Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2016/0513

 

  “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******, гуравдагч этгээд Г.Б*******, Г.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон Б*******,*******нд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2, 35.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/223 дугаар захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Г.Б*******, Г.Н******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээ, 0232137 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг 1725 м.кв талбайн газар эзэмших эрхийг сэргээхийг Б*******,*******нд даалгуулах” гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У******* давж заалдах гомдолдоо: “Манай компани нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр “Т*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 479 дүгээр шийдвэрийн дагуу 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээ, 0232137 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд Үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшдэг нийт 1725 м.кв талбайг шилжүүлэн авч, гэрээ, гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр гаргуулж авсан.

Гэвч 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус газарт хашаа барьж буйг мэдээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт очиж тодруулахад, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/233 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг цуцалсан захирамжийн дагуу манай газар эзэмших эрхийг цуцалж, иргэн Г.Батгөмөр, Г.Н******* нарт газрын нөхөн төлбөр болгон 2 хуваан эзэмшүүлснийг мэдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/233 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг цуцалсан захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дахь заалтыг үндэслэсэн байдаг.

Тус тогтоолын 3.5, 3.6 дахь хэсгүүдийг харвал “инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд норм, дүрэм зөрчиж олгосон эсвэл инженерийн шугам сүлжээнд холбогдох болон холбогдохоор төлөвлөгдсөн газруудад Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгох” гэж заасан байна. Гэтэл манай компанийн эзэмшдэг 1725 м.кв талбайн зөвхөн 300 орчим м.кв талбайгаар шугам сүлжээ дайрч өнгөрөхөөр байтал тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор түрий барин газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Улмаар манай компанийн эзэмших эрхийг бүхэлд нь цуцалсан хэрнээ шугам сүлжээ дайрч өнгөрөх талбайг хасч, үлдсэн 1400 гаруй м.кв талбайг 2 иргэнд хуваан эзэмшүүлсэн байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Мөн энэхүү тогтоолоор далимдуулан олон аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж хохироосон нь шүүхээр тогтоогдсон байдаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн байх тохиолдолд дээд шатны Засаг дарга өөрчилж, хүчингүй болгох боломжтой.

Гэтэл манай компанид газар шилжүүлэн өгсөн “Т*******” ХХК-д анх Баянзүрх дүүргийн Засаг дарга хууль зөрчиж олгосон гэх ямар нэгэн баримт байхгүй байхад анхан шатны шүүх тухайн газрын хувийн хэрэг байхгүй тул хууль зөрчиж олгогдсон нь тогтоогдож байгаа мэтээр шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Харин газрын хувийн хэрэг байхгүй байгаа нь Б*******,*******ны хариуцлагагүй байдалтай шууд холбоотой бөгөөд хувийн хэргийг шүүхэд гаргаж өгөхөөс зайлсхийж хэргээр үрэгдүүлсэн байх боломжтой.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2009 оноос нийт 13000 м.кв талбайг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон иргэн, аж ахуйн нэгжүүдэд хуваан эзэмшүүлсэн байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн нэг нь “Т*******” ХХК юм. Гэтэл манай компанид шилжүүлж өгснөөс бусад иргэн, аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлсэн газрын эзэмших эрх хэвээр хадгалагдаж байна.

... Анхан шатны шүүх манай компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, манай компанийг газраа хариуцан хамгаалаагүй гэжээ. Бид газраа хариуцан хамгаалж хашаа хороо татсан байсныг буулгаж, өөр хашаа барьсны дараа эрхээ хамгаалахаар холбогдох байгууллагуудад хандсан. Мөн газрын төлбөрийг тогтмол төлж байсан. Гэтэл манай компани төрийн байгууллага доод шатныхаа байгууллагын алдаатай үйл ажиллагааг залруулсны золиос болж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

“Б*******” ХХК “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/233 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг, мөн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Г.Б*******, Г.Н******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээ, 0232137 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг 1725 м.кв талбайн газар эзэмших эрхийг сэргээхийг Б*******,*******нд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хуульд заасан газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдээгүй, тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийг цуцалсан, ийнхүү цуцалсан талаараа бидэнд мэдэгдээгүй” гэж маргасан байна.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/233 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж, тус дүүргийн 12 дугаар хороонд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд олгосон 3053 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “Ти эйч холдингс” ХХК-д шилжүүлсэн байх тул  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн “Ти эйч холдингс” ХХК-д, уг хууль зөрчиж олгосон газрын хэмжээг өөрчилсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн “Ти эйч холдингс” ХХК-д, газрын эрхийг “Ти эйч холдингс” ХХК-аас “Б*******” ХХК-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 479 дүгээр захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгож, газар эзэмших шийдвэрийг хүчингүй болгосонтой  холбогдуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч, төрийн өмчид бүртгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасныг зөрчиж, “Ти эйч холдингс” ХХК-иас “Б*******” ХХК-д газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс газар эзэмших эрхийг хүчингүй болгосон  иргэн, аж ахуйн нэгжийн нэрийн жагсаалтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, веб сайтуудаар мэдээлсэн” гэж захирамжийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/233 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүхэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, мөн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.

Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 2013 оны А/233 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 56, 2011 оны 51, 2011 оны 479 дүгээр захирамжийн “Ти эйч холдингс” ХХК болон “Б*******” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудтай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд үйлчилгээний зориулалтаар 13000 м.кв газрыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар дээрх газрыг хувааж, мөн дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 429 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 9273 м.кв газрыг, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 488 дугаар захирамжаар 4778 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас эзэмшиж байсан 4778 м.кв газрын 3053 м.кв газрыг “Ти эйч холдингс” ХХК-д, 3053 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч  ийнхүү газар шилжүүлэн эзэмшүүлэхтэй холбоотой газар баталгаажилтын хувийн хэрэг байхгүй байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн эзэмшлийн газраа бусдад эзэмшүүлэхээр хүсэлт гаргасан болох нь нотлогдоогүй гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил газрыг “Ти эйч холдингс” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрх төрийн байгууллагад хамаарахгүй гэж заасан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчжээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар “Ти эйч холдингс” ХХК-ийн 3046 м.кв газрын хэмжээг 1725 м.кв болгон өөрчилж, 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 479 дүгээр захирамжаар дээрх 1725 м.кв газрыг “Ти эйч холдингс” ХХК-иас нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс үзэхэд “маргаан бүхий А/233 дугаар захирамжид манай газрын хэмжээг 3053 м.кв гэж бичсэн нь манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан талаар бидэнд мэдэгдээгүй гэх гомдлын тухайд Нийслэлийн хэмжээнд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Өнөөдөр” зэрэг сонинд мэдээлснээс гадна дээрх маргаан бүхий захирамжууд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг үндэслээгүй учир мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Г.Б*******, Г.Н******* нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/222 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд тус бүр 857 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын дүгнэлтүүдийг үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/207 дугаар захирамж гаргаж, 1328 м.кв газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсан байна.

Гэтэл гуравдагч этгээд нарын эзэмшлийн газар дээгүүр Амгалан дулааны станцын шугам дайран өнгөрөх болсонтой холбогдуулан дээрх газрын нөхөн олговорт дүйцүүлэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/722 дугаар захирамжаар маргаан бүхий газарт тус бүр 700 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй байна.

Тодруулбал, “Ти эйч холдингс” ХХК-ийн газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/30 дугаар захирамжаар хүчингүй болгосон, ийнхүү газар эзэмших эрх нь дуусгавар болсон газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрхийг хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “...бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу...дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 20 дугаар зүйлийн 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” гэсэн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН