Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Нөмрөг сум, 5 дугаар баг, Хархайнд оршин суух, Онхоодой овогт Очирбатын Батдорж /РД: ИИ88120513/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүг ард аюуш 25 дугаар гудамж, 330 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Эрдэнийн Нямдорж /РД: ХД8512012/-д холбогдох,

 

1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагч Б.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нямдорж нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Жинст заан” ХХК-ийн захирал М.Баярмагнай руу утсаар залгаж “Сүхбаатар аймагт явж байна. Хоол унд махны мөнгө 1 000 000 төгрөг хэрэг боллоо. Боломжтой бол надад 1 000 000 төгрөг зээлээч,  удахдаа л нэг сар болоод буцаагаад өгье” гэж хүссэн. Ингээд О.Батдорж нь М.Баярмагнайгийн хүсэлтийн дагуу Б.Нямдоржийн 5107046563 тоот данс руу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тус мөнгийг шилжүүлэхдээ тухайн үедээ М.Баярмагнай махны бизнес эрхэлдэг байсан учир баримтыг бизнестээ ашиглах зорилгоор гүйлгээний утгыг “махны үнэ” гэж шилжүүлсэн. Хариуцагч Б.Нямдорж нь 2015 оны сүүлээр Баянзүрх, Сүхбаатар. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.Баярмагнайд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, М.Баярмагнай нь Нямдоржоос 1 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр уг мөнгийг О.Батдорж хариуцагч руу шилжүүлсэн учир М.Баярмагнай нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн тул О.Батдорж нь анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Б.Нямдорж нь тус хаягт оршин суудаггүй учир хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Б.Нямдоржоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Нямдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд М.Баярмагнай надтай 1 000 000 000 төгрөгийн гэрээ хийж хамтран ажилласан. Яармагийн тэнд зэрэгцээ хоёр барилга дээр ажилладаг байсан. Би 2 удаа адууны мах авчирж өгсөн, 1 кг-ийг 3800 төгрөгөөр бодож өгсөн. Би барилга дээр ажилчдын хоолны мах гэж аваачиж өгсөн. Надад 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О.Батдорж адууны махны мөнгө гэж өгсөн. Нэхэмжлэгч мөнгөө авъя гэж надруу нэг удаа залгаж байгаагүй. Махаа надад эргүүлээд өгчих тэгээд 1 000 000 төгрөгөө ав гэсэн. Би Сүхбаатар аймагт явж байхдаа 1 000 000 төгрөг гуйсан, зээл авсан гэдэг нь худлаа. Би түүнээс 1 000 000 төгрөг зээлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Батдорж нь хариуцагч Б.Нямдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...1 000 000 төгрөг зээлж аваагүй, ...махны үнэ 1 000 000 төгрөгийг авсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О.Батдоржоос 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.Нямдоржид 1 000 000 төгрөг шилжүүлсэн нь Хаан банкны орлогын мэдүүлэг болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01922 дугаар шийдвэрээр нотлогдож байхаас гадна талууд мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчид зээлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Хавтаст хэрэгт авагдсан 1 000 000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны орлогын мэдүүлэгт “махны үнэ” гэж бичсэн байх бөгөөд үүнийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаардаг. Гэтэл 1 000 000 төгрөгийг махны үнэд хариуцагч хүлээн авсаныг зээлийн мөнгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу талуудын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01922 дугаар шийдвэрээр Б.Нямдоржийн нэхэмжлэлтэй, М.Баярмагнайд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг О.Батдоржоос махны үнэд шилжүүлсэн дээрх 1 000 000 төгрөгийг Б.Нямдорж шаардах эрхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч О.Батдоржийг дээрх 1 000 000 төгрөгийг хариуцагч Б.Нямдоржоос шаардах эрхтэй талаар шийдвэрлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Нямдоржид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Батдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Нямдоржид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Батдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                М.БАЯСГАЛАН