| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 175/2018/0130/Э |
| Дугаар | 2018/ДШМ/72 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2018/ДШМ/72
С.Пүрэвсүрэнд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Цагаатгагдсан этгээд С.Пүрэвсүрэн
Түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв, Б.Ганболд
Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/143 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Самданрэнцэнгийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 1731000820007 дугаартай, 175/2018/0130/Э индекстэй, 2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо 610-07 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Самданрэнцэнгийн Пүрэвсүрэн /Регистрийн дугаар: ЧЕ72083104/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Пүрэвсүрэн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн 16-р байрны 20 тоотод байрлах 28.95 м2 талбайтай орон сууцыг Хилийн цэргийн 0101-р ангийн өмч гэдгийг мэдсээр байж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ж.Уранчимэгт худалдан борлуулан хилийн цэргийн 0101-р ангид 48890164 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх С.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/143 дугаартай цагаатгах тогтоолоор
-Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогтой Самданрэнцэнгийн Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Залилах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 173700082007 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хилийн цэргийн 0101 дүгээр ангиас нэхэмжилсэн 48.890.164 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Ахлах прокурор, хууль цаазын зөвлөх Д.Нямдэлэг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №10 дугаартай прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/143 дугаартай цагаатгах тогтоолыг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянавал ...дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Хохирогч С.Жаргалын мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/, гэрч Д.Цэрэн, Ж.Саранчимэг, С.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 12-15 хуудас/ гэрч Б.Говийнлханаасүрэнгийн өгсөн мэдүүлэг, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0004162 дугаартай гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000537404 дугаартай гэрчилгээ, гэрч Ж.Саранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК шинжээчийн “...Үнэлгээний нийт дүн 48.890.164 төгрөг..." дүгнэлт /хх-ийн 30-41 хуудас/, гэрч Л.Даваасамбуугийн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2001 оны 10 сарын 05-ны өдрийн 679 дугаартай тушаал, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл / 2-р хх-ийн 29-32-р хуудас/ дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй буюу хэрэгт хамаарал бүхий шууд нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан байна.
Дээрх орон сууцыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2001 оны 10 сарын 05-ны өдрийн 679 дугаартай тушаалаар хилийн 0101 дүгээр ангид ажилтнуудын ажиллах нөхцөл бололцоог хангах үүднээс байр худалдан авахаар хөрөнгийг шийдвэрлэсэн нь 679 дугаартай тушаалаар нотлогддог ба тухайн үед хууль эрх зүйн орчин боловсронгуй болоогүй нөхцөл байдлын улмаас хуулийн этгээдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэх эрх зүйн орчин бүрдээгүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ ч утгаар хилийн 0101-р ангийн зүгээс төсвийн хөрөнгөөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн 16-р байрны 20 тоотод байрлах 28,95 м2 орон сууцыг худалдан авч тухайн үед штабын даргаар ажиллаж байсан П.Базаррагчаагийн нэр дээр гэрчилгээг нь гаргуулан тус гэрчилгээг эх хувиар нь ангийн нууцын архивт авч хадгалсан болох нь гэрч Д.Цэрэн, Б.Говийнлханаасүрэн, гэрч Л.Даваасамбуу, хохирогч С.Жаргалын мэдүүлэг, тооллогын баримт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн дээрх орон сууцыг П.Базаррагчаа нь өөрийн өмчлөлд шилжүүлж авах талаар Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт гаргаж байсан ба Хил хамгаалах Ерөнхий газраас тухайн орон сууцыг П.Базаррагчаагийн нэр дээр шилжүүлэх боломжгүй талаар хариу өгч байсан талаар албан бичиг, хүсэлт хэрэгт хавсаргагдсан бөгөөд энэ нь П.Базаррагчаа, С.Пүрэвсүрэн нар нь тухайн орон сууц өөрсдийн өмчлөлийн орон сууц биш гэдгийг мэдэж байсныг нотолж байна.
