| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2017/01464/И |
| Дугаар | 1447 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 1447
| 2017 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2017/01447 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 42-22 тоотод оршин суух, Боржигон овогтой Одсүрэнгийн Энхмандах /РД:УЗ92081940/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 6-172 тоотод оршин суух, Наранбилэг овогтой Чулуунбаатарын Ариунбаяр /РД:НР91103010/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Энхмандах, хариуцагч Ч.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Энхмандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Анх би Ч.Ариунбаяртай 2009 оны 10 дугаар сард 1-р курсийн оюутан байхдаа танилцсан. 2010 онд Ч.Ариунбаяртай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр охин А.Алтаргана төрсөн. 8 жил үерхсэн. Ерөнхийдөө бид хоёр тусдаа гарч амьдараагүй. Хоёр биенийхээ гэрээр ээлжлээд амьдардаг байсан. 2015 оны 12 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Ч.Ариунбаяр Герман улс яваад ирсэн. Би их тэвчсэн, хүлээсэн. Би 2015 оноос хойш 2 жил хүүхдээ ганцаараа тэжээсэн. Би Ч.Ариунбаярыг надаас салсан гэж ойлгоод байгаа. Герман улсаас ирэхдээ ирсэн гэдгээ надад хэлээгүй. Миний хүүхэд яаж байна гэж асуугаагүй. Энэ хүний амьдрал болохоос ах, эгчийнх нь амьдрал биш. Би саяхнаас л ажилд орсон. Хүүхэд байнга өвдөөд хэцүү байдаг. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир охин А.Алтарганад хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ч.Ариунбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би О.Энхмандахтай 2009 оноос танилцаад, найзалж явсан. 2015 онд охинтой болсон. А.Алтаргана бол миний төрсөн охин мөн. Өөрсдийн гэр орон байхгүй учраас маргаан үүсдэг байсан. О.Энхмандах манай гэрийнхэнтэй муудалцдаг байсан. Би бол салах санаагүй. Охиноо элэг бүтэн байлгах хүсэлтэй. Одоо надад жаахан хугацаа хэрэгтэй байна. Би охиндоо тусладаг. Герман улс явах хүртэл бүх юмыг нь хариуцдаг байсан. Манай гэр бүл дотор нэлээн том маргаан гарсан. Тэр маргаан 100 хувь О.Энхмандахын буруу байсан. Түүнээс хойш би О.Энхмандахад юм өгөөгүй. Яагаад гэвэл О.Энхмандахын буруу байсан” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Энхмандах нь хариуцагч Ч.Ариунбаярт холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д зааснаар “Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заажээ.
Нэхэмжлэгч О.Энхмандах хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийг шүүхийн онцгой харьяалалаар гаргасан болно.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар шаардах эрхтэй байна.
Зохигчид 2010 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч 2015 оны 5 дугаар 17-ны өдөр охин А.Алтаргана төрсөн болох нь хүүхдийн №112201883 дугаар төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ч.Ариунбаяр нь тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэдтэй адил эрхтэй, эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Ч.Ариунбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан, охин А.Алтарганыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй, охин А.Алтарганыг эхийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Алтарганыг эх О.Энхмандахын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх… эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Алтарганыг эх О.Энхмандахын асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин А.Алтарганыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Ариунбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар О.Энхмандах, Ч.Ариунбаяр нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцач Ч.Ариунбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Энхмандахад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА