| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2017/01065/И |
| Дугаар | 1420 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 1420
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2017/01420 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын говийн 16-8 тоотод оршин суух Ухаанууд овогтой Ганхуягийн Монголхүү /РД:ЖЯ88050115/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.130.271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Г.Монголхүү нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ2905100731 дугаарт зээлийн гэрээ байгуулж, 3.500.000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ2905100731 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 1.666.943 төгрөг, зээлийн хүү 453.859 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.974 төгрөг бүгд 2.130.271 төгрөгийг Г.Монголхүүгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Монголхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Зээлийн гэрээний үүрэгт 2.130.271 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний дотор багтааж төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:
“Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал миний бие нь хариуцагч М.Монголхүүгийн гаргасан тайлбартай танилцав. Г.Монголхүү нь тус зээлийн гэрээний үүргийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах хүсэлт гаргасан байгаа тул хариуцагчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Г.Монголхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.130.271 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Г.Монголхүү нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2.130.271 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Монголхүүд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.130.271 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Монголхүү нь нэхэмжлэлийн шаардлага 2.130.271 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.034 төгрөгнөөс 24.517 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2603030349 тоот данснаас, хариуцагч Г.Монголхүүгээс 24.517 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, 24.517 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.САНСАРМАА