Цагаатгах тогтоолд шүүгдэгч С.Пүрэвсүрэнгийн өгсөн ...мэдүүлгийг үндэслэл болгож хэргийг цагаатгасан байх ба С.Пүрэвсүрэн нь П.Базаррагчаатай мэдүүлэгт дурьдагдсан асуудлын талаар хэлэлцсэн эсэх, тухайн үед болсон үйл явдлын талаар С.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй байх ба энэ талаар С.Пүрэвсүрэн нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгэхэд нотлогдоогүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэж байна. С.Пүрэвсүрэнгийн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байна. Мөн С.Пүрэвсүрэн нь 2017 оны 08 сарын 28-ны өдөр П.Базаррагчаагийн өмчлөлийн 0004162 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж шинээр гэрчилгээг авахдаа П.Базаррагчаа, С.Пүрэвсүрэн, Б.Хандсүрэн нэр дээр авсан байх ба энэ үйлдэл нь тухайн орон сууцыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж гээгдүүлсэн мэт зар тавьж Улсын бүртгэлийн хэлтсээс дахин гэрчилгээ гаргуулж тухайн орон сууцыг 15 сая төгрөгөөр худалдсан үйлдэлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч С.Жаргалын мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/, гэрч Д.Цэрэнгийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.Говийнлханаасүрэнгийн өгсөн мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0004162 дугаартай гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000537404 дугаартай гэрчилгээ, гэрч Л.Даваасамбуугийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 29-32-р хуудас/ зэргийг ямар учраас үгүйсгэж байгаагаа дурьдаагүй мөрдөн байцаалтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг үнэлээгүй буюу шүүгдэгч С.Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг үнэлж хэргийг цагаатгасан тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэж байна. Иймд С.Пүрэвсүрэнд холбогдох Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхээс 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 143 дугаартай цагаатгах тогтоол гарч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасныг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар бодитой дүгнэлт хийгээгүй, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой дурьдаагүй байна. Шүүхээс Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийн маргааныг талууд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхийн талаар дурьджээ. Гэтэл эрүүгийн гэмт хэргийн шинж нь дараахь нөхцөл байдлаар тогтоогдож байгааг шүүх анхаарч үзээгүй. С.Пүрэвсүрэнд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах аливаа халдлагаас хамгаалах эрхийг олгоогүй ба тэрээр бодит байдлыг нуун дарагдуулж, бусдыг төөрөгдүүлэн, шунахай сэдэлтээр, өөртөө ашиг олох субъектив санаа зорилгоор үйлдлээ хэрэгжүүлсэн нь тодорхой харагдана. Иймд хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, иргэний маргаан мэтээр дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
2. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал цагаатгах тогтоолын тогтоох хэсгийг үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгоогүй, шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтэнд буцаахаар, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт прокурорт хэргийг буцаахаар тус тус хуульчилсан байтал цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт хэргийг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн эрүүгийн хэрэгт залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон хангалттай баримт авагдсан байхад гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс цагаатгах тогтоол гаргасан нь зөв юм. Иргэн С.Пүрэвсүрэн, П.Базаррагчаа, Б.Хандсүрэн нарын өмчлөлд тус орон сууц нь байна. Энэ тухай Улсын бүртгэлийн гэрчилгээ одоо хүчин төгөлдөр байна. П.Базаррагчаагийн гэр бүл 2001 оноос эхлэн тус орон сууцны гэрчилгээг хууль ёсны дагуу аваад одоог хүртэл 17 жилийн хугацаанд өмчлөх эрх нь хүчинтэй байгаа юм. Хэрвээ хилийн цэргийн 0101-р анги тус орон сууцны талаар маргаан гаргах тохиолдолд эхлээд тус орон сууцны өмчлөлийн асуудлаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх ньзүйтэй гэж үзэж байна. Хилийн цэргийн 0101-р ангийн өмч гэсэн тус орон сууцны гэрчилгээ байхгүй байхад иргэн С.Пүрэвсүрэнг гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага оногдуулж болохгүй юм. Иймд шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр нь баталж өгнө үү гэжээ.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий болсон. Хэргийн бодит байдалтай нийцсэн. Улсын яллагч, өмгөөлөгч нарын эсэргүүцэл гомдол нь хэргийн бодит байдлыг үгүйсгэсэн гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна... гэв.
Цагаатгагдсан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын ярьж байгаа шиг өөрөө дур мэдээд П.Базаррагчаа гэдэг хүний нэр дээр байсан гэрчилгээн дээр С.Пүрэвсүрэн, Б.Хандсүрэн гээд өөрийн хүүхдийн нэрийг оруулах боломж байхгүй. Энэ хүмүүсийн ярьж байгаагаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг би өөрөө мэдээд нэрээ шилжүүлээд авчихсан юм шиг ярьж байна. 2001 оны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанд анхнаасаа бид хоёрын нэр дээр байсан ба худалдах худалдан авах гэрээтэй баримт байгаа... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас С.Пүрэвсүрэн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн 16-р байрны 20 тоотод байрлах 28.95 м2 талбайтай орон сууцыг Хилийн цэргийн 0101-р ангийн өмч гэдгийг мэдсээр байж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ж.Уранчимэгт худалдан борлуулан хилийн цэргийн 0101-р ангид 48890164 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомлдлыг үндэслэн С.Пүрэвсүрэнд холбогдох 1731000820007 дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:
Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас зөвхөн шүүгдэгч С.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2-р хх-ийн 190-р ху/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 000537404 дугаартай, Ү-1317000870 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг /2-р хх-ийн 189-р ху/ нотлох баримтаар авч, дээрхи нотлох баримтуудаас харилцан зөрүүтэй хохирогч С.Жаргал /2-р хх-ийн 194-201-р ху/-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Цэрэн /1-р хх-ийн 12-р ху/ , Ж.Саранчимэг /1-р хх-ийн 16-17-р ху/, Б.Говийнлханаасүрэн /1-р хх-ийн 20-21-р ху/, Л.Даваасамбуу /1-р хх-ийн 23-р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Хил Хамгаалах Ерөнхий Газрын даргын 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 679 дугаартай тушаал /1-р хх-ийн 70-р ху/, Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн албан шаардлага /1-р хх-ийн 66-р ху/, Сэлэнгэ аймгийн Аудитын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн ажлын тайлан /1-р хх-ийн 68-69-р ху/, бэлтгэл дэд хурандаа П.Базаррагчаагийн Хил Хамгаалах Ерөнхий Газрын даргад бичсэн өргөдөл /1-р хх-ийн 71-72-р ху/, Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3а/2190 тоот албан бичиг /1-р хх-ийн 73-р ху/, ХЦ-ийн 0101 дүгээр ангийн 2004 оны жилийн эцсийн тооллогын бүртгэл /1-р хх-ийн 132-р ху/ зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заалгүй шүүгдэгчийг цагаатгах тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д “... Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ...”, 1.3-д “...дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...”, гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн С.Пүрэвсүрэн нь Хилийн Цэргийн 0101 дүгээр ангийн штабын “Нууц архивын өрөөнд” /2-р хх-ийн 33-35-р ху/ 0004162 дугаартай, улсын бүртгэлийн 1317000870 дугаарт П.Базаррагчаагийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 37-р ху/ хадгалагдаж байгааг мэдсээр байж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны 20 тоот 2 өрөө байрны өмчлөгч гэх П.Базаррагчаагийн итгэмжлэх, гарын үсэггүй, зөвхөн С.Пүрэвсүрэн, Б.Хандсүрэн нарын гарын үсэгтэй “... үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гээгдүүлсэн тул шинээр гэрчилгээ гаргаж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаж Сэлэнгэ аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсээс шинээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 000537404 дугаартай, Ү-1317000870 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг гаргуулж авсан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах шаардлагатай байжээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №10 тоот эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргал болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/143 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №10 тоот эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргал болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/143 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол С.Пүрэвсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