| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0918/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/41 |
| Огноо | 2022-01-03 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/41
2022 01 03 2022/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч М.Отгонбаатар,
шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Я, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Э, Б.Я нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000447 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамтаар оршин суух албан ёсны хаягтай,
урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял,
Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сар баривчлах, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж, хөнгөн ялуудыг хүндэд нь багтааж 2 жилийн хорих ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 хонгийн хорих ял оногдуулж, урьд тэнсэн суллагдсан 7 сар 14 хонгийн ялаас заримыг нь буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 10 жил, 1 сар, 1 хоногийн хорих ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хонгийн хорих ял,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Л.Э /регистрийн дугаар /,
2.Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 5, эх, хойд эцэг, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг гэх, тоотод оршин суух албан ёсны хаягтай,
Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 560-ө дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулгагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Б.Я /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Л.Э, Б.Я нар бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн гудамжны 64 дүгээр байрны хажууд иргэн Б.Болорзаяаг “нөхөртэй явалдсан гэж зориуд маргаан үүсгэн үснээс нь татах үйлдэл хийж, түүний “ХА1 Plus 6” маркийн гар утсыг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд “...Би урьд нь хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байсан. Тухайн хэргийн шүүх хуралдаан 3 дугаар сарын 29-ний өдөр хойшлогдсон. 3 дугаар сарын 28-ны өдөр таньдаг дүүгийндээ Б.Янжинлхамтай тааралдсан, нөхөртэйгөө явж байсан. 3 дугаар сарын 30-ны өдөр 100 айлд Б.Янжинлхамыг нөхөртэйгөө явж байхад нь тааралдсан. Би нөхөртэй нь юм яриад урд нь алхаж явж байсан. Янжинлхам бөөлжис хүрээд байна гээд ард үлдсэн. Тэгээд хүмүүс маргалдаад байхаар нь эргээд хартал Б.Янжинлхам барьцалдаад авчихсан байсан. Б.Янжинлхамыг гар утсыг авсныг нь мэдээгүй, утсыг нь хараагүй. 3 дугаар сарын 28-ны өдөр уулзахад Б.Янжинлхам өөрөө гар утастай байсан. Өөрийнх нь гар утас байх гэж бодсон. Гар утсаа зарчихъя гэхээр нь заа тэгье гээд явсан. Намайг гадаа байж байхад 32.000 төгрөгөөр зарчихлаа гээд ирсэн. Өөрийнхөө утсыг зарсан байх гэж ойлгосон. Би дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй. Камерын бичлэг дээр тодорхой харагдана, би хол байсан, ямар ч хамааралгүй гэдгээ тодорхой хэлсэн...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуу талын замаар явж байгаад би урд талд Янжиндуламын нөхөр болох Ууганбаатартай юм яриад явж байсан. Янжиндулам бид хоёрын хойд талд хамт явсан танихгүй залуутайгаа бас юм яриад ард талд явж байсан. Тэгтэл бид хоёр нэг эмэгтэй хүний хажуугаар гараад явж байтал ард талд эмэгтэй хүн хашхираад байхаар нь хартал Янжиндулам нэг эмэгтэйг үснээс зулгаагаад доош нь дарсан байдалтай байсан бөгөөд Янжиндулам нь чи миний нөхөртэй юу хийж яасан бэ гээд орилоод байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй нь замын хажуу талд зогсож байсан хар машин руу Янжиндулам зугтаад суусан. Тэгтэл Янжиндулам над руу нэг гар утас өгсөн... Тэгээд намайг Янжиндулам гүйгээрэй гэхээр нь дагаад гүйсэн... Янжиндулам гар утас тавьж мөнгө авъя тэгээд хоол унданд оръё гэж хэлсэн... бид нар Тэди худалдааны төв рүү явсан... тэгээд нүдний шилтэй шаргал жилетийгээ махлаг залуутай юм яриад байсан... тэгээд ирэхдээ 32.000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн... нэрийг санахгүй байна цайны газарт ороод бид гурав хоол идсэн…” гэсэн мэдүүлэг /1хх-21-22, 94-96/,
Шүүгдэгч Б.Я шүүх хуралдаанд “...3 дугаар сарын 30-ны өдөр Гантулгатай уулзах гээд эгчийнх рүү нь явж байгаад Л.Этай тааралдсан. Миний бие бөөлжис хүрээд байхаар нь хойно нь явж байсан. Тэр охины гар утас нь ил гарчихсан байхаар нь авах гээд үснээс нь татсан. Зодолдож, ноцолдсон зүйл байхгүй. Энхнаадам энэ хоёр намайг орхиод явчихсан байсан. Тэди орж утсаа зараад, хоолонд орсон. Тэгээд Гантулгын эгчийнд нь очоод байж байтал хоёр цагдаа ирээд бид нарыг авч яваад мэдүүлэг авсан. Тэгээд 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сар хоригдсон...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ...Тэгтэл Наадам гэх залуу Янжка наашир хөгшөөн гээд намайг дуудсан... яваад очтол чи энэ охиныг гетелчих /хааж бай/ утас нь ил гарчихсан байна би аваадахъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр охины ардаас очоод дуудаад үснээс нь татагдсан юм. Тэр хүний үснээс санаатайгаар татаагүй юм. Тэр хүнийг дуудах гээд мөрөнд нь хүртэл үс нь орооцолдсон. Тэгээд байж байтал Наадам гэх залуу хажуугаар орж ирээд тэр эмэгтэй хүнийг шүргээд гүйсэн. Тэгээд цаана очоод намайг дуудсан. Би гүйгээд очтол Наадам гэх залуу бүдэг ягаан өнгийн гадаргуутай андройд гар утас барчихсан байсан... Тэди худалдааны төвийн урьд утас авна зарна гээд зогсож байсан тарган нүдний шилтэй хүнд 32.000 төгрөгөөр зарсан... замдаа нэг цайны газар луу ороод хоёр хоёр ширхэг пирожки идсэн. Бусад мөнгө нь Наадамд байгаа байх гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг /1хх-27-28, 85-87/,
Хохирогч Б.Болорзаяагийн “…2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 100 айлын хөшигний лангуунуудаар явж байгаад буцаад гэр рүүгээ 15 цагийн үед харих гээд явж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуу талаар явж байхад араас хүмүүс дагаад яваад байхаар нь би зам тавьж өгөөд урд гараад явуулсан. Миний хажуугаар нэг хар өнгийн х-trail машин өнгөрч байхад араас нэг эмэгтэй намайг үсдээд намайг өөрийнхөн нөхөртэй явлаа гээд үсдээд байхаар нь би хажуугаар нь явж байсан хар х-trail машины хаалгыг онгойлгоод надад туслаач гэхэд тэр залуу тоохгүй машинаас буу гэж хэлээд байсан. Би намайг үсдэж байсан эмэгтэйгээс гарыг нь салгаад хажуу талд байх машины зогсоол руу ороход тэр эмэгтэй яваад өгсөн. Бас миний утас алга болсон байсан. ...хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. ...миний гар утас ХА1 Plus 6” загварын утас байсан.. эргэж харахад 2 эрэгтэй миний урд гараад ойролцоогоор 2-3 метрийн зайтай зогсоод юм хайж байгаа дүр үзүүлээд байсан. Тэгтэл удаагүй өөдөөс 1 эмэгтэй миний үснээс үсдээд ороод ирсэн. Тухайн эмэгтэй нь чи хүний нөхөртэй явдаг хэн бэ гээд миний үснээс үсэдчихээд 2 тийшээ болгоод байсан. Би тэгэхээр нь эгчээ та яагаад байгаа юм, миний үсийг тавиач та хүн андуурсан юм шиг байна гэж хэлсэн... нөгөө эмэгтэй намайг үсдэж байгаад тавиад гүйгээд яваад өгсөн. Намайг тэр эмэгтэй үсэдсэн байхад миний ард эхлээд яваад байсан хоёр залуу ерөөсөө явахгүй хараад зогсоод байсан. Тэгээд намайг үсдэхээ болиод цаашаа явахдаа тэр хоёр залуугийн хөгшин эрэгтэй нь “чи дуугай бай, чи бол яадаг хэн бэ” гэж хэлж байхыг хальт сонссон. Тэгээд тэр хоёр залуутай цуг тэр эмэгтэй гүйгээд явсан…” гэсэн мэдүүлэг /1хх-14-15, 16-17/,
Гэрч Д.Гантулгын “…2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байхад... Энхнаадам, Янжка ба түүний хамтран амьдрагч нь ирчихсэн сууж байсан. Тэгээд суугаад байж байтал Бүрэнхишиг эгч Энхнаадамыг байцаагч дуудаж байна гээд... цагдаагийн байгууллага дээр ирсэн... Би эд нартай хамт өнөөдөр ерөөсөө хамт яваагүй. Намайг гарчхаад ирэх үед гэрт байсан. Надад болсон зүйлийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Болсон зүйлийн талаар юу ч мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
Гэрч Б.Хэнчбишийн “…2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед үл таних нэг эмэгтэй, 3 эрэгтэй Sony гэсэн бичигтэй гар утас зарах гээд хүмүүст үзүүлээд явж байгаад над дээр ирэхээр нь би 30.000 төгрөгөөр авна гэхэд 32.000 төгрөгөөр авчхаач нэг залуу нь өөрийн барьж байгаа утас гээд гуйгаад байхаар нь ТҮЦ-нээс 2000 төгрөг нэмж авч өгөөд би тэр гар утсыг худалдаж авсан …” гэсэн мэдүүлэг /хх-42/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-154, 160/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-108, 141/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-109-140, 143-152/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /1хх-179-1814/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Л.Э, Б.Я нар бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн гудамжны 64 дүгээр байрны хажууд иргэн Б.Болорзаяаг “нөхөртэй явалдсан гэж зориуд маргаан үүсгэн үснээс нь татах үйлдэл хийж, түүний “ХА1 Plus 6” маркийн гар утсыг хууль бусаар авсан болох нь дээр дурдсан Б.Болорзаяагийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Л.Э, Б.Я нарын яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Л.Э, Б.Я нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Л.Э, Б.Я нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Э, Б.Я нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Болорзаяад 408.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогчид эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байгаагаас гадна хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Л.Э, Б.Я нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан шүүхээс шүүгдэгч Л.Э, Б.Я нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Л.Э өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 406 дугаар шийтгэх тогтоолоор 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд тэрээр уг ялаас 08 сар 15 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн байх ба түүний эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх 02 жил 03 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр тогтов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон 48 хоног, шүүгдэгч Б.Яын цагдан хоригдсон 93 хоногийг тэгдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Э, Б.Янар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, Б.Я нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 406 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 15 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эд оногдуулсан 02 жил 03 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Яд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э цагдан хоригдсон 48 хоног, шүүгдэгч Б.Яын цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч Л.Э, Б.Я нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Л.Э, Б.Я нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн, эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э, Б.Я нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР