| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2017/00332/и |
| Дугаар | 1382 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 1382
-
| 2017 оны 6 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2017/01382 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө 4-49 тоотод оршин суух Мишиг овогтой Очиржавын Эрдэнэ /РД:ЧВ74072731/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж Гэгээнтэн цогцолбор байрны 901-903 тоотод оршин байрлах, БНХАУ-ын иргэн У Жиан Гуо /Wu Jian Guo паспортын дугаар /Е 11084048/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 706.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, Л.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэ шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ: О.Эрдэнэ нь БНХАУ-ын иргэн WU JIANGUO-тай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор уулзаж хамтран ажиллахаар тохиролцсон. Уг тохиролцоогоор миний 100 хувийн өмчтэй 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн дүрмийн сантай ББСБ-д хөрөнгө оруулъя чи надад 85 хувийн хувьцаагаа худалдчих би хөрөнгө оруулалт татахын тулд 85 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт ороод ирэхээр чиний 85 хувийн хувьцааны үнэ болох 850.000.000 төгрөгийг төлье гэсэн хүсэлт тавьсны дагуу 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ, болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус хувьцаа худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д зааснаар нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 8500 ширхэг / хувьцааг нийт 850.000.000/ төгрөгөөр худалдан авахаар БНХАУ-ын иргэн WU JIANGUO нь тохирч гэрээ хийсэн. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар WU JIANGUO нь дээрх төлбөрийг 2015 оны 10-ны дотор төлбөрийг төлж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус гэрээг О.Эрдэнэ миний санаачилгаар цуцлахаар тохиролцсон. Дээрх хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу Санхүүгийн зохицуулах хороо даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаал гарч “Алъяансфинанс групп ББСБ” ХХК-ийн дүрмийн сангийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд О.Эрдэнэ 15 хувь, БНХАУ-ын иргэн WU JIANGUO нь 85 хувийн хувьцааг эзэмшихээр өөрчлөлт оруулан бүртгэсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа худалдан авагчдад тавьсан шаардлагын дагуу БНХАУ-ын иргэн WU JIANGUO нь 85 хувийн хувьцаа худалдан авах мөнгийг тус хорооны дансанд 850.000.000 төгрөг байршуулах шаардлагатай болсон. Гэтэл WU JIANGUO-ийн мөнгө хүрэлцэхгүй байсан учир надаас хувийн журмаар санал тавьж, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 110.000.000 төгрөгийг бэлнээр бичгээр гэрээ хийлгүйгээр, 450.000.000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ хийж, нийт 560.000.000 төгрөг зээлж аваад өөрт байсан 290.000.000 төгрөгийг нэмээд санхүүгийн зохицуулах хорооны түр барьцааны 900025401 тоот дансанд байршуулсан. Дээрх мөнгийг байршуулсаны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар руу БНХАУ-ын иргэн WU JIANGUO-г “Алъяансфинанс групп ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг зөвшөөрсөн албан бичгийг хүргүүлснээр тус хорооны дансанд байсан мөнгийг манай ББСБ-ын дансанд шилжүүлсэн. Дансанд орж ирсэн мөнгөнөөс би өөрөө хувиасаа WU JIANGUO-д зээлсэн 560.000.000 төгрөгийг хувийн дансруугаа шилжүүлэн авч, үлдэгдэл 290.000.000 төгрөгийг WU JIANGUO-ийн дансруу шилжүүлсэн. Энэ үйл явдлын дараанаас би хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу БНХАУ-ын иргэн WU JIANGUO-аас 850.000.000 төгрөгөө шаардсан боловч удахгүй хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг чинь өгнө гэж хойшлуулсаар 2016 оны 04 дүгээр сар болоход хөрөнгө оруулалт орж ирээгүй болохоор нь гэрээгээ цуцалъя 85 хувийн хувьцаагаа буцаан авъя гэсэн боловч энэ шаардлагыг зөвшөөрөхгүйгээр барахгүй намайг компанийн үйл ажиллагаанд оролцуулахгүй, ББСБ-ын хэвийн үйл ажиллагааг доголдуулж эхэлсэн. БНХАУ-ын иргэн WU JIANGUO нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ, болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 8500 ширхэг хувьцааг буцаан авах хүсэлтэй байх тул БНХАУ-ын иргэн WU JIANGUO-аас дээрх хувьцааг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Эрдэнийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нар дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Эрдэнэ нь БНХАУ-ын иргэн У Жиан Гуо /Wu Jian Guo/-д 2015 оны 09 сарын 15-ны өдөр дараах нөхцлийг харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж 450.000.000 төгрөг зээлүүлсэн. Долоо хоногийн хугацаатай, зээлийн хүү хоногийн 1 хувь, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. У Жиан Гуо /Wu Jian Guo/-ийн Хаан банкин дахь төгрөгийн 5113069005 тоот дансанд гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байгаа тул эдгээрийг алдангийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Үндсэн зээл 450.000.000 төгрөг, үүний 1 хувийн хүү хоногт 4.500.000 төгрөг, долоо хоногоор тооцохоор 31.500.000 төгрөг, алданги 0.5 хувиар бодоод 2.250.000 төгрөг болж байна. Ингээд БНХАУ-ын иргэн У Жиан Гуо /Wu Jian Guo/-с үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 706.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн WU JIANGUO миний бие нь 2015 оны 8 сарын 21-ний өдөр “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн 85 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 9 сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаалаар бүртгүүлэн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 8 сарын 21-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн дүрмэнд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигчээр 2015 оны 9 сарын 29-ний өдөр тус тус бүртгүүлсэн. “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “худалдан авагч нь төлбөрийг 2015 оны 9 сарын 10-ны дотор төлж дуусгасан байна” гэж заасан бөгөөд гэрээгээр хүлээсэн энэ үүргийн дагуу гэрээний төлбөр болох 850 000 000 төгрөгийг 2015 оны 9 сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 900025401 тоот дансанд шилжүүлсэн. Хувьцааны үнийг гэрээгээр тохиролцсон хугацаанд шилжүүлсэн нь WU JIANGUO-ийн Хаан банкны 5113069005 дугаартай дансны хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн банк дахь 900025401 тоот дансны 2015 оны 9 сарын 15-ны өдрийн орлогоор нотлогдоно. Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн банкны 900025401тоот дансанд байршуулсан 850 000 000 төгрөгийг “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн Төрийн банкны 109000041134 дугаартай төгрөгийн дансанд 2015 оны 9 сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос буцаан шилжүүлсэн бөгөөд уг дансанд зарлагын гүйлгээ хийх эрх бүхий О.Эрдэнэ нь шилжүүлэн авсан байдаг. WU JIANGUO нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2-р зүйлийн 2.7-д заасан эрх О.Эрдэнэд үүсэхгүй. О.Эрдэнийн нэхэмжлэлд дурдсан зээлийн асуудал нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн иргэд хоорондын гэрээний асуудал бөгөөд энэ нь дүрмийн сан, хувьцааны төлбөртэй хамааралгүй болно. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 001/100115 дугаартай “цалин нэмэгдүүлэх болон албан тушаалд томилох тухай” хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу О.Дашпүрэвийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх удирдлагыг томилдог. “Альянсфинанс групп ББСБ” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй болсноос хойш өнөөдрийг хүртэл хэвийн доголдолгүй, үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд О.Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулинд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үү гэхээр үгүй байна. Энэ зээлийн зорилго нь тухайн үед 1 тэрбум төгрөгийн дүрмийн сантай компанийн 85 хувийн хувьцааны төлбөрийг санхүүгийн зохицуулах хороонд байршуулах хэрэгцээ шаардлага гарсан. Тийм учраас О.Эрдэнээс 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, дансаар 450.000.000 төгрөг авсан. 850.000.000 төгрөгийг СЗХорооны дансанд хийсэн. Тийм учраас энэ мөнгө бол зээлийн гэрээний мөнгө биш. Энэ мөнгийг О.Эрдэнэ буцаан авсан. 7 хоногийн дараа дүрмийн санд байршуулсан мөнгийг Алъяансфинанс ББСБ-ын дансанд дүрмийн сангийн буцаалт гэж шилжүүлсэн. О.Эрдэнэ өөрийн гарын үсгийг зурж мөнгийг авсан. Гомдол гаргасан учир энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан. У Жиан Гуо /Wu Jian Guo/, О.Эрдэнэ нарын хооронд магадгүй итгэлцлийн асуудал байсан. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ хийгдсэн байсан. Үүн дээр залилан мэхлээд байна. Иймээс хариуцдаг Хан-Уул дүүргийн цагдаад гомдол гарсан. Гэвч эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзан тогтоол гарсан. Манай талаас гомдол гарган одоо нийслэлийн прокурор дээр хянагдаж байна. О.Эрдэнэ 450.000.000 төгрөгөө зээлийн гэрээгээр халхавчилж хийгээд буцааж гаргуулж авах гэсэн нь залилан мэхлэх шинжтэй байна. Энэ 450.000.000 төгрөгийг төлөх боломжгүй мөнгө. Учир нь О.Эрдэнэ нь уг мөнгөө аль хэдийн авчихсан. Хэрэгт авагдсан баримтаар ч харагдана. Зээлийн гэрээгээр авсан уг мөнгийг дүрмийн сангаа бүрдүүлэх зорилгоор аваад буцааж төлсөн, хүү, алданги тооцох асуудал байхгүй. Иймд уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээ бол нотариатаар батлагдсан гэдэг боловч хэрэгт авагдсан баримтуудаас харахад энэ мөнгө бол буцаагаад авсан мөнгө. Ахиад хэлье. Тухайн үед 1 тэрбум төгрөгийн дүрмийн сантай компанийн 85 хувийн хувьцааны төлбөрийг Санхүүгийн зохицуулах хороонд байршуулах хэрэгцээ шаардлага гарсан. Тийм учраас О.Эрдэнэтэй 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, дансаар 450.000.000 төгрөг авсан. 850.000.000 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооны дансанд хийсэн. Тэгэхээр Иргэний хуульд заасан О.Эрдэнэ болон У Жиан Гуо /Wu Jian Guo/ нарын хооронд зээлийн гэрээний асуудал үүссэн боловч бодит тохиролцоо агуулаагүй. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хэллээ. Тухайн үедээ дүрмийн сан байгуулах гэж 850.000.000 төгрөг авсан гэж байна. Энэ бол Иргэний хуулийн 56-д заасан дүр үзүүлэн, халхавчлах хэлцэл юм. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. О.Эрдэнэ мөнгийг буцаагаад авсан байдаг. Энэ юунаас харагддаг вэ гэхээр нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тайлбар, СЗХ-ны баримтууд зэргээс тодорхой харагдана. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар уг зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээр хэрэг маргаан анх хянагдаж байхад 2016 оны 10 сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа өөрөө сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ уг мөнгийг О.Эрдэнэд 7 хоногийн дараа бэлнээр өгсөн боловч баримт үйлдээгүй. Энэ мөнгийг У Жиан Гуо /Wu Jian Guo/ жинхэнээсээ зээл аваагүй, мөн эргүүлэн төлсөн тул нэхэмжилж буй 706.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндэслэлдээ мөнгөө бэлнээр өгсөн учраас хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн. Хэдий нотариатаар батлагдсан ч гэсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахгүй. Заасан мөнгөн дүн хариуцагчийн дансанд орсон нь нотлогддог. 2-рт, улсын бүртгэлийн асуудлаар Иргэний хуулийн 183-т улсын бүртгэлд бүртгэгдсэн нь үнэн зөв байна гэсэн зарчим үйлчилдэг. Үүнийг нотлох баримтаар үнэлэх хангалттай баримт байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 85 хувийн хувьцааны өмчлөгч болчихоод мөнгийг нь өгөх ёсгүй гэж яриад байна. Хэн ч юмаа зарчихаад мөнгөө авах эрхтэй. 7 хоногийн дараа мөнгийг бэлнээр өгсөн гэдэг тайлбар нь байгаа. Шүүх өнөөдөр дүгнэлт хийж анхаарах байх. Мөнгө хариуцагчийн дансанд мөнгө орсон нь нотлогддог. Сөрөг нэхэмжлэлийг С.Баярмаа өөрөө гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэ нь хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 450 000 000 төгрөг, хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 9 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч О.Эрдэнэ нь хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/-с зээлийн гэрээний үүрэгт 450 000 000 төгрөг, хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ... зээлийн гэрээгээр авсан уг мөнгийг дүрмийн сангаа бүрдүүлэх зорилгоор аваад буцааж төлсөн, хүү, алданги тооцох асуудал байхгүй. Иймд уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.
Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч БНХАУ-ын иргэн У Жиан Гуо нь Алянс финанс групп ББСБ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч О.Эрдэнээс компанийн 85 хувийг буюу нэг бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий 8500 ширхэг хувьцааг нийт 850.000.000 төгрөгөөр худалдан авахаар, тохиролцсон байна.
Дээрх гэрээний дагуу хариуцагч У Жиан Гуо нь компанийн хувьцаа эзэмшигчээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 9 сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаалаар бүртгүүлэн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 8 сарын 21-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн дүрмэнд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигчээр 2015 оны 9 сарын 29-ний өдөр тус тус бүртгүүлсэн. Зохигчид уг асуудлаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч О.Эрдэнэ, хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/ нар нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 450.000.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр, зээлдэгч зээлийн гэрээний зүйлийг Хаан банкны 5113069005, эсхүл Голомт банкны 3455102347 дугаар дансаар тус тус хүлээн авах, зээлдэгч нь гэрээний зүйлийг зээлдүүлэгчийн Хаан банкны 5027540008 дугаар дансанд шилжүүлэхээр зээлийн гэрээ байгуулжээ./хх 14 хуудас/
Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг ба нэхэмжлэгч О.Эрдэнэ, хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/ нарын хооронд 450.000.000 төгрөгийн мөнгө шилжүүлсэн, авсан үйл баримтууд тогтоогдож байна. /хх-ийн 16 хуудас/
Хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/-ийн ХААН банкны 5113069005 тоот төгрөгийн дансанд 450 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт, хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/-н...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хариу тайлбарт дурьдсан “...зээлийн асуудал бол иргэний хуулийн дагуу хийгдсэн иргэд хоорондын гэрээний асуудал гэж тайлбарласан” тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 19, 53-55 хуудас/
Мөн хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/ нь уг мөнгийг О.Эрдэнэд 7 хоногийн дараа бэлнээр буцаан өгсөн хэдий ч тухайн үед баримт үйлдээгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй баримт, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар тогтоогдохгүй байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар... шударгаар биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ алданги тооцохоор тохиролцсон байгаа тул нэхэмжлэгч О.Эрдэнэ нь гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.
Иймд хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/-с зээлийн гэрээний үүрэгт 450 000 000 төгрөг, хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Эрдэнэд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/ нь... тухайн үед 1 тэрбум төгрөгийн дүрмийн сантай компанийн 85 хувийн хувьцааны төлбөрийг санхүүгийн зохицуулах хороонд байршуулах хэрэгцээ шаардлага гарсан. Тийм учраас О.Эрдэнээс 09 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, дансаар 450.000.000 төгрөг авсан. 850.000.000 төгрөгийг СЗХорооны дансанд хийсэн. Буцааж О.Эрдэнэд уг мөнгийг өгсөн тул Иргэний хуулийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч ..зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. ...сөрөг нэхэмжлэлийн хувьд 85 хувийн хувьцааны өмчлөгч болчихоод мөнгийг нь өгөх ёсгүй гэж яриад байна. Хэн ч юмаа зарчихаад мөнгөө авах эрхтэй. 7 хоногийн дараа мөнгийг бэлнээр өгсөн гэдэг тайлбар нь байгаа. Хариуцагч үндэслэлдээ мөнгөө бэлнээр өгсөн учраас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн. Мөнгө хариуцагчийн дансанд мөнгө орсон нь нотлогддог тул Сөрөг нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл байхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч О.Эрдэнэ, У Жиан Гуо /Wu Jianguo/ нар нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ.
Уг гэрээг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн ”... тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд хийгддэг...” гэсэн шинжийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ агуулаагүй байна. Мөн хариуцагчийн “... нэхэмжлэлд дурдсан зээлийн асуудал нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн иргэд хоорондын гэрээний асуудал бөгөөд энэ нь дүрмийн сан, хувьцааны төлбөртэй хамааралгүй болно..” гэсэн тайлбарыг гаргасан болно.
Үүнээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн нь тогтоогдсон байх ба өөрөөр хэлвэл дээрх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн У Жиан Гуо /WU JIANGUO/-гаас 706 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Эрдэнэд олгож, хариуцагч У Жиан Гуо /WU JIANGUO/-гийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 409 000 төгрөгийг, хариуцагч У Жиан Гуо-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч У Жиан Гуо-аас улсын тэмдэгтийн хураамжинд 3 690 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Эрдэнэд олгож, хариуцагч У Жиан Гуо-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд 2 337 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.САНСАРМАА