтан П.Бгийн зүгээс хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Хөдөлмөрийн гэрээ байгуулсантай холбогдуулан Нууцын баталгаа болон Дархан- Уул аймгийн холбооны газрын 2018 оны менежментийн төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн холбооны газрын 2018 оны орлогын төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн холбооны газрын 2018 оны зардлын төлөвлөгөөг хүлээлгэн өгсөн. Улмаар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч П.Бгийн зүгээс 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн дагуу түүнд олгох олговорт 2 946 231 төгрөгөөс 2017 оны 2-р сар, 3-р сар, 4-р сар, 5-р сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд дээрх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаад 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Мны Голомт банкны 2001004296 тоот төгрөгийн данснаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Улаанбаатар хотын банкны 2617001560 тоот төгрөгийн дансанд 2 781 607 төгрөгийг шилжүүлснээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 182/ШШ2017/01223 дугаар шийдвэрийг бүрэн биелүүлсэн.

“М” ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газрын ажилчдын дунд 2015 оноос эхлэн П.Бг ...хөдөлмөрийн чадвараа алдсан... гэсэн үндэслэлийг гаргаж байгууллагын захиргаа болон холбогдох төрийн байгууллагуудад /МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар гэх мэт/ хандан удаа дараа өргөдөл, санал хүсэлтийг гаргаж байсан, түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.4 дэх хэсэг, 3.4.5-д тус тус заасны дагуу манай компанийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2а/391 дугаар албан бичгээр лавлагаа хүссэн бөгөөд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 757 дугаартай албан бичгээр ...Пэлжир овогтой Б /РД:ТК62101532/ нь чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тус хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас Тахир дутуугийн тэтгэврийг 2012 оны 05 сард тогтоолгон авч байгаа бөгөөд Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0161021 тоот актаар 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай нь үнэн болохыг тодорхойлсон... албан бичгийг болон Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актыг тус тус ирүүлсэн.

Мөн Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10-01-001/114 тоот Хөдөлмөрийн чадвар алдалтын тухай дүгнэлтийг гаргаж ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтэд дурдснаар ...холбогдох материалыг шалгахад Пэлжир овогтой Б нь ердийн өвчний жагсаалтын 1-3-39 дэх заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 75%-иар тогтоолгосон байгаа нь Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1 дүгээрт заагдсан ангиллаар 70-аас дээш хувиар буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ангилалд хамаарагдаж байна. “М” ХК-ийн аймгийн холбооны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллахад П.Б нь биеийн эрүл мэндийн хувьд тэнцэхгүй... гэсэн хариуг холбогдох нотлох баримтуудын хамт ирүүлсэн байсан.

Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтуудын хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажилтан Пэлжир овогтой Бд мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд дээрх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн дурдаж “М” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.4 дэх хэсэг, 3.4.5-д тус тус заасны дагуу хуульд заасан эрх бүхий байгууллагаас тодорхойлолтоор эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үзэн 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн Х/81 дугаар тушаалын дагуу талуудын хооронд байгуулагдсан 2018/26 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө бичгээр мэдэгдсэн. Мөн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр П.Бд Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын зөвлөхийн ажлын байрыг бий болгон цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллуулах саналыг тавьж түүнд мэдэгдэхэд П.Б нь мэдэгдэлд гарын үсэг зураагүй боловч, цаасан хувиар нь хүлээн авсан бөгөөд ажлын байрны саналыг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй, хүлээн авахгүй гэсэн тул тэмдэглэл үйлдэн авч үлдсэн.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт заасан ...Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон... гэсэн үндэслэл нь эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг хуулиар шаардах бөгөөд энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн байх шаардлагатай, энэ үндэслэлээр нэхэмжлэгч П.Бд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл болон ажлын байрны саналыг хүргүүлсэн бөгөөд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан байсан тул эрүүл мэндийн хувьд гүйцэтгэх ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн.

П.Б нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс түүнд 2018 оны 6-р сар, 2018 оны 7-р сарын цалин хөлсийг гэрээгээр тохиролцсоны дагуу бүрэн олгосон. Мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсний дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлын х/146 дугаартай тушаал гарч эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр П.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон.

Энэ тушаал гарсантай холбогдуулан мөн өдөр ажил хүлээлцэх комиссын зүгээс Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг П.Бд мэдэгдэж ажил хүлээлцэх гэсэн боловч ...Тушаалыг хүлээн авахгүй. Та нартай шүүх дээр уулзана... гэсэн хариу өгсөн бөгөөд энэ үеэс эхлэн дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсныг мэдэж байсан болно. П.Б нь тушаалыг гардаж авахгүй гэсэн тул ажил хүлээлцэх комисс хуралдан тушаалыг Шуудан Үйлчилгээний Газрын баталгаат шуудангаар илгээж хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд тушаалыг Дархан-Уул аймгийн Шуудан Үйлчилгээний газрын баталгаат шуудангаар илгээсэн боловч шуудан хүргэлтийн ажилтнаас шууданг хүлээн авахаас татгалзаж буцаасан байна.

“М” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн х/146 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч П.Бгийн зүгээс дээрх тушаалыг мэдсэн боловч өнөөдрийг хүртэл эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэн шүүхэд хандаагүй байгаа болно.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “...“М” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр х/81 тоот тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл албан ажлыг хүлээлцэж, албан тушаал эрхлээгүй байна. Иймд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин /1 125 000 төгрөгөөр тооцон/ 3 937 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү...” гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь энэхүү тайлбарт дурдсан болон шүүхэд гарган өгч байгаа бичгийн нотлох баримтуудаар П.Бд 2018 оны 6-р сар, 2018 оны 7 дугаар сарын цалинг бодож олгосон, мөн ажлыг хүлээлгэн өгсөн зэрэг баримтуудаар нэмэгдүүлсэн шаардлага болон түүний үндэслэл үгүйсгэгдэж байгаа бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул үүнээс хойшхи хугацааны цалин хөлсийг шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч П.Бгийн зүгээс дээрх тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан боловч өнөөдрийг хүртэл эрхээ хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа тул шүүхэд хандах эрхээ алдсан гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/02362 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “М” ХК-аас 11 182 077 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргуулахтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Бгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “М” ХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 193 863 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/02362 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “115.2.2” гэснийг “115.2.1” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “11 182 077” гэснийг “13 968 280” гэж, “олгож” гэснийг “олгосугай.” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргуулахтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч, 2 дахь заалтын “2018 оны 05 дугаар сарын 29-ны гэснийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ний” гэж, 3 дах заалтын “193 863” гэснийг “227 791” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 67 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Юуны өмнө нэхэмжлэгч П.Бгийн зүгээс давж заалдах гомдол хэлэлцэх шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярт “...миний ард гавьяат хуульч Ё.Ринзаан, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Р.Булгамаа, өмгөөлөгч С.Чинбат, Х.Цогтсайхан нар байгаа, та нарыг харнаа, шүүх миний талд шийднэ... ” гэсэн утгатай мессеж бичсэн байдаг. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч Ё.Ринзаан /шүүхэд олон жил ажилласан/ орсон бөгөөд нэхэмжлэгч П.Б болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд нөлөөлөх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүссэнийг энд дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг талуудын тайлбартай харьцуулан нэг бүрчлэн судлан үзэлгүйгээр илт хууль бус шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь магадлалын хянавал хэсэгт: “....эдгээрээс үзэхэд хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг бодитойгоор бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгчийн ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байна... ” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон бөгөөд хэрэгт авагдсан баримтанд огт тулгуурлаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт: “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ... ”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дэх хэсэгт: “...Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно... ” гэж заасан байдаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 80 дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байсан Ж.Уранчимэгийг үүрэгт ажлаас чөлөөлж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 81 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар П.Бг Дархан-Уул аймгийн холбооны газрын даргаар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн томилсон тушаал хэрэгт авагдсан.

Дээрх тушаалыг хүлээн авч танилцсан П.Бгийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гарган “...2018 оны борлуулалтын орлого телефон болон интернет цэгийн тоог урьд ажилласан байсан даргатай хийсэн хөдөлмөрийн гэрээний хавсралтад дурдсан үзүүлэлтийг хэвээр нь мөрдөх, Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах... ” санал гаргасан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд ажил олгогчийн зүгээс түүний гаргасан саналыг хүлээн авч түүнтэй 2018/26 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-г 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч н.Отгонжаргалын өрөөнд байгуулсан бөгөөд уг гэрээг ажилтан П.Бгийн зүгээс хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Хөдөлмөрийн гэрээ байгуулсантай холбогдуулан нууцын баталгаа болон Дархан-Уул аймгийн холбооны газрын 2018 оны менежментийн төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн холбооны газрын 2018 оны орлогын төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн холбооны газрын 2018 оны зардлын төлөвлөгөөг хүлээлгэн өгсөн талаарх баримтууд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн баримт хэрэгт тус тус авагдсан байхад давж заалдах шатны шүүхээс эдгээр баримтууд болон холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль бус шийдвэр гаргалаа.

Мөн шүүхийн шийдвэрийн дагуу түүнд олгох олговорт 2 946 231 төгрөгөөс 2017 оны 2-р сар, 3-р сар, 4-р сар, 5-р сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд дээрх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаад 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Мны Голомт банкны 2001004296 тоот төгрөгийн данснаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Улаанбаатар хотын банкны 2617001560 тоот төгрөгийн дансанд 2 781 607 /хоёр сая долоон зуун наян нэгэн мянга зургаан зуун долоо/ төгрөгийг шилжүүлснээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний  182/ШШ2017/01223 дугаар шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

Нөгөө талаар П.Б нь эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан үүрэгтээ тэнцэхгүй болох нь баримтаар нотлогдсон тул 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр түүнд мэдэгдэл болон ажлын байрны санал хүргүүлснийг шүүхээс буруутгах боломжгүй юм. П.Бгийн хувьд ажлыг хүлээж аваад дараагийн тушаал буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн X/146 дугаар тушаал гаргах хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байх байсан. Гэтэл түүнд ажлыг хүлээлгэн өгсний дараа мэдэгдэл өгөх гэхэд хүлээн аваагүй, ажлаас гараад явсан тул арга буюу түүний ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөх байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан журмыг баримтлан шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах асуудлаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь илт үндэслэл муутай болсон.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Б нь “М” ХК-д холбогдуулан ажилгүй байсан 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 182 077 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  118 дугаар зүйлийн 118.4.,116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01223 дугаартай шийдвэрээр П.Бг Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон ба тус шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон байна.

Ажил олгогч “М” ХК Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн х/81 тушаалаар П.Бг Дархан-Уул аймгийн холбооны газрын даргаар томилж, хөдөлмөрийн гэрээг Гүйцэтгэх захиралтай байгуулахыг ажилтанд үүрэг болгожээ.

П.Б нь өмнө ажиллаж байсан холбооны даргын хөдөлмөрийн гэрээний хавсралтад заасан үзүүлэлтийг хэвээр мөрдөхийг хөдөлмөрийн гэрээнд тусгахыг санал болгож, хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн зөвшөөрч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Холбооны даргын ажлыг хүлээлгэн өгсөн байна.

Ажилтны талаар 2015 оноос “...хөдөлмөрийн чадвараа алдсан...” гэх өргөдөл хүсэлт гарч байсан үндэслэлээр ажил олгогч ажилтныг албан тушаалд томилсон тушаал гаргасны дараа Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа авахаар хүсэлт явуулсны хариу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирснээр П.Б нь чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, 2012 оны 05 сараас тэтгэвэр тогтоолгосон, Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 161921 тоот актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 75 хувиар тогтоож, тэтгэврийг 2 жилийн хугацаатайгаар сунгасан болох нь баримтаар нотлогджээ.

Ажилтны эрүүл мэндийн байдлыг үндэслэн ажил олгогч 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн боловч ажилтан мэдэгдлийг авахаас татгалзаж, ажлаа орхиж явсан, улмаар ажил олгогч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Гүйцэтгэх захирлын х/146 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар П.Б нь эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Дээрх тушаал гарсны дараа ажилтан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй.

Ажил олгогч 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Гүйцэтгэх захирлын х/81 тушаал гаргаж, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилсон, харин ажилд томилсон тушаал гарснаас хойш ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүйд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, тушаал хэрэгжсэн гэж үзнэ.

Ажилд томилсон тушаал гарснаас хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/02362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД